мэдээ
Энэ тухай тэмдэглэл

Админ
2025 оны 5 сарын 12

12

Эртний хүннү худалдаачдаас нангиадууд дөрвөн юм голлон сонирхдог байж гэнэ. Морь, сорлог арьс, нуурын давс… харин дөрөв дэх нь нэг зүйл бэлэг. Тэр бэлэг нь ер бусын амтлаг самар байжээ. Хятадын эртний Хань улсын сударт энэ тухай тэмдэглэжээ.
Хангай нутгийн монголчууд нэн эртнээс ганц зүйлийн самар мэддэг, тэр самар нь манай дэлхийн хамгийн амттай нь байв. Энэ бол хушны самар.
Хуш мод
Хуш модны тухай өнөөгийн бид сайн мэдэхгүй. Онцгой, бүр гайхам алдартай гэдгийг ч тэр бүр сонсоогүй байх. Харин хууччуул мэднэ. Анхилам үнэртэй, хамгийн сайхан үр жимстэй, хөнгөн зөөлөн, мөнх ногоон мод. Монголчууд эрхэм эдлэл тавилга, шүтээн, сэнтий, хаалга, тооно сэлтийг хушаар хийдэг байв. Монгол хуш нь нарс адил элбэг бус.
Ховордуу мод учраас эрхэм зүйлдээ л хушийг зориулдаг байжээ. Овооны амь модыг мөнх арцны төрлийн хушаар хийвэл сайн гэдэг байлаа. Хуш бол нарсны төрлийн шилмүүст мод юм. Монголын хойд хэсгийн ой хөвч, тайгад бага хэмжээгээр ургана. Нийт ойн нөөцийн 1.8 хувийг л эзэлнэ. Сибирийн хушны өмнөд зах сэжүүр нь өнөөгийн Монгол хушны нийт тархац болдог. Сибирь хушнаас монгол хуш ялгаатай, самар нь илүү чанартай гэж зарим нь ярьдаг. Хуштай нэг “гэр бүл”-д (ойр төрлийн) нарс, шинэс, жодоо, гацуур мод багтана. Эдгээрийг бас арцлаг модод гэнэ. Гэхдээ эдгээр “ах дүүс”-ээсээ хуш мод илүү онцгой, сонирхол татам.
Хушны онцгой чанаруудыг мэдэхгүйгээсээ болж бид түүний нууцасыг бага анзаардаг. Жишээлбэл, намар болоход зарим хүн гудамжинд суугаад хушны самар зарж байгаа харагддаг. Хүмүүс дуртай авна. Орлого ихтэй. Гэтэл энэ энгийн дүр төрхийн цаана хэчнээн их нууцлаг хулгай, үл ойлгогдох наймаа, үнэ цэнэ, ужиг далд тэмцэл явж ирснийг бид мэддэггүй. Хуучин цагт хятад наймаачид үлэмж хэмжээний самрыг тэмээн ачаанд нууж яваад баригддаг байжээ. Одоо самрын хар наймаанд жилдээ хэдэн арван тэрбум төгрөг гудамжинд эргэж байна…гэх мэт. Энэ бүхний чинадад, дэлхийн хамгийн амтлаг, амин дэмлэг самрын татах шид нуугдаж байдаг. Тансаг үр жимс нь хушны увьдисыг илтгэх гол шинж гэдэг.
Дуут хуш
Ой мод ихтэй нутгийнхан л хуш модыг цухас гадарлана. Монголд ой хөвч бага, түүний дотор хушны тархац бүр ховордуу. Ингээд бодохлоор, хуш модны тухай монголчуудын мэдээлэл нимгэн байх нь аргагүй. Мөнх ногоон хушийг одоо Орост “тайгын хаан, тайгын алт” гэх болжээ. Хушны гайхамшигийг Орос даяар саяхнаас илүү ойлгож, энэ гоё нэрс сонстох болов. В.Мегре хэмээх нэгэн худалдаачин Сибирийн хушны увдисыг олж мэдсэн туршлагаа өөрийн номоор хуваалцаж, үүнээс хойш хуш мод улам алдаршиж Орос дахь шинэ баялгийг нээжээ.
Хуш 500 хүртэл насалдаг. Сибирийнхэн гар дээрээс самар зарж, өөрсдөө идэж, хүнсэнд хааяа хэрэглэх төдий энгийн элбэг суудаг байжээ. Гэтэл Сибирийн хушны самрыг Өрнөдөд валют болгож ирсэн төдийгүй түүний олон талт чанарыг анагаах ухаан, гоо сайханд ашигласаар ирснийг В.Мегре номондоо шинээр дэлгэж тавьснаар тайван байдал өөрчлөгдөв. Үүнээс хойш богино хугацаанд, Орост валют оруулдаг, бахархаж хошуурдаг бизнесийн нэг нь хушны самар болж хувирав. Дан ганц мөнгө олдог учраас ингэж алдаршсан юм биш. Үнэндээ бол, урт наслуулдаг хөгшин хушны нууцыг хүмүүст хэлж өгснөөс болжээ.
Угтаа оросууд хушны тухай ойлголтгүй байв. Тэднийг Сибирьт ирж, түрэмгийлж эзэлсний дараа ч уугуул хүмүүс хушны учрыг хэлж өгсөнгүй. Хожим уугуул сибирьчүүд тэдэнд нууцыг тайлж өгөх хүртэл хушны талаар юу ч мэддэггүй хэвээр байв гэнэ. Хушны хөнгөн агаар хэрхэн анагаадгаас эхлээд олон зүйлийг бүр сүүлд оросуудад ярьж өгчээ. Гэтэл одоо Орост хушны талаар төгс ойлголт, судалгаа шинжилгээ, наймаа, эмчилгээ эрс хурднаар хөгжөөд байна. Уг нь монголчууд бид оросуудаас өмнө, бүр эрт цагаас хушны самрыг худалдаж, хүнсэнд хэрэглэж явсан ард түмэн аж.
Хушин ойн гүнд хааяа 500 насалсан онцгой хуш таардаг гэнэ. Сансрын эрчимийг өөртөө хураасан өвгөн хуш гурван жил нам гүмхэн дуугарч хүмүүст чимээ өгнө. Үүнийг “дуут хуш” гэдэг аж. Хүмүүст эрчимээ дамжуулах гэж дуут хуш дохио өгч, гуйн дуугарч чимээлж буй нь тэр гэнэ. Энэ үед нь уг модыг хөрөөдөж буулгаад хэрчим хэсэг болгон бусдадаа түгээвэл зохих ажээ. Хадгалсан эрчимээ хүмүүст түгээж амжихгүй, хүртээж эс чадваас өвгөн модны дуугарах мөчлөг дуусч, дотоод эрчимээ гадагш хий зарж шатаасаар ойчдог гэнэм. Гунигтай. Дуугарахаа дуусвал энгийн хушнаас ялгаагүй байсаар төгсөнө. Хүн, хушны холбоо шүтэлцээг ингэж “домоглох” ба үүнд итгэгсэд хаа сайгүй болжээ. Хүзүүндээ дуут хушны хэрчим олж зүүгээд залуужиж, урт насалсан өвгөдтэй В.Мегре зохиогч таарчээ. Хушин тайгад ер бусийн мөнх агаарын диваажин бүрэлддэгийг ч тэр бас мэдээлжээ…
“Тэнгэрийн мод”
Дэлхийд хуш модны хэд хэдэн зүйл бий. Тэдгээрээс Сибирийн хуш хамгийн сайхан үр жимс (самар) гаргана, түгээнэ. Анхилам, тослог, амттай, өнгөлөг, зөв хэлбэртэй үр самар. Самарт агуулагдах химийн найрлага ер бусын, итгэмээргүй. Ийм онцгой хушны тархац одоо Орос, Монгол, Казахстанд, түүний 90 гаруй хувь нь Оросын Сибирьт үлджээ. Үлджээ гэхийн учир бол эрт цагтаа Евразид өргөн тархаж байсан зүйл гэж үздэгтэй холбоотой. Хуш бол хүчирхэг, эртний гаралтай мод юм. Газар дундын тэнгис, Хималайн нурууны араас үүсэлтэй аж. Галав түүхийн явцад тархац нь шилжиж өөрчлөгдсөөр онцгой нэгэн үлдвэр нь Сибирийн бүсэд тасарч үлджээ. Одоо дэлхийн хушны хамгийн том ертөнц энд бий. Хүйтэнд тэсвэртэй, далайн түвшнээс 100-3200 хүртэл метрийн янз бүр өндөрт, өөр өөр бүслүүрт ургах чадвартай болсон энэ зөөлөн тослог модны хувьсал яван явсаар энд тогтжээ. Сибирь, монгол самрын онцгойг эхлээд Хятад, сүүлдээ Европчууд гадаад ертөнцөөс олж мэдэв. Аажимдаа тэд сэмхэн тээвэрлэж, шинжиж, цааш дамнан зарах болсон байдаг. Энэ түүхэн наймаа тасарсангүй.
Хушийг “Тэнгэрийн мод” гэдэг. Монгол, Түргүүд, Сибирийн ард түмнүүд эртнээс ингэж ойлгодог байв. Монголчууд онцгой ургасан хушийг онголж, бас Саглагар мод хэмээн тахидаг байж. “Монголын нууц товчоо”-нд “дэвсэх саглагар мод” гэж, бас “хуст шүтээн” (хушт байж магадгүй) гэж тааралдана. Бөөгийн хэнгэрэг, цохиурыг голдуу хушаар хийнэ. Тэнгэрийн модыг аянга ниргэдэггүй гэж итгэнэ. Усархаг бус тосорхог зөөлөн шинж, давирхайлаг байдал нь цахилгаан соронзон орныг саармагжуулдаг. Аянга буудаггүй мод. Үнэр сайт, хөнгөн бөх тул гэрийнхээ тооно, хаалга, баганыг хушаар үйлддэг уламжлалтай байв. Гал голомтоо сайнаар бүтээх учиртай. Хушны тууш ширхэг, гүн давирхайлаг онцлог, удах тусам бөхөжсөөр эдэлгээ дааж өнгө ордог, зөөлөн хөнгөн шинж нь модон эдлэл, урлалд нэн тохиромжтой. Хушаар урлахад сэтгэл хөнгөрч урам нэмдэг гэж нарийн мужаанууд, урчууд ярьдаг байжээ. Хушийг тэнгэрийн мод гэж өргөх нь гагц манайд биш юм. Эртний Грект анхны сүмээ хуш модоор бүтээжээ. “Дэлхийн төв” дэх Аполлоны (Урлагийн тэнгэрийн) сүмийг юугаар барихаа удтал хэлэлцсэний эцэст ингэж шийдэв. Бас, эрт Библийн хуучин гэрээнд хушийг ариун мод хэмээж загалмайг ихэнхдээ хушаар хийж заншив. Иерусалимийн анхны сүмийг Соломон хаан хушаар бүтээжээ. Модон сүмийг өөрт зориулан босгохдоо газар нутгаасаа хэсэглэн зарж сүмийн хуш модыг тээвэрлэж авчирав. Үүнээс хойш “хүчин төгссөн хуш” ихэд алдаршив гэнэ. Хушийг Европын зарим газарт Tree of God, Tree of Life (Бурханы мод, Амьдралын мод) гэдэг. Энэ нь, сансарын эрчим хуримтлуулсан “дуут хуш”-ыг Бурхан бүтээсэн гэх үзэлтэй төс итгэл юм. Газар дундын тэнгисийн Ливанд хуш модыг улсынхаа төрийн далбаанд залжээ. Тэд хуш модыг чинээлэг, баялаг оршихуйн эх үүсвэр гэж итгэдэг.
Дээрх мэдээллүүдээс үзвэл, манай монгол моддын дотроос хамгийн гайхам нь хуш ажээ гэж итгэж болмоор. Сүлд мод. Монголчууд саглагар модоо тойрон ёслол тахил хийж, бөө тэнгэр бууж, өдөржин шөнөжин дэвсэн бүжиж нийтээр цэнгэдэг байжээ. Эртний энэ “паарти” нийллэгийн төвд аварга сүлд мод сүүхийж байв. Мод шүтлэгийн ёсонд хуш мод эрхэм чухал байсныг эрдэмтэд алдалгүй тэмдэглэж үлдээсэн юм.
Өнгө, Амт, Үнэр
Хүний залуужих хүслээс болж хуш мод мөнх ногоон өнгөтэй болсон гэдэг. Нэгэн домог бий. Хуш модны самар, тос, үнэр нь хүнд залуужих дэм өгдөг нь цаанаа учиртай гэнэ. Эрт цагт сайн санаат хараацай шувуу мөнх залуужихын рашаан олжээ. Рашаанаас балгаж, хүмүүсийн мөнхрөх хүсэлд туслахаар тэдний зүг хараацай нисэв. Нисэж явахдаа хорон санаат хэдгэнэд хатгуулаад өвдөхийн эрхэнд аманд балгасан рашаанаа доош алдаж орхижээ. Рашааны дусал доош асгарч зарим ургамал дээр дусав. Тэр ургамлууд мөнх ногоон болж хувирав гэнэ. Хуш ингэж мөнх ногоон болжээ. Хүний хүслийг хуш хуваалцаж, тэдэнд ээлтэй болох нигуур ийн бүрдсэн гэнэ. “Амьдралын мод”-ны чинадад хүн, ургамлын шүтэлцээ, байгалийн хүсэл уялддагийг монгол домогт ингэж өгүүлжээ.
Хар багаас хушны самар идэж өссөн хүнд цаашдаа өөр ямар ч самар амттай санагдахгүй. Эх найрлагыг гүйцээн амталж чадаж гэмээнэ гадны хүн ч яг үүнтэй адил мэдрэмжид шинээр суралцсанаа хэлж чадна. Хамгийн хүчирхэг Монгол Юань гүрний хаад ч хушны самрыг хүнс зоогтоо нэмэрлэж, ахуйн чимэглэлд ашиглаж байсан мэдээ бол баримттай зүйл юм.
Самар цөмөх сайхан. Тослог уян хэрнээ амтны төгсгөл нь тэрүүхэндээ зөөлөн уянгалаг, бичил. Энэ бичил амтыг бас өчүүхэн тааламж, бичил шид гэж болно. Арааны шүлс дүүрэх, цөмөх, амтлагаа нийцэх өөрийн хэм хэмнэл, хэмжээ бий. Угтаа бол өөх тос, цардуул, уураг, пентозаны өвөрмөц тунгийн зохицол таны амтлах мэдрэмжид хүрэлцэж, таныг эзэлж буй мөч энэ юм. Хүчлүүдийн хамаарал, органик жор нь ийм бичил шидийг бүтээнэ, онцгойг мэдрүүлнэ. Ийм тааламжит амт, анхилам үнэрийг бүтээгч учраас хуш хамгийн гайхалтай мод байж таарна гэж хүмүүс итгэдэг ажээ. Бүтээгч нь Хуш бүлгээ.
Хуш бол зөөлөн үнэрт юм. Намуун анхилам үнэр. Бас үл мэдэг, тасралтгүй. Олуул нийлбэл мансуурам увдислаг агаараар (үнэрээр) бүчнэ. Хушин ойд явахад алгуур үнэр, агаарын ихэд хөвнө. Энэ бол бас нэг өөр найрлага түгээж, хөнгөн амьсгалаар нөлөөлж буйн жишээ юм. Амьдрал бэлэглэгч үнэр. Хушны эрчим нь үлэмж хүчээр ингэж мэдрэгддэг. Хушны сэрүүн гаварлаг мэт зөөлөн анхилам үнэрийг олон юманд ашиглаж, үнэртний найрлагад ч бас багтаажээ. Мөн энэ үнэрт аливааг ялзарч муудах, хөгцрөхөөс, бас хөгшрөхөөс хамгаалах хачин шид нуугдана.
Эртний нийслэл Хархорумын туурийг малтахад хушны самар гарчээ. 800 жилийн тэртээх Монголын Эзэнт гүрний хот ахуй дахь самрын хэрэглээний ул мөр ингэж илрэв. Мөн Өмнөговь аймагт Ноён сумын Цагаан ханан дахь булш олдвороос самраар чимэглэсэн язгууртны малгайг археологичид олжээ. Эртний монгол малгайн бүч зүүсгэлийг хэлхсэн самраар чимжээ. Харагдах байдал, үнэрийг тэгэхэд ийн ашиглаж байжээ. Бас самраар хийсэн унжлага бүхий ээмэг ч олдсон байна. Зөөлөн үнэрт. Үнэр ашиглах соёлд хушны зөөлөн нөлөө ийн өртөж байв.
Самар, тос
Бүх моддоос хамгийн өгөөмөр нь хуш мод гэдэг. Яагаад?
Түүний мөчрөөс аминдэм ургана. Ургасан самар нь бас бичил элемент, эдгээх бодис агуулна. Тайвшруулах үнэрийн бүх шим нь боргоцойнд цугларч, тэндээс зөөлөн уугиж түгнэ.
Хуш модны шилмүүс, давирхайг анагаах ухаанд, харин самрыг нь хүнс тэжээлд хэрэглэдэг. Самрын тослог идээнд хэдэн төрлийн хүчил агуулагдана. Дээр хэлсэнээр тэнд, өөх тос, цардуул, уураг, пентозан хуримтална. Идээний найрлагад нь 60 хувь тос, 20 хувь уураг бий. Хушны самрыг түүж бэлтгээд, шинээр нь хуурч хэрэглэхийн зэрэгцээ тосыг нь шахаж ариутган хүнсний, эмийн болон тансаг үнэртний зориулалтаар боловсруулдаг. Уургийн дутагдал нөхөж, дархлаажуулна. Хөгшрөлт удааширч, залуужна, эрийн чадал сэргэнэ гэнэ. Ингэж хүнс, анагаах, үнэртэнд хөрвүүлэхийн хамгийн сонин нь тос гаргаж ашиглах түвшин юм. Самрын технологи хөгжүүлсэн үйлдвэрлэгчдэд гол бахархал нь цэвэр тос гаргах чадвар юм. Тос үйлдвэрлэх түвшинд хүрэх. Энэ бол бүгдэд хүрэхийн үүд юм. Үнэ цэнэ, мэдлэг чадвар, туршлага, технологи. Ингээд л их баялгийн үүд нээгдэнэ, бялхана. Саяханаас Монголын Хушхан компани цэвэр тос гаргаж авчээ. Хушны самрын тос. Ингээд самрыг уудаг болгов. Үүгээр бүгдэд хүрэхийн үүд нээгдэж байна. Уудаг самар-самрын тос алтан шаргал өнгөтэй. Чухамдаа энэ өнгө, бас үнэ цэнэ нь хушийг “тайгын алт” болгожээ. Хушны шинж, давуу тал, шүтлэгийг судалсан нэгэн хэлэхдээ, энэ мод хүнийг бүх зовлон зүдгүүрээс сэргийлж чадна гэсэн байдаг. Хэтрүүлсэн байж болно, гэхдээ ингэж итгэнэ гэдэг сонирхолтой. Хангай нутгийханд “Шилмүүстийн сайн нь хуш, Сэрчигнэхийн сайн нь хус” гэдэг үг эртнээс үлджээ.
Хушны үр жимс (самар) бол ойн амьтдад зориулагдсан нэг гол хүнс юм. Хүмүүс бид ч эртнээс тэдгээр амьтдын амин чухал хүнс тэжээлээс хуваалцаж иржээ. Байгалиа хамгаалж бүгд зэрэгцэн орших хуулийг эндээс бид улам бүр ойлгож байна. Хуш модгүй ойн ертөнц тийм ч хангалттай баялаг байдаггүй. Ус чийг, үр жимс, амьтдын тэнцвэрт орчныг Хушны оршихуй илүү илтгэдэг. Үүнийг гүнээ ухамсарлууштай. Бид бусдаас хүнсийг нь байнга булааж явах учиргүй. Самраас тарга хүчээ авч, тэнхээрч явдаг амьтад бол баавгай, гахай, хэрэм, жирх, ойн шувууд билээ. Хушин ой нь тэдний аварга орон гэр юм. Ой тайгын эко тэнцвэрийн гол түүчээ, индикатор (илтгэцүүр) нь Хуш мод байдаг. Тиймээс хушийг “тайгын хаан” гэх болжээ. Уулын энгэрийн цас арилахад хушин ойн салхигүй нөмрөөр бугын сүрэг нарлах, бэлчих сайхан. Энэ төрхийн цаана бусад амьтдын нам гүмхэн амьдрал өрнөж байгаа гэж бодогдоно. Хушит ой бол дээрх бүгдийг агуулсан даацтай нууцлаг ертөнц мөн. Энэ бүхэнд зохицож, хишиг хүртэж, басхүү хайрлан орших нь хүмүүн бидний үүрэг билээ.
Үржил: Хуш тария
Хуш мод наад зах нь 50 жил урган тэмцэж байж сая боргоцойлж, үрээ өгөх чадварт хүрдэг гэнэ. Ингэхдээ хэдэн сая үрээс ганц нэгхэн нь л амьдрах боломжийг арайхийн олдог ажээ. Хушийг хайрлахын учир эндээс ойлгогдоно. Өрөвдмөөр ч юм шиг. Сая сая үр цацахад арайхийн ганц нэг нь жинхэнэ модны хувь заяаг олох төдий. Амь бүхэн үр удмаа үлдээх далд зохилдлогоор тэмцдэг. Гайхам хэрнээ нэн ховор хувь зохиол. Сая саяулаа найган оршивч удаан төлжиж, алгуур нөхөгддөг шинж чанар Хушид заяажээ.
Богд хааны ордоны хэрэгцээнд самар нийлүүлэх албат нар түрүү цасны үеэр ууланд гараад байгаль аргадаж тахил үйлдсэний дараа боргоцой түүж эхэлдэг заншилтай байжээ. Болц гүйцсэн тэрэг тэрэг самрыг хугасхан өдөрт нямбайлан ангилаад түүж, цайруулж дуусдаг гэнэ. Болсон том боргоцойнууд модноос доргих төдийд бууж, бас газраар хөглөрч, арвин хялбар байдаг байжээ. Хуучны хүмүүс энэ мэт болгоомжтой, уг ёсоор хөнгөн түүж, байгалийн хишгийг хайрлан хүртдэг байв.
Гэтэл өнөө цагт, уудам хөвчийн эзгүйд хулгайн самарчид эрт бэлчих болжээ. Хушны түүхий боргоцойг газарт унаж амжаагүй байхад нь тэд хүчээр тасчиж дуусгаж байна. Энэ бол буруу. Болц гүйцээгүй самрыг түүх нь хэцүү, зовлонтой, бас урт хугацаа шаардана. Гэвч нэгнээсээ өрсөж орлого олохоор улайрна. Хулгайн аргаар, хушийг мунаар “зодож”, болц гүйцээгүй самрыг хайр найргүй тасдана. Хуш сүйдэх, халдлагад өртөх аюул нь хулгайч нарын энэ буруу үйлдлээс эхтэй. Самрыг хууль бусаар түүгчдээс ойн амьтад сандран зугатна. Хөөрхий хэрэмнээс эхлээд бүгд дайжна, өлсөнө, модод гэмтэнэ. Самар ховордсон зарим жил ойн амьтад өлбөрч олноор үхсэн тохиолдол бий. Хэрэмний сагсгар сүүл, амьтны үс ноосонд тээгдсэн модны үр тоос нь дамжуулан хүртээх, амьдран ургахын чимээгүйхэн урьтал болж байдаг. Энэ нөхцөлийг хулгайн самарчид хайр найргүй үгүй хийдэг. Эзэнгүй хөвчийн дайдыг хулгайч нар ийнхүү дураар эзэгнэж “ойн дайсан” болдог.
Гэвч… Байгалиа хамгаалан нөхөн сэргээж эх орноо эзэнтэй, хуультай байлгахын төлөөх сайн сэтгэлтнүүд бидний дунд цөөнгүй бий. Тэргүүлэгч ургамал-хушийг залуус ойлгож хайрлах болов. Хүний хайраар хуш мод хурдан ургадаг. Ховор төлжиж, удаан торнидог түүх өөрчлөгдөнө. Байгаль судлаачид арга технологи олжээ. Тарьж арчилж чадвал хуш мод хэд дахин хурдан өснө. Өөрөөр хэлбэл, тэр хайр даадаг ургамал.
Хушаа хамгаалж, хулгайн самарчидтай тэмцэхэд улам ахиц гарсаар байна. Хушийг тарималжуулах, хамгаалахын эхлэлд 3000 суулгац тарьжээ. Энэ жилээс 100.000 хуш нэмж тарина. Жил бүр улам нэмэгдэнэ. Хушин төглийг ирээдүйд 60 га, үүнээс ч өргөжүүлэх өөдрөг төлөвлөгөө бий. “Хушхан” компанийн эхлүүлж буй энэ буянтай ажил монголчуудад удахгүй үр өгөөжөө өгнө, өөр сайхан жишигт хөтөлнө. Байнгын дасал болсон муу явдлууд амьдралын дэвшлийг дагаад, бас хуулийн хэрэгжилтээр алга болсоныг бид мэднэ. “Айл бүхэн хуш тарья” аян өрнүүлнэ гэж энэ залуус ярьж байна.
Төгсгөлийн оронд
Домогт өгүүлснээр, диваажинд модыг анх бурхад ургуулж гэнэ. Дэлхийг бүтээхээс өмнө модод ингэж бий болжээ. “Евагийн нүглийн төлөөсөнд анхны хүмүүс диваажингаас хөөгдөхөд Адам тэндээс модны үр авч явжээ. Тэдний дунд хуш, нарс, арцны үр байв гэнэ. Тэр үрээс модод ургаж эхэлсэнээр дэлхийд амьдрал эхлэв. Дэлхийгээс ч өмнө мод байж гэнэ”… Домгоос үзвэл, бидний өгүүлэн буй Хуш мод бол диваажинд үүссэн бурханы бүтээл ажээ.
Олон мянган жилийн турш хуш мод Газар дундын тэнгисийн эргээр хүндлэл хүлээсэн бөгөөд түүний холтос, эд хэсгүүдийг Арабын ертөнц, Египет, Финикиа зэрэгт өнөөдөр ч биширч үнэлсэн хэвээр байна. Эдгээр орныхон хушийг “мөнхийн оршихуй” гэцгээдэг.
Гэхдээ Сибирийн хуш /Pinus sibirica/, түүний дотор манай монгол хуш /Pinus sylvestris mongolica/ бол тэднээс арай өөр. Эдгээрийг нарсан хуш гэдэг. Хүчирхэг эрүүл мэнд, эрч хүч, урт наслалтын мод бол энэ нарсан хуш юм. Амтат үр, анхилам үнэр түгээгч гэдэг.
Энэ бүс нутагт хушийг хүндлэх соёл мөн адил нэн эртнийх. Хүннүгийн үеэс гадаад худалдаанд илгээгдэж, хожмын татарууд XVI зуун гэхэд “дуут хуш”-ны домогтоо итгэж байв. Эвенк домогт хуш модыг гоо үзэсгэлэн, хүчирхэг байдал, эрх мэдлийн сурвалж гэжээ. Харин Нанай хүмүүс, бүх ургамлаас хамгийн өгөөмөр нь хуш гэж үздэг ба сайн сүнснүүд нарсан хушинд оршдог гэж итгэнэ. Ер нь зүүн Сибирьт “хушинд залбир, хуштай хамт баярла” гэдэг үг бий. Нарсан хуш нь Монголын хангай нутгийнхны байнга мэдэрдэг гайхамшиг юм. Нэгэн чухал нөөц энд бий. Энэ сайхныг ариглан тэлмээр санагдана.
Үзвэл, хуш модыг хүндэлдэг ард түмнүүдийн уламжлалд түүнийг ариун бөгөөд хувиршгүй, тэсвэр тэвчээр, мөнх амьдралын (үхэшгүй мөнхийн) бэлгэдэл гэх нь нийтлэг ажээ. Хушны шинж чанарыг (хэмжээ дамжаа, нас, ашиглалтын талаар) тодорхойлон бичихдээ; агуу байдал, эрхэмсэг, хүчирхэг, үл эвдрэхийн төлөөлөл гэж хийсвэрлэсэн нь ч бас үзэгдэнэ.
l l l
Анд минь хэлэхдээ: -Монголчуудын амьдралыг гоё болгоё гэвэл гэр гэртээ мод тарьцгаая. Гэхдээ мөнх ногоон монгол хуш таривал илүү гоё гэсэн билээ.
Ханхөхийд Элжигэн халхчууд эрт самрыг нурамлах, хуурах аргаар гүйцээн боловсруулж, бас үзэмтэй аарцанд самар хольж хүнсэнд хэрэглэдэг байв. Аав минь Хөхий уулнаас түрүү цаснаар харьж ирэхэд гэрээр дүүрэн анхилам үнэр тархдаг сан, модны үнэр, самрын үнэр бидний жаалуудыг улам баяр хөөртэй болгодог байж билээ.
PS: Хуш, самрын тухай ойрын өдрүүдэд Х сүлжээгээр хэлэлцсэнээс сэдэвлэж тэмдэглэв.
Г.БАДАМСАМБУУ(Сэтгүүлч)
2025.02.23. Богд уул.





Боксчид Европын цуврал тэмцээнд оролцоно
Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. ...
8 цагийн дараа
ЦУОШГ: Хуурайшилт ихтэй аймгуудад бороо, нойтон цас орно
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, тавдугаар сарын 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас ...
7 цагийн дараа
Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна
Өнөөдөр Олон улсын Сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Сувилагч тандаа б...
7 цагийн дараа
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчи...
6 цагийн дараа
МАН-ын бүлэг: Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо
УИХ дахь МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо УИХ дахь МАН-ын бү...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд