мэдээ
Сэтгүүлчид үгийн муухайгаар зүхүүлдэг ч Монголын нийгмийг тэд л чирж явдаг

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 5 сарын 10

35

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд болов. Энэ үеэр нийгмээрээ аанай л сэтгүүлчдийг зүхсэн хэвээр байна. Бүүр ихссэн үү гэхээс багасна гэсэн юм ч байхгүй бололтой. Ганц нэг сүүдэртэй талыг нь товойлгож гаргаж байгаад л үгийн муухайгаар дэвслэх юм. “Хөлсний бичээч”, “Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй худалдагдсан амьтан”, “Захиалгат нийтлэлч” гэх зэргээр үсэг мэддэг болгон нь сэтгүүлчид рүү дайрч элдвээр зүхэж байна. Нийгмийн ийм хандлага гэнэт өнөөдөр бий болчихсон ч юм биш. Урьд өмнө ч байсан үзэгдэл. Яагаад гэвэл сэтгүүлчид Монголын нийгмийг хөдөлгөдөг оюун санааны манлайлагчид. Нийгмээрээ шүүн тунгааж хэлэлцээд, шуугиад байгаа тэр бүх асуудлыг чинь сэтгүүлчид л ухаж гаргаж тавьсаар ирсэн. Энэ бүхэнд мэдээж атаархагсад хорсогчид байж таарна. Тэд эд нар шиг ингэж юмыг ухаж олдог болохсон, ингэж зоригтой нийтэлдэг болохсон гэхээс байж яддаг.
Бас ингэж шийдлийг нь олохсон гэхээс дороо шээс алдтал атаархдаг байсан. Одоо ч тэгж байгаа. Одоо харин нэг өөр юм нь нөгөө дуучдыг дагаж дуулаад би энүүнээс дутахгүй гэсэн кайф авдаг шиг хэр хэрэндээ юм тэрлэдэг болсон. Харин тэр тэрлэсэн юм болгондоо мөнхийн өрсөлдөгч гэж өөрсдөө боддог сэтгүүлчдийг элдвээр зүхэж кайф авдаг болсон юм уу даа. Ерөөсөө Монголын сэтгүүлчдийг зүхэж байгаа улсууд энэ мэргэжлийн сайханд нь мөчөөрхөх сэтгэл агуулагчид. Шуудхан хэлэхэд, мөрөөдөлдөө сэтгүүлч болох юмсан гэсэн туйлын хүсэлтэй гэрийн авгай нар голдуу зүхэж байгаа харагдах юм. Мэдээж тэднийг яаж шахсан ч ганц шинэ санаа гаргаж дийлэх биш дээ. Хийж чадах зүйл нь сэтгүүлчдийг харлуулж, нийгмээр нь жигшүүлэх гэсэн хорон бодол л юм даа.
Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, бодит ажил хэрэг болгоход сэтгүүлч хүний үүрэг оролцоо асар их. Ойрын үйл явдал гэвэл Монголын говь руу ус эргүүллээ. Говийн ард түмний хүсэл мөрөөдөл биелэх нь байна. Сүүлийн 30-аад жил улигласан усны энэ мега төслийг хөдөлгөж чадсан хүн бол сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нар юм. Энэ төсөл анх яригдаж эхлэхэд “Хэрлэнгээ хэрчүүлэхгүй” гээд нэг муйхар бөх дарж хэвтчихээд өдий хүрсэн. Тэрүүгээрээ ч их магтагдаж өдий төдий гишүүн болж баяжсан байх. Тэгвэл үүнийг өмнө сэтгүүлчээр ажиллаж байхдаа хэдэнтээ хөндөн бичиж байсан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан говийг усжуулах төслийг нээгээд зогсож байхыг харлаа. Монголын говь бол тэр чигээрээ мөнгө. Монголчуудыг тэжээж буй уул уурхай тэнд ажиллаж байна. Бас гадаадын жуулчид говьд очих гэж тэмүүлж ирж байна. Монголын хөгжлийн түлхүүр говь нутагтай салшгүй холбоотой. Том зургаараа тэнд ус очвол уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал гээд бүгд хөгжих боломжтой. Эдийн засгаа тэлэхийн тулд говьд ус ямар их хэрэгтэйг мэдэхийн дээдээр мэдэж байгаа сэтгүүлч гишүүн маань хурдыг нь авахуулсаар хөдөлгөж чадлаа. Ямартаа ч эхний ээлжинд говийн бүс рүү баруун талаас нь ус татах Орхон Онги төслийн хүрээнд усан цогцолбор барина. Дараагийнх нь говь руу зүүн талаар ус аваачих Хэрлэн Тооно төсөл хэрэгжинэ. Ийм том төслийг сэтгүүлч хүн л ажил хэрэг болгож байна. Эндээс харж байхад сэтгүүлчид бол Монголын нийгмийг чирж явдаг сэхээтнүүд яах аргагүй мөн байгаа биз. Монголын нийгмийн өөрчлөн байгуулалт Л.Түдэв гуайгаас эхтэй. Социализмын үед түүний нийтлэл нийгмийн сэтгэл зүй, оюун санаанд шинэчлэл хийхийг уриалдаг байв. Ардын уран зохиолч Л.Түдэв гуайн эрхэлдэг байсан “Үнэн” сонины хурц дайчин нийтлэлүүд нь хаалттай нийгмийн суртал ухуулгыг сэтлэх оюуны хүч болж байлаа. Тэгвэл Монгол оронд хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт зах зээлт нийгмийн салхийг хагалсан ардчилсан хувьсгалын анхны 13-ын тал нь сэтгүүлч байв. Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, “казино” Д.Энхбаатар, Ц.Энхтүвшин, Д.Нинж, С.Амарсанаа гээд бүгд сэтгүүлч мэргэжлийн эзэд. Эд нар л ардчилсан хөдөлгөөнд зоригтойгоор манлайлан оролцож шинэ нийгмийг байгуулалцсан улс.
Өөр нэг жишээ гэвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оросуудаас авахад тухайн үеийн Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр монголчууд өмчөө өөрийн болгож байв. Шийдвэр гаргасан Засгийн газрын тэргүүнээр Ч.Сайханбилэг ажиллаж байсан даа. Түүнийг сэтгүүлч мэргэжилтэй, өмнө Үндэсний телевизэд нэвтрүүлэг хөтөлдөг байсныг бүгд мэднэ. Мөн Ч.Сайханбилэг Дубайн гэрээг хүртэл хөдөлгөж байсан гавьяатай хүн. Тэгж яривал Монголын зургаан Ерөнхийлөгчийн гурав нь сэтгүүл зүйтэй холбоотой хүмүүс. Н.Энхбаяр утга зохиолын ажилтан, орчуулагч, Ц.Элбэгдорж сэтгүүлч, Х.Баттулга зураач мэргэжилтэй. Үүнээс гадна Монголын хөгжлийн чиг болсон энэ 14 мега төслийг хөдөлгөж байгаа Л.Оюун-Эрдэнийг хэн гэж бодно, та нар. Сэтгүүлчээр төгсөөд мэргэжлээрээ хүртэл ажиллаж байсан хүн шүү дээ. Үе үеийн парламент, Засгийн газарт ажиллаж байсан улсуудаас нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх чухал хуулиудыг сэтгүүлчид л хөөцөлдөж хөдөлгөсөн байдаг. Монголыг тэжээж байгаа Оюу толгойг анх хөдөлгөсөн авторуудын нэг бол С.Баяр бас л сэтгүүлч хүн. Цаашлаад УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдож, сайдын албыг хашиж байсан Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл нар бүгд сэтгүүлч. Нэмээд М.Оюунчимэг, П.Анужин, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Анандбазар, Г.Уянга, Т.Ганди гээд сэтгүүлчид парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Одоогийн УИХ-д байгаа улсуудыг харж байна уу. Тал нь шахуу сэтгүүлч юм шүү дээ. Сөрөг хүчний дуу хоолой болон шуугиулж байгаа Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, Б.Энхтуяа нар байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүртэл сэтгүүлч. Нийгмийн хувьсах шинэ хөдөлгөөнийг дандаа сэтгүүлч, зохиолч нар чирж явдаг. Нийгмийг инженер, эдийн засагч, хуульчид өөрчилж, хөгжилд хүргэнэ гэдэг. Яг бодит амьдрал дээр тэдний өөрчлөөд, бүтээсэн нь дорвитой харагддаггүй. Учир нь тэд ярьдаг болохоос нийгмийн оюун санааг залж чиглүүлж чадахгүй. Тэгэхээр өнөө л муу нэртэй сэтгүүлчид нийгмийг хөдөлгөдөг нь батлагдаж байна. Одоо Ч.Лодойсамбууг хэн улстөрч биш гэх юм. Хэн тэрэн шиг эмх цэгцтэй ярьж, эр зориг гарган сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна вэ. Хэн ч байхгүй л байгаа биз дээ. Тэгвэл сүрэг цэгцээ л дагадаг. Нэг мэдэхэд Лодой цэгц нь болчихсон байна даа, удахгүй. Сэтгүүл зүй бол сайхан мэргэжил. Бэлэн прокурор болчихдог сургууль байдаг уу гэгчээр сэтгүүлч бол бэлэн УИХ-ын гишүүн болчихдог мэргэжил гэсэн ч болно. Яаж ч зүхэж муулсан гандан буурдаггүй мэргэжил дээ. Тиймээс сэтгүүлч мэргэжлийг сонговол алсдаа маш ирээдүйтэй гэдгийг харж байгаа биз ээ.
М.МӨНХЦЭЦЭГ





Долдугаар сард БНСУ-аас Хөвсгөл аймаг руу шууд нислэг үйлдэнэ
БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долдугаар сарын 29-нөөс эхэлнэ. Энэхүү түүхэн ...
8 цагийн дараа
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
“Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс ирэх 20 жилийн хугацаанд хувийн хөрөнгөө үндсэндээ бүгдийг нь ...
7 цагийн дараа
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна. Уг уулзварын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулаан...
6 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 12-НООС 16-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...
5 цагийн дараа
Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Дугуйтай Улаанбаатар 2025″ өдөрлөг эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул авто замын хө...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд