мэдээ
“Тэнгэрийн хүү” Аттилагийн нутагт зорчсон тэмдэглэл

Админ
2025 оны 6 сарын 03

1

Дунай мөрний эрэг дээр би өрнөд Хүннү нарын эзэнт улсыг сэтгэлдээ багтаан, огторгуйчлан дүрсэлж, басхүү бясалган эрмэг давлагааг нь ширтэн зогсож байлаа. Цээжинд шүлэг цохилно.
Аттилагийн догшин харц
Намайг тойрон давлагаална
Аугаа нүүдэлчдийн уухай
Дунайг сөрж хуйларна!
Бидний буурал Европ руу зорчих нислэгийн хугацаа есөн цаг орчим. Бид гэдэг нь “Тэнгэрийн хүү” жүжгийн багийнхан буюу УДЭТ-ын уран бүтээлчид. Ная шахам хүнтэй нүсэр бүрэлдэхүүн Унгарын Будапешт хотыг зорьж буй нь энэ билээ. Нислэгийн маршрут анхнаасаа аглаг ой хөвчийн дээгүүр Булган, Хөвсгөл, Тувагийн нутгийг дамнаад Новосибирскийг чиглэн 11.582 метрийн өндөрт цагт 781 км-ийн хурдтай нисч яваагаа тэмдэглэжээ. Тобольск, Тюмень, Екатенбургийн орчим дээгүүр ниссээр алдарт Уралын нурууг давав. Сонин мэдрэмж төрж байлаа. Тийнхүү Москвагаас хойгуур, Санкт-Петербургаас өмнүүр ниссээр Балтийн тэнгис рүү Финийн булангаар ороодохов. Энэ үеэр “Москвагийн умард тэнгэрт”, “Санкт-Петербургийн өмнөдөд” шүлэг тэрлэв. Би угаасаа газарзүйн хичээлд хар багаасаа “өвчилсөн” нэгэн болохоор ийн тоочиж байна. НАТО-той саймширсан Балтийн гурвын нутаг ёстой л эрхий дарамхан юм дэлгэцнээ харагдана. Ийн бид Балтийн тэнгисийг уруудаад гэх үү дээ, Германы нутгийн дээгүүр орж ирэв. Берлинээс хойгуур Хамбургаас урдуур ниссээр өмнө зүгт Франкфурт хэмээх хүн ам олонгүй ч Европ тивээр нисч буй ихэнх онгоц бууж морддог хотын олон улсын үлэмж том нисэх буудал дээр газардлаа. Зорчигчид алга ташицгаалаа. Эсэн мэнд авчирсан “МИАТ”-ийнхэнд есөн хэлийн зорчигчид баяр хүргэж талархахаас яахав. Дотроо би Орос-Украины дайнтай холбоотойгоор ийм хойгуур нисэв үү дээ хэмээн додигорхон оношлоод тээшээ авахаар өндийв.
Манай УДЭТ-ын уран бүтээлчид миний зохиол, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээрээ Унгар улсын Будапешт хотын Үндэсний их театрт болох “МИТЕМ-12” Олон улсын наадамд оролцохоор мордсон нь энэ. УДЭТ-ын хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ Европт анх удаа хөл тавьж буй нь манай театрын урлагийн хөгжлийг нэг шат ахиулсан түүхэн үйл явдал хэмээвээс зохино. 2025 он бол Монгол, Унгар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй жил.
Соёлын яамнаас маань “Go Mongolia” уриан дор хоёр орны соёл, түүхийн харилцааг өргөжүүлэх үүднээс ойн хүрээнд энэ жүжгийг маань тоглуулахад дэмжлэг үзүүлснийг дурдваас зохилтой. Будапештэд амьдардаг Монголын соёлын албан бус элч болсон бичгийн гүүш Шарошди Ганболд ахын оролцоо, сэтгэлийг хэмжээлээд баршгүй. Хожим өгүүлнэ. Ашгийн төлөө бус уран бүтээлийн дээд чанар, урлагийн үнэ цэнийг гүнээ дээдэлдэг Серби, Мексик, Македони, Румын, Турк, Грек, Орос, Гүрж, Бельги, Итали, Польш, Хятад, Япон, Израиль, Франц зэрэг 30 шахам орны дэлхийн шилдэг театруудын жүжигтэй “Тэнгэрийн хүү” хүч чадлаа сорих гэж байгаа болохоор хүн бүрийн зүрх огт өөрөөр цохилж байлаа. Монгол идеал, Монгол үндэсний ялгамжаа чухамдаа Аттила хааны өлгий нутагт дүрэлзэх гэж байна шүү дээ. 534-553 оны хооронд Өрнөд Хүн гүрнийг толгойлж Баруун, Зүүн Ромыг чичрүүлэн, өрнөд Европыг ч эрхшээж байсан Аттила нь Модун шаньюйгийн 33 дахь үеийн удам гэж сурвалжид тэмдэглэсэн нь бий. Унгарууд өөрсдийгөө Аттилагийн, Хүннүгийн удам гэж үздэг. Эндээс харах нь ээ, “Тэнгэрийн хүү” жүжиг маань ч, манай багийнхан ч ураг садан төрлүүддээ айлчилж байгаа хэрэг шүү дээ, язгуур мөн чанараараа. Энэ үүднээс аугаа Аттилагийн тухай туульсын жүжиг болоод роман бичиж буй надад тун аятай бодол таашаал төрж, тархи толгой огт өөрөөр сэргэж байвай.
..Франкфурт манай Улаанбаатараас хоёр дахин хүн ам багатай ч Германы төдийгүй Европын эх газрын санхүүгийн хамгийн том төв юм. Бид эндээс Будапешт рүү транзит нислэгтэй, нисэх буудлын онгоцууд нь нэрт сэтгүүлч Ж.Гангаа агсны хэлснээр ёстой л намар цагийн царцаа шиг бужигнаж таван тивийн хүмүүс хөлхсөн газар аж. Өдөрт хэдэн зуун мянган зорчигч албаны ажлаар (банк санхүүгийн) Франкфуртад хөл тавьдаг гэхээр ерөнхий дүр зураг нь танд ойлгогдоно. Европын тэнгэр баганадсан Төв банк болоод Франкфуртын сүм, хуучин дуурийн барилга зэргээрээ жуулчдын нүдийг онгойлгоно. Мөн Майн мөрнийг нь дурсахгүй өнгөрч үл болно. Германуудын хүйтэн төрх энд бусад харийн гийчдийн урсгалтай сүлэгдээд үл анзаарагдана. “Тэнгэрийн хүү”-гийн багийнхан Франкфуртад найман цаг нислэгээ хүлээсэн маань Улаанбаатараас нисч ирэхээс ч урт санагдав. Г.Маркесын “Зуунаас урт өдөр” гэдэг шиг. Дашрамд өгүүлэхэд гадаад паспортын эзэмшигчийн гарын үсэг дээрээ бид зурахгүй орхисон байдаг. Франкфуртын гаалийнхан үүнийг хараад л чамгүй еврогоор таныг торгоно. Аяллын зорилгоо тодорхойлсон байх гээд л бичиг баримтын яв цав байдал, гар тээш болон ачаагаа журамд заасны дагуу бүрдүүлэхгүй аваас та нэг ч алхахгүй. Хэл усгүй хүн ойд төөрсөн сармагчин гэдэг шиг л болно. Германуудын энэ хатуурхал нь аргагүй биз. Арабын, лалын ертөнцийн олон цагаач нэвтрэн ирж үймээн самуун тариад байгаа хойно доо. Манай нэг зорчигч гар тээшээ эзгүй орхиод ариун цэврийн өрөө орох гээд явсан хойгуур дөрөв, таван буутай цагдаа ирээд тойроод зогсчихсон байна лээ. Эзнийг нь ирэнгүүт өөрөөр нь тээшийг задлуулж нэгд нэгэнгүй нэгжив. “Тэсрэх бөмбөг тавьсан бол яана”. Ийм айдас Европыг бүрхээд байгаа. Ийнхүү бид 22 цагийн орчимд Будапешт рүүгээ нислээ дээ. Хоёр цаг арай хүрэлгүй нисээд биднийг газардахад Унгар дахь манай Элчин сайдын яамны ажилтнууд хүлээн авч, аян замдаа алжаасан эсэхийг лавлан эелдгээр тосоход сэтгэл өег байсныг хэлэх юүн.
Биднийг хоёр автобусаар тээвэрлэн Будапештийн Үндэстний их театраас автобусны хоёр буудлын орчим зайтай, Дунай мөрний хөвөөнөө ойрхон B&B хэмээх тохилог буудалд хүргэж ирэв. Дунай! Энэ их уст мөрнөөс үү, эсвэл бороо орсон юм уу гэмээр чийглэг үнэр хамар цоргих нь аяншиж ядарсан цагийн зөрүүнд орж яваа бидэнд таатайяа санагдах. Будапешт хотын амгалан байдал нь буудалласан эхний шөнөөс л мэдэгдэж билээ. Унгарууд нийслэл хотоо Дунай мөрнийг түшүүлсэн нь Европын, ер нь дэлхийн орнуудын жишиг, уламжлал гэх үү дээ. Парис хот Сена, Лондон Темза, Москва хот Москва голоо түшдэг шиг юм. Ирснийхээ маргааш нь Дунай мөрөнтэй өдрийн хагаст нөхөрлөх санамсаргүй тохиол болов. Маргааш өглөө нь буюу дөрөвдүгээр сарын 22-ны өглөө “Тэнгэрийн хүү”-гийн багийнхан Будапештээс 200 км-т орших Капешверо тосгон дахь эдлэнд очиж Унгарын уламжлалт аж ахуй, орчин үеийн фермерийн хослол болсон дэвшилтэт технологитой хэрхэн уялдан хөгжсөн гайхамшгийг үзэх төлөвлөгөөтэй байлаа. Аравтын дарга маань болох Амгаа (гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар) бид хоёр аяншаад аяллаас хоцорч орхив. Бид олуулаа яваа учир найман аравтад хуваагдаж тус бүр дарга тохоон томилсон хэрэг. Хүн гүрнээс Их Монгол Улсын үеийг өртөөлөн ирсэн аравтын тогтолцоо нь орчин үед ч “үр нөлөөтэй” байлаа л. Ерөөс манай “Тэнгэрийн хүү” жүжгийн газар шороо, төр засаг, өв соёл гэдэг тулгуур санаануудын адил нэг үнэт зүйл нь аравт цэргүүдийн тоглолт байдаг. Үүнийг тольдсон Унгар зэрэг Европын үзэгчид өндрөөр үнэлснийг түрүүлэн өчсү. Аялалд явж чадаагүй азгүй хоёр Будапешт хоттой багагүй танилцав. Байшин барилгууд нь голдуу хуучны буюу язгуураараа байгаа нь үнэхээр гайхалтай. Гот, Византи хийцийн сайхан барилгууд ихтэй. Манайх шиг тэнгэр баганадуулаад байгаа юм энд огт алга ажээ. Хотын өргөн чөлөөнөөс бусад байшингууд нь хоорондоо нэлээд шахцалдсан, гудмууд нь хоёр машин дөнгөж зөрөх төдий. Тийм атал энд түгжрэл ер алга. Гэрлэн дохион дээрээ л яльгүй хүлээнэ. Жаахан алхаад л хуучны байшин барилгынхаа релеф, хээ хуарыг хичээнгүйлэн янзалж байхтай тааралдана. Урь ороод тэр буй за. Гэтэл манайд эсрэгээрээ. Хуучны түүх өгүүлсэн үнэт “эрдэнэ”-үүдээ аль хэдийнэ нураагаад оронд нь гял цал, шил толь болсон хямдхан дэмий “гонзгойнууд”-ыг л босгож байна. Нисэхийн Цагаан хаалганаас эхлээд нэлээд олон хуучны түүхийн дурсгалаа нүд үзүүрлэсээр байгаад нурааж санаа амардаг улс даа. Будапештэд түгжрэлээс гадна утаа униар алга, тоосжилт алга, цэвэрхэн, ногоон байгууламж ихтэй. Нийтийн унаа хөгжсөн. Трамвай сүлжилдээд л. Паараагийн (Н.Наранбаатарын) хошигносноор “трамвай Унгар” бөлгөө. Ажигласнаар бол автобус 20-30 хувийг нь л эзлэх бололтой дог. Манайх шиг бандгар том жийпүүд зам эзэгнэснийг ер олж үзсэнгүй. Цаанаас нь хорьсон гэмээр. Голдуу жижиг оврын суудлын тэрэгнүүд л жирийцгээнэ. Ийм байхад хэн стресстээд л, бие бие рүүгээ дайрч давшлаад байх вэ дээ. Ёстой амар амгалан энд л ажээ.
Энэ орчны амар амгалан л Будапештийн иргэдийн сэтгэлийн амар амгаланг бий болгодог бололтой. Энэ нь нөгөө гурван цагийн хүлээсэнд автдаггүй аз жаргалтай байхын үндэс болж таарна. Тэгэхээр энэ хотынхон аз жаргалын индексээр нэлээд дээгүүрт байгаа болов уу. Энэ нь тэдэнтэй гудамжинд зөрөх бүрийд, дэлгүүр, үйлчилгээний газар, зоогийн газарт тав тухтайяа налайн сууж байгаагаас нь мэдэгдэнэ. Эрүүл амьдралын үндэс болсон идэвхтэй хөдөлгөөн бол тэдний аз жаргалтай амьдралынх нь нэг мөчир гэлтэй. Хаа сайгүй хөгшин хөвөөгүй л гүйж яваа харагдана. Бид энэ хэвшил рүүгээ ойртож болох юм байна гэдэг итгэл үнэмшил саяхан болсон “Улаанбаатар марафон”-оос харагдлаа шүү дээ. Будапештийн нэг өнгө бол энд тэнд янз бүрийн үүлдрийн нохойгоо хөтлөн, анд найз, үр хүүхэдтэйгээ ярьж байгаа лугаа адилаар салхилан яваа нь юм. Амьтны эрхийг дээд зэргээр дээдэлнэ. Хэрэв нохой руу нь өчүүхэн ч атугай халдах, заналхийлэх аяс гаргавал эрүүгийн хэрэг үүсгэх хууль дүрэмтэй юм билээ. Бараг л хүнээсээ илүү эрх эдэлдэг тэнгэрийн амьтад юм, хөөрхий. Амьжиргааны өртгийн хувьд манайхаас хувь илүү дээр л дээ. Орос-Украины дайны улмаас Европын орнууд Орост олон хориг тавьж, байгалийн хийг нь хэрэглэхээ больсон нь өөрсдөд нь л тун хортойгоор тусч байгаа нь өдрөөс өдөрт мэдэгдэх болсон. Өөрсдийнхөө хөл рүү л буудсантай ялгаагүй. Хэд хэдэн улсад бэлэн мөнгө их хэмжээгээр банкнаас авахыг хязгаарлачихсан. Нөгөө Европын сангаасаа асар их татаас олгож эрчим хүчний тэнцвэрээ барих гэж оролдовч үнэ өртгөө дийлэхээ болиод байгаа. Харин Унгарт бол энэ үзэгдэл арай өөр. Оростой дайсагнах бус ойртох гэсэн ерөнхий сайд Орбаны гавьяа л даа. Лав л Будапештэд надтай ирж уулзсан нэг нутгийн бүсгүй болох П.Батханд “Манай (Унгарын) фермерүүд эрчим хүч, бордооны хомсдолд бусад европын орон шиг ороогүй л байна” гэж байна лээ.
Будапештийн гудамжаар явахад номын соёл бас анзаарагдах. Ил задгай дэлгээд худалдаалж байгаа нь ч харагдана. Бидний нүд үзүүрлэдэг ТҮЦ шиг бэсрэг сууцанд ч номоо борлуулж байна. Манай хотын дарга шиг хуу ачихыг нийслэлийн хөгжил гэдэггүй юм байна лээ шүү.
Будапештэд хөл тавьсан анхны өдөр дэлгүүр хоршоогоор жаахан аялав. Гэр бүл, найз нөхдөдөө бага сага бэлэг дурсгал ч авлаа. Ингэж явахдаа хэл усгүйн харгайгаар тооцооны кассан дээр багагүй будилав. Унгарын мөнгөн тэмдэгт форинт маань дуусаад евротой үлдсэн байдаг. Түүнийгээ форинтоор дүйцүүлэх гэхээр манай унгар найзууд хонжчих гээд. Хэрхье дээ гээд супермаркет дотор нүд бэлчээтэл монгол гэмээр бүсгүй явж байна. “Хүүе Монгол бүсгүй юү” хэмээхэд урдаас инээмсэглэн “Тийм” гэж байна. Мань охин миний бүхий л учир начирыг олж, мөнгө сольдог ченжийн газарт очиж еврог форинтоор сольж өгөв. Түүнийг Н.Оюузаяа хэмээнэ. Миний хүзүүнд зүүлттэй яваа “Тэнгэрийн хүү”-гийн лого бичгийг харснаа “Арай та Үндэсний их театрт тоглох гэж байгаа “Тэнгэрийн хүү” жүжгийн уран бүтээлчдийн нэг нь биш биз” хэмээв. Зохиолч нь юм аа гэхэд хөөрөн баясаж манай эндхийн монголчууд “Тэнгэрийн хүү” жүжгийг үзэх гэсэн боловч тасалбар нь хэдийнэ онлайнаар зарагдаад дууссан гээд урамгүй л байна. Гэхдээ би зохиолчтой нь тааралддаг ёстой азтай хэмээгээд надад тэр өдөртөө хөтөч хийж өгөхөө сайхан сэтгэлээр илэрхийлэв. Би “Цэнхэр Дунай мөрөнтэй л танилцсугай” гэсэн санал гаргалаа. Дунай мөрөн бол Будапешт дахь номын гүүш Шарошди Ганболд ахын хэлснээр бол Германы Альпийн нурууны шинэ газар гэдэг утга бүхий уулнаас эх аван урсдаг Европын томоохон мөрөн л дөө. Өрнөд Хүн нар, догшин Аттила чухам л Дунайн баруун эрэг дээр гарч Ромын эзэнт гүрний зах нутаг Панонияг (өнөөгийн Унгарын цөм нутгийг) эзэмших болсноос үүдэн хүчирхэгжлийг олсон билээ. Тиймээс л Дунай мөрөн миний сэтгэлийг соронздоно. Уртаараа Ижил (Волга) мөрний дараа орно. Дашрамд өгүүлэхэд, Ижил буюу Этцель хэмээх нь Аттилагийн нэр гэж үздэг. Энэ мөрний хөвөөнд “Тэнгэрийн ташуур”-ыг мэндэлсэн хэмээн оноодог юм. Серби, Болгар, Румын зэрэг арван улсын нутгаар дамжин урссаар Хар тэнгист цутгана. Европыг хөндлөн гулд туулчихаж байгаа юм.
Дунай мөрөн дагуух хоёр эргээр том, жижиг хөлөг онгоц, аялал зугаалгын завь “аргамжаатай” байх нь элбэг. Завь хөлслөөд нэг цаг зугаалахад монгол мөнгөөр 500 мянган төгрөг болно. Харин нийтийн онгоцонд арав дахин хямд.
Аргамжаатай, эс бөгөөс мөнхийн зогсоолдоо зогссон зарим хөлөг онгоц нь үйлчилгээний газар, ресторан эс бөгөөс шоу тоглолтын танхимын үүрэг гүйцэтгэнэ. Халуунд эл онгоцууд руу шатаар уруудаж ороод л шар айраг залгилахад гэмгүй аж. Надад хөтөч хийсэн Н.Оюузаяа дүү маань “Энэ онгоцонд манай “Хурд” хамтлаг тоглолт хийж байсан” гэлээ. Дунай мөрнийг өгсөж уруудах аялал зугаалгын онгоцноос гадна олон тооны чингэлэг ачсан ачааны нүсэр онгоцууд ч харагдана. Далан нь дунджаар 5-6 метр өндөр юм. Нэг жил ихэд үерлэж далантайгаа тэгширсэн гэх. Сонирхуулахад “Бат хааны цэрэг (уг нь Сүвээдэй л дээ) Унгарыг эзлэхэд даанч Дунай хөлдчихсөн байсан юм.Түүхэнд ганц л удаа хөлдсөн нь тэр. Тэгээгүй бол эзлэгдэхгүй байсан” гэх эх оронч домгоо Унгарууд ярих их дуртай. Их хаан Өгөдэй Унгарын IV Бела хаанд хандан “Бидний дайсан кипчакуудыг л буцааж өг. Эс бөгөөс та нарт үхэл” гээд байхад үгэнд оролгүй сүйрсэн түүх шүү дээ. Дунайн хөвөөнд олон тооны шат довжоо ихтэй. Амраг хосууд ихэвчлэн зэрэгцэн сууж амгалан тайван гэгч мөрөнд хөвөх ангир галуудайг харан сууцгаах. “Gide” дүүтэйгээ алхсаар Дунайн алдарт ногоон гүүрэн дээр очлоо. Дунай мөрөн нь Будапешт хотыг хоёр хуваана.Дунайн баруун талыг нь Буда, зүүн талыг нь Пешт хэмээнэ.Энэ хоёрыг холбосон арав орчим гүүр байдгаас хамгийн алдартай нь Ногоон гүүр юм. Урт нь 333,6 метр урт, өргөн нь 20,1 метр аж. Дөрвөн баганат орой дээр нь байгаа бүргэд шиг шувуу бол домгийн турул шувуу гэнэ. Дөрвөн багана нь Унгарын үндэсний эв нэгдлийг илэрхийлнэ. 1894-1896 онд Унгарын Төр ёсны 1000 жилийн ойдоо зориулан байгуулжээ. Эрхэм дүүтэй ногоон гүүрний орчим тухлангаа
Алс буйд Унгарын хээр талд гялалзах
Аттилагийн илдний очис Дунай мөрний долгис болном.. хэмээн тэрлэж суух зуураа цугтаа үлдсэн Амгаагаа утсаар дуудлаа. Манай хүн ч төд удалгүй хүрээд ирэв. Тэр “Энэ ногоон гүүрийг цэргүүд бүслэн хааж байна. Нэг юм болох нь дээ” гэв. Хөтөч охин бээр “Улс төрийн элдэв жагсаал ховор болдог. Харин хөлбөмбөгийн тэмцээний үеэр фанатууд жагсаж мөргөлдөөн болох нь цөөнгүй. Түүнээс сэргийлж байгаа байх” гээд өндөр хүдэр биетэй улаан дугуй малгай бүхий Унгарын гвардийн цэргүүдийг заангаа өгүүллээ. Бид гурав ийн хөөрөлдсөөр Унгарын Үндэсний “Мадач” театр дээр ирэв. Дунай мөрөн энэ театрын харалдаа хамгийн өргөн болно. Арав гаруй метр гүнтэй гэхээр аргагүй л их усан!
Нар ташжээ. Ёслолын хаалганаа патиардуулав. Театрын үүдэнд сайхан монгол өргөө босгожээ. Идээ будаа ч засчээ. Манай тоглолттой холбоотойгоор Аттилагийн нутагт сүмбэрлэх монгол гэр сайхан санагдав. Энэ театрын түүхийн талаар тус театрын ерөнхий захирал, Европт алдартай найруулагч Аттила Виднянски биднийг хүлээн авч уулзахдаа өгүүлснийг тодотговоос сонирхолтой. Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 23-ны үдэш билээ. Түүний ярьснаар бол Зөвлөлтийн цэргүүд бослого дарах нэрийдлээр танкаа оруулах үеэр Унгарын Үндэстний театр сүйдсэн аж. (1956 оны үйл явдлыг хэлж байгаа болов уу). Хуучин театраас үлдсэн хэрэм багана бүхий хээ угалзтай хавтанг одоогийн “Мадач” театрынхаа өмнөх үзэсгэлэнт цөөрөмд налуулан байрлуулсан байна лээ. Аттила Виднянски өгүүлэхдээ “Манай театр шинээр баригдаад хорь гаруй жил болж байна. Үүний 13 жилд нь театрын даргаар ажиллалаа. Үндэстний их театр бол жүжиг бүтээлийн асар том үйлдвэрлэл явуулдаг (гурван том үзэгчийн танхимтай юм билээ). Жилд 600-гаад жүжиг тоглодог. Гадаад орнуудад 100-гаад жүжиг маань аялан явдаг. Та бүхэн энэ аугаа “Тэнгэрийн хүү” шиг бүтээл төрүүлбэл ирж тоглохыг урьж байна гэдгээ дахин дахин илэрхийлье. Монголчуудынхаа зочломтгой занг өнгөрсөн оны намар биеэр үзэж билиг оюун минь дэлгэрсэн шүү. Найруулагч Н.Наранбаатар намайг хөдөө (Булган аймгийн Хутаг-Өндөрт) аялж амрахыг урьсан. Ажлаа зохицуулаад заавал очно” хэмээв. Энэ үеэр УДЭТ-ын захирал, найруулагч Н.Наранбаатар маань ноён Аттила Виднянскийд хандаж “Манай “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолч Б.Цогнэмэх маань Аттила хааны тухай түүхэн туульсын жүжиг туурвиж эхэлсэн. Энэ бүтээлийг хамтран бүтээх санал тавьж байна” хэмээлээ. Ноён Аттила зохиолч надтай уг жүжгийн талаар санал солилцоод “Төлөвлөгөөндөө тусгалаа. Хамтран Аттилагаа бүтээцгээе” гэсэн нь уран бүтээлч миний хамгийн аз жаргалтай агшин байлаа. Энэ нөхөрсөг бөгөөд ажил хэрэгч уулзалтад манай Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Ж.Оюундарь болоод гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх, УДЭТ-ын ерөнхий зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг, ерөнхий найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин, уран сайхны удирдагч Б.Хишигзаяа, нарийн бичиг Ц.Хишигтогтох, маркетингийн албаны дарга С.Энхболд, ерөнхий санхүүч Х.Цогзолмаа болоод орчуулагч, гүүш Шарошди Ганболд, Паараа андын гэргий Л.Гантуяа бид хэд оролцсон юм. Аттила Виднянски хэмээх энэ лужир эр бол их мужик. Бас монголчуудад тун элэгтэй. Нөгөөдөр нь болсон Олон улсын театрын МИТЕМ наадмыг нээсэн “Тэнгэрийн хүү” тоглолт дээр гэргийн хамт монгол дээл зориуд өмсөн ирсэн байлаа. Хүннүгийн удам гэдэг нь илт мэт. Зохисон гэж ванлий. Ерөөс унгар эрчүүдийн гучин хувь нь Аттила гэдэг нэртэй. Японд болсон олимпод Аттила нэртэй унгар эр жүдод сайн барилдаж байсныг санаж байна. Өнөөгийн Унгар үндэстний төр ёсыг үндэслэгч Арпад хаан нь Аттилагийн шууд удам гэж үздэг. Болгарын хаадын өвөг дээдэс, германууд ч Аттилагийн, Хүннүгийн үр хойчис гэгдэнэ.
Битогтохын ЦОГНЭМЭХ
Мзэ-ийн болон “алтан-өд”-ийн хошой шагналт, зохиолч, нийтлэлч, судлаач
Үргэлжлэл бий.
Унгарын Үндэстний Их Театрын захирал Аттила Виднянскитэй хамт





Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...
20 минутын дараа
Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...
хэдхэн секундын дараа
Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив
Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...
39 минутын өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ
Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...
1 цагийн өмнө
Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт
Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд