Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Сэтгэл зүйч Ж.Үйлст: Залилангийн хохирогч болсон хүний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь алдарсан итгэлүүдээ сэргээх явдал

trend

Админ

img

2025 оны 5 сарын 24

img

14

news-img

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 18.605 гэмт хэрэг гарсан байна. Үүний 31 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна гэсэн статистик бий. Залилах гэмт хэргийн хохирогчийн сэтгэл зүйн талаар сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.


-Цахим сүлжээ хурдацтай хөгжиж буйтай холбогдуулан залилах гэмт хэргийн шинж байдал нь өөрчлөгдөж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор иргэдийн итгэл дээр дөрөөлөн залилах нь ихэсчээ. Залилангийн хохирогчид дан ганц эд хөрөнгөөрөө бус сэтгэл санаагаараа ч хохирч байдаг. Хүмүүс залилагчид амархан итгэж байгаад юу нөлөөлж байна вэ?

-Залилах гэмт хэргийг үйлдсэний дараа нэг нь хохирогч, нөгөө нь гэмт хэрэгтэн болж хувираад байгаа болохоос залилан хийхээс өмнө тэдний байр суурь тэнцвэртэй байдаг. Ер нь залилах гэмт хэргийн тухайд нэг хүн олон хүнийг хохироосон байх нь элбэг. Залилагч хохирогчид амар хялбар байдлаар мөнгөө өсгөх, мөнгө олох, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг тодорхой хэмжээний ашигтай нөхцөлийг санал болгосон учраас түүнд итгэсэн хэрэг.

Залилагчийн санал болгосон нөхцөл боломжтой эсэхийг тооцоолж үздэггүй нь иргэдийн залиланд өртөх шалтгаан болдог. Хэн нэгэн танд таатай болзол санал болгож л байгаа бол “Энэ үнэхээр боломжтой юу” гэдгийг өөрийнхөө хэмжээнд шалгаж, тухайн саналыг эргэцүүлэн бодох хэрэгтэй.

Залилах гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүс онилсон хүнээ сэтгэл зүйн хувьд өөрөөсөө хамааралтай болгож, вакум орчинд оруулчихдаг. Залилагчид эхлээд таныг дэмжинэ, ойлгоно, бүх асуудлыг тань сонсож, дараа нь таны давуу, сул талыг мэдэж авч, итгэлийг тань олж болох бүхий л тактикыг боловсруулдаг. Итгэлийг нь олж авснаар тухайн хүний хэрэгцээнд тулгуурлах буюу шуналын сэдлийг нь өдөөдөг. Тэгэхээр хохирогч нөхцөл байдлыг бодитоор хараагүй, үнэлээгүй учраас залилуулаад байгаа юм.

-Нийгэм, цаг үеэ дагаад залилагчдын бусдыг залилах арга хэлбэр өдөр өдрөөр улам нарийсч байна. Бусдыг хуурч мэхлэх, бусдын эд хөрөнгийг завших санаа бодол, төлөвлөгөө ямар хүнээс гарах вэ. Үүнийг та сэтгэл зүйн үүднээс тайлбарлавал?

-Нэгдүгээрт, залилах гэмт хэрэг хийдэг хүмүүст бусдыг хууран мэхэлж, улмаар залилах тэрхүү процесс нь ялалтын мэдрэмж өгдөг. Хоёрдугаарт, энэ нь хүний гачигдлын сэтгэлгээтэй холбоотой. Гачигдлын сэтгэлгээ гэдэг ёроолгүй сав шиг. Мөнгө орж, гарч байдаг боловч хэзээ ч тэдний сэтгэлийг дүүргэдэггүй. Өөртөө давуу байдал бий болгож бусдыг хохироосноосоо ялалтыг мэдэрч байна гэдэг нь бага насандаа яг тийм мэдрэмжийг маш хүчтэй мэдэрч байсны илрэл. Тухайлбал, залилагч бага насандаа үл хайхрагдах, гадуурхагдах, ялагдах зэрэг мэдрэмжийг авч байсан байх боломжтой. Тийм болохоор сэтгэлийнхээ дутуу орон зай, хоосон мэдрэмжүүдийг дүүргэхийн тулд бусдыг залилах үйлдлийг хийдэг болсон байх магадлалтай. Товчхондоо тэдний сэтгэл зүйн гэмтэл, шарх эдгээгүй нь сэтгэлийг нь цоорхой сав шиг болгож байгаа хэрэг юм. Хийж байгаа зүйлс нь хэзээ ч сэтгэл ханамж өгдөггүй, хоосон орон зай нь дүүрдэггүй. Үүний шалтгаан нь хоосон орон зайгаа дүүргэж буй шийдэл нь оновчгүй байгаад бий. Энэ гэмт хэргийг хийж буй хүмүүс асар их орхигдсон, үл хайхрагдсан, ганцаардсан мэдрэмжийг мэдэрчихсэн хүмүүс байдаг учраас хүмүүст ямар хэмжээний сэтгэл зүйн хохирол учрах вэ гэдгийг маш сайн мэддэг боловч реакци буюу хариу үйлдэл үзүүлдэггүй. Товчхондоо мэдэж байгаа хэрнээ мэдрэхгүй байгаа юм. Тэднийг өөрийнх нь л өвдөлт удирддаг учраас бусдыг хууран мэхэлж, залилж байгаа юм.

-Залилангийн хохирогчид өөрийгөө буруутгах хандлагатай байдаг байх. Өөрийгөө мянга буруутгалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Ер нь залилангийн хохирогч болсон хүний бусдад итгэх итгэл хэрхэн өөрчлөгдөх бол?

-Нэгдүгээрт, тухайн үйлдлийг хийснээр амьдрал нь сайжирна гэдэгт, хоёрдугаарт, залилагч өөрийнх нь амьдралыг сайжруулж чадна гэдэгт ч итгэсэн. Үүнээс гадна ирээдүйд амьдрал нь өөрчлөгдөнө гэсэн ирээдүйтэй холбоотой итгэл байдаг. Энэ гурван итгэл нь залилуулсан гэдгээ мэдэх үеэс эхлэн нурж унадаг. Ингээд хохирогч айдас, санаа зовнилтой болж, өөрийгөө буруутгаж, хийсэн үйлдэлдээ гэмшиж, нэг ёсондоо сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй болдог. Тийм байдалтай байхад нь эргэн тойрных нь хүмүүс ч тэр хүнийг буруутгаж эхэлдэг. Хайртай дотны хүмүүс нь өөрийг нь буруутгахаар хохирогч тэдэнд “Намайг ойлгосонгүй” гэж гомдоллоно. Нэг үгээр хэлбэл, залилангийн хохирогч авахыг хүсээгүй бүх мэдрэмжээ нэгэн зэрэг авч, уналтад ордог гэсэн үг. Тэдний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь алдарсан итгэлүүдээ сэргээх явдал байдаг. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Хэдий энэ бүхэн аль хэдийнэ болоод өнгөрсөн ч өөртөө ирээдүй бий гэдгийг бодолцож ирээдүйд итгэх итгэлээ сэргээх хэрэгтэй. “Би эд баялаг, хөрөнгө мөнгөө алдчихлаа” гэж шаналж суухынхаа оронд сурах ёстой сургамжаа аваад ирээдүйн зорилго, мөрөөдөл рүүгээ тэмүүлэх хэрэгтэй. Залилагч хохирогчийн итгэлийг бүрэн олж аваад түүний хамгийн сайн найз болчихсон байхыг ч үгүйсгэхгүй. Эсвэл үерхдэг хүн, хамтрагч нь болсон байх магадлалтай. Залилуулсны дараа тэрхүү дотно харилцаанаас авах сэтгэл зүйн холбоо салж байдаг учраас бусдад итгэх итгэлээ эргэн сэргээнэ гэдэг хамгийн хэцүү зүйл. Тиймээс энэ тал дээр өөртэйгөө сайн ажиллах хэрэгтэй. Залилангийн хохирогчид “Би буруу зүйл хийгээд өөрийнхөө ирээдүйг баллаад эргэн тойрныхоо хүмүүст хүртэл төвөг учруулчихлаа” гэдэг бодлоос үүдэн өөртөө итгэлгүй болж эхэлдэг. Тэгэхээр өөртөө итгэлгүй байдлаа сэргээхийн тулд ирээдүйгээ маш сайн зураглах хэрэгтэй. Мөн өөрийн гаргасан алдаагаа уучлах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Залилангийн хохирогчид дотны хүмүүс маань өөрийг нь ойлгоосой гэж хүсдэг ч эргэн тойрныхон нь тийм хэмжээний сэтгэлийн шарх аваагүй, тэр үйл явдлыг дайрч өнгөрөөгүй, туулаагүй учраас ойлгох гэж хичээнэ үү гэхээс өөр шиг нь мэдэрч чадахгүй. Тиймээс тэр хүлээлтээ орхиод өөрийгөө уучилж, гаргасан алдаагаа залруулах боломжтой гэсэн итгэлийг олж авах нь хохирсон хүний сэтгэл зүйд хамгийн чухал нөлөө үзүүлдэг.

-Найз нөхөд, ахан дүүс, гэр бүлийнхэн нь аливаа төрлийн залилангийн хохирогч болсон нэгнийхээ сэтгэлийг яаж засаж, хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?

-Маш хэцүү. Яагаад гэвэл залилах гэмт хэргийн улмаас алдсан мөнгийг олоход маш олон хүний хөдөлмөр орсон байх боломжтой. Магадгүй алдсан мөнгө, хөрөнгө нь тэдний хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим байж болно. Эсвэл ирээдүйн баталгаа нь байж мэднэ. Энэ тохиолдолд ар гэрийнхэн нь хохирсон хүнтэй яг адилхан мэдрэмж мэдэрч, уналтад орж, итгэл найдвар нь нурж байдаг учраас тэр хүнийг дэмжих чадамж маш сул байдаг. Бараг л боломжгүй. Харин тэд хохирсон хүнтэй адилхан сэтгэл зүйтэй байгаа учраас өөрсдийгөө эдгээх, сэргээхдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Залилуулсан хүнд бүх буруутгалыг өгвөл тэр хүн маш их дарамтыг мэдэрнэ. Тэр ч утгаараа амиа хорлох, тэр байдлаас гарахын тулд эд хөрөнгөө дэнчин тавиад алдах эрсдэлтэй. Тиймээс энэ хүн яагаад ийм шийдвэр гаргаж, энэ нөхцөл байдалд хүрэв гэдгийг хамт ярилцаж, ойлголцож, тэрхүү нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэгт илүү анхаарах юм бол бие биедээ дэмжлэг болж чадна.

-Та сая хохирогч амиа хорлох хүртэл аюултай байдаг гэлээ. Энэ мэт эрсдэлтэй үйлдлүүд хийх нь хүний сэтгэл зүйн ямар шинжтэй холбоотой бэ?

-Залилуулсан хүмүүс маш их итгэл найдвараас ямар ч итгэл найдваргүй болох хүртэл уналтад ордог. Өөрөөр хэлбэл, өндрөөс унаж байна гэсэн үг. Сэтгэл зүйн хувьд өндрөөс унах хэмжээний гэмтэл авдаг. Тэгэхээр бусдаас ирж байгаа буруутгал, шүүмжлэл бүхэн угаас өвдчихсөн байхад нь шарх дээр нь дараад, улам өвтгөөд байгаагаас ялгаагүй. Залилангийн хохирогч өөрт нь төрж байгаа тэр их ганцаардал, цөхрөл, харамсал гэмшил бүгдийг дийлж чадахгүйгээс үүдэлтэй хамгийн эцсийн сонголт нь “Би л байхгүй бол энэ хүмүүсийн санаа амрах юм байна”, эсвэл “Би энэ хүмүүсийг зовлонд унагаачихсан учраас би өөрөө хариуцлагаа үүрэх ёстой” гэсэн төөрөгдөлд орж амиа хорлох сонголтыг хийдэг. Тэр хүн асуудал дотроо орчихсон учраас асуудлаасаа гарч харж чадахгүй байгаа гэсэн үг.

-Залиланд өртсөн хүн тэр үеийг хэрхэн даван туулбал зохих вэ. Хамгийн сайн эмчилгээ юу вэ?

-Хохирогч бусдын буруутгалаас зугтааж яахаа мэдэхгүй маш их цаг хугацаа зарцуулдаг. Үүний оронд ирээдүйн зорилгоо шинээр тодорхойлж, зорилгодоо төвлөрч, гаргасан алдаагаа уучлах, залилангаас авсан сэтгэл зүйн гэмтлээ эдгээхэд цаг зав гаргаснаар тэр үеийг илүү хурдан даван туулах боломжтой. Товчхондоо эхлээд өөрийгөө эдгээж, дараа нь хүмүүст өөрийгөө ойлгуулах, тайлбарлахад цаг хугацаа зарцуулах хэрэгтэй. Асуудлаа л олж хараад, бодоод, зовоод байвал боломж танд төдийлөн харагдахгүй.

Ө.АНХЗАЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

Автозамын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удаж байна. Эрх баригчдын зүгээс түгжрэлийг бууруулах олон арга хэмжээнүүдийг...

img

8 цагийн дараа

Мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос НЦУГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад шал...

img

7 цагийн дараа

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын чуулганы (2025.05.23)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол У...

img

6 цагийн дараа

Өнөөдөр Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх барилдана

Өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ний  13:00 цагаас эхлэх Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөө...

img

5 цагийн дараа

Өнөөдөр томоохон зах худалдааны төвүүд амарна

Өнөөдөр “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт болж байгаатай холбогдуулан дараах 20 зах, худалдааны төв ажиллахгүй...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд