мэдээ
П.Бат-Эрдэнэ: Хүүхдэд ээлтэй төсөвлөлт хүүхдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс

Админ
2025 оны 6 сарын 03

51

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Сүүлийн үед хүүхдэд зориулсан бодлогыг санхүү, төсвийн бодлоготой уяж байж үр дүнд хүрэх тухай яригдах болсон. Ер нь хүүхдэд ээлтэй төсөвлөлт гэж юу хэлж байгаа, манайд асуудал ямар түвшинд байгаа талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хүүхдэд ээлтэй төсөвлөлт гэдэг бидний хувьд харьцангуй шинэ ойлголт юм. Хүүхдэд ээлтэй төсөвлөлт гэж чухам юуг хэлээд байна вэ?
-“Хүүхдэд ээлтэй төсөвлөлт” гэдэг нь төсвийн төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэл, тайлагналын бүхий л үе шатанд хүүхдийн хэрэгцээ, хөгжил, сайн сайхныг нэн тэргүүнд харгалзаж үздэг хандлага юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн амьдрах, суралцах, хамгаалуулах эрх хангагдсан, тэгш хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийн бодлого, хөрөнгө оруулалт юм. Хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалт нь эргээд нийгэм, эдийн засгийн өндөр өгөөж бий болоход хүчтэй нөлөөлдөг гэж үздэг.
-Хөгжингүй орнуудад хүүхдэд чиглэсэн төсөвлөлт хэрхэн хэрэгждэг юм бол?
-Хөгжингүй орнуудад хүүхдэд чиглэсэн төсөвлөлтийн зарчмууд нь төсвийн болон нийгмийн бодлоготойгоо уялдсан байдаг. Мөн л манайх шиг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд төсвийнхөө дийлэнх хувийг зарцуулдаг. Тухайлбал, Швед улс бодлого, төсөв төлөвлөлтийн шатанд хүүхдэд нөлөөлөх үнэлгээ (child impact assessment) ашиглаж хүүхдийн эрхийг төсвийн процесстоо нэгтгэн хэрэгжүүлдэг.
Энэ нь төсвийн шийдвэрүүд хүүхдийн сайн сайхан байдал, эрхэд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх боломж олгодог. Герман улсын хувьд инфляци болон хүн ам зүйн хэрэгцээнд үндэслэн хүүхэд, гэр бүлд чиглэсэн тэтгэмжийн тохируулга хийхийг зорьдог. Харин Франц улсын хувьд “хөтөлбөрт суурилсан төсөвлөлт” ашигладаг бөгөөд үүнд хүүхэдтэй холбоотой тодорхой зорилго, үр дүн, шалгуур үзүүлэлтийг төсвийн нэг хэсэг болгож авч үздэг. Энэ эргээд төсөв хэрхэн зарцуулагдаж, хүүхдийн сайн сайханд хэрхэн нөлөөлж байгааг хянах боломж олгодог байна. Европын холбоо Европын Хүүхдийн Баталгаа (European Child Guarantee) гаргаж гишүүн орнууд төсвийнхөө тодорхой хувийг хүүхдийн ядуурлыг бууруулах, нийгмийн оролцоог дэмжихэд зориулан хуваарилах үүрэг хүлээдэг. Дээр дурдсан төсөвлөлтийн сайн жишээг бид ч Монгол Улсдаа хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.
-Mанайд хэзээнээс үүнийг анзаарч бодлогодоо тусгах болов?
-Монгол Улсад 2010-аад оны сүүлчээс энэ хандлагыг анхаарч эхэлсэн. “Хүүхдэд ээлтэй орон нутаг” НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилгын хүрээнд зарим аймаг орон нутгийн төсөвтөө туршиж эхэлсэн байдаг. Одоо ч орон нутгийн төсөвтөө Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа тодорхой орон нутгийн онцлогтоо тохируулан хүүхдэд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа сайн жишээнүүд байгаа. 2021 оноос боловсрол, эрүүл мэндийн салбарт үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргачлал хэрэгжиж эхэлсэн. Энэ нь нийгмийн салбарт хүргэж байгаа суурь үйлчилгээнүүдийг чанартай, хүртээмжтэй, үр дүнд нь чиглэсэн тогтолцооны чиглэл буюу эцсийн үр дүнд хүндээ, хүүхдэдээ үйлчилгээ хүрэх асуудал юм. Европын Холбоо, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Хүүхдэд чиглэсэн төсвийг ангилан тэмдэглэх (tagging) аргачлалыг нэвтрүүлэн бүхий л салбар, цаашид орон нутгийн төсөв гээд төсвийн зарцуулалтыг зориулалтаар нь хянах тогтолцоог нэвтрүүлж байна гээд нэлээдгүй ахиц гарч байна.
-Өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийсэн гэхээр үр дүн ярьж болох байх. Тодорхой жишээ хэлж болох уу?
-Нийгмийн хамгаалал болон боловсролын салбарын хөтөлбөрүүдийг энд жишээ болгон ярьж болох юм. Тухайлбал, сургуулийн хүүхдийн хоолны төсөв нэмэгдсэн нь нэг тод жишээ юм. Сургууль болон дотуур байрны хоолны стандарт, өртгийн нарийвчилсан шинжилгээ хийсний үндсэн дээр 2025 оны улсын төсөвт сургуулиудын хоол бэлтгэх зардалд нэмэлт 133.5 тэрбум төгрөг тусгасан. Энэ нэмэлт санхүүжилт нь улс даяар сурагчдын үдийн хоолыг илүү тэжээллэг, чанартай болгоход зориулагдах боломжийг төсөв талаас нь бүрдүүлж өгч байгаа хэрэг юм. Гэхдээ зүгээр л төсөвтөө тааруулаад хүүхдийн тоог тодорхой мөнгөн дүнгээр үржүүлээд нэмчихсэн хэрэг биш. Боловсролын салбарын хоол үйлдвэрлэлийн нөхцөл байдал, илчлэг, чанарт төвлөрсөн сэдэвчилсэн судалгааг үе шаттай хийж байна. Үүний үр дүнд хүүхдийн эрүүл мэнд, авах ёстой шим тэжээлд эергээр нөлөөлөх бодит өөрчлөлт гарч эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа.
Учир нь хэрэгжээд удаагүй байгаа арга хэмжээний үр дүнг өнөөдөр хэлэхэд арай эрт байна. НҮБ-ын Хүүхдийн Сан болон салбар яамдтай хамтарсан мониторинг хийхээр төлөвлөсөн. Эндээс бид төсвийн нэмэлт хуваарилалт бодит байдал дээр хэрхэн буусныг эхний байдлаар дүгнэх боломжтой. Ингэж үнэлгээ хийхдээ хоол, шим тэжээлийн асуудлаас гадна хүүхэд хамгаалал, ус хангамж, дархлаажуулалт гээд олон зүйлсийг мөн хамтад нь үзэх боломжтой. Ингэх нь нөгөө талаасаа хөтөлбөрүүд болон салбар яамд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах сайн талтай байдаг.
-Хүүхэд хамгааллын төсөв бодитоор үнэхээр нэмэгдэж чадсан. Гэхдээ энэ нэмэгдэл амьдрал дээр хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй, сайн үйлчилгээ болж очиж чадаж байна уу?
-Хүүхэд хамгааллын арга хэмжээнд 2017 онд жилд 900 орчим сая төгрөг зарцуулж байсан бол 2018-2023 онд энэ дүн 8.0 тэрбум төгрөг, 2023-2024 онд жилд 14 тэрбум, энэ жил гэхэд 22 тэрбум болж өссөн. Гэхдээ төсөв нэмэгдсэн нь өөрөө хүүхэд бүрт тэгш, чанартай үйлчилгээ хүрч байна гэж үзэх боломжгүй. Судалгаануудаас үзэхэд төсөв өссөн ч хүүхэд хамгааллын хөтөлбөрийн үр дүн тийм ч сайн биш байна. Хуваарилсан төсөв зориулалтын дагуу зарцуулагдахгүй байдал түгээмэл байна.
Төсвийг зорилтот үйлчилгээ, арга хэмжээнд оновчтой хуваарилж, үр ашигтай зарцуулах нь маш чухал. Төсвийн удирдлагад баримталдаг гурван гол зарчим байдаг. Үүний эхнийх нь сахилга баттай байх. Сахилга бат муу бол төсөв хэчнээн нэмээд ч асуудал шийдэгдэхгүй. Нөгөө хоёр нь үр ашиг мөн үр дүн. Мөн л сахилга батгүй бол энэ хоёр зарчим хэрэгжихгүй. Тиймээс Сангийн яамны зүгээс хүүхэд хамгааллын хөтөлбөрт хуваарилсан төсөв зориулалтын дагуу зөв зарцуулагдаж байх ёстой гэдэг дээр ач холбогдол өгч, НҮБ-ын Хүүхдийн Сан болон салбарын яамтай хамтран ажиллаж шийдэлд хүрсэн. Энэ юу байсан гэдгийг хэлэхийн өмнө процесс хэрхэн явдаг, яагаад төсөв үр дүнгүй болдог вэ гэдгийг хэлбэл ойлгомжтой болох байх.
-Тэгэлгүй яах вэ. Тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг кейс нээгдээд хаагдах явцыг хүүхэд хамгааллын мэдээллийн систем бүртгэж байдаг. Тийм систем хоёр ч байдаг гэж салбарын хүмүүс хэлдэг. Харамсалтай нь, салбарын системүүд одоогоор хяналтын шаардлагыг хангаж чадахгүй байна. Хяналт муу болоод ирэхээр төсөв зориулалтын бусаар зарцуулагдаж эхэлдэг. Тэгвэл зарцуулалтыг хянахын тулд кейс менежментийг мөнгөтэй нь уяад өгвөл шийдэгдэх бус уу гэдэг санаа гарсан. Одоо байгаа системийг сайжруулах эсвэл шинээр систем хөгжүүлэхэд өндөр зардалтай, цаг хугацаа шаардана. НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөгжүүлсэн 70 гаруй оронд хэрэглэж байгаа Primero гэдэг платформ бэлээхэн байж байна. Энэ платформ нь хүүхэд хамгааллын тохиолдол бүртгэх, хянах, мэдээлэл удирдах зэрэг функцүүдтэй, нээлттэй эх сурвалж бүхий цахим систем юм. Тэгэхээр энэ платформд нэгдэж ажиллах боломжтой санхүүгийн модультай болчихвол хүүхэд хамгааллын бүх үйл явцыг бодит цагийн горимоор хянахын зэрэгцээ үйл явц бүрийн санхүүжилтийг цаг алдалгүй шилжүүлэх боломж бүрдэх юм. Тиймээс манай яамнаас НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавиад энэ платформын санхүүжилтийн хэсгийг хоёр сарын хугацаанд хөгжүүлээд дуусч байна. Туршилт тохируулга, сургалт гээд тооцвол энэ намар гэхэд бүрэн ажиллагаанд орчихно. Энэ бол техникийн талаас хийсэн цахимжуулалтын шийдэл. Бүтээмж, хяналтыг сайжруулахад аливаа процессыг автоматжуулна гэдэг бол гайхамшигтай үр дүнг үзүүлж болдог.
-Цаашид төслийн хүрээнд юун дээр анхаарч ажиллаж байгаа вэ?
-Ирэх оны төсөвт орон нутгийн боловсролын байгууллагуудын усан хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн хөтөлбөрт дорвитой өөрчлөлт хийхээр төлөвлөж одоогоор судалгааны ажил ид дундаа явж байна. Монголын хүн амын дөнгөж 30.6 хувь нь аюулгүй ундны устай, хөдөө орон нутгийн сургуулиудын зөвхөн 48 хувь нь цэвэр усны эх үүсвэртэй гэх судалгааны дүнтэй холбоотой юм.
Мөн төсөвт хүүхдэд зориулагдсан зардлуудыг тусгайлан тэмдэглэж, ангилах (“child tagging”) аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр төсвийн ямар хэсэг хүүхдийн сайн сайханд зориулагдаж байгааг тодорхой болгож, зардал зарцуулалтыг илүү нарийвчлан хянах, тайлагнах боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ, хүүхэд хамгааллын зардлыг үйлчилгээ үзүүлсэн болон үйлчилгээг авсан оролцогчдыг хамруулсан чанарын үнэлгээг гурван жил тутамд нэг удаа түүврийн аргаар хийдэг байхаар аргачлалын төсөл боловсруулсан. Энэ аргачлалаа одоо анхан шатанд турших ажил хийгдэж байна.
-Улс нэг жилд хэчнээн төгрөг хүүхдэд зарцуулж байгаа талаарх маш дэлгэрэнгүй тооцоо гарах нь ээ…
-Тэгнэ. Мөн хоолны асуудлаа ч орхихгүй. Тариф, норматив гэдэг нэг тогтоогоод орхичихдог зүйл биш. Инфляци, ханшийн өөрчлөлтөөр байнга шинэчлэгдэж байх хэрэгтэй байдаг учраас нөлөөллийг байнга тооцож явна. Мөн боловсролын орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бусад асуудалд ч анхаараад явна.
Энэ бүгдийг дүгнээд хэлбэл, хүүхдэд ээлтэй төсөвлөлт гэдэг бол төлөвлөхөөс авахуулаад тайлагнах хүртэл төсвийн бүх процесст шинэчлэл өөрчлөлт хийнэ гэсэн үг. Үр дүнд чиглэсэн төсөв гэж энгийнээр үүнийг л хэлээд байгаа юм. Хүүхдийн асуудал бол нэг удаагийн арга хэмжээ биш, Хүүхдэд чиглэсэн зардлыг хянах боломжтой болгосноор төсвийн хэрэгжилтийн бүхий л үе шатанд салбар бүрийн уялдааг хангах, ил тод, үр ашигтай, үр дүнтэй байх хөшүүргийг бүрдүүлнэ.
-Хүүхдүүддээ хөрөнгө оруулалт сайн хийсний үр дүн хэзээ яаж илэрч гарч ирдэг вэ?
-Хүүхдэд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийн талаар олон судалгаа бий. Тухайлбал, боловсролтой хүн амын эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хөдөлмөрийн бүтээмж дээшилж, дундаж орлого өсдөг. Боловсролын түвшин нэмэгдэхэд тухайн хүний жилийн орлого дунджаар 10 хувиар нэмэгддэг гэдэг. Энэ нь зөвхөн хувь хүнд төдийгүй нийт эдийн засагт татварын орлого нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг эерэг нөлөө үзүүлдэг. ЮНЕСКО-гийн гаргасан судалгаагаар бага насны хүүхдийн боловсролд оруулсан хөрөнгө оруулалт нь жилд дунджаар 13 хувийн өгөөжтэй, энэ нь эрүүл мэнд, эдийн засгийн үр өгөөж, нийгмийн эв нэгдлийг сайжруулахад чухал үүрэгтэйг гэдэг нь хэдийнээ батлагдчихсан.
Төрөлт буурч, насжилт нэмэгдэж байгаа нь одоо төрж байгаа хүүхдүүд 20 жилийн дараанаас эдийн засгийн хувьд нэг хүүхэд гурван хүний бүтээмж, орлогыг бүрдүүлэх ачаалал ирэх ба хүний хөгжил, хүүхдийн хөгжилд анхаарахыг олон улсын байгууллагууд зөвлөж байгаа нь бидний хийж анхаарч байгаа бодлогын чиглэлүүдтэй нийцэж байгаа юм.
Д.ТУЯА





Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...
4 цагийн дараа
Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...
3 цагийн дараа
Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив
Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...
3 цагийн дараа
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ
Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...
2 цагийн дараа
Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт
Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд