мэдээ
Ц.Баярхүү: Монголчууд Төвөд шиг мухар сүсгээр бүхнийг шийддэг, түүгээрээ өөрийгөө гоёж бусдад гайхуулах үзэл сурталтай боллоо

Админ
2025 оны 5 сарын 10

20

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баярхүүтэй нийгэмд эд хөрөнгөөрөө гайхуулах, илүүрхэх явдал газар авсан талаар ярилцлаа.
-Сүүлийн үед малгайны асуудал нийгэмд нэлээн шуугиан тарьлаа. Ер нь нийгэм эд хөрөнгөөрөө гайхуулах хандлагатай болоод байна уу?
-Яах вэ олны анхааралд өртсөн нь энэ малгай юм шиг байна. Олон нийтийн анхааралд өртөөгүй ч хөшигний цаана үүнээс илүү тэнэгрэл, мунхаглал бүх шатанд өрнөж байхыг үгүйсгэхгүй. Бурхан багш “Алт өмсөхийн оронд зүрх сэтгэл, оюун тархиа алт шиг байлга” гэж хэлсэн байдаг. Гэтэл бид зөвхөн алт, эд баялаг, үнэт эдлэлийг хэрэглэвэл хамгийн дээд амьдрал гэж оюун санааны хувьд ойлгодог болох гээд байна. Энэ нь нийгэмд хамгийн их сөрөг үр дагавартай. Нэгдүгээрт, манай нийгэм оюун санааны хоосролд бүрэн орлоо. Хоёрдугаарт, атаархал хорсол талцлыг бий болгодог. Сүүлдээ бид Н.Жанцанноров багшийн хэлдгээр соёл, гоёлоо ч ялгах ухамсрын чадамжгүй, бусдыг сохроор даган дуурайдаг хүмүүс боллоо. Үнэхээр тэр малгай бол манай нийгмийн эмгэнэл шүү.
Үүнийг маазарч, хөөргөх, магтах ямар ч үндэслэл байхгүй. Хүн гэдэг ямагт ном уншиж, түүх соёл уламжлалаа судалж, суралцаж байх ёстой. Харин бид үүний эсрэг буюу гоёж, гангалж бусдад өөрийгөө гайхуулж харуулах донтой болсон. Гэтэл хүн төрөлхтөн улам баяжих, хөгжих тусмаа маш энгийнчлэл рүү явж байна. Өнөөдөр дэлхий дээр алтаар дээл хийгээд өмсөх хэмжээний эдийн засгийн чадвартай Элон Маск, Марк Цукерберг гээд тэрбумтнууд байгаа. Тэд баян уу, баян. Тэдэнд алт бий юу, бий. Гэхдээ тэд хэзээ ч алтаар бүрсэн хувцас өмсөөд бусдад гайхуулж байгаагүй биз дээ. Энэ бол тухайн улсын нийгмийн оюун санааны хөгжил ямар өндөр түвшинд буйг илэрхийлж байна. Хүн гэдэг гэгээрэх, төлөвших, ухаажих тусмаа хамгийн энгийн амьдралыг сонгодог. Энэ бол бусдад т өвөг болохгүйгээр өөрийгөө чадамжуулах ийм эгэл амьдрал алт шиг үнэ цэнэтэй. Харин оюун санаа, ухамсрын доройтолд орсон улсын иргэд алт, мөнгө биет баялаг, шагнал, гавьяагаар уралдах дуртай болдог. Бидний одоогийн дур зураг яг ийм байна.
-Бид хэтэрхий эд хөрөнгийг мухар сохроор шүтээд байна уу?
-Бид яг Төвөдүүд шиг болж байна. Ялгарах зүйл алга. Мухар сүсэг гэдэг бол аливаа юмс, үзэгдлийн учрыг тайлж, ойлгож, шинжлэх ухаанч түвшнээр мэдрэхгүйгээр туйлчлан шүтэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн зүйлээ хий хоосноор даган шүтэж, мөргөж, агуулгагүйгээр биширч өөрийгөө хуурдаг. Манай нийгмийн хувьд баялаг буюу алтыг шүтдэг. Эд хөрөнгөтэй хүнийг хүчирхэг хүн гэж тодорхойлдог мухар итгэл үнэмшилтэй болсон. Алттай хүн юу ч хийж болно гэсэн сэтгэхүй бүх түвшинд кодлогдчихсон.
Үүний нөгөө талд болох, болохгүй гэдгээс хамаараад ухамсрын асуудал доройтож байгаа юм. Ёс, ёс зүйн талаар мэдлэггүй болсон хүнд хэрэгтэй юу, хэрэгтэй. Ганган чамин хувцас хүн өмсөж болно. Өмсөх ч ёстой. Юуг ч хориогүй шүү. Гэхдээ хаана, юуг эдэлж хэрэглэх зохимжтой вэ гэдгийг ухамсар, ёс зүйгээрээ шийдэх ёстой. Хамгийн гол нь тодорхой, тогтсон хэм хэмжээнд түүнийгээ барих ёстой гэдгийг ухаарч, ойлго. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл солиорол, мухар сүсэг болдог. Эрх чөлөө хүртэл өөрөө хэм хэмжээтэй. Таны хийх үйлдэл ч хэмжээтэй. Ер нь хүн хоёр хуульд захирагдаж амьдардаг. Байгалийн жамд, хүн төрөлхтний зохиосон хуульд. тохиолдолд хүний ухамсар доройтдог. Нэг ёсондоо ухамсар, ёс зүй хоёр нэг мөн чанартай. Ёс зүйтэй ард түмэн өндөр мэдлэг, боловсролтой эгэл даруу байдаг гэсэн үг. Өндөр ёс зүйтэй хүн ухамсартай байдаг. Учир нь өндөр ёс зүй гэдэг мэдлэг, боловсрол юм. Ёс зүйтэй хүн үйлдэл хийхээсээ өмнө зөв үү, буруу юу гэдгийг өөрөөсөө асууж, түүнийгээ ялгаж чаддаг. Бид сул дорой, дархлаагүй сэтгэлгээгээр бусдыг дуурайдаг болсон. Бид өндөр ёс зүй, мэдлэг ухамсраа алдсан учраас сул дорой, дархлаагүй сэтгэлгээгээр бусдыг даган дуурайдаг болсон. Монголчууд Төвөд шиг мухар сүсгээр бүхнийг шийддэг, түүгээрээ өөрийгөө гоёж бусдад гайхуулах үзэл сурталтай боллоо. Алт, мөнгөтэй, баян чинээлэг хүн харах юм бол түүнийгээ дийлдэшгүй мундаг хүн гэж сүрддэг. Одоо бүр тахин шүтэж байна. Мөнгийг аз жаргал гэж боддог. Ховор амьтдын эд өлгий зүйлээр хийсэн бол түүнийг хамгийн тансаг гоёл гэх хэмжээнд хүрчээ. Агуулга бус хэлбэрийг дээдэлж, шүтдэг мухар сүсэгт бид живэх нь ээ.
-Өнөөдөр бид ардчилсан, хүмүүнлэг иргэний нийгэмд амьдарч байгаа учраас зарим хүмүүс юу ч хийж болно гэж ойлгоод байна уу?
-Энэ ардчилсан, хүмүүнлэг иргэний нийгэм хэнд ч дураараа дургих эрхийг олгоогүй шүү. Ардчилсан нийгэм гэхээр манайхан хууль зөрчихгүйгээр юу ч хийсэн болно гэж хэт туйлширч бодоод байна. Харин эсрэгээрээ хариуцлага, ёс зүй, мэдлэг, оюун санааны чадамжтай иргэн байхыг шаарддаг. Хуулиас гадна аливаа хүний үйлдэл, зан араншин, төлөвшлийг ёс зүйн хэм хэмжээ зохицуулдаг. Эрх чөлөөт нийгэмд бид хэм хэмжээнд тохируулан юу ч хийх боломжтой. Бид өнөөдөр эрх чөлөөг буруугаар ойлгож байна. Угтаа үүргээ биелүүлж, эрхээ эдлэхийг эрх чөлөө гэдэг юм. Ардчилсан нийгэмд юу ч хийсэн болно гэх үгийг ухаантай бол хүн ойлгоно. Уг нь хүн бүр хүчирхэг байх ёстой гэсэн үг шүү дээ.
Оюун санаа, сэтгэлгээ, сэтгэхүй, бие махбод гээд бүх талаараа хүчирхэг байхыг хэлж байгаа юм. Гэтэл манайхан жаахан баялагтай болох юм бол түүгээрээ гайхуулах гэдэг. Нэгнийхээ дээр гарахыг хүсдэг шунахай болчихсон. Хамгийн хөөрхийлөлтэй нь үүнийгээ хүчирхэг байдал гэж эндүүрээд байгаа юм. Мөн чанартаа бол шунахай, сэтгэлээсээ ангижирна гэдэг нь өөрөө хүчирхэг хүн болж төлөвшиж байгаа хэрэг. Гэтэл бид шунахай сэтгэлийнхээ боол болж байна. Мэдээж алт, мөнгө хүнд хэрэгтэй юу, хэрэгтэй. Ганган чамин хувцас хүн өмсөж болно. Өмсөх ч ёстой. Юуг ч хориогүй шүү. Гэхдээ хаана, юуг эдэлж хэрэглэх зохимжтой вэ гэдгийг ухамсар, ёс зүйгээрээ шийдэх ёстой. Хамгийн гол нь тодорхой, тогтсон хэм хэмжээнд түүнийгээ барих ёстой гэдгийг ухаарч, ойлго. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл солиорол, мухар сүсэг болдог. Эрх чөлөө хүртэл өөрөө хэм хэмжээтэй. Таны хийх үйлдэл ч хэмжээтэй. Ер нь хүн хоёр хуульд захирагдаж амьдардаг. Байгалийн жамд, хүн төрөлхтний зохиосон хуульд.
-Өөрийгөө бусдаас өөр, онцгой гэж мэдрэхийг хүсээд иймэрхүү үйлдэл гаргаж болох уу?
-Нохойд алтан гинж зүүсэн ч нохой хэвээрээ байдаг шүү дээ. Чи хэчнээн алтан дээл, цаг, ээмэг, бөгж, малгай өмссөн ч бусадтайгаа адилхан мах, цуснаас бүтсэн хүн хэвээрээ л байна. Гадаа гудамд гуйлга гуйгаад сууж байгаа хүн гээд бид бүгд эцсийн эцэст байгаль эхдээ шингээд дуусах жамтай. Хүн бүр нэг цэгт дуусдаг жамтай. Үүнээс хэн ч зугтаж чадахгүй. Зул бөхөхийнхөө өмнө бадамлана гэдэг шиг бид үнэт эдлэл, эд баялгийн үнээр нэгнээ хэмжиж, үнэлж, хэмлэж байгаад үхэх гэж үү. Эд хөрнгөөрөө өөрийгөө илүү хэмээн харуулах гэж оролдох шиг тэнэглэл, мунхаглал байхгүй. Иймэрхүү үйлдэл ичиж, айх мэдрэмжээ алдсан хүнээс л гардаг. Ичихээ булчирхайгүй болсон хүн юуг ч тунгааж бодохгүйгээр үйлддэг. Гэтэл хүнийг хүн болгодог ганц мэдрэхүй чинь өөрөө ичих булчирхай шүү дээ. Ямар ч хүн адаглаад хүнээс айж, эмээж, ичих, санаа зовдог байх ёстой. Энэ бол хүн бүрд байх ёстой хамгийн наад захын ёс зүй, соёл шүү.
-Ичих мэдрэмжээ алдахын хамгийн хор уршигтай тал нь юу вэ?
-Ичих булчирхай ажиллахаа болино гэдэг чинь хатуугаар хэлэхэд, тухайн хүн мал, амьтантай төстэй болж буйн илрэл. Ерөөсөө л ичих мэдрэмж биднийг мал амьтнаас ялгаж өгдөг ганц шинж. Мал бол “Би ийм зүйл хийж болохгүй шүү” гэж бодож чадахгүй. Харин хүн л ингэж бодож, сэтгэж, үйлдлээ тааруулан удирдаж, хянаж чадна. Ичих булчирхайгүй болсон хүн юуг ч бодож эргэцүүлэхгүйгээр үйлддэг. Тэгэхээр малаас ялгаа юу байгаа юм. Магадгүй бүр дор болох ч талтай. Ичиж мэддэггүй хүн юунаас ч эмээхээ больдог. Өөрөөс нь өөр гайхалтай хүн энэ хорвоо дээр байхгүй мэтээр аашилдаг. Тэр хүн зөвхөн өөрөө өөртэйгөө амьдарч эхэлдэг. Үүний үр дүн манай нийгмээр дүүрэн.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам





Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна. Уг уулзварын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулаан...
7 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 12-НООС 16-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...
7 цагийн дараа
Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Дугуйтай Улаанбаатар 2025″ өдөрлөг эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул авто замын хө...
7 цагийн дараа
Ц.Баярхүү: Монголчууд Төвөд шиг мухар сүсгээр бүхнийг шийддэг, түүгээрээ өөрийгөө гоёж бусдад гайхуулах үзэл сурталтай боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баярхүүтэй нийгэмд эд хөрөнгөөрөө гайхуулах, илүүрхэх явдал газар авсан талаар ярилцлаа. -Сүүлийн үе...
6 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх ор...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд