Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 18

Валютын ханш

value

гадаад

Цэргийн тусгай ажиллагаа эхлэв

trend

Админ

img

2025 оны 6 сарын 16

img

172

news-img

Өнгөрсөн бямба гаригийн өглөө Ираны төдийгүй Израилийн иргэд огт өөр улсад сэрцгээв. Учир нь энэ хоёр улс ганц шөнийн дотор Орос, Украинтай адил дайны байдалд шууд шилжив. Израилийн энэхүү цохилтын хохирлын цар хүрээ, Исламын хувьсгалт гвардийн корпусын удирдах албан хаагчид болон бусад цэрэг, аюулгүй байдлын албан тушаалтнууд нэгэн зэрэг амиа алдсан тоо үнэхээр бүх хүнийг цочирдуулж, гайхшируулав. Иран-Иракийн 1980-аад оны дайны үеэр ч Иран ийм их хохирол амсаж байсангүй. Харин Израиль цэргийн ажиллагаа дуусаагүй гэж мэдэгдэв.

Израилийн Батлан хамгаалахын сайд Исраиль Кац “Израилийн Агаарын цэргийн хүчин энэ сарын 13-ны баасан гаригт шилжих шөнө Ираны нутаг дэвсгэрт урьдчилан сэргийлэх цохилт хийж, Иран дахь цөмийн хөтөлбөр болон бусад цэргийн байгууламжтай холбоотой олон арван объектод цохилт өгсөн” гэсэн бол Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Бид Ираны цөмийн баяжуулах хөтөлбөрийн гол цөмд цохилт өглөө. Мөн Ираны баллистик пуужингийн байгууламжуудад цохилт өгсөн. Иран бидэнд хор хөнөөл учруулах томоохон хүчин чадалтай хэвээр байна. Шаардлагатай бол энэ үйл ажиллагаа үргэлжлэх болно” гэж мэдэгдэв. The Times of Israel сонин “Израилийн Батлан хамгаалах хүчин Ираны цөмийн хөтөлбөрийг онилсон “Арслан-иргэд” нэртэй цэргийн тусгай ажиллагаа явуулсан. Иран улс хэдхэн долоо хоногт 15 цөмийн бөмбөг бүтээхэд хүрэлцэхүйц уран баяжуулсан нь тодорхой болсон тул Израиль энэ аюулын эсрэг шуурхай арга хэмжээ авах шаардлагатай болсон юм. Ираны Тегеран болон бусад хотод олон тооны дэлбэрэлт болж, Натанз хот дахь газар доорх цөмийн байгууламж нь устгагдав” гэж мэдээлэв. Рейтерс зэрэг барууны мэдээллийн агентлагууд Ираны хиймэл дагуулаас авсан Ираны Натанз хот дахь газар доорх цөмийн байгууламжийн устгагдсан зургийг нийтэлж “Израилийн Агаарын цэргийн хүчин Иран дахь цөмийн болон цэргийн байгууламжид халдаад зогсохгүй Исламын Бүгд Найрамдах улсын цэрэг, шинжлэх ухааны удирдлагыг онилсон цохилт хийсэн байна. Энэхүү цохилтын улмаас Исламын хувьсгалыг хамгаалах корпусын командлагч Хоссейн Салами, Агаарын хүчний командлагч Али Хажизаде, Жанжин штабын шуурхай удирдлагын газрын орлогч дарга Рабани Мехраби, Тагнуулын газрын дэд дарга Мехди Рабани тэргүүтэй 20 генерал, Ираны цөмийн эрдэмтэн Ферейдун Аббаси-Давани, Мохаммад Мехди Тегеранчи зэрэг найман эрдэмтэн гэртээ унтаж байхдаа дэлбэрч амь үрэгдсэн байна. Мөн Ираны дээд удирдагч Аятолла Хаменеигийн зөвлөх Али Шамхани хүнд шархадсан” гэж мэдээлэв. Энэ сарын 14-ний шөнө Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан дээр Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси “Израилийн цохилтын үр дүнд Ираны U-235 ураныг 60 хувь хүртэл баяжуулан түлш үйлдвэрлэх туршилтын үйлдвэр устгагдсан. Ираны Натанз дахь уран баяжуулах үйлдвэрийн нэг цэгийн орчин цацраг болон химийн бодисоор бохирдсон байна” гэж мэдээлэв.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “Израилийн эсрэг хатуу хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдэв. Үнэхээр ч Иран эхлээд 100 дрон маргааш нь 100 баллистик пуужингаар Израиль руу довтлов. Дронуудыг АНУ, Израилийн агаарын хүчин Израилийн нутагт орохоос нь өмнө устгасан бол харин баллистик пуужингууд Израилийн хотуудад хохирол учруулж, гурван хүн амь үрэгдэж, 150 хүн шархадсанаас хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Ираны энэхүү цохилтын дараа Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац “Иран манай энгийн иргэдийн объект руу пуужин харваж “улаан шугам” давлаа. Бид Израилийн иргэдээ үргэлжлүүлэн хамгаалж, Аятоллагийн дэглэм энэхүү бузар, муухай үйлдлийнхээ төлөө өндөр үнэ төлөх болно” гэж мэдэгдэв. Үнэхээр ч Израилийн Агаарын хүчин энгийн иргэдийн хот суурин байтугай Ираны нефть, байгалийн хийн байгууламжид цохилт өгөөгүй билээ. Иймээс өнгөрсөн баасан гаригт Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Ираны омог бардам ард түмэн Исламын бүгд найрамдах улсын удирдлагын эсрэг босохыг би уриалж байна. Исламын энэ дэглэм өөрт нь юугаар яаж цохилт өгснийг, цаашид ямар цохилт өгөхийг ч мэдэхгүй байна. Энэ дэглэм өмнө нь хэзээ ч ийм сул дорой байгаагүй. Энэ бол та нар босож, өөрсдийн зүрх сэтгэлд байгаа хүслээ биелүүлэх боломж юм. Та нарыг бараг 50 жилийн турш дарангуйлсан Исламын дэглэм манай улсыг сүйрүүлэхээр заналхийлж байна. Манай засгийн газрын Ираны эсрэг явуулж буй энэхүү цэргийн ажиллагааны гол зорилго нь Исламын дэглэмээс бидэнд учруулж буй цөмийн аюулаас урьдчилан сэргийлэх явдал” гээд Исламын дэглэмийн эсрэг боссон Ираны иргэдийн 2022 оны эсэргүүцлийн жагсаалын “Эмэгтэйчүүдэд амьдрал, эрх чөлөө!” гэсэн уриагаар үгээ дуусгасан юм. Маргааш нь буюу бямба гаригт Израилийн армийн Агаарын хүчин дахин томоохон довтолгоо хийж Ираны баруун нутгийн Хамадан, Табриз хотуудад байрлах агаарын цэргийн хоёр баазад агаарын цохилт өгч, Табриз дахь цэргийн баазыг нь бүрэн устгав. Ийнхүү Израилийн арми эхний цохилтоор л Ираны Агаараас хамгаалах хүчин болох Оросын системийг бүрэн устгасан нь тодорхой болов. Цэргийн шинжээчид “ОХУ-ын агаараас хамгаалах С-200, С-300 системүүд найдваргүй зэвсэг болохоо батлав. НАТО оросуудын магтаад байдаг агаараас хамгаалах системээс нь эмээх шаардлагагүй юм байна” гэж мэдээлэв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Иранд одоо ч АНУ-тай уран баяжуулах асуудлаар хэлэлцээ хийх боломж байна” гэж мэдэгдэн АНУ-ын Тэнгисийн цэргийн командлалд “USS Thomas Hudner” тэргүүтэй байлдааны хөлөг онгоцуудаа Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү хөдөлгөх тушаал өгсөн бол Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Израилийн Иранд цохилт өгсөн явдалд Вашингтон ямар ч хамаагүй. Иймээс Ираныг бүс нутаг дахь АНУ-ын хүчин рүү дайрахгүй байхыг уриалж байна” гэж мэдэгдэв. Харин Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багайи “Ираны эрх баригчид Израилийн цохилтын дараа АНУ-тай цөмийн хөтөлбөрийн талаар цаашид хэлэлцээ хийх нь утгагүй явдал гэж үзэж байна. Израиль Вашингтоны зөвшөөрлөөр Иран руу довтолсон гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдэв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотондоо өөрийн цөмийн хэлэлцээрийг “үргээхгүй байх”-ыг гуйсан ч Израиль Иранд агаарын цохилт өгч, цөмийн байгууламжууд, баллистик пуужингийн үйлдвэрүүд, нисэх буудал, агаараас хамгаалах хүчин болон цэргийн командлагчдыг нь устгав. Аргаа барсан Исламын дэглэмийн талынхан олон нийтийн сүлжээнд Израилийн F-35 байлдааны онгоцыг сөнөөж буй хуурамч бичлэг тавив. Ийнхүү Сирид Ираны талын Асадын дэглэм нурж, Ливанчууд Ираны талын террорист Хезболла дэглэмээс салан өөрийн бүрэн тусгаар тогтнолыг олж, Ирак, Йеменд Ираныг дэмждэг зэвсэгт бүлгүүд суларч эцэст нь Аятолла Хаменеигийн Исламын дэглэм өөрсдийн хийсэн бүхний үйлийн үр болох Израилийн “Арслан-иргэд” цэргийн тусгай ажиллагаатай нүүр тулав. Нийт 200 сая хүн амтай улсуудын цэргийн бүлэглэлүүдийг ердөө 10 сая хүн амтай Израилийн арми бүрмөсөн ялах явдал төгсөх шатандаа оров. Израилийн армийн энэ ялалтын гол ач холбогдол нь түрэмгийлэгчидтэй яаж “ярилцах”-ыг ардчилсан улсуудад заасан бодит хичээл байх болно.

 

Бэлтгэсэн:Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ҮСХ: Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөг байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 53.7 мянган а...

img

8 цагийн дараа

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуу...

img

7 цагийн дараа

Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ. Анхны хуралдаанаар дөрөв асуудал хэлэлцэж, гу...

img

7 цагийн дараа

Төрийн тогтворшил

Засгийн газар тогтворгүйжлээ, төрийн бодлого алдагдлаа гэх сэдэв хүн болгон ярих боллоо. Ер нь Засаг тогтворгүй болох гэдэгт ямар ут...

img

7 цагийн дараа

Нүүрс тээврийн жолооч Б.Далхжав: Намраас ирээрэй, бид дуудна гээд жолооч нарыг буцаасан даа

Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийн жолооч Б.Далхжаваас одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа. -Гашуунсухайт-...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Энхболд.х

Бүх юм зэвсгийн хүчин чадалд байдаг гэдгийг харуулж байна даа.бас эхэл цохилт хийсэн тал нь давамгайлж байна,аймшигтай яа…

trend

эмгэнэл

…эмгэг

Онцлох нийтлэлүүд