Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Ш.Бямбасүрэн: “Хамтрал” нэрийн дор хуйвалдаан, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 5 сарын 09

img

41

news-img

Улсын Их Хурлын гишүүн Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эдийн засгийн болон Боловсролын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Яагаад энэ байнгын хороодыг сонгосон юм бэ. Таны ажил мэргэжил, зорилготой арай ойр байв уу?

-Энэ хоёр байнгын хороог би өөрөө сонгож орсон. Манай Монголын эдийн засаг бүтцийн хувьд зайлшгүй шинэчлэгдэх, өөрчлөгдөх шаардлагатай байна. Нэг ёсондоо солонгорох ёстой гэж улстөрчид олон жил ярьдаг хэрнээ тоймтой ажил хэрэг болгохгүй явсаар ирлээ. Бусад салбараа босгож ирнэ гэдэг амаргүй ажил. Гэхдээ амраар нь гээд нөгөө л уул уурхайгаа тойглон амьдраад баймааргүй байна. 90 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтэцдээ анхаарцгаая. Зарим бүс нутаг огт уул уурхайгүй. Уул уурхайтай бүс нутаг нь байгаль орчны нөхөн сэргээлт, экологийн тэнцвэр алдагдалтай нүүр тулж байна. Уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртөж байгаа аймаг, сумд нь уул уурхайгаас илүү өгөөж хүртэх ёстой юу, үгүй юу? Ийм учраас өөрчлөх, бодлогын түвшинд хувь нэмрээ оруулж ажиллая гэж Эдийн засгийн байнгын хороог сонгосон.

Нөгөө талаар бүх зүйлийн суурь нь боловсрол юм. Монгол Улс хөгжье л гэвэл монгол хүн дэлхийд өрсөлдөх хэмжээний боловсролтой байх ёстой. Гэтэл өнөөдөр бид ийм байж чадаж байна уу гэдэг асуудал. Боловсролын хөтөлбөр, тогтолцоо маань үндэсний соёл, уламжлал, ахуй нөхцөл, боломж бололцоонд тохирсон, тэгсэн атлаа дэлхийтэй алхаа нийлэх хэмжээний монгол хүн бэлтгэх хэмжээнд төлөвшөөгүй байна. Тиймээс өөрийн туршлага, санаа оноогоо тусгачих юмсан гэж бодож Боловсролын байнгын хороог сонгосон.

Ер нь асуудлуудыг хараад үзэхээр бүх зүйл эргээд хүн дээрээ л очно. Бид 3 сая гаруйхан. Тиймээс хүн дээрээ л илүү фокуслаад өнөөдөр нэг ч хүүхдийг үлдээлгүйгээр тэгш, чанартай боловсролыг олгодог болохын төлөө зорих ёстой юм. Мөнгөтэй нь чанартай боловсрол эзэмшдэг, бусад нь хаягддаг гажиг боловсролын тогтолцоо удаан үргэлжилбэл Монгол Улс улам бүр мэдлэг биш, мөнгө шүтсэн байдалдаа живнэ.

 

-УИХ-ын сонгуульдаа “Дэлхийн хөгжлийг тал нутагтаа” гэсэн уриа дэвшүүлж байсныг санаж байна. Яагаад ийм уриаг дэвшүүлэх болов. Үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэхээр зорьж байна вэ?

Би 2017 онд Австралид магистраа хамгаалж ирээд шууд л Дорноддоо очиж ажилласан. Гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлэхэд маш олон зүйлийг эхнээс нь цэгцлэх, шинээр харах шаардлагатай болсон. Тэгээд алсын хараагаа “Дэлхийн хөгжлийг тал нутагтаа” гэж тодорхойлж байсан юм.

Орон нутагт байгаа боломжуудыг ашиглаж, хүний нөөцийн бүтээмжийг нэмэгдүүлж яаж мөнгө болгож болох вэ, шинэ технологи, үйлчилгээг яаж нэвтрүүлэх вэ, үр ашигтай ажилладаг компанийг хэрхэн бий болгох вэ гээд олон ажлыг зорьж хийсэн. Багагүй ч амжилтад хүрсэн. Явж явж бүх зүйлийн гаргалгаа нь хүн юм байна. Тэгэхээр хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо өргөхөөр сонгуульд өрсөлдөж байгаа юм чинь өөрийн хүсэж, бодож явдаг “Дэлхийн боловсролыг тал нутагтаа” гэдэг зорилтоо л уриа болгосон хэрэг. Өнөөдөр XXI зуунд орон зай, цаг хугацаанаас үл хамааран залуучууд дэлхийтэй холбогдох боломжтой болчихон. Манай үе, бидний дүү нар, хүүхдүүдийн маань үеийнхэн хаана амьдарч байгаагаас үл хамааран өөрийн ур чадвар, нөөц бололцоогоо үнэлүүлээд ажиллах боломжтой болчихсон. Ийм хэмжээний хүмүүстэй л болъё. Улам хөгжүүлэх, зүүн бүсэд үүнийг эхлүүлэх бүрэн боломж байна гэж боддог учраас ийм уриа дэвшүүлсэн. Хэрэгжүүлнэ.

-Боловсролын салбарт хийгдэж байгаа болон хийгдэх ажлууд юу вэ?

-Өнгөрсөн парламентын үед Боловсролын багц хуулийг Боловсролын байнгын хорооноос санаачилж батлуулж чадсан. Үүгээр тодорхой ахиц гарсан. Харин одоо бид хөтөлбөрөө эргэж харах цаг үнэхээр болчихжээ. Багшлах боловсон хүчний нөөцийн хомсдол, хөтөлбөрийн хоцрогдолтой байгааг бүрэн шинэчилье. Монгол хүний онцлогоо яаж гаргах вэ, түүнд нь таарсан хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гээд олон зүйл бий. Алслагдсан бүс нутаг, сум, багийн хүүхдүүдэд бага боловсролыг хэрхэн өгөх вэ. Хөтөлбөр нь юу байх юм. Одоо хүүхдүүдэд ерөөсөө сонголт өгөхгүй байна. Нийт 17-18 хичээлийг заавал үз гэдэг. Зүй нь бол сонголт өгөх хэрэгтэй. Хүн дуртай зүйлдээ илүү амжилт үзүүлдэг. Тиймээс л хичээл сонголтыг либералчилна гэсэн үг. Үүнийг ганц гишүүн хийх боломжгүй. Тиймээс яам, байнгын хороотой хамтраад ажлаа хэрэгжүүлээд явж байгаа.

-Татвартай холбоотой асуудлаар чуулган дээр нэлээд хүчтэй байр сууриа илэрхийлж харагдсан. Татвар нэмэгдлээ, өндөр байна гэсэн шүүмжлэл нийгэмд их гарч байна. Таны хувьд ХХОАТ-ын хувь хэмжээг бүс нутагт бууруулах хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Үүнийг ярихын тулд улс төрд орохоос өмнөх зүйлээ л ярих хэрэгтэй болчихоод байна. Би хувийн хэвшилд ажиллаж байсан. Татварын дарамт үнэхээр маш их байдгийг биеэрээ мэдэрсэн. Бизнес эрхлэгчид үүнийг л ярьдаг. Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгоё гэдэг санаачилгыг өнгөрсөн парламентын үед С.Бямбацогт сайдаас гаргасан юм билээ. Би үүний ерөнхий санааг маш их дэмжсэн. Гэвч нэг зүйл дээр огт санаа нийлэхгүй байгаа. Жишээлбэл, километр заагаад бууруулчихаар учир дутагдалтай байна. Монгол Улс хөгжлөө ярья л гэвэл бүс нутгийнхаа хөгжлийг ч давхар ярих хэрэгтэй. Улаанбаатар хот болон орон нутагт хуваарилж байгаа төсөв ч, хөрөнгө оруулалт ч тэнгэр газар шиг ялгаатай байна. Яавал орон нутаг, алслагдсан бүсүүдэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх вэ. Татварын бодлого, татварын хувь хэмжээг ялгамжтай тогтоох гэх мэт хөшүүрэг хэрэглэе. Би энэ зарчим дээр байгаа. Хувь хүний орлогын албан татвараар төсөвт жилдээ 2 орчим их наяд төгрөг төвлөрч байна. Наймхан жилд улсын төсвийн зарлагаа 9 их наядаас 30 их наяд болтол нь тэлж чадаж байгаа бол аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийнхээ нуруунаас 2 их наядын ачааг хөнгөлөх шийдвэрээс няцах хэрэггүй.

-Улс төр сонирхдог хүмүүс таны аавыг сайн мэдэх байх. Цэндийн Шинэбаяр гэж УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн хүн байсан. Сүүлд нам нь нэрээрээ хоёр хуваагдахад МАХН-аа дагаад явсан байдаг. Тэгэхээр улс төрд орсон сонголтыг та хэрхэн хийсэн юм бэ. Аавыгаа дагасан, дуурайсан бол МАН-аас нэр дэвшмээр санагдаад байдаг. Гэтэл та АН-аас нэр дэвшиж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан шүү дээ?

-Азарганыхаа хүрээгүй газарт унага нь хүрдэг гэсэн үг бий. Аавынхаа гүйцээж чадаагүй үйл хэргийг үргэлжлүүлж, байгалийн баялагаасаа нийтээрээ тэгш хүртдэг, шударга нийгмийг бий болгохын төлөө зүтгэх нь эцэг хүний хувьд ч, сайн эцгийн хүүгийн хувьд ч үүрэг гэж бодож л улс төрд орсон.

2020 онд АН-ын гишүүн болоод Дорнод аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож дөрвөн жил ажиллалаа. Чөлөөт зах зээлийн эдийн засаг, өрсөлдөөнд суурилж л хөгжих боломжийг бий болгох ёстой гэдэгт би 100 хувь итгэл үнэмшилтэй байдаг. Даргад эрх мэдэл төвлөрч, даргын шийдвэр эдийн засгийг хөдөлгөдөг биш, чөлөөт өрсөлдөөн эдийн засгаа чиглүүлдэг байх ёстой гэсэн бодлого аль намд нь илүү байна, тэнд л би хамт байх ёстой гэж бодсон.

Аавын хувьд МАХН-д маш залуудаа элссэн. Нэр солигдоход хуучин нэрээ авч үлдэхийн тулд хэсэг нөхөдтэйгөө хамт тэмцэж, МАХН-ыг авч үлдэж байсан. Дараа нь Хамаг Монголын Хөдөлмөрийн нам гэсэн нам хүртэл байгуулж байсан. Тэр нь бас л зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Гэтэл би болохоор баруун төвийн үзэл баримтлалтай байдаг. Ямар ч үзэл баримтлалтай байлаа гээд Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдыг л нэмэхийн төлөө шүү дээ. Дээрээс нь хүний үзэл баримтлалд сурсан сургууль, үзэж туулсан зүйл нөлөөлдөг байх.

Гэхдээ өөрчлөгдөхгүй нэг зүйл байдаг нь хүний зарчим. Миний аав шударга ёсны төлөө тууштай зогсдог хүн байсан. Монгол Улсад өнөөдөр шударга ёс гэж юм алга. Залуучууд маань эх орон, төр засагтаа итгэх итгэлгүй болчихоод байна. Энэ бол маш осолтой, ноцтой зүйл. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд авч үзэх, ирээдүйд яах вэ гэдгээ ярилцах хэмжээний юм. Шударга ёс үгүй болохоор залуучууд юунд итгэж найдах вэ. Итгэж найдах зүйл үгүй болохоор яах вэ, гадагшаа л явна биз дээ. Хичээгээд, шударгаар хөдөлмөрлөөд байхад яг л нөгөө байрандаа. Гэтэл нөгөө талд нь дарга дагаад явж байгаа хэсэг нь сайн сайхан амьдраад байхаар урам нь хугараад байна. Тиймээс Монголд шударга ёс эргэж ирэх хэрэгтэй. Шударгаар ажиллаж, амьдарсан нь сайхан амьдардаг боломж бололцоо бүрдэх ёстой гэж би үздэг.

-Засгийн газрыг огцруулах байр суурин дээрээ хэвээрээ байгаа юу. Ч.Лодойсамбуу гишүүний бланк дээр анх гарын үсэг зурсан гурван гишүүний нэг шүү дээ?

-Сонгуулийн үр дүнгийн дараа хамтарсан засаг байгуулагдахад МАН-аас түрүүлж санал тавьсан гэж ойлгосон. Гацаад байсан олон ажлаа хийж хэрэгжүүлье гэсэн саналыг тавьсан. Үүнийг нь ойлгон дэмжиж, манай нам засагт хамтарсан. Гэтэл хамтарсан нэрийн дор тогтолцоог эвдэх маягтай болоод байна. Засгийн газар нь УИХ-ын дээр гараад суучихсан.

Та бүхэн санаж байгаа бол төсөв хэлэлцэж байхад маш олон зүйл дээр ажлын хэсэг гараад, саналууд оруулж ирээд явж байтал Засгийн газраас 2 намын бүлэгт чиглэл өгөөд, “Ингэж болохгүй. Засгаас оруулж ирснээр явна шүү” л гэсэн. Тэр ажлын хэсэгт нь би ороод ажиллаад явж байсан. Гэтэл яг л тэр чиглэлээр явсан. Улсын төсөв батлах УИХ-ын онцгой бүрэн эрх рүү шууд халдсан.

Хоёрдугаарт, төр данхар байна. Эдийн засаг төрөөс хэт хамааралтай болчихлоо, үүнийг багасгая гэж сонгуулиар ярьсан. Гэтэл өнөөдөр үүний яг эсрэг болчихлоо. Хамтарснаар олон жил гацсан төсөл хөтөлбөрүүд эхэлж, төмөр замаа холбохоор болсон гээд яриад байгаа. Гэхдээ нэг зүйлийг бодох ёстой. Хамтрахаар урагшилдаг, хамтрахгүй болохоор гацдаг гэсэн ойлголт яваад байна аа даа. Тэгвэл өмнө нь цөөнх буюу Ардчилсан нам гацаагч байсан байх нь уу. Ардчилсан намыг гацаагч байсан гэж харах гэхээр 8 жил МАН үнэмлэхүй олонх байсан. 76 суудлаас 62, бас 65 суудал. Тэгэхээр эндээс хэн нь гацаагч вэ гэж харж болно. МАН өөрсдөө л том төслүүдийг явуулаагүй байгаа биз дээ. Ажил хийгээгүй л байгаа биз дээ. Хамтарч байж том төсөл урагшилна гэдэг нь тийм ч бодитой шалтгаан биш байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 6 дахь жилдээ тасралтгүй Засгийн газрыг толгойлж байна. Тийм болохоор энэ хугацаанд яагаад өнөөх том төслүүд урагшлаагүй вэ. Яагаад эдийн засаг сайжраагүй вэ? Ард иргэдийн амьдрал яагаад дээрдээгүй вэ. Өрсөлдөх чадвар, авлигын индекс яагаад унав, гэх мэтээр бид заавал асуух ёстой. Хариулах ёстой хүн нь Ерөнхий сайд. Гэтэл хариулт алга. Бүх Ерөнхий сайд нараас хамгийн тогтвортой ажилласан, хамгийн их төсөвтэй ажилласан нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд шүү дээ. Гэтэл яг үндсэн ажлаа сайн хийж чадаагүй гэж үзэж байгаа.

Дээрээс нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд нийгмийг айдсаар удирдсан л хүн болж хувирлаа. Цаг нь ирэхээр ярина, шаардлагатай бол хэлнэ гэдэг байсан бол одоо бол бүр юу ч ярихаа больчихлоо. Шударга ёсыг тогтооно гэсэн, хаана байна. Гадаад валютын ханшийн өсөлт, төрийн албаны тэлэлт хэрээс хэтэрлээ. Хэлсэн, ярьсан нь олон зүйл дээр зөрөөд байгаа учраас л энэ хүнийг Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж үзээд байгаа юм. Ерөнхий сайд гэдэг чинь сольж болдоггүй, хариуцлага тооцож болдоггүй, хаан биш шүү дээ. Парламентаас томилогддог албан тушаал. Засгийн газрыг шүүмжилсэн, хариуцлагын асуудал ярьсан хүн болгон “хөгжлийн төслүүдийг гацаагч, эсвэл хөрөнгө хураахын эсрэг” хүн болчихно. Бүр сүүлдээ стратегийн ордын зохих хувийг төрд авахын эсрэг этгээд мэтээр кампанит дайралтын бай болдог болсон. Энэ асуудлуудад миний байр суурь маш тодорхой. Хууль бусаар хөрөнгөжсөн нь тогтоогдвол хэн ч байсан хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох ёстой. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон стратегийн ордын 50+1 хувь, хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон стратегийн ордын 34 хүртэлх хувийг төр эзэмших асуудал дээр би дэмжсэн зарчмын байр суурьтай байдаг. Бас хөгжлийн томоохон төслүүд урагшлаасай ч гэж боддог гишүүн. Гагцхүү хамтрах нэрийн дор хуйвалдах, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй. Хөрөнгө хураах нэрийн дор эрх мэдлийн төлөө хэн нэгнийг хэлмэгдүүлдэг шинэ хонгил битгий болчихоосой гэж бодож, ийм болгох нөхцөлийг бий болгохгүйн төлөө УИХ-ын гишүүний хувьд хатуу зарчимтай ажиллана.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их...

img

16 минутын өмнө

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Б...

img

2 цагийн өмнө

Ш.Бямбасүрэн: “Хамтрал” нэрийн дор хуйвалдаан, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй

Улсын Их Хурлын гишүүн Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа. -Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эдийн засгийн болон Боловсролын ба...

img

3 цагийн өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лод...

img

3 цагийн өмнө

Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокуро...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд