мэдээ
Уул шиг нөмөртэй үрсийнхээ төлөө тууштай зүтгэж яваа бүсгүй

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА
2025 оны 5 сарын 12

61

“Сайн явах санааных” гэдэг. Хүн бүр өөр өөрийн амьдралыг өнгө өнгөөр сүлэн бүтээгч буюу. Бид энэ удаа жаргал, зовлон сүлэлдэх энэхүү амьдралын хамгийн үнэ цэнтэй бэлэг болох үр хүүхдүүдээ хүний дайтай өсгөж хүмүүжүүлж яваа, “Сайн аав” киноны гол дүр буюу бодит ээж Доржбатын Амаржаргалынд өнжихөөр тохиролцсон юм. Ажлын боломжоос нь шалтгаалж бид түүний үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн ресторанд уулзаж ярилцлаа.
Хүүхэд, багачуудын инээд хөөр цалгисан, өнгө өнгийн бөмбөлөг, саа зэрэг чамин чимэглэлтэй гоёмсог танхим биднийг угтав. “Багш аа, хоёулаа хамтдаа зургаа авахуулъя”, “Миний найз ёстой хөөрхөн юм аа”, “Жаахан хажуу тийшээ хараад зогсвол гоё зураг гарна даа” гэх мэтчилэн хүүхдүүд баяраа тэмдэглэснийхээ дараа зургаа авахуулж буйг харахад их эгдүүтэй, өхөөрдөм байлаа. Танхимд чанга дуу хөгжим эгшиглэнэ.
Баярлаж хөөрсөн бяцхан хүүхдүүдийн дундуур явж, “Биднийг хүлээж байгаа зочин маань мөн болов уу” хэмээн тааж ядсаар нэгэн бүсгүйг чиглэн очиж мэндэлвэл оножээ. Зөөлөн харцтай, дөлгөөхөн бүсгүй юм аа, Д.Амаржаргал. Гар барин мэндэллээ. Тэрбээр ажил нь өөдрөг бөгөөд хүүхдүүдтэй бужигнаад, өдөр хоногийг тунчиг завгүй өнгөрүүлж буй тухайгаа ярьж, дуу чимээнээс үл ялиг зайдуу “Хүүхдүүдийн өрөө”-нд биднийг урьсан юм.
“Дөнгөж 40 гарч яваа л болов уу” хэмээн бодож суусан намайг Амаржаргал бүсгүй Алдарт эхийн I, II зэргийн одон хэмээн “цочоов”. Тэрбээр таван сайхан хүүхэд нь том болж, эхнээсээ тусдаа гарсан, хамгийн бага хүүгээ хожуу төрүүлснээ ярьсан юм.
Хөгжмийн хэлээр хүний амьдралын хамгийн гоё хөг аялгуу бол хүүхэд билээ. Зах зээлийн ороо бусгаа цагт, 17 настайдаа нөхөртэйгөө танилцаж үерхээд, 18-тай гэр бүл болж, 19 настай анхны үрээ өлгийдөн авчээ. Тэр үед эрт төрөлтийг төдийлөн дэмждэггүй, гэр бүлийн хичээл ч ордоггүй байсан санж. “Хоёр яс салах” гэж 16 цагийн турш өвджээ.
Энэ тухайгаа ярихдаа “2002 онд Эх нялхаст тэр их өвдөлтийн дараа томоо хөөрхөн нүдтэй охин төрсөн. Тэр алаг нүдийг харахаар өөрийн эрхгүй нулимс гоожоод. Хүн хамгийн түрүүнд ээжийгээ боддог юм билээ. Тэр үед аавуудыг эхнэр нь төрөхөд оруулдаггүй байсан тул нөхөртэйгөө сарын өмнөөс хүсэлт гаргаад, нөхрөө хажуудаа байлгаж байгаад төрсөн. Төрсний дараа нөхөр маань халуун цайг хүйтэн юм шиг уугаад, хэлээ түлж байсан хөгжилтэй түүх бий. Хэл нь ээдэрчихсэн яваад байхаар нь асуухад “Би хэлээ түлчихсэн юм шиг байна” хэмээн ярьж, бөөн инээдэм болж байлаа.
Яг төрөх үед нөхөр маань хажууд байдаггүй, сувилагч нар хайгаад олоогүй. Тэгсэн угаалгын өрөөнд ороод, уйлаад сууж байсан гэсэн. Охиноо төрөхөд намайг түрүүлж үнссэн нь хамгийн гоё мэдрэмж төрүүлсэн. Ер нь хүсвэл аавуудыг эхнэр нь төрөхөд оруулж байвал зүгээр санагддаг” хэмээн ярьсан юм.
Анх ээж болоход асар том хариуцлага оногдож, анхны мэдэгдэхүүнгүйгээс сайн бойжуулахгүй бол болохгүй гэсэн айдаст бодол төржээ. Хэдийгээр Амаржаргалын ээж хүүхдээ хэрхэн өсгөх талаар зааж сургаж байсан ч үрээ өөрөө бие дааж өсгөхийг хичээж, эмээ өвөөгөөр нь огт харуулаагүй байна.
Одоо том охин нь ээж болж, Амаржаргалд зээг нь үнэрлүүлж, залуухан эмээ болгожээ. Тэрбээр ярихдаа “Ерөнхийдөө гоё түүх давтагдаж байгаа юм болов уу. Манай гэр бүлд ирэх ёстой гишүүд маань их дуртай ирдэг гэж боддог. Эрт төрөхийн нэг гоё зүйл нь хүүхдүүдтэйгээ хамт өсөж хөгждөг. Өсвөр насныхныхаа жаргал, зовлон бүхнийг хуваалцдаг. Хүүхдүүдээ илүү мэдэрч, ярилцаж чаддаг. Мөн ойлголцож, тэднийгээ амьдралд хөл тавихад нь хамтдаа байж, хамтдаа хөдөлмөрлөөд явдаг” хэмээсэн юм.
Амаржаргал бүсгүй амьдрал охин, хүү гэсэн дарааллаар зургаан хүүхэд бэлэглэсэнд ихэд бэлгэшээж явдаг ажээ. Гэвч таван хүүхдийнх нь аав, ачлалт хань нь 34-хөн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, бурхан зүг одсон харамсалтай явдал тохиосон байна. Гурав нь ЕБС-д, хоёр нь цэцэрлэгт байжээ. Хамгийн бага хоёроо хоёр, гуравхан настай байх үеэс хойш Амаржаргал бүсгүй гэрт орж эм, гадаа гарч эр болж, нэлээд хугацааг хүүхдүүдтэйгээ аавгүй, ханьгүй өнгөрүүлжээ. Тэрбээр өмөг түшиг болсон сайхан хань нь гэнэт бурхан болж асар их хэцүү мэдрэмж төрүүлснийг өгүүлсэн юм.
Амаржаргал “Хүн 49 хоног өнгөртөл нь яахаа ч мэдэхээ больдог юм билээ. Тэр хүнээр л амьдралаа төсөөлөөд, тэр хүний гарт хамаг амьдралаа атгуулчихсан. Хүүхдүүдтэй боллоо, одоо би ажил хийгээд, амьдралын төлөө хамтдаа зүтгэнэ дээ гээд, дандаа хамтдаа байх юм шиг бодож байсан. Тэр орон зай алга болчингуут “шок”-нд ороод, яах учраа олохоо байчихдаг юм билээ” хэмээн ярив.
Хамтдаа мөрөөдсөн, сайхан зорилгууд нь байхгүй болчихоор эмэгтэй хүнд ухаан дутаж, бас аяндаа ухаан сийлэхэд хүргэдэг аж. Өөрөө “эмороод” байвал хүүхдүүд хүнд байдалд орно гэж бодогджээ. Хүүхдүүд нь бие биедээ уйлж байгаагаа, нулимсаа харуулахгүй гэсэндээ булан тохойд орж уйлдаг. Найзындаа очиж, эсвэл анги дээрээ очоод мэгшчихдэг байж. Тэгээд дотогшоо болдог, бие биенийхээ өөдөөс хиймлээр инээдэг болсныг хараад Амаржаргал маш их өрөвджээ.
Тэрбээр “Орой бид долуулаа цуглаад, долоон аяганд хоолоо хийж тавьдаг байсан. Зургуулаа болсон ч хүүхдүүд маань долоон аяганд хоол хийж тавиад, аавынхаа аягыг хараад гэнэт уйлах зэрэг чимээгүй хэрнээ маш хэцүү цаг үеийг хамтдаа туулсан. Тэр үед хүүхдүүд минь л тулах цэг болж байгаа юм. Хэрвээ би ганцаараа байсан бол ингэж явахгүй, бор дарсанд орчихсон ч явах байсан юм бил үү хэн мэдлээ. Тэгэхээр эмэгтэй хүн үр хүүхдээ бодоод, хар аяндаа ухаан зарахад хүрдэг юм билээ” хэмээв.
Тэр бүх зүйл дардан байгаагүйг хэлсэн. Тухайлбал, хүүхдүүд л болсон хойно буруу алхам хийх үе байж. Тэр үед өөрт нь хэлээд л орхидог “тактик” барьжээ. Амаржаргал “Би чиний араас гүйхгүй. Чи энэ замыг сонгосон бол явж болно” гээд хэлэхээр хүүхэд хэсэг бодож үзээд, “Би яг энэ гэр бүлгүйгээр цааш явж болохгүй юм байна” гэдгийг ойлгоод, буцаад хүрээд ирдэг юм билээ” гэж дурсав.
Мөн тэрбээр “Хүүхдүүдээ загнадаг байсан уу” гэхэд “Гар хүрэх үе бий. Гэхдээ тэлээ бариад орилж, үгээрээ зоддог байсан. Тэгэхээр хүүхэд багахан айдас авч, буцаад тийм үйлдэл хийдэггүй. Өсвөр насандаа ирэхээрээ илүү ойр ярилцдаг болж эхэлдэг” гэж хариулсан.
Үрсийнхээ хамт амьдралын сайн муу, сайхан муухайг туулахдаа өр ширэнд орохоос эхлээд бишгүй л унаж, босож үзжээ. Амьдрал зөв яваа хүнийг бас харамгүй шагнадаг бичигдээгүй хуультай. Тэрбээр хоёр дахь ханьтайгаа учирснаар амьдралын аз жаргал, сайн сайхан бүхнийг чамлахааргүй хүртэж яваагаа ярьсан юм. Тэд өмнө нь танил байсан бөгөөд одоогийн нөхөр Г.Энхмандах нь хүнд хэцүү цагт нь үргэлж тусалж, дэмжиж байсан аж.
Эхэндээ хадмууд нь тавын таван хүүхэдтэй хүнтэй хүүгээ суулгахгүй гэж ихэд эсэргүүцжээ. Гэтэл хүү нь “Энэ бүсгүйтэй суулгахгүй бол ижий, ааваасаа харилцаагаа таслахад бэлэн байна” гэж зөрүүдэлснээр, тэдний хамтын амьдрал эхэлсэн түүхтэй аж. Амаржаргал бүсгүйд нөхрийнх нь зөрүүдлэл “Энэ хүн дээр хүүхдүүдтэйгээ очиж, хамтын амьдрал эхлүүлж, сайн сайхан амьдрал цогцлоон бүтээж чадна” гэсэн итгэлийг 100 хувь өгчээ.
Монгол эмэгтэйчүүд, ялангуяа өсвөр насны олон хүүхэдтэй бол ер нь л хүнтэй сууж, хойд эцгийн гар харуулахыг хүсэхгүй. Гэвч Амаржаргалд “Бидний төлөө гэр бүлээ орхиход хүрч байхад яагаад би нэгхэн удаа энэ хүнд найдаж болохгүй гэж вэ” гэсэн бодол төржээ. Тиймээс хүүхдүүдтэйгээ “Хойд аав болгон заавал муу байх ёсгүй” гэж ярилцаад, түүнээс хойш ханьтайгаа хамт амьдарч эхэлсэн байна.
Ойлголцохгүй, хэцүү асуудлууд ар араасаа хөвөрч байжээ. Энэ цаг хугацааг хамтдаа туулахдаа тэд нэг минут ч аливаа зүйлийг бодохгүйгээр хийж байгаагүй аж. Бүх зүйлийг бодож, төлөвлөж, тунгааж байж ярьдаг, хийдэг. Аман дээрээ гарч ирснээ шууд бус, тойруугаар ойлгуулж хэлдэг чадварт, мөн бие биенийхээ орон зайд халдахгүй байхад суралцаж эхэлсэн байна. Үүнээс гадна “хамтдаа бүтээх”-ийн гоёыг амсаж эхэлжээ.
Хүүхдүүд шинэ аавтайгаа нэгэн гэр бүл болж, улам батжих хамгийн том гүүр нь зургаа дахь хүүхэд нь болсон байна. Амаржаргал бүсгүй 12 жилийн дараа бага хүүгээ төрүүлж, нөхөр нь хүүгээ өлгийдөж авахдаа “Би Энхжин, Мөнхжин, Эмүжин, Тэмүүжин, Маралжин гээд дандаа жингүүдийн дунд амьдардаг. Дахиад ч жин нэмж болж байна. Гэхдээ энэ олон жинг надтай холбох хамгийн том гүүр байгаасай гэж бодоод, би хүүдээ Батхолбоо гэдэг нэр өгье” гэж хэлж байжээ.
Яг л өрхийн тэргүүний хүссэнээр, тэр гэрийн бат холбоо болж, Батхолбоо хүүгүйгээр тэр гэрийг төсөөлөхийн аргагүй болсон аж. Энэ дашрамд, тэрбээр “Сайн аав” киноны уран бүтээлчдэд бодит байдлыг өөлөхийн аргагүй гаргаж өгсөнд гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.
“Монголчууд хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн зарчмаар үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн уламжлалтай. Гэвч энэ тасарч, бидний зарим нь үр хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшилд төдийлөн анхаарч чадахгүй, төр засаг ч хүүхдүүдийнхээ төлөө тодорхой зөв бодлого ч барьж чадахгүй 100 жилийн нүүр үзэж буй.
Амаржаргал энэ асуудалд эмзэглэж явдгаа хэлээд, “Бид өргөн уудам газар нутагтай хэрнээ цөөхүүлхэнээ. Хүн амын өсөлтийн бодлого гэж гардаг байхад хүн амын тоо маш хурдацтай өсч, гурван саяд хүрсэн. Нийгэм, эдийн засаг хэцүү болоод ирэхээр төрөлт маш их багасч байна. Сүүлийн үед дөрвөн сая дахь иргэнээ 2036 онд хүлээж авна гэж байна. Тэр хүртэл ямар их цаг хугацаа вэ. Тэр хүртэлх хугацааг үзэх хүмүүс бас харамсалтай яа. Тэгэхээр бид нэгд, хүн амын бодлогоо тэлж байж Монголын энэ том газар нутаг дээр аз жаргалтай амьдарч эхэлнэ. Хүн амын бодлого нэн тэргүүнд байх ёстой.
Хүн амын бодлогыг авч яваа төрөөс эцэг, эхчүүдийг дэмжинэ гээд мөнгө өгөх биш байхгүй юу. Бодлогоор дэмжээд өгвөл хүүхдийн боловсрол, хүмүүжилд хамгийн түрүүнд анхаарна. Өндөр цалинтай, тогтвортой ажлын байраар хангах, татвар бага байх энэ дөрөв дээр л анхаарч, олон хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжсэн байхад ядуурал, эмзэг бүлэг гарч ирэхгүй. Эмзэг бүлгээс хүмүүжилгүй хүүхдүүд гарч ирнэ л гэсэн үг.
Хоногийн 24 цагийн талд аав, ээж нь архи уучихаж байна. Хүүхдийн хүчирхийлэл гарч байна. Энийг мэддэг, ганц нэг хүн, хажуу талын айл нь 108 дуудаад өгчихөж байна. Тэгэхэд чимээгүй золиос болж байгаа хүүхдүүд зөндөө бий. Тэндээс хүүхдүүд ямар хүмүүжил авах вэ. Хүмүүжил гэдэг эхлээд нийг-мээсээ хамааралтай, бидний ядуурлаас гаралтай юм.
Дээрээс нь нөлөөлөл гэдэг юм байна. Тухайлбал, төвийн сургуулийн хүүхдүүд нэг бүлэг, захын сургуулийн хүүхдүүд нэг бүлэг болчихсон. Захын сургуулийн хүүхдүүд ээж, аав тоодоггүй юм чинь орой ирэхээс нь өмнө гадуур явъя гэж байна. Төвийн хүүхдүүдийг ээж, аав нь хааш нь ч гаргахгүй цагддаг, чөлөөтэй байх цаг хугацаагүй болгочихдог. Төвийн, захын гэлтгүй хоорондоо найзлаад, бие биедээ нөлөөлөх зүйл огт байхгүй байна. Ийм байдлаас болоод бид хүүхдүүдээ алдаатай хүмүүжүүлээд байгаа юм болов уу. Дээр нь сургууль дээр ээж аавтайгаа, гэр бүлүүд хамтдаа байх цаг хугацааг долоо хоногийн нэг өдөр заавал гаргамаар санагддаг” хэмээн ярьж, санал бодлоо хуваалцсан юм.
Д.Амаржаргал Бэлхийн 71 дүгээр сургуульд 2010 оноос үндэсний бүжгийн багш хийж эхэлжээ. Анх 4-8 дугаар ангийн хүүхдүүдтэй ажилласан байна. Тэрбээр “Сургуулийн орчин үнэхээр хөөрхөн. Хүүхдүүд маань дугуйландаа яг хичээлдээ ирж байгаа юм шиг эрт ирнэ. Маш гоё орон зайнууд бий болгодог.
Захын сургуулийн хүүхдүүд муу гэдэг. Гэтэл миний багшилж байсан сургуульд нэг ч тоос шороо байдаггүй байсан. Бүгд гутлаа уутандаа хийгээд, тавчиктайгаа ордог. Цонхны тавцан нь гялгар, улаан хивсэн дээгүүр алхдаг. Бүх анги танхим цэцэгтэй, гарын савангууд уутлаад, уутлаад өлгөчихсөн. Маш цэвэрхэн сургууль байсан. Тэндээс хүүхдүүд ямар гоё боловсрол авч байна вэ гэхээр нэгд, гэртээ яг тийм орчин үүсгэдэг. Хоёрт, багштайгаа ний нуугүй байдаг. Энэ нь багш сурагч, сургууль, гэр бүл гэсэн гурвалсан холбоо үүсгэдэг” хэмээн ярив.
Тэрбээр хичээлийнхээ сүүлийн 20 минутад сурагчидтайгаа заавал гэрийнх нь тухай ярилцдаг байжээ. Үүний үр дүнд хүүхдүүд нээлттэй өсч, багшдаа болохгүй байгаа зүйлээ хэлж, зөвлөгөө авдаг. Дээрээс нь гэр бүлд нь ямархуу зүйл үүсч, нөлөөлөөд байна вэ гэдгийг мэдээд, дараа нь эцэг эхэд нь ярьж ойлгуулж хэлдэг байсны үр дүнд маш сайн эерэг өөрчлөлтүүд гардаг байжээ.
Д.Амаржаргал болж өгвөл хүнд туслах хүсэлтэй явдгаа ярьсан. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө 20 гаруй жил тууштай ажилласныг нь үнэлж, саяхан түүнийг “Хүмүүнлэгийн элч” шагналаар мялаажээ. Тэрбээр энэ шагналыг хүртсэндээ талархаж, пост оруулахад дор нь сэтгэгдэл бичсэн хүмүүсийн 100 гаруй нь түүний тусалсан хүмүүс байж, “Энэ шагналыг угаасаа хүртэх эрхтэй хүн” гэсэн үгэнд нь ихэд урамшиж, баярласнаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Би ямар ч байсан эцэг, эхийнхээ нэрийг сайнаар дуурсгахаар зөв яваа юм байна гэж бодсон” хэмээн хэлэв.
Амаржаргал Алдарт эхийн II зэргийн одонгоо гардсан хөгжилтэй түүхээ ярьсан юм. Гэрийн эзэгтэйн ажлаа хийгээд, тоосоо гөвөөд, юм угаагаад сууж байхад нь утсаар залгаж, “Хороон дээр ир” гэж дууджээ. Тэрбээр бичиг баримтын асуудал л ярих байх гэж бодоод, футболка дээрээ курткээ өмсөөд гүйгээд очиход нь хорооны Засаг дарга нь футболка дээр нь зүүгээд өгчихөж. Амаржаргал хорооноосоо гараад “Футболк дээр одонгоо зүүгээд авчихлаа” гээд уйлсаар харьжээ. Бурхан болооч нь тэр үед аргадаж, найз нарыг нь дуудан, гэртээ мартагдашгүй гоё цайллага хийж өгсөн байна.
Д.Амаржаргал саяхан Алдарт эхийн I одонгоо гарджээ. Тэрбээр энэ талаар ярихдаа “Энэ удаа яг зориулж дээл хийж өмсөөд, Төрийн ордноосоо очиж авсан. Төрийн тэргүүн маань одон гардуулахдаа “Та Алдарт эхийн I, II зэргийн одонтой болж байгаа юм байна. Ямар гоё харагдаж байна аа. Уул шиг нөмөртэй үрсийнхээ төлөө зүтгээд байдаг юм шүү дээ” гэж хэлсэн. Би тэр үгийг ерөөсөө мартдаггүй юм” хэмээн





Боксчид Европын цуврал тэмцээнд оролцоно
Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. ...
7 цагийн дараа
ЦУОШГ: Хуурайшилт ихтэй аймгуудад бороо, нойтон цас орно
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, тавдугаар сарын 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас ...
7 цагийн дараа
Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна
Өнөөдөр Олон улсын Сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Сувилагч тандаа б...
6 цагийн дараа
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчи...
6 цагийн дараа
МАН-ын бүлэг: Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо
УИХ дахь МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо УИХ дахь МАН-ын бү...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд