мэдээ
НББХ: Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Админ
2025 оны 5 сарын 20

46

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.05.20)-ийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн дагуу тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Тогтоолын гол заалт буюу Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө, түүний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг батлах тухай нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Ж.Чинбүрэн, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, М.Нарантуяа-Нара, Ж.Баярмаа Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрэнэбат эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, үр дүнг сайжруулах бодлого, төлөвлөгөө, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах, шударга байдал буюу баялгийн өгөөжийг хүртээмжтэй болгож Жини коэффициентын үзүүлэлтийг сайжруулах, том төслүүдийг үндэсний компаниудаар гүйцэтгүүлэх талаар ямар арга хэмжээ авахыг асуув. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн эх үүсвэрийн дутагдлыг арилгах, Эмийн болон Хүнсний лавлагаа, хяналтын лабораториудыг нэгтгэж, үйл ажиллагааны давхардал, хийдлийг арилгах, Нийгмийн эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжилтийг хангахтай холбоотой ажлуудыг төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг нэмэгдүүлэх, дутагдлыг арилгахтай холбоотой бодитой саналыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн эсэх, уг санал хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгагсан эсэх талаар тодруулан асууж хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг үр дүнтэй байх, хэмжигдэхүйц байхаар томъёолох нь зүйтэй гэсэн санал хэлж, хавдрын болон зүрх судасны эмчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, гарцад суурилсан санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг дэмжих, хэмжих, мэдээлж тайлагнах болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш бус байдлыг арилгах зэрэг асуудлыг хөндсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болон нүүрсний үнэ 2026 онд ямар байх, үүнтэй холбоотойгоор улсын төсвийн орлого хэрхэн биелэх, хөгжлийн төлөвлөгөөний төсөлд туссан миний орон сууц, анхны орон сууц зэрэг хөтөлбөрүүдийг орон нутаг руу хэрхэн чиглүүлэх талаар асууж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг тайлагнахдаа зөвхөн улсын төсвийн санхүүжилтийг ярихын зэрэгцээ орон нутгийн төсвөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг хамруулж байх, зээлийн хүүг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхдээ эрсдэл багатай тэтгэврийн болон цалингийн зээлийн хүүг бууруулахаас эхлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан орон сууцны хөтөлбөр, зорилт хэрэгжих боломжгүй гэдгийг ундны усны хангамж, дэд бүтцийн хөгжлийн түвшинтэй холбогдуулан дурдаад, мөн “Малын эзэн-үйлдвэрийн эзэн” гэж нэрлэсэн зорилтот хөтөлбөрийг хөдөө аж ахуйн салбарын бодлого, нөхцөл байдалтай уялдуулах шаардлагатай гэсэн юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн болон нийгмийн сэтгэлзүйн асуудалд бодитой хандаж, шаардлагатай төсөв, санхүүжилтийг тавих ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара монгол хүүхдийн хөгжил, хамгаалалд тулгамдаж байгаа олон асуудал шийдлээ хүлээж байхад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс зусланг хөгжүүлэх бодлгы шийдвэр гаргасан нь оновчтой эсэх, эрт илрүүлэг үзлэгийн үр дүнгийн талаар асууж, холбогдох саяд нар, албан тушаалтнуудаас хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганмаа нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжиж байгаа эсэхийг асуусан юм.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон холбогдох, яам, газрын албаны хүмүүс хариул өгөв. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ерөнхий сайдын ахлан ажиллаж байгаа Үндэсний орон сууцны хорооны холбогдох шийдвэрийг танилцуулж, жилд 500.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттай байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгөөс 500.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, жилд 1.0 их наядын санхүүжилттэй болгосныг мэдээлсэн юм. Манай улсын барилгын салбар жилд дунджаар 20 000 орон сууц барьж байгааг тэрбээр хэлж, цаашид орон сууцны үнийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулахад Үндэсний хороо анхаарлаа хандуулж байгаа гэдгийг онцлов. Мөн тэрбээр, хүүхдийн зуслангийн тогтолцоог сайжруулах, бэхжүүлэх асуудлыг Засгийн газар анхааралдаа авсан талаар мэдээлж, хүүхэд хөгжлийн бодлогын нэг томоохон зорилт болох уг асуудлыг тодорхой хугацаанд, үе шаттай шийдвэрлэнэ гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа тус салбарын нийт санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 4.0 хувьд хүргэх талаар санал, тооцооллоо холбогдох яамдад тавьж байгаа талаар ярьж, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын зардлууд түлхүү туссан тухай мэдээлсэн юм. Төлөвлөгөөнд тусаагүй, хасагдсан саналууд, ялангуяа төсөв, зардлыг нэмэгдүүлэхтэй холбоотой саналуудыг тусгах талаар Байнгын хороо дэмжиж ажиллахыг Эрүүл мэндийн сайд хүсээд, хүнсний болон эмийн лабораториудыг нэгтгэх асуудлаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Харин эрт илрүүлэг үзлэгт нийт иргэдийг хамруулах гэж хавтгайруулснаас тодорхой зорилтот бүлэг рүү чиглүүлэх бодлогыг баримталж байгаагаа тэрбээр дурдаж, мөн эрсдэлтэй долоон байрлалд хавдрыг илрүүлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулав.
Засгийн газраас банкны зээлийн хүүг бууруулах, шударга байдлын жини коэффициентийн үзүүлэлтийг сайжруулах талаар ямар байр суурь баримталж буйг Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)-ны холбогдох албаны хүмүүс тодорхой тайлбарлаж, зээлийн хүүгийн өртөгт хадгаламжийн хүүгийн эх үүсвэрийн зардал түлхүү нөлөөлж буй учир инфляци буурахгүй бол зээлийн хүү буурах боломжгүй байгааг болон орон нутаг руу чиглэсэн ядуурлыг бууруулах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм. Стратегийн ордуудын үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх цогц төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажил энэ онд хийгдэж дуусна гэдгийг мэдээлж, ирэх оноос эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэсэн юм. Засгийн газар нүүрсний үнийг ойрын хоёр жилд эрсдэлтэй байна гэж тооцон, дунджаар 80 ам.доллар байхаар тооцсон байна. Мөн ирэх гурван жилийн инфляцийн дундаж түвшинг 6.0 хувь байхаар төсөөлсөн бөгөөд энэ хэмжээнд инфляцийн түвшин тогтворжиж чадвал зээлийн хүү дунд хугацаанд тогтворжих боломжтой гэсэн хариултыг ЭЗХЯ-наас өгсөн бол төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байх бодлогыг өнгөрөгч 2024 оноос хэрэгжүүлж байгааг ГБХНХ-ын яамнаас мэдээлэв. Түүнчлэн хөдөөгийн ядуурлыг бууруулах бодлогыг бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, нарийвчлан төлөвлөхөөр ажиллаж байгааг болон хүний хөгжлийн асуудалд нийт 1.7 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ төлөвлөснийг яамдын албаны хүмүүс танилцуулсан юм. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан манай улс хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг тодорхой хэмжээнд бүрдүүлж чадсан хэдий ч хөгжлийн асуудлыг нь орхигдуулсан байгааг онцолж, энэ талаар тодорхой төсөл, арга хэмжээг хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгахад дэмжлэг үзүүлэхийг Байнгын хорооны гишүүдээс хүссэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 19 санал тус бүрээр санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, С.Эрдэнэбат нарын гаргасан Нийтийн эрүүл мэндийг дэмжих 2026-2036 оны төлөвлөгөө батлах, багш, ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг тэргүүн ээлжинд сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Бусад зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг дэмжлээ.
Тогтоолын дараагийн заалтууд буюу Засгийн газарт үүрэг, даалгавар өгөх тухай болон хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавих тухай заалтуудаар тус бүрд нь санал хураалт явуулав. Заалтуудыг Байнгын хорооны хуралдаанд оруулсан гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачилж, энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн тавьж, хуулийн төслүүдийн талаарх хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн илтгэлдээ 2000 онд батлагдсан Донорын тухай хуулийн хэрэглээ, цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний түүх, цусны донорын хөдөлгөөн, түүнийг идэвхжүүлэх, донорыг урамшуулах, алдаршуулах бодлого хэрэгжүүлж ирсэн талаар товч танилцуулаад, Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлөв төлөвөөр идэвхтэй буюу 24-өөс 45 насны донорын хүн амын тоонд эзлэх хувь дунджаар хоёр дахин буурахаар байгааг танилцуулсан юм. Энэ цонх үе дунджаар 20 орчим жил үргэлжлэх тул цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасалдуулахгүй байх нь тулгамдсан асуудал болж байгааг тэрбээр онцолж, ажлын хэсгийн судалгаагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн орон нутаг дахь цусны салбар төвийн орон тоо, цалин хөлстэй холбоотой хүндрэл, хүний нөөцийн тогтворгүй байдал, чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн нь тогтоогдсон талаар мэдээлэв.
Цусны донорын тухай хуулийн төслийг найман бүлэг, 35 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд хууль батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цаашид хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэх, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, цусны донорын сургалт, сурталчилгаа, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарах, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага тэдний эрх үүрэг тодорхой болох, донорын нийгмийн халамж, алдаршуулах, урамшуулах явдал сайжирч, тэдний тоо нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна гэдгийг дурдав.
Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хууль зүйн дүгнэлтдээ хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуульд нийцсэн эсэх, хуулийн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн болон харилцан уялдсан эсэх талаар тодорхой дурдсан юм. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Цус сэлбэлт, судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, цусны био бэлдмэлийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгоно гэж заасныг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13-т нэмж, хууль хоорондын нийцлийг хангах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой шаардлага шалгуур зэргийг тусгайлан зохицуулалтын тус тусгайлсан зохицуулалтыг тусгах, төслийн 6.1.7-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлын үзүүлэлтийг гаргах шалгуур үзүүлэлтэд энэ хуулийн 12.1-д заасан үүргээ хэрэгжүүлсэн байдлыг тусган дүгнэх” гэж, 11.2-т “Энэ зүйлийн 11.1-д заасан үйл ажиллагааг Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд оруулан тооцно” гэж тус тус заасныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх нь зүйтэй гэлээ. Мөн цусны чанар, аюулгүй байдлыг хангах, төсвийн донорын үйл ажиллагаатай холбоотой журам зааврыг батлах эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн цахим төв байгууллагад олгосон зохицуулалтад хийдэл үүсэж болзошгүйг сануулж, Цусны төв нь цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын 12 чиг үүргээс наймыг нь давхардуулан гүйцэтгэхээр байгаа, тус байгууллага өөрийн орлогоор Эргэлтийн сан байгуулж, ашиглахаар заасныг Засгийн газрын тусгай сангийн тухай болон Төсвийн тухай хуульай нийцүүлэх шаардлагатай зэрэг дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн Боловсролын ерөнхий хууль, Донорын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай болон Төрийн хяналт, шалгалтын тухай хуультай нийцүүлэх, төслийн хэсэг, заалтуудыг өөр хооронд нь уялдуулах, эх бичвэрийн агуулга, хэл зүй, найруулгыг сайжруулах талаар цөөнгүй асуудал байгааг Улсын Их Хурлын тамгын газрын хууль зүйн дүгнэлтэд дурдсан байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон хууль зүйн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат цусны донорыг дэмжих талаар татварын хөнгөлөлт, урамшуулал болон орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагад дэмжлэг үзүүлэх, мөн доноруудыг эдгээр бодлогоор дэмжих асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Цусны төвийг шинээр байгуулах, эсэх, үүнд эдийн засгийн болон төсөв зардлын ямар үр дагавар байгааг асууж хариулт авсан юм. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн тус төв одоо ажиллаж байгаа, шинэ бүтэц биш учир төсөв, зардал нэмж шаардахгүй гэсэн хариулт өгөв. Мөн ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр улсын хэмжээнд цусны 27 төв ажиллаж байгааг танилцуулж, эдгээр төвүүд эмнэлэгт түшиглэдэг бөгөөд цаашид цусны чанар аюулгүй байдлыг хангахын тулд олон улсын жишгийн дагуу нэгдсэн тогтолцоонд шилжих шаардлагатай гэлээ. Түүнчлэн цус сэлбэлт, судлалын салбар цаашид зардал, санхүүжилтийн одоогийн зохицуулалтаараа, улсын төсвийн санхүүжилт болон орлогоо нэмэгдүүлээд ажиллах боломжтой талаар Сангийн яамнаас тайлбар өгөв.
Цусны донорын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсан тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Үүний дараа мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачилж, өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Өмнө хэлэлцсэн асуудлын нэгэн адил хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур танилцуулав. 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслийг Улсын клиникийн төв эмнэлэгт амжилттай хийснээр манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээ нэвтэрч, улам өргөжин тэлж, эмчилгээний арга, хэлбэр, тоо, чанар зэрэг нь хөгжлийн шинэ шатад гарч буйг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн онцлоод, эд эс үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж байгааг тэмдэглэлээ. Хууль батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин бүрдэж, эмчилгээний аргууд улам нэмэгдэж, хөгжин дэвших шинэ боломж нээгдэхийн зэрэгцээ иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадаад улс орон руу эмчилгээнд явах зардал чирэгдэл мэдэгдэхүйц багасах, энэ үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо бүрдэж, шинэ шатанд гарах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо бий болох, Үндэсний төв байгуулагдах амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаарх бодлого, зохицуулалт төгөлдөржин, нэгдсэн сүлжээ, тогтолцоо бүрдэн хөгжиж, эмчилгээний төрөл, чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн хууль зүйн дүгнэлтэд мөнхүү Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон холбогдох бусад хуульд нийцүүлэх, төслийн хэсэг, зүйл, заалтыг өөр хооронд уялдуулж, зөрчлийг арилгах шаардлага байгааг нэг бүрчлэн дурдсан байна. Төслийн нийт 26 зүйл, заалтад бусад хуультай нийцүүлэх, өөр хоорондын уялдааг хангах, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан агуулга, үг хэллэг, найруулгын шаардлагад нийцүүлэх шаардлага байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур дурдаж, хамт өргөн мэдүүсэн хуулийн төслүүдийн зургаан заалтад сайжруулалт хийх нь зүйтэй гэж дүгнэснийг танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, М.Сарнай, Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль хоорондын зөрчлийг арилгах, нийцлийг хангах үүднээс төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат эмнэлгийн ажилтнуудын санамсаргүй болон санаандгүй алдаанд ял, шийтгэл оногдуулахгүй гэсэн олон улсын зармыг хуулийн төсөлд тусгах, мөн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд тавигдах хөндлөнгийн хяналтын тогтолцоо чухал болохыг онцолж, донор, түүний гэр бүл, мөн шилжүүлэн суулга ажиллагааг гүйцэтгэж байгаа баг, эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлээс хамгаалах зохицуулалт хуулийн төсөлд бүрэн тусгагдсан байх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр эд, эрхтэн авч чадахгүйгээр амь эрсдэж байгаа хүмүүс болон үүнд эрх зүйн ямар зохицуулалт илүүтэй нөлөөлж, эд, эрхтэн авах боломжийг хааж байгааг асууж, хариулт авсан юм.
Хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн түүний асуултад өгсөн хариултдаа эрхтэн шилжүүлэн суулгах чадамжтай эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас томоохон дэмжлэг үзүүлж, холбогдох зардлыг даадаг болсонтой холботойгоор энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээний хөгжил ихээхэн урагшилж байгааг дурдаад, нийгэмд буруу ойлголт бий болсноос болж сүүлийн нэг жилийн хугацаанд амьгүй донорын ар гэртэй ямар нэгэн хэлэлцээ хийж, эрхтэн авч чадахгүй байдалтай байгааг өгүүлэв. Энэ нь эрх зүйн зохицуулалтыг нэн даруй бий болгох шаардлагыг үүсгэж байна гэлээ. Хуулийн төсөлд Мэргэжлийн ёс зүйн хороо ажиллахаар заасан бөгөөд энэ нь тус салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд томоохон хамгаалалт болохын зэрэгцээ гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх ач холбогдолтой тэрбээр онцоллоо. Хууль гарахыг хүлээж байгаа 1044 гаруй иргэд байгааг ажлын хэсгийн мэргэжилтнүүд тодотгож, олон хүний амь насыг аврах боломж бүрдэнэ гэдгийг тухайн тэмдэглэж байлаа. Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн зөвхөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт л гэхэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр хүлээж байгаа 430 хүн байгааг мэдээлээд, тархины үхэлтэй донор хүлээж, авч чадалгүй нас барсан хүний тоо одоогийн байдлаар 31 байна гэсэн юм. Мөн сүүлийн нэг жилд тархины үхэлтэй донор нэг ч гараагүйг тэрбээр дурдаж, ялангуяа элгийг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ байхгүй гэдгийг тайлбарлаж, нас баралт нэмэгдэх хандлагатай болсон нь тулгамдсан асуудал болж байгааг танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нийгэмд багагүй талцал хуваагдал, бас нэлээд асуудал үүсгэсэн энэ хуулийн төсөлд анхааралтай, хянамгай хандаж, хүний эрхийг хангах талаас нь болзошгүй эрсдэлүүдийг сайтар харж шийдвэрлэх шаардлагатайг хэлж, хүүхдээс ясны хэм, хүйн цус, захын цус авах, зэрэг томьёоллыг нарийвчлан тайлбарлах, Донорын тухай хуульд заасны дагуу эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр ясны хэм, чөмөг авхуулж байгаа 14-өөс доош насны хүүхдүүд хэр олон байгаа, хүүхдээс авч болохгүй эрхтэн, эд, эс, тийм тохиолдол хуулийн төсөлд тусгагдсан эсэхийг асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн мэргэжлийн үг хэллэгийн талаар тодорхой тайлбарлаж, хүйн цус, захын цуснаас бусдыг хүүхдээс авч болохгүй гэж зохицуулж буй гэдгийг онцолж, хүүхдийн эрхийг зөрчих зүйл, заалт хуулийн төсөлд байхгүй гэж хариулсан юм. Мөн хуулийн төсөлд амьгүй донор насны хязгаарыг байхгүй болгосон гэдгийг тодотгов. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Сарнай хохирогч, хохироогчтой доноруудын талаар, уг асуудлыг хариуцсан шинэ бүтэц байгуулах эсэх талаар асуухад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэн, хэнээс эрхтэн авах вэ гэдгийг урьдчилж мэдэх боломжгүй, аль эмнэлэгт хэзээ, ямар эрхтэн авах тухай мэдээлэл нууц, далд байдаг тогтолцоотой тул хүний амь хохироох замаар амьгүй донор бий болгох боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Энэ нууцлалыг дээд зэргээр хамгаалж, хүний наймаанаас сэргийлэх, Станбулын декларацыг хэрэгжүүлэх нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулдаг албаны үндсэн чиг үүрэг болохыг тэрбээр онцоллоо.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан хуулийн төсөлтэй холбогдуулан Сангийн болон Эрүүл мэндийн яамдаас ямар санал өгснийг асуув. Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ хуулийн төслийн төсвийн нөлөөлөл бүхий зохицуулалт нь агентлаг байх тухай заалт болохыг дурдаж, 35 орон тоотой агентлагийн үйл ажиллагааны жилийн зардал нь 1,9 тэрбум байхаар дагалдах тооцоолол ирүүлснийг бид дэмжих боломжгүй гэсэн санал өгсөн гэсэн бол Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Одгэрэл хуулийн төсөлд санал өгөөгүй гэсэн хариулт өгөв.
Асуулт, хариултын дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Х.Болормаа, Д.Үүрийнтуяа нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хүүхдийн эрх, эрүүл мэнд, амь насанд эрхсдэл учруулж болзошгүй зүйл, заалт орох тохиолдолд дэмжих боломжгүй гэдгийг анхааруулж, хүүхдийн эрхтэн, эд, эсийг ашиглахыг хориглох зохицуулалтыг тов тодорхой тусгах шаардлагатайг зөвлөсөн юм.
Ингээд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. Хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.





НББХ: Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.05.20)-ийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө б...
24 минутын өмнө
ЦЕГ: Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилжээ
Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг Цагдаагийн б...
1 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Ид...
2 цагийн өмнө
АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжил...
2 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл ...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд