мэдээ
Ж.Эдмон: Шүлэг, яруу найраг байгаагүй бол хань их дутах юм шиг санагддаг

Админ
2025 оны 6 сарын 04

181

Утга зохиолын яруу тансагт хөглөгдсөн залуу найрагчдын хөл тасардаггүй нэгэн газар бий. Энэ бол Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлан. Өдгөө энэ хавар арван жилийн ойтойгоо золгож, хоёр дахь номоо өлгийдөн авсан ч хаагдахаар болоод буй. Ийнхүү тус дугуйлангийн эрхлэгч, яруу найрагч Ж.Эдмонтой ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу
-Би Хэнтий аймгийн уугуул. Яруу найраг сонирхдог залуу үеийн төлөөлөл байна.
–Шүлэг гэдэг сэтгэлийн гүнээс гал шиг асаж, хааяа ус шиг урсаж ирдэг. Анхны шүлэг тань хэрхэн мэндэлж байсан бэ?
-Анхны шүлэгтэйгээ бага насандаа учирсан. Хөдөө амьдардаг байсан болохоор уул, ус, ургамал, амьтны тухай бичдэг байлаа.
-Яруу найрагчдын онгод хөглөгдөнө гэж ярьдаг. Таны хувьд онгодыг юу гэж боддог вэ?
-Б.Лхагвасүрэн гуай “Бодол ханах цаг” гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр ямар нэгэн зүйлсээр онгод оруулна гэж байхгүй. Шүлэг бичих сэдэл үүссэн тухайн мөчийг онгод гэж хэлдэг болов уу.
-Таны анхны ном “Долоон зуун арван долоо” хэмээх нэртэй. Энэ номд ямар шүлгүүд багтсан бэ?
-Би хоёр жилийн өмнө анхныхаа шүлгийн түүврийг өөрийнхөө төрсөн өдрөөр нэрлэж гаргасан. Энэ түүврийн хувьд арван жилийн нандин үе, оюутан насны дурсамж, хайр дурлал, нөхөрлөл гэх мэт хотын сэдэв зонхилсон. Харин одоо илүүтэй амьдрал, гуниг харууслын шүлгүүд бичиж байна.
-Яруу найргийг утга уянга, аль эсвэл үзэл санаа байх ёстой гэх мэт янз бүрээр ярьдаг. Таны хувьд яруу найргийн мөн чанарыг юу гэж хардаг вэ?
-Аль аль нь шингэх ёстой. Гэхдээ ихэвчлэн сэтгэл хөдлөлийн шүлгүүд их харагддаг.
-Утга зохиолын дугуйлан бол зүгээр нэг уулзалт биш. Өөрийнхөө ертөнцийг нээх нэг талбар. Залуу нас дугуйлантай таны уран бүтээл, ажил амьдрал хэрхэн холбогдсон бэ?
-Би “Залуу нас” утга зохиолын дугуйлан нээгдсэнээс хойш арван сарын дараа буюу 2016 оны хоёрдугаар сард элсэн орсон. Энэ дугуйлангийн хувьд заавал гишүүн гэхээсээ илүүтэй хэн ч очоод шүлгээ уншиж болдог байсан тул манай гишүүн гэж өмчлөхөд бэрх ч тухайн үед “Болор цом”-ын эзэн С.Начин, Б.Жамбалдорж болон П.Алтанхуяг гэх мэт залуу яруу найрагчид өөр өөр дугуйлангаас нэгдэж байлаа.Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард есөн жилийн ой дээр үйл ажиллагааг нь дахин явуулах саналыг Г.Барсболд найзаасаа хүлээн авсан. Ийнхүү бүтэн жилийн хугацаанд тав дахь өдөр болгон дугуйрсан.
-“Залуу нас” дугуйлангийн хоёр дахь бүтээл “Мөр” антологи ном уншигчдын гарт хүрлээ. Энэ ном хэрхэн бүтсэн бэ? Түүхээс нь хуваалцахгүй юу?
-Үүсгэн байгуулагч Д.Ганболд дугуйлангийн шинэ жилийн үеэр хоёр дэх түүврийн нээлтийг хийнэ гэж зарласан ч хоорондын зөрчлийн улмаас хойшлуулъя гэж санал гаргасан. Гэхдээ агуу яруу найрагч Р.Чойномын цагаатгасан, дугуйлангийн маань 10 жилийн ой учир хугацаандаа багтаж номоо гаргахаар шийдсэн.
-Яагаад “Мөр” гэж нэрлэсэн бэ?
-Энэ дугуйлан бол яруу найрагт хүрэх, өөрөө өөрийгөө олох хамгийн дөт мөр. Түүнчлэн өмнөх номын нэр “Дөт” буюу дөтлөх зам гэсэн утгатай учир уялдуулсан. “Ноорог” сайтын хамтран үүсгэн байгуулагч Хатансайхан өгсөн.
-Арван жил гэдэг бага хугацаа биш. Шүлэг уран бүтээлээр хөглөгддөг олон залуус, яруу найрагчдын хөл өдий олон жил тасрахгүй байна гэдэг гайхалтай. Гэхдээ яагаад “Залуу нас” дугуйлан хаагдах болов?
-Нуулгүй хэлэхэд дугуйлан энэ хүрээд зогссон дээр болов уу. Залуус өөрөө өөрийгөө олоод гарч байгаа хобби клуб болохоос бус үүсгэн байгуулагч Д.Ганболдын дөт мөрөөрөө алхуулж яваа, мөрнөөс нь татаж чирч яваа яруу найрагчид биш. Залуу нас дугуйлангаас мундаг зохиолч гарлаа гэж бодоход нээлтийнхээ өдөр л үг хэлдэг үүсгэн байгуулагч аль ч яруу найрагчийг нь танихгүй байж би гаргаж ирсэн гэж ярьж болохгүй. Тэгэхээр энэ дугуйланд бид уулзсан боловч тэр хүний гаргасан зам мөрөөр яваагүй. Ингээд миний хувьд цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Сайн ажилласан гэж өөрийгөө хэлэхгүй ч өөрийн хэмжээнд хичээсэн. Харамсалтай байна. “Залуу нас” дугуйлан хаагдсан учир ирээдүйд өөр дугуйлан эсвэл бүлгэм байгуулахаар ярилцаж байна.
–Яруу найрагчдын хувьд дугуйрах өдрийг тэсэн ядан хүлээдэг гэдгийг мэднэ. Дугуйлангийн эрхлэгч хүний хувиар үнэ цэнийг нь юу гэж харж байсан бэ?
-Эрх чөлөөний үзэл баримтлалдаа үхэн үхтлээ тууштай байж, шүлэгтэй хамт амьдарч явсан энэ агуу хүний нэрэмжит дугуйланд яваад өөрийнхөө ертөнцийг нээнэ гэдэг бол гайхамшиг. Яруу найрагчдын хувьд хязгаар үгүй эрх чөлөө юм.
-Долоо хоног бүрийн тав дэх өдөр бүр цуглан, шүлгээ дуудаж “Таван хором”-д өрсөлддөг байж. Сүүлийн дугуйрах өдөр ямар мэдрэмж төрсөн бэ?
-Хүүхдүүдээ төгсгөх гэж байгаа арван жилийн багш шиг санагдсан. Дугуйланд явдаг байсанүе шиг ээ догдолж, шүлгээ бичдэг байлаа. Учрах тавилан байдаг бол уулзах өдөр ирэх байлгүй гээд салцгаасан. Эл дугуйланг үүсгэн байгуулахад“Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюуш, Сааюу Баттулга ах нарын хийсэн дэвтэр дээр сүүлчийн тэмдэглэлүүдээ бичиж үлдээсэн.
-“Залуу нас” дугуйлангаар овоглодог яруу найрагчдад хандаж юу гэж хэлэх вэ?
-Дуртай зүйлдээ хайртай байгаасай гэж хүсье. “Хожмын тавилан гэж байдаг бол намайг чи өөрөө олоорой” гэдэг шиг аль алиндаа нөмөр нөөлөг болж нэгэн цагт уулзах болтугай.
-Таны хувьд хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын “Дэд” байрын шагналыг хүртэж байсан. Тэр хайрын шүлэг тань хаанаас төрсөн бэ? Тэр шүлгийн хэсгээсээ уншиж өгөөч.
Н.Минжинсайхан ах “Чамайг яруу найрагч гэж боддог хүмүүст яруу найрагч бай” гэж хэлдэг байсан. Шүлэг, яруу найраг байгаагүй бол хань их дутах юм шиг санагддаг. Охиндоо зориулж бичсэн.
Дотроос минь ургаж унаагүй ч гэлээ
Дотроо тордог бүх гунигаа инээмсэглэлд чинь гээлээ
Хориотой гэх бүх цээрүүдээсээ
Хорин насаа ирээдүйн чинь төлөө золилоо
Нууж урсгасан этгээд догдлолуудынхаа
Нулимс шиг гашуун үнэнийг ээжийн чинь хацарт шингээгээд
Хайрын баяраар л сахиусан тэнгэр болж ирсний чинь төлөө
Халамцуухан гэлдэрсэн шөнөө ч дурсамж болгон нэрийдлээ
Өмчлөгч бүхэн нь жамаараа ирдэг
Өчнөөн өдрүүд ирээдүйд хүлээн буй учраас
Өөрт чинь өвлүүлэх мөрөөдлүүддээ л, хамгийн гэгээнийг нь үлдээх болсон
Ерөөс ирээдүйгээ бидний хэн нь ч зохиож чадахгүй
Ертөнц бүгдийг нь аль эртнээс зэхчихдэг болж таарсан
Ямартаа ч нэгэн цагт хүү чинь байсан гэж итгэдэг
Ядруухан найрагчийн амь чи л болж таарсан
Нүдэнд чинь л оршдог, тийм тунгалаг орчлонгийн
Нүгэлгүй гэрэлт өдрүүдэд багтаж амьдардаг
Хайрын баяраар л хамгийн үнэн тэнгэр болж ирсэн
Хайрын шүлгийн догдлол юм чи минь.
Э.Жавзандулам





Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...
2 цагийн өмнө
Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...
2 цагийн өмнө
Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив
Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...
3 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ
Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...
3 цагийн өмнө
Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт
Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд