мэдээ
Ямаа бид хоёрыг сардаа нэг…

Админ
2025 оны 5 сарын 12

24

Миний өнөөдрийн сэдэв “хүчирхийлэл ба эмэгтэйчүүд”… Хэд хоногийн өмнө нэгэн эр гудамжинд эхнэрээ зэрлэгээр зодож байгаа бичлэг цахим сүлжээнд тавигдаж, ээлжит хүчирхийллийн дуулиан дэгдэв. Хэрэв та нар анзаарсан бол энэ хэрэг хэдхэн цаг л цахим орчинд хэлэлцэгдсэн.
Яадаг муу бузар араатан бэ. Цагдаа дуудаач. Яанаа, аллаа…гэж эмэгтэйчүүд голдуу орилж байгаад л зогссон. Зогсоох дараагийн дуулиан мундах биш. Поп дива Сараагийн Венад тоглох байсан тоглолт цуцлагдсантай холбоотой томоохон сенсаци дэгдсэнээр өнөө хүчирхийллийн хэрэг нам дарагдаж байх жишээтэй. Нийтээрээ юу сонирхдог, юу руу хошуурдаг, юунд ач холбогдол өгдөг болсон нь эндээс нэвт шувт харагдаж байгаа юм л даа.
Одоо манай олон нийт ийм төрлийн хэрэг явдлыг энгийн зүйл шиг хүлээж авдаг, хэдэн цаг шаагьж байгаад орхидог, нэг ёсны улиг болсон зүйл мэтээр хүлээж авдаг болжээ. Энэ бол дэндүү харамсалтай явдал юм. Нийгэм маань дотоод гоо зүйгээ, ёс суртахууны хамгийн энгийн дархлаагаа алдаж байна гэсэн үг. Энэ тухай нухацтай авч үзэж, хуулинд тодорхой том өөрчлөлтүүдийг оруулах цаг хэдийнэ болжээ.
Өнөөдрийн жишээ гэхэд, нөгөө нөхөртөө аймшигтайгаар зодуулж, бие махбод болон сэтгэл санааны асар том гэмтэл авсан эмэгтэй цагдаагийн байгууллагад “Нөхөртөө гомдолгүй тул суллаж өгөөч” гэсэн хүсэлт гаргаад, нөхрөө дагуулаад гарсан гэнэ. Яагаад вэ. Асар том сүрдүүлэг, гэр бүл , ар гэрийнхнийх нь дарамт шахалт нуугдаж байж таарна.
Гэр бүлийн хүчирхийллийн ийм хэргүүдийн бараг 90 хувь нь ингэж төгсдөг аж. Яг ийм байдлаар л түр төгсдөг. Түр төгсдөг гэдэг нь энэ тохиолдлуудын ихэнх хувь дахин цагдаад ханддаг. Дахиад нөхөр зоддог, дахиад дуудлага ирдэг. Дахиад маргааш нь эхнэр гомдолгүй болж хувирдаг гэсэн үг.
Залхмаар энэ бохир байдал манай нийгмийн аж амьдралд яагаад ингэж гүн бат шигдчихсэн юм бол. Хаанаас эхтэй эд юм бол.
….Цементэн талбай дээр нуруу нугасаа тасартал шахам, хавирга сүврэгээ хугартал өшигчүүлэн зодуулчихаад гомдолгүй гэж хэлж зогсох тэр эхнэрт ийм шийдвэр гаргах, ингэн ингэн амьдрах ямар шалтгаан байж таарах вэ.
Энэ мэдээллийн доор сэтгэгдэл бичиж байгаа зарим хүн хогнууд “Өөрөө болдоггүй юм байгаа биз. Дандаа эмэгтэйчүүдийн зөв гэсэн юм байхгүй шүү” гэх мэтээр бичин доог тохуу хийцгээж харагдана.
Бас л хэд хоногийн өмнө нэгэн эмэгтэй гадаадад явж байгаад гудамжинд нөхөртөө зодуулчихлаа, ер нь байнга сэтгэл санааны дарамтад байгаа тухайгаа өөрийн цахим хуудсаараа цацаад төд удалгүй устгасан. Ил гарч ирээд, хөхөрч няцарсан биеэ үзүүлээд ярьсан. Нөхөр постных нь доор орж ирээд “Би анхнаасаа чамтай суухыг хүсээгүй ш дээ. Чи л өөрөө гүйсээр байгаад суусан биз дээ” хэмээн хээв нэг бичиж байсан. Үүн шиг доромжлол басамжлал гэж байх уу.
“Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндий гэж нөхөр эхнэрээ хэрхэн яаж тамладаг тухай баримтууд мөн л дэлгэгдэж байв. Нүдэн дээр нь өөр бүсгүй дагуулж орж ирээд, эхнэрээ хамт унтахыг шаардаж байсан тухай дуулиан одоо ч сайтуудаар байж л байгаа.
Одоо Амай гэж аялагч нөхрийн паян хөвөрч байх жишээтэй. Насанд хүрээгүй охид руу садар самуун чаат бичдэг, хар тамхинд донтсон, тэрийг нь хэлж хориглосон эхнэрээ зоддог, өөрөө зодоод зогсохгүй ээж нь дарамталж загнадаг гээд бас л нэг харууслын түүх хөвөрч байна.
Эдгээр жишээнүүдээс эхнэрүүд байнга уучилдаг жишиг их сонирхол татаж байгаа юм. Өөрийг нь хэрцгийлэн тамлаж, ой тойнд буухын аргагүйгээр хүчирхийлэн зодож, эрх чөлөөг нь хязгаарлаж, гэр бүл ойр тойрныхноос нь тусгаарлан хорьж байна. Чингээд зогсохгүй ажил хийж, нийгмийн харилцаанд орох битгий хэл амьд явах, чөлөөтэй амьсгалах эрхийг нь хутганы ирэн дээр байлгаж байхад яагаад тэмцэж чаддаггүй юм. Яагаад салж чаддаггүй юм. Тэр хүнээс эдийн засгийн хамааралтай, хамааралтай гэхэд бүхэл бүтэн хүний амьд явах эрхтэй дүйцэх хэмжээний хамаарал гэж байх уу ?
Эсвэл бүгдээрээ шарх сорвио эдгэхээр авч өгсөн хувцсыг нь өмсөөд, ээмэг зүүсгэлийг нь зүүгээд үнэтэй ресторанд хамт хоолонд орох мэтээр өрнөдөг амьдралд дасчихсан солонгос драмын дүрүүд болчихсон юм уу. Эхнэрээ боодог хийчихлээ гэж харуулсан нэгэн тэрбумтны бичлэг мөн л ярианы сэдэв болж байна. Мөдхөн хонь гаргаж байгаа бичлэг цацагдах байх л даа. Энэ бүхэн хэдийгээр тансаглалаа дарж ядсан баячуудын амьдрал гэлээ ч цаанаас нь нэг тийм эмэгтэй хүнийг дээрэлхээд байгаа ч юм шиг үнэр үнэртэхгүй байна гэж үү.
Манай гэр бүлийн харилцааны эрт дээр үеийн ахуйд “сайн эхнэрийн тоосыг сардаа нэг гөв”…ч билүү, “сайхан эхнэр, ямаа хоёрыг сард нэг зод” ч билүү элий балай үг явдаг байж. Одоо орчин цагт арай ийм дүрэм үйлчилдэг айл гэж байхгүй баймаар. Эсвэл үйлчлээд нөгөөдүүл нь “Намайг сайхан хүүхэн болохоор л нөхөр маань хардаж байна. Харамлаад үхэх шахсандаа өөрийгөө хянах чадвараа алдаад байна” гэж үнэн голоосоо итгэчихсэн явдаг юм болов уу.
Үнэхээр зодуулаад, эрх чөлөөндөө халдуулаад, байж боломгүй хүчирхийллийг тэвчээд яваа эмэгтэйчүүдийг гайхаад учир шалтгааныг нь олж чадахгүй болохоор ийм таамаглалууд дэвшүүлж байна л даа. Бодоод байхад нүүдэлчдийн эртний ахуй амьдралд элдэв хачирхалтай ойлголтууд их байжээ.
Жишээ нь, бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй…л гэнэ. Эр муу ч эмийн дээр л гэнэ. Бүсгүй хүний үс урт, ухаан нь богино л гэнэ… Шууд утгаар ингэж эмэгтэй хүнийг дорд үзсэн хандлага ийнхүү эрт дээр үеэс манайхны ухамсарт гүн шингээстэй явж ирж.
Муу юм модон улаатай. Ийм урт удаан зам туулж, өнөөгийн техник технологийн шинэ зуунд хүртэл ингээд хүрээд ирнэ гэж хэн санах вэ дээ. Одоо энэ бүхнийг хуулийн хүчээр арилгах ёстой болсон байна.
2024 оны судалгаагаар эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь хууль ёсны баталгаагүй хамтран амьдрагчийнхаа, мөн эр нөхрийн зүгээс үйлдсэн сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж амьдардаг гэсэн үзүүлэлт гарч. Энэ бол аймшигтай том үзүүлэлт.
Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн наймхан хувь нь цагдаагийн байгууллагад ханддаг гэх судалгаа байна. Үүнээс харахад охид эмэгтэйчүүд хүчирхийллийг байдаг, байх ёстой зүйл гэж үздэг болтлоо манай нийгмийн ёс суртахуун гажуудчихжээ.
Хүчирхийлэлд амьдардаг эмэгтэйчүүд цагдаад хандах хүртлээ буюу өөрөө арга буюу ил гарч ирж өргөдөл гомдол гаргатлаа дэндүү урт удаан зам туулсан байдаг юм шүү гэж “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн захирал Н.Арвинтариа хэлж байсан. Энэ бол маш үнэн үг. Эмэгтэй хүн хатавчнаас дээш гарч болохгүй, эрийнхээ дээр гарч сууж болдоггүй, уулан дээр гарч болохгүй гэх мэтээр халиад явчихлаа шүү дээ. Одоо энэ бурангуй явдалтай тэмцэх цаг болж.
Охидоо хүчирхэг өсгөе. Охидынх нь зовхи өөдөө улс орон өнгөлөг явдаг юм.
Сайн боловсрол эзэмшүүлж, өөрийгөө болон бусдыг хамгаалах хүчтэй, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй, хэнээс ч хамааралгүй амьдралаа аваад явдаг хүчирхэг бие хүн болгохын төлөө дунд сургуулийн боловсрол олгох түвшнээс нь эхлэн өөрчилцгөөе. Дунд сургуулийн программыг эргэж харах цаг үнэхээр болжээ. Бид гол зүйлсээ хаячихаад уул уурхай ярин уралцацгааж, ухаан мэдрэлээ алдан хэрэлдэцгээж байна.
Нийгэм маань дотуураа улам л ялзарсаар… Ямар сайндаа эхнэрээ ямаатай адилхан зиндаанд үзсэн хэвээр явж байх вэ дээ…





Боксчид Европын цуврал тэмцээнд оролцоно
Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. ...
3 цагийн дараа
ЦУОШГ: Хуурайшилт ихтэй аймгуудад бороо, нойтон цас орно
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, тавдугаар сарын 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас ...
2 цагийн дараа
Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна
Өнөөдөр Олон улсын Сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Сувилагч тандаа б...
2 цагийн дараа
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчи...
1 цагийн дараа
МАН-ын бүлэг: Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо
УИХ дахь МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо УИХ дахь МАН-ын бү...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд