мэдээ
Б.Батбаатар: Төрийн тунгалагшил, зарчмын хариуцлагын үнэмлэхүй том өөрчлөлтөд чармайж, цаг үеийн нэхэгдлийг мэдэрч ажиллах ёстой

Админ
2025 оны 6 сарын 10

127

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Батын Батбаатартай ярилцлаа.
-Шинэ Ерөнхий сайдад Г.Занданшатарыг МАН-ын Бага хурал дэмжлээ. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?
-Ерөнхий сайд огцорсон нь дараагийн Ерөнхий сайд томилогдох нөхцөл, цаг алдалгүй амжуулах учиртай төрийн залгамжийн зарчим. Ардын нам энэ зарчимд харьцангуй алгуурласан ч өчигдөр үүргээ гүйцэтгэлээ гэж харж байна. Одоогийн парламентын 53 хувь буюу тавиас яльгүй дээгүүр дүн үзүүлэлттэй Монгол ардын нам Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, парламентын спикер асан Г. Занданшатарыг шинэ Ерөнхий сайдад дэмжлээ. МАН-ын Бага хурал хэмээх тус намын дүрмийн байгууллагаас өмнөх жишгүүдээс харьцангуй оноотойгоор Г.Занданшатарыг дэвшүүлэн, ийнхүү Ерөнхий сайдад тохоон байгаа эл явдлыг тус намын өнөөдрийн өнгө дэх сонголт нь байсан юм болов уу гэдгээр хүлээн авч ойлгож байна.
-МАН одоо Засгийн газраа байгуулах учиртай. Дангаараа байгуулаад явах боломжтой гэж харж байна уу?
-Агуулгын, чанарын тоо л бодох хэрэгтэй. Миний харсан тоо бол маш энгийн, парламент дээр асуудал давах өнцгөөс нь харвал, 126- аас МАН одоогоор 53 хувийг эзэлж байна гэдэг бол яг цэвэршүүлсэн, тунасан жингээр нь тооцвол 43 хувьтайгаар асуудлыг шийдэх болно гэсэн үг. Энэ бодит нөхцөл. Нөгөө боломж нь МАН 68 кнопоо цэргийн командаар 100 хувь удирдаж чадвал асуудлыг 53 хувьтайгаа шийдээд байх нэг өнцөг. Гэвч ийм боломж бодит дээр, амьдрал практик дээр биелэх үндэслэл бараг үгүй. Бодит зураг ингэж л харагдаж байна.
-Хэрэв ИЗНН-д Засагт хамтраач гэсэн санал ирвэл зөвшөөрөх үү?
– Эх, эрэмбийн дараалал гэж бий. Төр төв хүнд, цэвэр тунгалаг, мөн зарчмын дарааллыг баримтлах ёстой. Эхлээд МАН-ын Бага хурлын шийдвэр давах ёстой даваагаа даваг. Парламент томилдог. Дараа нь шинэ Ерөнхий сайд албажаад, шинэ засгийн бодлогоо томьёолоод, бүтцээ зураад бас нэг тоо бодно биз ээ. Үүний дараа тэд хэнтэй хамтарч, хэнд урилга өгөх, яаж ажиллах нь тэдний сонголт. Тэд залбал, уривал бид яахаа, хэрхэхээ бодно, ярилцана, шийднэ.
-Шинэ засгийн хамгийн түрүүнд хийх ажлыг юу байгаасай гэж бодож байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн цаг үе гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй . Ялангуяа эдийн засгийн тогтворжилт ба хөрөнгө оруулалтын орчныг нэн чухлаар анхаарахгүй бол маш ноцтой нөхцөлд байна. Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэд ихээхэн хамааралтай хэвээр байгаа энэ үед Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад хөрөнгө оруулалтыг татах, жижиг дунд бизнесийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхийг цаг бүр хүлээж буй. Тэр дундаа уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ төслүүдийг идэвхжүүлэх хүлээлт байна. Дараагийн асуудал авлига, хариуцлагын тогтолцоо үнэндээ байхгүй боллоо. Энэ чиглэлээр төрийн тунгалагшил, зарчмын хариуцлагын үнэмлэхүй том өөрчлөлтөд чармайж, цаг үеийн нэхэгдлийг мэдэрч ажиллах ёстой. Нийгмийг хэрж, эрүүл нийгмийн боломжийг алдагдуулсан ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, хариуцлага тооцох бодлогыг илүү эрчимтэйгээр хэрэгжүүлэх нь чухал. Тунхаг ярьсаар байтал улсаараа живлээ. Мөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг нийгмийн салбаруудын шинэчлэл хурдацтай хийгдэх хэрэгтэй. Шинэ технологи, ирээдүйн чадварт суурилсан боловсролын реформ , эрүүл мэндийн даатгал, чанартай тусламж үйлчилгээ, орон нутгийн салбарын хөгжил, орон сууцны үнийн өсөлт, нийтийн тээврийн шийдэл зэрэг олон асуудлууд шил шилээ даран хүлээгдэж байна. Эцэст нь 3.5 сая хүний амьдралын чанарыг сайжруулах нь туйлын зорилго байх хэрэгтэй.
-Нүүрсний үнэ буурсан, валютын ханш нэмэгдсэн гээд эдийн засаг амаргүй байна. Энэ бүхнийг засч залруулахын тулд одоо ямар арга хэмжээ авах вэ?
-Нүүрсний үнэ буурахаар, ам.долларын ханш өсдөг нь еэвэнгийн хоёр тал шиг болоод хэвшиж. Араас нь гадаад валютын хомсдол , импортын барааны үнэ өсөх (инфляц), улсын төсвийн орлогын тасалдал (экспортын татварын орлого буурах), зээл, өрийн дарамт нэмэгдэх гээд зовлон шил шилээ даран үүсдэг. Шийдэл тодорхой. Гадаад валютын нөөц нэмэгдүүлэх бодлого. Гадаадын хөрөнгө оруулалт татах. Мэдээж итгэлийг бий болгож байж хөрөнгө орно. Экспортыг төрөлжүүлэх. Энд нүүрснээс хэт хамааралтай байдлыг бууруулахын тулд алт, зэс, хөдөө аж ахуй, IT, аялал жуулчлалын салбарыг дэмжих зэрэг эдийн засгийг солонгоруулах.
Нөгөөтэйгүүр, төсөв сангийн бодлогын сахилга бат, хэмнэлт, эрэмбэ, ач холбогдлын уялдааг ус агаар мэт зохилдуулах, энэ дархлааг бэхжүүлэн хангах. Мөнгө, сангийн бодлогын уялдаа, зохицуулалт нэн чухал. Импортыг орлуулах бодлого үгүйлэгдэж байна. Нэмүү өртөг шингээсэн бараа, үйлчилгээг дотооддоо бий болгож, валютын урсгалыг сааруулах гэх зэрэг хийх ажил хүлээгдсээр байна.
-Манай улсын одоогийн нөхцөлд Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах боломж бий юу?
-Эдийн засгийн агуулгаараа бол яг энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах бодит боломж хязгаарлагдмал. Учир юу вэ гэхээр төсвийн орлогын дарамт өндөр байна, дарж лаахайдсаар. Нийгмийн даатгалын шимтгэл нь улсын төсвийн томоохон эх үүсвэрүүдийн нэг. Нүүрсний үнэ буурч, экспорт хумигдаж, төгрөгийн ханш суларсан үе үргэлжилж байна. Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэр, тогтвортой байдалд эрсдэл бий зэрэг шалтгаанууд харагддаг. Гэхдээ даатгалын тогтолцооны реформ хийх замаар бол болно.Эхлээд шимтгэлийг хэсэгчлэн бууруулах шинэчлэл хийхээс эхэлмээр байгаа юм. Одоогийн олон даатгалын бүтэц, уялдаа муу тул системийг шинэчилж нэгдсэн даатгалын тогтолцоонд шилжих байдлаар шат дараатай, системтэй, үр дүн гаргаж ажилламаар байгаа юм.
-Цахилгааны үнэ нэмэгдсэн нь иргэдийг бухимдуулж байгаа. Дээрээс нь саяхан ТЭЦ-3 дээр харамсалтай осол гарсан нь энэ салбарыг бүр хүнд байдалд оруулчихлаа. Улсаараа энэ өвөл хөлдчихгүйн тулд одоо яах ёстой вэ?
-Осол гарсан нь үнэхээр харамсалтай. ТЭЦ-3 дээр осол гарсан нь улс орны эрчим хүчний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэлийн тасралтгүй байдалд маш том эрсдэл. Ийм нөхцөлд Засгийн газар болон холбогдох байгууллагууд ухаалаг, шуурхай, системтэй арга хэмжээ авах нэн шаардлагатай гэж харж байна. Энд мэдээж Шуурхай осол гарсан тоног төхөөрөмжийн гэмтлийг богино хугацаанд оношлох, нөөц сэлбэг, хүн хүчийг бүрдүүлэх, бусад станцуудаас ачаалал шилжүүлэх боломжийг тооцоолох гэх мэт ажлуудыг хийх байх. Энэ бол богино хугацаандаа, яаралтай хийх ажлын дараалал. Харин дунд урт хугацаандаа станцын засвар шинэчлэлд яаралтай хөрөнгө төвлөрүүлэх онцгой чухал. Цаашилбал, эрчим хүчний салбарыг олон тулгууртай болгож, сэргээгдэх эрчим хүч, жижиг дулааны станцуудыг дэмжих бодлогыг шинээр идэвхжүүлэн, гэр хорооллын иргэдийг бага чадлын цахилгаан халаагуурт шилжүүлэн системийн ачааллыг бууруулах зэрэг арга ажлуудыг цогцоор цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй.





“Фронт цэгмид – Эв найрамдлын бэлгэ тэмдэг” киног үзүүлнэ
Эх орны дайны жилүүдэд Монгол Улсын үзүүлсэн тусламжийн тухай киног Сочид болж буй олон улсын кино наадамд толилуулна. Сочид Евразий...
8 цагийн дараа
Аав, ээж минь гүүгээ уяна гэх сургаар…
Ээжтэйгээ утсаар ярьж байтал удахгүй гүүгээ уяна, аав чинь гүүн зэл унаганы ногтоо авахаар өвөлжөөн дээрх байшин руугаа явсан гэдэг ...
7 цагийн дараа
МСНЭ-ээс уриалга гаргажээ
МСНЭ-ээс УРИАЛГА гаргажээ. Монгол Улсад ардчилсан, бие даасан, хараат бус хэвлэл мэдээлэл бүрэлдэн хөгжсөн сүүлийн гуч гаруй жилийн ...
7 цагийн дараа
Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна
Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажил үргэлжилж байна. Явган зам засвар...
6 цагийн дараа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаага...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд