гадаад
Питер Салливан: Үнэн ялсан

Админ
2025 оны 5 сарын 19

33

Ардчилсан улсуудад төрийн эрх барьж байгаа нь өөрийн улс төрийн өрсөлдөгчийг шүүхээр оруулж, цаазлуулах явдал гардаггүй. Харин эрүүгийн хэрэгтэнд цаазын ял оноодог байсан. Гэтэл цаазын ял авч, амь насаа алдсан хэн нэгэн хожим ямар ч гэм буруугүй байсан нь тогтоогдож, ардчилсан улсын иргэд өөрийн төр засагтайгаа хамт гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн алуурчид болчихдог явдал цөөнгүй гарч байв. Иймээс хүний эрхийн төлөө тэмцэгчид олон жил уйгагүй ухуулан таниулах ажил явуулсны эцэст ардчилсан улсуудад цаазын ял хэрэглэхийг болиулж чадсан. Тэгвэл хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зөв гэдгийг баталсан нэгэн явдал хэдхэн хоногийн өмнө Их Британи улсад өрнөв.
Лондонгийн шүүхээс энэ сарын 13-нд гаргасан шийдвэрийн дагуу 21 настай зөөгч бүсгүйн амийг хөнөөсөн хэргээр 40 шахам жил шоронд хоригдож байсан англи эр суллагдахаар болов. Шүүх ДНК-ийн дээжийг судалсан дүнг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож уг хоригдлыг суллах шийдвэр гаргажээ. Үүнтэй төстэй хэрэг Израиль улсад гарч, Роман Задоров гэх хүн сурагч охин Таир Радагийн амийг хөнөөсөн хэргээр Израилийн шоронд 15 жил хоригдсон бөгөөд олон удаагийн шүүх хурал, давж заалдах шатны шүүх хурлын дараа бас л ДНК-ийн дээжийн судалгааны ачаар 2023 оны гуравдугаар сард цагаатгагдаж, шоронгоос суллагдаж байсан юм. Иймээс сэтгүүлчид энэхүү хохирогчийг “Их Британийн Задоров” гэж нэрлэв. Учир нь өнөөдөр 68 настай болсон Питер Салливан 38 жилийг торны цаана өнгөрүүлжээ. Энэ нь Их Британид гэм зэмгүй хүн шоронд хамгийн удаан хоригдсон тохиолдол болов.
Салливан 21 настай зөөгч Дайан Синдаллыг хөнөөсөн хэргээр 1987 онд бүх насаараа хоригдох ял авчээ. Дайан 1986 оны наймдугаар сарын 1 баасан гаригт Бебингтоны уушийн газарт оройн ээлжээ дуусгаад машинтайгаа гэр лүүгээ харьж явахад замын хагаст түүний машины бензин дуусчээ. Гэрчүүд түүнийг шөнө дунд замын хажуугаар алхаж байхыг харсан байна. Харин 12 цагийн дараа түүний цогцсыг Ливерпүүл хотын ойролцоох Биркенхед гэх жижиг хотын гудамжнаас олсон юм. Нас барахынх нь өмнө охиныг хүчирхийлж, хэрцгийгээр зодсон байжээ. Цагдаа нар чимээгүй, ганцаардмал гэдгээрээ алдаршсан Питер Салливаныг энэ аймшигт хэрэгт сэжиглэв. Түүнд өмгөөлөгч гаргаж өгөөгүй байсан нь сүүлд тогтоогдсон бөгөөд тэрээр аллага үйлдсэнээ хүлээсэн ч сүүлд нь татгалзсан байна. Харин шүүх түүнийг буруутгаж, бүх насаар нь хорих ял оноожээ.
Олон жилийн турш Салливан шүүхийн шийдвэрийг давж заалдахыг оролдсон ч амжилт олсонгүй. Тэрээр 2021 онд эрүүгийн хэргийн шүүх хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй явдлыг шалгадаг бие даасан байгууллага болох Эрүүгийн хэрэг бүртгэлтийн комисст дахин хандсан байна. Тус комисс цагдаагийн ярилцлага, шүүх хуралдаанд нотлох баримт болгон үзүүлсэн хазуулсан мөр, аллагад ашигласан гэж үзэж буй зэвсэг зэргийг судалж, хүн амины хэрэгт нотлох баримт болгосон ДНХ-ийн дээжийг шинэ арга техникээр шинжилж, Салливанд хамааралгүй болохыг тогтоожээ. Эрүүгийн хэрэг бүртгэлтийн комиссийн энэхүү судалгааны дүнг Лондонгийн давж заалдах шатны шүүх шалгаж үзээд Салливанд оноосон ялыг хүчингүй болгожээ. Салливан өмнө нь 2008 онд энэ комисст хандаж байсан ч тухайн үед ДНХ-ийн дээжүүд түүнийх мөн эсэхийг тогтоох технологи төдийлөн хөгжөөгүй байсан юм байна. Иймээс шүүх түүний олон удаагийн давж заалдах гомдлыг 2019 онд нэг мөсөн хэрэгсэхгүй болгосон байжээ. Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч сэтгүүлчдэд хэлэхдээ “Энэ бол түүхэн бас урьд өмнө хэзээ ч болж байгаагүй мөч. Учир нь манай үйлчлүүлэгч Питер Салливан хохирогч болж, Их Британид шүүхээс хамгийн урт хугацаагаар ял эдэлсэн хүн болсон” гэж мэдэгджээ. Харин шүүхийн энэхүү шийдвэрийн дараа 2023 онд уг хэргийг шалгаж байсан Мерсисайдын Цагдаагийн газар “Их Британийн үндэсний мэдээллийн санд байсан ДНХ-ийн дээж Салливантай ямар ч холбоогүй болох нь тогтоогдсон тул бид жинхэнэ алуурчныг олохын тулд чадах бүхнээ хийнэ” гэж мэдэгдэв. Олон жилийн турш гэмгүй гэдгээ батлах гэж оролдон сая нэг юм амжилтад хүрсэн Салливан сэтгүүлчдэд “Үнэн ялсан, надад ямар ч уур уцаар төрөхгүй байна” гэж хэлжээ. Салливаны эгч Ким Смит “Бид Питерийг удаан хугацаанд алдсан… Гэвч эцсийн дүндээ зөвхөн бид л хохироод байгаа юм биш. Синдаллын гэр бүл хэзээ ч эргүүлж авчрах боломжгүйгээр охиноо алдсан… Бид Питерийг эргүүлэн авсан, одоо бид түүний амьдралыг сэргээхийн тулд бүхнийг хийх болно” гэжээ.





Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно
Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг энэ сарын 19, 20, 21-нд Сүхбаатарын талбайд з...
8 цагийн дараа
“Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлт боллоо
Залуу уран бүтээлчдийн “Маруужин” уран бүтээлийн нэгдэл “Шийдсэн хүн” уран сайхны кино өнгөрсөн баасан гариг /2025.05.16/-аас үзэгчд...
8 цагийн дараа
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 5 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг ш...
7 цагийн дараа
Сэцэн ханы ордон музейн нээлт боллоо
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Хэнтий аймагт “Сэцэн ханы ордон музей”-н нээлт боллоо. Тус музей нь Сэцэн хан аймг...
7 цагийн дараа
ЕБС-иуд ирэх сарын 9-16-ны хооронд амарна
Ерөнхий боловсролын сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жил ирэх сард дуусаж, зуны амралт 6-р сарын 9-нөөс эхэлнэ. Бага анги 6 дуга...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд