мэдээ
Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй, гэхдээ тэр улс төрд орь ганцаараа гэдгээ л ойлгосон байх…

Админ
2025 оны 5 сарын 19

154

Сүүлийн хэдэн өдөр энэ хүнтэй холбоотой таагүй мэдээлэл тарж, дараалаад огцруулах зүйл ч болоод яригдав. Гэхдээ хүүгийн мэдээлэл яагаад гарч ирсэн, удаж төдөлгүй юу болж хувирсан, учир шалтгаан нь юутай холбоотой вэ гэдгийг ухах хэрэгтэй юм. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч “Яагаад, ямар учиртай вэ” гэдгийг тайлбарлажээ.
Нэгдүгээрт: Олон хоног яригдсан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бэлэгний үнэ мөнгө хэнийх байв?
Тэр: -Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд энэ мэдээлэл хөвөрсөн. Энэ тухай мэдээллүүдийг би авсан. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн байна. Найз охиных нь ар гэртэй хараахан танилцаж амжаагүй явж байна. Хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Миний хүү надад хэлсэн: -Аав аа би бөгж л авч өгсөн, бусад нь надтай хамааралгүй гэж хэлсэн. Би хүүдээ итгэж байна. Хуулийн байгууллагууд шалгана биз, бүгд тодорхой болох байх. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Би хүүдээ: Олон нийтийн тавьж буй шаардлага зөв зүйтэй зүйл юм. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах ёстой, орлогоо нотлох ёстой гэсэн. Манай хүү ямар нэгэн байдлаар сүй тавих гэж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна гэдэг зүйл яриагүй. Завгүй явсан сул талтай маань холбоотой байсныг үгүйсгэхгүй. Багаасаа аялалд дуртай, Монголдоо энэ чиглэлээр сурах сонирхолтой, мөн студи эрхлэх хүсэлтэй байсан учир Херотой хамтарч ажилладаг. Миний ХОМ дээр солигдоогүй хоёр компани байдгийн нэг нь энэ. Нөгөө нь Хүлэг контент. Олон нийтэд бие хүнийхээ зүгээс мэдээллээ өгөх нь өөрийнх нь асуудал. Хүүгийнхээ амьдрах, хувь хүнийх нь орон зайд аав хүний хувьд халдахыг хүсэхгүй байна. Нэг л зүйлийг хэлсэн нь: Орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой зүйл, нийтийн зүгээс шаардаж буй нь зөв гэсэн. Олон нийтийн шаардлагад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байгаа. Олон нитийг талцуулах ийм асуудал болсонд хүлцэл өчиж, уучлалт гуйж байна гэв.
Үүнээс ойлгох нь: Л.Оюун-Эрдэнэ: Хүү бөгж авч өгсөн байна. Хүүдээ итгэж байна. Орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой зүйл, нийтийн зүгээс шаардаж буй нь зөв. Шалгуулна. Ийм асуудал болсонд хүлцэл өчиж, уучлалт гуйж байна гэсэн байна. Хүү нь энэ долоо хоногт өөрөө АТГ-т тайлбарлах тухай тус газраас мэдээлсэн. Тэгэхээр хэний, ямар учиртай мөнгөөр найз охиндоо бэлэг барьсан нь удахгүй тодорхой болно гэсэн үг.
Хоёрдугаарт: Өөрийнх нь эсрэг үйл явц яагаад өрнөсөн талаар Л.Оюун-Эрдэнэ юу гэв?
Тэр: -Эрдэнэт, Таван толгой, Хөгжлийн банк, Авлигын эсрэг хууль гээд олон төслүүд бий. Энэ том төслүүд том эрх ашгийг хөнддөг. Энэ ойлгомжтой. Хувь хүнийхээ хувьд олон хүнийг гомдоож, эрх ашгийг нь зөрчсөн асуудлууд байна. Үүнийг бүрэн ухамсарлаж ойлгож байна. Ийм учраас бүх зүйлсэд туйлын болгоомжтой хандахаас өөр сонголт надад байхгүй. Ямарваа нэгэн байдлаар асуудал гарах юм бол өнөөдрийн асуудал шиг томорно. Намайг янз бүрээр л хэлдэг. Данх, жижүүр гээд л. Одоо гэр бүл рүү орж байгаа асуудал үүслээ. Иймээс олон нийтэд хандаад нэг зүйл уриалахад, Гашуунсухайт Ганцмод боомттой холбоотой бүтээн байгуулалт урагшлахад нэг ч хүн анзааралгүй өнгөрлөө. Сая ярьсан асуудал дээр л төвлөрлөө. Ийм байдлаар төслүүд гацдаг, эрх ашгуудын эрэмбэ гацдаг. Надтай холбоотой хууль бус, орлогоо нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсээд нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна гэв.
Үүнээс ойлгох нь: Том төслүүд, том хэргүүдийг хөндсөн. Тэр бүрт цаана нь бусдын эрх ашиг хөндөгддөг. Өнгөрсөн 7-8 жилд ийм байдлаар өөрт нь гомдогсод өнөөдөр ингэж буйг тэр хэлжээ.
Гуравдугаарт: Л.Оюун-Эрдэнийн хэлсэн ялаанууд гэж хэн бэ?
Тэр: -Баялгийн сангийн хууль, Улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрхзүйн орчин, асуудалтай холбоотой асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ялаанууд бий. Энэ ялаануудад хандаж хэлэхэд, Та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй. Битгий горьд. Асуудалтай холбоотой байгаа асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна гэв.
Үүнээс ойлгох нь: Баялгийн сан, Хууль бус хөрөнгө хураахтай холбоотой хуулийг эсэргүүцсэн хэсэг бүлэг хүнийг энэ бүхний ард байгаа гэж Л.Оюун-Эрдэнэ
хэлжээ.
Тэднийг ялаа гэсэн байна. Гэхдээ олон нийтийн дунд яригдаад байгаачлан Эм Си Эс болон бусад стратегийн орд эзэмшигчид, мөнхүү хууль бус хөрөнгө зоорилсон улстөрчдийн явуулж байгаа арга хэмжээ гэхийн зэрэгцээ тэднийг шууд нэрлэчихэж чадаагүй бололтой.
Дөрөвдүгээрт: Хүүгийнхээ асуудлын хамт Хууль бус хөрөнгө хураах хуулиа бариад УИХ руу орох уу?
Тэр: -Засгийн газраас хэд хэдэн багц арга хэмжээ авч байгаа. Авлигын эсрэг бодлого чангарч байгаа. Хэрэв авлига аваад нотлогдсон тохиолдолд 12 жилийн хорих ялтай болчихсон. Дээрээс нь Засгийн газраас 12 сард Улс төрд нөлөө бүхий этгээд, төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол улсын орлого болгох хуулийн төслийг өргөн барьсан.
Энэ хэлэлцэгдээд батлагдах юм бол яг энэ хардлага сэрдлэгтэй холбоотой асуудлууд бүрэн шийдэгдэнэ. Гэр бүлийн гишүүд хүн амын орлогын албан татвараа бүртгүүлдэг болно. Одоогоор ХОМ бүртгэгдэж байгаа. Ингэхээр татвар бүртгэгдээд ирвэл дата бүр тодорхой болно. Тийм учраас нэгэнт ийм асуудал гарсан тул бүх орлогоо шалгуулна.
Олон нийтэд тайлагнахыг хуулийн байгууллагуудаас хүснэ. Мөн олон нийт яг өнөөдөр ингээд шахаж, шаардлага тавьж байгаа шиг хуулийг баталчихвал бүх зүйл тодорхой болно. Олон нийтэд хандаж хэлэхэд, орлогоо нотолж чадахгүй бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Энэ асуудал дээр хуулийг батлуулах тал дээр хамтарч ажиллая, би манлайлж ажиллая. Төрийн албан тушаалтнууд, өндөр албанд ажилладаг хүмүүс ч бас хамтарч ажиллаарай гэв.
Үүнээс ойлгох нь: Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль эрчтэй яригдаж байгаад чимээгүй болсон. Сураг сонсоход, энэ хуулиас болоод өмнө ба эдүгээ үеийн олон улстөрчийн хөрөнгө зоорь хөндөгдөх болсон тул гацаагаад байжээ. УИХ, Засгийн газрын сейфний буланд тоосонд дарагдаж хэсэг хэвтээд архив руу шидэгдэх дөхөөд байсан уг хууль амь орох нөхцөл үүсэв бололтой.
Тавдугаарт: Ордтой үлдэх, албан тушаалд хүрч дайны хөлд хүний эрх үрэгдэж, монгол хүний жудаг алдагдав.
-Энд Л.Оюун-Эрдэнийн тухай ярихгүй. Хүүгийнх нь талаар ч хэлэхгүй. Мөнхүү энэ явдлын дунд элдвээр хэлэгдэж буй жүжигчин Д гэх бүсгүй ч дүүрч. Уул нь бохир хэдий ч ямар ч аргаар хамаагүй хүсэлдээ хүрэх үйл явц ийм хэмжээнд хүрчихэж. Хэтдээ олон улстөрч энэ хаалгаар орж нухуулах байх. Харин Л.Оюун-Эрдэнэ рүү хийж буй дайралтын хөлд 8 сарын өмнө амиа алдсан охины ар гэр хэлмэгдэж дууслаа. Анхаарал татаж байгаа нь энэ хэрэгт холбоотойгоор шалгуулж буй У гэгч нь ордтой үлдэх, албан тушаалд хүрэх гэсэн хүслүүдэд үйлчлэн талбай дээр жагсаж буй юм. Ямар учиртайг тандвал 2024 оны есдүгээр сарын 6-ны цагдаагийн 102 дугаарт: 24 настай эмэгтэй Т нь гэртээ дүүжлэгдэж нас барсан байна гэсэн дуудлага иржээ. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2024 оны 9 сарын 26-нд хэрэг нээгээд шалгаж эхэлжээ. Энэ хэрэгт У-г шалгахад Чингэлтэй дүүргийн … дүгээр хороо …дүгээр байрны … тоотыг түрээслэн амьдрах хугацаандаа хамтран амьдрагч Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар иргэн Т 2024 оны 9 сарын 5-6-нд шилжих шөнө нас барсан нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллага У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ. Одоо прокурор хэрхэхийг шийднэ. Гэтэл талийгаачийн дүү жагсаал дээр очиж: Миний эгчийг амиа алдахад хүргэсэн хүн бол энэ У гэдэг залуу гэж хэлээд эдүгээ У-тай хамт жагсаж буй эмэгтэй У гэгч нь: Тэр У-тай холбоод байгаа экс нь угаасаа сэтгэл хямралын асуудалтай удсан, ар гэр, эцэг эх нь анхаарахгүй явсаар хүндэрсэн хүн байсан юм байна лээ шүү. Хамт явсан комедианчууд нь өөрсдөө ч хэлдэг юм байна лээ гэж сошиалд бичиж байх юм.
Зургадугаарт: Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй нь. Яагаад?
-Товч хариулт бол Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй. Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтээс айсан орд эзэмшигчид, тэдний эсэргүүцлээр дулдуйдан албан тушаалд хүрэх хүсэлтэй улстөрчдийн армийн хүсэл биелэхэд тодорхой шат дамжлагууд байна.
Монгол Улс эрх зүйт төртэй. Хэн бүгд хуульд захирагддаг. Ерөнхий сайдыг огцруулах асуудал бол УИХ-ынх. Тэгээд ч өнөөдөр улстөржүүлэн сэвж, нийтийг турхираад байгаа зүйл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд тооцогдохгүй. Эсрэгээрээ Баялгийн сангийн хууль хэрэгжиж орд эзэмшигчид хувиа, татвараа Баялгийн санд нэмэрлэж, тэдний дэмжлэгээр албан тушаал хүссэн улстөрчид дураа татаж л таарахаар болж байна. Тодруулан хэлэхэд, энэ бүхэн хэн, хаанаас, ямар зорилгоор шидсэн чулуу вэ, яагаад олон нийтийг турхирах оролдлогыг хийгээд байна вэ гэдгийг олны олон нь гадарлаж мэдээд байгаа зүйл.
Долдугаарт: Л.Оюун-Эрдэнэ улс төрд орь ганцаараа гэдгээ олж харах хэрэгтэй.
-Эх үндэс нь хэн бүхэнд тодорхой, хүүгээр нь эхэлсэн эсэргүүцэл хоромхон зуурт түүнийг огцруулах улс төрийн акц болж хувирсан. Дагаад үүнд улстөрчид хариулах хэрэгтэй болов. Хэвлэлийнхэн ч энэ сэдвээр таарсан улстөрч бүрийнхээ хэл амыг сугалав. Ихэнх нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө тайлбарлах хэрэгтэй гэв.
Энэ үнэн, зарчим нь ийм. Гэхдээ улс төрийн орчныхон бүгд учрыг мэдэж байгаа атал намынхан ч, танхимын сайд нар нь ч орд газраа хамгаалагсад, албан тушаалд зүтгэгчдэд тал алдсангүй. Дээр хэлсэн зарчмын байр суурийг давтацгаав. Тэр бүү хэл танхимд нь суудаг сайд сошиал команд өгөөд сууж байсан нь бүхэнд ил болжээ. Тэрээр 2024 оны сонгуулийн дараа хамтарсан засаг байгуулах шийдийг гаргаж, үүнээс нь болоод намынхан нь гомдсон байх талтай. Хамаг том яамаа ардчиллынханд өгчихсөн. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга ч гадаадад ажиллаад эзгүй байв. Мөнхүү өөрийнх нь сонгож авсан, хамгийн чухал нь юунд зориод байгааг нь хамгийн сайн мэддэг сайд нар нь хамт байсангүй. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Л.Оюун-Эрдэнэ эндээс улс төрд орь ганцаараа гэдгээ олж харах хэрэгтэй гэсэн үг. Ойлгохоор л байна.
Наймдугаарт: Баялгийн сан хэнд хэрэгтэй, хэнд балагтай вэ?
Монгол Улсад 1990-ээд онд нийгэм, улс төрийн томоохон шинэчлэлт өөрчлөлт өрнөсөн. Тэрийг бүгд мэдэрсэн. Түүхэнд ч үлдсэн. Шилжин орсон нийгэм, улс төртэйгөө 30 жил явсан. 7-8 жилийн өмнөөс дахин өөрчлөгдөж эхэлсэн. Аажмаар хийгдсэн өөрчлөлтийг одоогоор 30 жилийн өмнөх шиг мэдрээгүй байна. Хууль эрх зүй, төрийн тогтолцоо, нийгмийн шинж байдлын өөрчлөлт нэгэнт хөдөлсөн. Хэрэвзээ түүхийг ухрааж, ой санамжийг сэргээвэл энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцгой хамааралтай шилжилт өөрчлөлт юм. Гэлээ ч энэ шилжилтийн хүрээнд олон том төслийг Баялгийн сангийн хамт хөдөлгөсөн нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэлээ. Энэ бүхнээс ургуулаад: Баялгийн сан хэнд хэрэгтэй, хэнд балагтай вэ гэдгийг ч бодох цаг ирж. Уул нь орд эзэмшигчдэд балагтай байх атал Л.Оюун-Эрдэнэд л балаг тариад байх шиг. Дашрамд нэг зүйл хэлье. Энэ хэдэн өдөр Л.Оюун-Эрдэнэ рүү хийж байгаа онц их зардалтай, онцгой хурдтай, сэтгэмжтэй ажиллаж буй багийнхан Монголд хэрэгтэй ганц ч гэсэн төсөлд хурдаа, хүчээ, хөрөнгөө зараад өгөөч. Энэ бол бүгдийг хараад, анзаараад, мэдээд сууж байгаа иргэний хүсэл юм шүү.
Ө.БИЛЭг





Өнөөдрийн байдлаар гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...
8 цагийн дараа
Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно
Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг энэ сарын 19, 20, 21-нд Сүхбаатарын талбайд з...
7 цагийн дараа
“Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлт боллоо
Залуу уран бүтээлчдийн “Маруужин” уран бүтээлийн нэгдэл “Шийдсэн хүн” уран сайхны кино өнгөрсөн баасан гариг /2025.05.16/-аас үзэгчд...
7 цагийн дараа
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 5 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг ш...
7 цагийн дараа
Сэцэн ханы ордон музейн нээлт боллоо
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Хэнтий аймагт “Сэцэн ханы ордон музей”-н нээлт боллоо. Тус музей нь Сэцэн хан аймг...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Иргэн
Намын нөхөд нь гэж хэн юм бүгд цүнх баригч шимэгч нар, АН нь ч адилхан энэ улсыг алсаас гхднб гар хөл бологчид удирдаад удаж байгаа

Bachka
Данх ямар ч чадваргүй.Зөвхөн Ялаа гэснээрээ харуулж байна. Огцрох юу ч биш.

Б.ЦОГТГЭРЭЛ
МАН – ЫН ДАРГА Л.ОЮУНЭДЭНЭ ! ШИНЭ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БАЙЖЭЭ ГЭДЭГ НЬ СҮҮЛИЙН ҮЕИЙН ҮЙЛ ЯВДЛУУДААР НЭГЭНТ НОТЛОГДЧИХЛОО !!! НАМЫН ГИШҮҮДИЙН ӨМНӨ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГАА ҮҮРЧ ОГЦОРСОН НЬ ЗӨВ !!!