мэдээ
МУГТ Д.Сэрээтэр: Миний анд Ж.Мөнхбат хүн харахад ширүүн догшин ч дотоод сэтгэл нь их зөөлөн, хүүхэд шиг хүн байсан

Админ
2025 оны 6 сарын 04

90

Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын хийж бүтээсэн түүх, алдар гавьяаг мөнхлөх хөшөөний нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болж өнгөрлөө. Далай даян дархан аварга Ж.Мөнхбат агсны цээж баримлыг 2023 онд түүний төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд босгож байсан. Тэгвэл энэ удаа түүний гэр бүл болон хүү хакухо М.Даваажаргал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна гэрэлт хөшөөг нь босголоо. Уг хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урласан байна.
Хөшөөний нээлтэд Ж.Мөнхбат аваргын дотны анд Монгол Улсын Ардын багш, МУГТ, Монгол Улсын харцага Д.Сэрээтэр хүрэлцэн ирсэн байлаа. Түүний сэтгэгдлийг сонслоо.
-Та хөшөөний нээлтийн үеэр нулимсаа арчиж харагдсан. Таны сэтгэл их хөдөлсөн бололтой. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өнөөдөр хар бага наснаасаа найзалж нөхөрлөж, жаргал зовлонгоо хуваалцаж явсан дотны андтайгаа дахин нэг удаа уулзсан юм шиг сайхан өдөр байна. Мөөеө бид хоёр арван жил, шигшээ баг, олимп гээд амьдралын урт замд хамт алхаж явсан найзууд. Үүнийг бол Монголын ард түмэн бүгд мэднэ. Түүнийхээ гэрэлт хөшөөг босгосон ийм бэлгэ дэмбэрэлтэй өдөр нулимс дуслуулахгүй байхын аргагүй шүү дээ. Их ч зүйл бодогдоод өнгөрлөө. Найзынхаа догшин, ширүүн зан гээд бүгдийг би мэддэг. Бид хоёр чинь зан зангаа авалцсан нөхөд шүү дээ. Шигшээ багт анх орсноосоо эхлээд хаа ч хамт явна. Тоотой хэдхэн удаа салсан байх. Манай Ж.Мөнхбатыг танихгүй хүн харвал их зантай, зэвүүн, дээрэнгүй гэж боддог. Ер нь холоос харахад их догшин хүн шүү дээ. Гэтэл яг тулаад харьцвал их зөөлөн, өрөвчхөн, хүнд хэт тусархуу хүн байсан даа. Хүүхэд шиг инээж, хөөрч, баярлана. Манай хүн ч өөрөө анх харьцаж байгаа хүндээ их ширүүн зан гаргадаг. Бид залуу байсан болохоор ч тэр үү их ам гардаг байлаа. Тэгээд жил дараалан өвдөг шороодож билээ. Түүнээс хойш дахиж ам гарахаа больсон. (инээв) Миний андын ганц сайхан зан чанар нь гэвэл хэлсэндээ хүрдэг эр хүн байсан. Амлалтаасаа буцаж байхыг нь би нэг ч удаа хараагүй. Жижиг амлалт ч байсан би биелүүлэх ёстой гээд хүүхэд шиг л зүтгэдэг хүн дээ. Бөхийнхөө хувьд гэвэл өрсөлдөгчийнхөө сул талыг их гярхай анзаардаг. Түүн дээр нь дөрөөлж мэх хийдэг бөх байлаа. Х.Баянмөнх аваргатай бол золгож барилддаг байсан. Өөрөө ч дөрвөн мөч, нуруундаа их тэнхээтэй хүн. Байгалийн өгөгдөл бол ярих юмгүй. Миний анд дөрвөн мөчний бяртай бөх байсан.
Улсын аварга Ч.Санжаадамба: Хэн илүү бэлтгэлээ хийж хөдөлмөрлөнө, тэр хүн л энэ жилийн наадмын өнгийг тодорхойлно
Хөшөөний нээлтэд Улсын аварга Ч.Санжаадамба хүрэлцэн ирсэн байлаа.
-Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Таны бодлоор энэ жилийн наадмын өнгийг ямар бөх тодорхойлох бол?
-Юун түрүүн их аваргаа эргэн дурсах хөшөөний хүндэтгэлийн үйл ажиллагаа сайхан болж байна гэдгийг онцолъё. Өнөөдөр үе үеийн аварга, арслангуудтайгаа уулзах завшаан тохиолоо. Мөн үндэсний бөхөө хайрлаж, хүндэтгэдэг ард түмэн маань бас нэг дор цуглажээ. Үнэхээр Ж.Мөнхбат аварга бол Монголын ард түмний бахархал болсон хайртай бөх. Өнөөдөр энд хуран цугласан олон түмэн үүнийг баталж байна.
Миний хувьд барилдахаа болиод зургаа орчим жил болж байгаа. Энэ жилийн хувьд ч гэсэн өнжинө. Олон хүн бас сэтгүүлчид надаас энэ жилийн наадмын тухай ялангуяа ямар бөх түрүүлэх талаар асуудаг. Энэ жил, өмнөх жилүүдэд бас дараагийн жилүүдэд ч ганцхан л бөх түрүүлнэ. Хэн илүү бэлтгэлээ хийж хөдөлмөрлөнө, тэр л хүн энэ жилийн наадмын өнгийг тодорхойлно. Түүнээс биш тэр бөх түрүүлнэ гэж нэр цохож хэлж үнэхээр чадахгүй. Угаасаа би мэдэхгүй. Ямар ч үед илүү хөдөлмөрлөсөн тэр хүн ялагч болдог. Амжилт, алдар нэрийг амархан олж авдаггүй юм.
А.Даваадулам





Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...
34 минутын дараа
Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...
14 минутын дараа
Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив
Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...
25 минутын өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ
Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...
1 цагийн өмнө
Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт
Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд