мэдээ
Ш.Гүрбазар: Тэр үед Германд шөнө гадаа гараад уйлж байгаа юм чинь…

Админ
2025 оны 5 сарын 19

109

“Илүү их уншъя” уриан дор 37 дахь удаагийн Номын баяр өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Энэхүү баярт жил бүр 300 гаруй зохиолч, 120 гаруй хэвлэлийн компани болон номын салбарын байгууллагууд оролцож, олон мянган уншигч зорин ирдэг соёлын гол арга хэмжээ билээ. Энэ удаагийн номын баярт Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, нийтлэлч, зохиолч, доктор, профессор До.Цэнджав зэрэг олон зохиолч өөрсдийн биеэр ирэн, уншигчидтайгаа уулзаж, бүтээлдээ гарын үсгээ зурж оролцлоо.
Манай сонин номын баярт сэтгүүлчдийнхээ эрхлэн гаргасан шүлэг, өгүүллэг, орчуулгын бүтээлээр оролцдог уламжлалтай. Хүүхдүүдийн сонирхон уншдаг Ж.Мягмарсүрэнгийн “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэггүүд”, “Барын зулзага бамбар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” ном эрэлт ихтэй байлаа. Мөн манай сонины Вашингтон хот дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн “Дилова хутагтын захидлууд” номыг уншигчид ихэд сонирхож байлаа. Энэ үеэр Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазартай ярилцлаа.
-37 дахь удаагийн номын баяр болж өндөрлөлөө. Таны хувьд энэ жил шинэ номоороо оролцлоо шүү дээ. Номынхоо талаар ярихгүй юу?
-Би номын баярт хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө нь 2022 онд Төрийн шагнал аваад анх удаа оролцож байсан. Энэ жилийн хувьд зорьж ирлээ. Хоёр, гурван учир шалтгаантай байлаа. ХБНГУ-д элэгний хавдрын эмчилгээ хийлгээд, эмчилгээ хийлгэсэн гурван сарын хугацаанд бодол, тэмдэглэл, шүлэг бичсэн.
Тэрийгээ найзууддаа явуулахад тэд нар маань хэвлэж, бэлтгэж өгсөн. Ганц зорилго нь хүмүүсийг өөдрөг байхад хэрэгтэй юм болов уу гэж бодсон.
Эдгэж, илааршихын өнцөг дээр номын баяртаа оролцож байна. Би энэ тэмдэглэлээ ном болоод, номын баярт оролцоод, гарын үсгээ зураад сууна чинээ бодож байгаагүй. Энэ ном бол элэг, цөс яаж эдгээх тухай биш. Өөдрөг байхын тухай ном. Хүн яавал өөдрөг байж болох вэ гээд бодсон. Үхэл бол айгаад байх зүйл биш юм билээ. Эмчилгээ явж байгаа болохоор хариу нь гайгүй гарсан. Зургаан сарын дараа илааршихад би энэ номынхоо хоёр дахийг нь бичнэ. Цаашдаа ч би юмнууд хийнэ гэж бодож байгаа. Өөрийнхөө эцсийн чадал хүртлээ зүтгэнэ. Тийм учраас энэ бол эхлэл нь. Яг тулаад ирэхээр амьдарсан цаг хугацаа их үнэтэй юм байна гээд олон юм л бодогддог юм билээ. Хүнд нэг өдөр ч гэсэн үнэ цэнэтэй байдгийг бид мэддэггүй. Ер нь янз янзын юм л бодогдсон доо. Өрөвдөхгүй юмаа ч өрөвдөж байх шиг. Цэвэр миний дотны найздаа бичсэн өврийн дэвтэр л гэсэн үг. Хуучин номноос хоёрхон шүлэг орсон. Бусад нь дандаа тэр үед бичсэн, тэмдэглэл, бодролууд. Хүмүүс маш халуун дотно хүлээж авч байна. Олон хүн ч авч байна. Энэ бол бизнес биш, ном зарлаа гээд би баяжихгүй. Эмч нар хүртэл ирж уулзаж байна. Надад шүлгийн, жүжгийн олон түүвэр бий. Гэхдээ энэ удаад надад энэ ном л чухал байсан. Зүгээр л миний бодол, сайхан, муухай болсон нь хамаагүй. Хүний хувь тэмдэглэл байдаг шүү дээ. Тэрэн шиг л гэсэн үг. Гэхдээ өөдрөг. Надад ийм зүйл ирнэ ч гэж бодоогүй. Тэгэхээр хүн амьдралын яруу сайхныг байнга бодох хэрэгтэй юм шиг. Ялангуяа 60аас дээш насны хүмүүс өдөр болгон сайхан юм бодож, хоног алдахгүй сайхан зүйл бодож суу. Тэртэй тэргүй хүн тэнд тулж очно. Тэр үед л сөхрөхгүй байх ёстой.
-Таны бодлоор номын баярт оролцохын хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Номын баяр их сайхан боллоо. Гэхдээ манайхан номын баярыг үндэсний өдөрлөг шиг хийгээд байна. Лангууны ард хүмүүс суугаад, хэдэн төгрөг вэ гэхээр үнийг нь хэлчихээд л суугаад байна. Номын баярыг уг нь тэгж хийдэггүй юм. Зохиолчид нь шүлгээ уншаад, номоо сурталчилдаг. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал эвгүй байна. Би чанга яригч тавиад шүлгээ уншвал хүмүүс ирэх л байх. Гэтэл нөгөө талд нь Гүрбазар сөрөг жагсаал хийж байна гэж хүмүүс ойлгох байх л даа. Ер нь номын баяр их гоё. Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу”г арав дахиа хэвлэсэн байна. Хүмүүс намайг эмчилгээндээ таван цаас олох гээд сууж байна гэж харахгүй байна. Тэрэнд л баярлаж байна. Наадамд барилдах нь гоё байдаг шиг номын баярт ганц шүлгийн түүврээ бариад ирэх нь өөрөө жаргал юм даа. Би өмнө нь яруу найргийн шилмэл түүвэр, жүжгийн шилмэл түүвэр хоёроороо оролцож байсан. Тухайн үед Төрийн шагнал авчихаад номын баярт оролцохгүй байх нь муухай юм гээд орсон. Энэ жилийн хувьд урам зоригтой, сайхан байна.
-Номын асруудаар явж амжив уу?
-Амжсангүй. Асруудаар тойрмоор байх юм. Бие тааруу учраас хоёр өдөр хоёр хоёр цаг л суулаа. Удаан суухаар ядраад байна. Хүнд номоо орхиод явчихаар хүндлэлгүй байдаг юм. Гэхдээ сайхан, сайхан ном их байх шиг байна.
-Та энэ номоо яагаад “Нулимс унахаа нүднээс асуухгүй” гэж нэрлэсэн юм бэ. Онцгой сонсогдож байна?
-Баярлах, догдлох, сэмрэх гэдэг бол надаас үл шалтгаалдаг гэж боддог. Нулимс унахыг надаас, миний нүднээс асуухгүй. Догдлох, баярлах ч адилхан. Гүрбазар аа, би нэг уйлчихъя гэхгүй шүү дээ. Хүний догдлол бол хэзээ ч ирж мэднэ. Тийм учраас би “Нулимс унахаа нүднээс асуухгүй” гэж номоо нэрлэсэн. Үнэхээр асуудаггүй юм билээ. Өөрийн эрхгүй асгараад ороод ирдэг. Гэхдээ санаанд оромгүй зүйл дээр. Хорт хавдар байна,
ноцтой байна гээд Ж.Чинбүрэн эмч надад хэлэхэд миний нулимс гараагүй. Нулимс бол жижиг юм дээр л гардаг. Манай урлагийнхан тоглолт хийж байгааг хараад нулимс гарсан. Тэр үед Германд шөнө гадаа гараад уйлж байгаа юм чинь. Догдлох гэдэг бол өөрөөс асуухгүй ирдэг зүйл. Бурхан чамайг баярлуулъя гэхгүй шүү дээ. Дурлал ч гэсэн ийм л байдаг. Тийм учраас догдлол гэдэг бол миний өмч биш, ертөнцийн өмч юм.
-Номын цагаан буян гэж ярьдаг. Таныг эдгэрэхэд энэ ном нөлөөлсөн үү?
-Эмч надад “Та Монголын алдартай зохиолч гэсэн. Тасралтгүй ном бич. Хийх юмтай бай” гэж хэлсэн. Ном бичихэд хавдрын маркер 50 хувиар буурсан. Юм бичих, бодох, унших гэдэг бол хүнд аз жаргал бэлэглэдэг. Манайхан их оюунлаг болсон гэдгийг энэ номын баяраас харж болохоор байна. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал хүмүүст нөлөөлж байна. Жагсаал бол ардчилсан орны л явдал. Гадныхан монголчуудыг хараад номын баяраа сайхан хийдэг юм байна л гэж бодно. Ер нь монголчууд бид бол өндөр соёлтой, оюунлаг ард түмэн шүү дээ.
Г.Балгармаа





Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн...
7 цагийн дараа
“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна
Энэ сарын 24-ний Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл маргааш дуусна. Өнөөдрийн байдлаар 17,744...
6 цагийн дараа
МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүл...
6 цагийн дараа
Өнөөдрийн байдлаар гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...
5 цагийн дараа
Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно
Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг энэ сарын 19, 20, 21-нд Сүхбаатарын талбайд з...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд