мэдээ
Ж.Урангуа: Японы Засгийн газар Монголд 1945-1947 онд нас барсан хүмүүсийнхээ талаар тодорхой мэдээлэл авахыг одоог хүртэл хүссээр ирсэн

Админ
2025 оны 5 сарын 24

38

Япон улсын эзэн хаан Монгол Улсад айлчлахын өмнөхөн Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Жамсрангийн Урангуатай ярилцлаа.
-Удахгүй Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, хатан Масакогийн хамтаар манай улсад зочилно. Бичиг захидал дахь хүндэтгэх монгол уламжлалын талаар хэлж өгнө үү, түүхч хүний хувьд?
-За, би уг захидлын хэсгийг тэр чигээр нь сийрүүлье. “Их Рибэн улсын эзэн хааны амгалан жаргалангийн наран тунамал, гурван цагийн бурхан лугаа ялгалгүй зарлигийн эрих баялаг, насан хийгээд бие сэтгэл хэмжээлшгүй, хэтэрхий амгалан төгөлдөр гэгээхэн таны алтан өлмий дор мөргөн сөгдөж өргөв өө.
Рибэн улсын хааны гэгээхэн бие болвоос маш ариун бөгөөд халдаж үл болох их улсын тэргүүн мөн болох, улсын бүх дээд эрихүүдийг биедээ товчилж, Үндсэн хуулийн үзлээр эрхүүдийг хэрэглэдэг Их хаан танаас тусламж гуйн одсугай. Энэрэнгүй өршөөлт эрдэм билиг хүчин эрдэнэ олбороор төгсөн алтан гэгээхнээр эл хэргийн байдал учрыг байцаан толилж, өчүүхэн монголчуудыг огторгуйн наран хол боловч замбуутивийг гэрлээр гийгүүлдэг адил илбэн тэнхрүүлэх ажаамуу” гэсэн байдаг. Үнэхээр, эгшиг сайхан монгол хэлээ нэн хайрлан дээдэлж явах учиртай, бид.
-Таны бүтээл, нийтлэл зэргээс харахад Япон улсын эрдэмтэдтэй нэлээд нягт хамтран ажилладаг нь илт харагддаг. Тиймээс энэ тухайд ярилцъя.
-За, гялайлаа. Гадаадын эрдэмтэдтэй хамтран ажиллахад хэд хэдэн онцлог, сайн тал байдаг. Тухайлбал, гадаадын эрдмийн хамт олонтой хэлхээ холбоо тогтоох, мэдлэг ур чадвар солилцоно, шинжлэх ухааны шинэ бүтээл туурвилтай танилцана, Гадаадын архив болон мэдээллийн санд нэвтэрч, хамтарсан бүтээл туурвил гаргана, мөн хамтарч судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг юм.
Би бээр энэ бүх чиглэлээр Японы эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа. Миний хувьд Япон бол ёстой л нөгөө гуравдагч хөрш билээ. Японы Монгол судлал арвин их уламжлалтай, монголч эрдэмтдийн тоогоороо Ази тивдээ гуравт ордог, судалгаа нь нарийн чамбай байдаг.
-XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн түүхийн судалгаа хийдэг хүний хувьд хэлж өгнө үү. Монголчууд Япон улсын талаар хэр мэдлэг мэдээлэлтэй байсан бэ?
-Япон улсын талаар сайн мэдээлэлтэй байсан Ази тивдээ хөгжлийн хувьд тэргүүлэх орон гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас нэг бус удаа Японтой харилцаа холбоо тогтоохыг оролдож байсан юм. Үүнийг архивын баримтууд гэрчилдэг. Монгол чинь байгалийн хоёрхон хөрштэй, тиймээс эл хязгаарлагдмал байдлыг даван туулж, өндөр хөгжилтэй орнуудтай харилцаа холбоо тогтоон тэдгээр орноор өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хүлээн зөвшөөрүүлж, найрамдалт харилцаа тогтоохыг оролдсоор байсан. Жишээ нь, Япон улс руу нэг бус удаа хандаж түүнээс туслалцаа дэмжлэг хүсч байсан байдаг. Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1913 онд Хаант Орос улсад айлчлах үедээ Японы сэтгүүлч Фусе-тэй уулзаж, ярилцсан байдаг. Мөн Японы эзэн хаанд Монголын талаас илгээсэн хоёр удаагийн захидал бий. Би тэдгээрийн талаар номдоо бичсэн. Манай Дотоод яамны сайд, да лам Цэрэнчимэд 1912 онд Өмнөд Монголын Бинт вангийн хамт Японыг зорьсон юм. Гэвч эл аялал бүтээгүй. Дараа нь Ардын засаг тогтсоны дараа 1922 онд Монголын хэсэг ноёд Японы эзэн хаанд мөн захидал илгээсэн байдаг. Тэрхүү захидлууд өдгөө Япон улсын Гадаад яамны архивт хадгалагдаж байгаа.
-Та дурдсан хоёр захидлынхаа талаар арай тодорхой хэлж өгнө үү?
-Гадаад харилцаагаа өөрөө мэдэн явуулж байх гэсэн монголчуудын оролдлого нь Хаант Оросын зүгээс байнга няцаалттай тулгарч байсан юм. Тэд Цэрэнчимэдийг Япон одоход нь саад хийж, мөн 1914 оны эхээр Богд хаан Японы эзэн хаанд захидал явуулахад түүнийг нь задлуулахгүй буцаахын тулд оросууд бүхнийг хийсэн байдаг. Хоёр дахь захидал бол 1922 онд Ачит номун Донхор Манзушир хутагт батлан гарын үсэг зурсан. Японы эзэн хаанд илгээсэн “Өргөх бичиг” болон дагалдсан баримт буй. Тус баримтууд нь 1920-иод оны үед Монголын нийгмийн нэгээхэн хэсгийнхний (тайж, лам, хэргэм зэрэгтэн, түшмэдүүд) үзэл санаа бодол, итгэл үнэмшлийг илтгэх толь болж, мөн тэр үеийн эрх баригч нарын бодлого болон Коминтерны зүгээс Дорно Дахины ард түмэнд хувьсгалт үзэл санааг тулган хүлээлгэх талаар ямар ажиллагаа хийсэн зэргийг ямар нэгэн будаг шунхгүй танин мэдэх боломжийг олгодог. Энэхүү баримтууд “Ар Монголын амьд Буддагийн элч нарын ирүүлсэн бичиг” гэсэн гарчигтайгаар хадгалагдаж байгааг үзэхэд надад сайхан санагдсан. Уг захидал “Өргөн дэвшүүлэх нугалбар” гэсэн нэртэй байсан юм.
-Японы тал захидалд ямар хариу өгсөн бэ?
-Уг захидлыг илгээсэн хүмүүс Ардын засаг улаан оросуудын үгэнд орж бурхан шашныг нь доромжилж байгааг эсэргүүцэж, Монголыг Монголоор нь байлгахын тулд Япон улсын ивээл дор орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэвч Японы Гадаад хэргийн яам эл захидлыг Японы эзэн хаанд дамжуулах боломжгүй, учир нь Монгол Улс бие даасан тусгаар улс биш, Хятадын эзэн эрхийн дор орших учир Монголын асуудлыг авч үзэх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Гэхдээ Японы Гадаад хэргийн яамны ажилтан: “Японы зүгээс Монгол Улсын одоогийн зорилт бол өөрөө хүчирхэг болж, хөгжлөө түргэтгэх явдал шүү хэмээн зөвлөхийн ялдамд ирээдүйд бас ч Монголд боловсрол болон үйлдвэрлэлийн хөгжлийн тухай цаашид тохиромжтой цаг үед Япон улс боломжийн тусламж үзүүлж болохоор болж магадгүй гэсэн ч одоохондоо юу ч амлаж чадахгүй” гэсэн хариу өгсөн байдаг. Маш зөв зөвлөгөө өгсөн ба ирээдүйд тусалж болох юм гэсэн санаа байгаа нь сайхан аж. Зөнч!
Өдгөө Япон улс нь Монгол Улсад үзүүлсэн тусламжийнхаа хэмжээгээрээ бусдыг хошуучилж хамгийн том хандивлагч орон нь болсны зэрэгцээ Монголын ардчилал, зах зээлийн эдийн засаг руу шилжих үйл явцыг тууштай дэмжсээр ирсэн билээ. Японы эзэн хаан, хатан хоёр манай улсад айлчлах гэж байгаад туйлын баяртай байгаа.
-Та Японы эрдэмтэдтэй хэдийнээс, хэрхэн хамтран ажиллах болсон бэ. Та анх хэдэн онд тус улсад очсоноо тодотгохгүй юу?
-Анх 2001 онд Японы Азийн бүтээмжийн төвд нэгэн сургалтад зургаан хоног суухаар очсон. Тус орны талаарх анхны сэтгэгдэл одоо ч тодхон байдаг. Сүүлийн 10 жилд хамтын ажиллагаа өргөжсөн. Би 2014 онд Япон сангийн тэтгэлэг авч, Токиогийн Гадаад судлалын Их Сургууль дээр очиж, хоёр сар зочин судлаачаар ажилласан. Тэр хугацаанд судалгааны хоёр өгүүлэл бичиж АНУ болон ОХУ-д хэвлүүлсэн. Тэгэхэд тус сургуулийн профессор Футаки Хироши багшаас их зүйл сурч авсан даа. Одоо ч бид хамтран ажилласаар байгаа. Дараа нь 2018 онд Японы ахисан түвшний судалгааны JSPS сангийн тэтгэлэг авч Шова эмэгтэйчүүдийн Их Сургууль дээр зочин профессороор хоёр сар ажиллаж “Дайны золиос болсон хүмүүс: 1945-1947 онд Монголд ажиллаж байсан япончууд” номоо бичиж дуусгасан. Тус номыг шавь, доктор Б.Эрдэнэбилэгийн хамт туурвисан юм. Шова эмэгтэйчүүдийн Их Сургуулийн профессор Хүсэл сан редакторласан. Би Монгол Улсад зохион байгуулагдсан Япон-Монголын хамтарсан эрдэм шинжилгээний хурал болон Японд зохион байгуулагдсан олон хуралд илтгэл тавьж оролцсон. Япон, Монголын эрдэмтдийн хамтарсан гурван төсөлд Монгол талын удирдагчаар оролцсон. Одоо бид Монгол дахь торгоны замын үлдэц суурин газруудыг судлах төсөл хэрэгжүүлж байгаа, энэ сэдвээрээ 9 дүгээр сард эрдэм шинжилгээний хурлыг МУИС дээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Ер нь Японы Засгийн газар шинжлэх ухааны хөгжлийг маш сайн дэмжиж, хангалттай санхүүжилт олгодог. Ингэхдээ чөлөөтэй өрсөлдүүлж, тэгээд гарсан үр дүнд суурилсан оновчтой санхүүжүүлэлт хийдэг юм билээ.
-Дэлхийн II дайны гал зогсоох үед Манжуураас олзлогдсон япон цэргүүдийг Монголд авчирч ажиллуулж байсан талаар тодруулахгүй юу?
-Манай улсад 1920-иод оны сүүлч үеэс империализмын аюул, хувьсгалын эсэргүү, Нармай Монгол үзэлтэн, Японы тагнуул, гадны тагнуулын байгууллагад элссэн гэх мэт хэрэг тулган олон эх орончдын амийг бүрэлгэсэн гунигт үйл явдлууд гарч байсан билээ. Эдгээрийн олонх нь зохиомол хэрэг байсан. Дорно зүгт хүчирхэгжин буй Японыг дайсагнан үзэх үзэл тус улсын милитарист бодлоготой холбоотой байсныг бас үгүйсгэх боломжгүй мэт. Гэхдээ Японы ард түмэнтэй дайсагналцах нь утгагүй зүйл. Гэвч нийгмийн сэтгэл зүйг удирдаж байсан хүмүүс, хүчин байсан ба тэд “Японы аюул” гэх зүйлийг дэвэргэж, түүний улмаас монгол хүн япончуудыг заналт дайсан мэтээр ойлгож байсан үе бас бий. Дайны дараа хоёр орны харилцаанд дулаарал ирэхэд нөлөөлсөн зүйл бол олзны хүмүүсийн асуудал байсан. Дайны гал зогсчхоод байхад Зөвлөлтийн тал Манжуураас 609.448 япон цэргүүдийг (армийн ар талд ажиллаж байсан энгийн хүмүүс ч баривчлагдсан) олзлон авч түүнээс 12.318 япон хүнийг Монголд авчирч, хоёр жил (1945.11.20-ноос 1947.10.26-ныг хүртэл) албадан хөдөлмөр эрхлүүлж байсан. Энэ хугацаанд 1613 хүн нас барсан нь маш харамсалтай. Олзлогдсон хүмүүс нутаг буцсаны дараагаас, тухайлбал 1954 оноос Японы тал Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар БНМАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгт хандан тус улсад ажиллаж байгаад нутаг буцсан болон нас барсан хүмүүсийн талаар мэдээлэл тодруулга авахыг хүсч холбогдож эхэлсэн байдаг. Энэ бүхний талаар би дээрх номондоо дурдсан. Японы Засгийн газар япон хүн нэг бүрийн төлөө санаа тавьж, ялангуяа нас барсан хүмүүсийнхээ талаар тодорхой мэдээлэл хүсч байсаар ирсэн ба өнөөдөр ч тэр ажиллагаа явагдаж байгаа. Ар гэрийнхэнд нь тодорхой мэдээлэл өгөх гэж тэгдэг юм байна гэж би ойлгосон. Төр, засаг нь иргэн бүрийнхээ хойноос ингэж их санаа тавьдаг улс орон хэр олон байдаг бол? Япон улс л ийм юм болов уу хэмээн өөрийн эрхгүй бодогддог.
-Японы эрдэмтэд дэлхийн Монгол судлалд ямар хувь нэмэр оруулсан гэж үздэг вэ?
-Япон улс Монгол судлаач эрдэмтдийн тоогоороо Ази тивдээ гуравт буюу Монгол Улс болон БНХАУ-ын дараа ордог. 1908 онд Токиогийн Гадаад хэлний Их Сургуульд нэг жилийн түргэвчилсэн хөтөлбөрөөр монгол хэлийг үзэх болж, улмаар 1911 онд тус сургууль монгол хэлний тэнхимтэй болсноор монгол хэлтэй судлаачдыг системтэйгээр бэлтгэн гаргаж эхэлсэн байдаг. Энэхүү гадаад хэлний сургуулийн монгол хэлний ангид Цэргийн яамнаас томилогдсон офицерууд ирж суудаг байсан нь тус улсын гадаад бодлоготой холбоотой мэт. Тиймээс ч улс төрийн бодлоготой холбогдон цэрэг, стратегийн чиглэл давамгайлж байсан. Харин ХХ зууны II хагасаас Японы Монгол судлал цэвэр эрдэм шинжилгээний сонирхлын үүднээс хөгжих болсон. 1960-аад оноос судлаачдын санал санаачилгаар судалгааны хүрээлэн, нийгэмлэг холбоо байгуулж, Монголын түүх, хэл соёлын судлалыг дэмжих болсон байдаг.
1970 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо олон улсын монголч эрдэмтдийн II Их хурал болж, Ш.Ивамүра, Н.Эгами, Ш.Хаттори, М.Мүраками, Ш.Озава нар оролцсон. Түүнээс хойш Японы судлаачид тус хуралд байнга оролцох болсон юм. 1971 оны нэгдүгээр сард “Японы Монгол судлалын нийгэмлэг”-ийг байгуулж, улмаар мөн оны 6 дугаар сард “Японы Монгол судлалын нийгэмлэгийн мэдээ”ний анхны дугаар хэвлэгдэн гарсан. 1972 онд Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтож, 1975 оноос багш, оюутан солилцож эхэлсэн явдал Японы Монгол судлалд түлхэц өгсөн. Мөн онд анх удаа япончууд Монголд хээрийн судалгаа хийж, түүнд түүхч Ш.Ивамүра, Хагивара Жүнтэй, хэл шинжлэлээр Озава Шигэо, хөдөө аж ахуйгаар Нагахиро Кинзо, Накаэ Тошитака нар оролцжээ. Гурван жил үргэлжилсэн судалгааны гол цөм нь Окаяма их сургуулийн Тариалангийн салбарын багш нарын тариалан, мал эдийн засгийн судалгаа байв.
Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого явуулах болсон ХХ зууны 90-ээд оноос хоёр орны харилцаа бүхий л салбарт хөгжиж байна. Хоёр улсын судлаачид чөлөөтэй харилцаж, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Японы судлаачдын хувьд ганц Монгол Улс төдийгүй БНХАУ-ын Өмнөд Монгол, Шинжаан, Хөх нуурын монголчууд болоод ОХУын Буриад, Халимагийн зэрэг олон газрын монголчуудын түүх, соёлыг судалж байгаа.
-Таны хобби юу бэ?
-Би түүхэн роман, яруу найраг унших дуртай. Бүүр онцлоход, Японы уламжлалт яруу найргийн нэг төрөл болох Японы хайкү нь цөөн үгээр ихийг илэрхийлэх зарчим, байгалийн гоо сайхныг зураглаж, түүнийг уран сэтгэлгээтэйгээ холбодог нь их таалагддаг.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
С.Отгонсүрэн





Мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ
Санхүүгийн зохицуулах хорооноос НЦУГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад шал...
7 цагийн дараа
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы (2025.05.23)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол У...
6 цагийн дараа
Өнөөдөр Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх барилдана
Өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ний 13:00 цагаас эхлэх Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөө...
5 цагийн дараа
Өнөөдөр томоохон зах худалдааны төвүүд амарна
Өнөөдөр “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт болж байгаатай холбогдуулан дараах 20 зах, худалдааны төв ажиллахгүй...
4 цагийн дараа
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох 40 байршил
Тавдугаар сарын 2025 оны 05 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарийг танилцуулж б...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд