Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Тэнгэрийг тольдсон “Ширээт” нуур

trend

Админ

img

2025 оны 6 сарын 16

img

28

news-img

Бага байхад хичээлээ хийхгүй бол “Мал дээр гараарай” гэж ээж аав минь зэмлэдэг байсан сан. Тухайн үед муу сурдаг хүн л малчин болдог юм байна гэх бодол минь буруу байсныг их л хожуу ухаарах шиг. Өглөөний наран мандаж, үдшийн саран гийтэл малчин айлын нэг өдөр тун завгүй. Их хотын амьдралдаа аль хэдийн дасчихсан надад сүлжээгүй газар байх дэлхий ертөнцийн элдэв сониноос тасраад үлдчихсэн мэт л санагдаж байлаа.

Манайхан хаваржаандаа эм малын саравч барьж, би гэрээ сахиж, хоол унд бэлддэг байв. Үдийн ундаа хийх санаатай галаа түлж, цайгаа үйчхээд ойр зуур дуран тавив. Их л танил цагаан машин манайхыг зорин наашлах аж.

“Энэ чинь одоо манайд ирнэ л гээд байсан. Нээрээ л хүрээд ирж байгаа юм байхдаа” гэсээр гарвал оюутан насны үй зайгүй хоёр найз минь Улаанбаатар хотоос манайхыг сурагласаар бүр олоод иржээ.  Ингэж л Монгол орны төв хэсэг, Хангайн уулсын дунд, далайн түвшнээс дээш 2400-3216 метрт орших “Найман нуур”-ын зүг зорих болсон юм.

Хамаатны хоёр ах, үеэл дүүгээ хамт явахыг гуйж, Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэлмий гийсэн Өвөрхангай аймгийн Уянга сумыг үд дундын хэрд гурван мотоциклдоо сундлалдан хүлгийн жолоо заллаа. Зорьсон газар хүртэл 100 орчим километр. Замын ихэнх хэсэг нь бартаа ихтэй шороон зам учир туулах чадвар сайтай машинаар юм уу мотоциклоор  явах нь элбэг. Харин “Хүйсийн Найман Нуур”-ын бүс нутаг орчим нь мод, хад чулуу, намаг шалбааг, гол,ус ихтэй бөгөөд машин явахад хүндрэлтэй, боломжгүй тул зөвхөн морь, сарлаг эсвэл явганаар аялах боломжтой аж. Даруулж, багласан цүнх алдуурсныг эс тооцвол хангай нутгийн сүрлэг уулс, хадан хавцал, нуранги зэрэг байгалийн сайхныг үзэв. Нар жаргахаас л урьтаж нуурын мандал харах зорилготой байсан учир замаа товчлон модтой уулсын оройгоор давхиж гарлаа. Салаа бүрээс нь ус ундарч, сайхан “Шуранга”-ын гол нь харгин урсах, “сарлаг” хэмээх сүрлэг амьтны эх оронд ийнхүү хөл тавив. Ганганах шувуудын жиргээ, гадаа барилдах үрсийн хөхрөөн, голын урсгал, исгэрэн шуугих моддын чимээ нэгэн дор цогцолсныг гайхан биширснээ нуух юун. Ааруулын тосонд бор толбо суусан болон жуулчны бааз бололтой гэрүүдийн хажуугаар хөгжим хангинуулсан машины цуваа ч тасрах шинжгүй.

“Ширээт”, “Баян-Уул”, “Халиут”, “Бугат”, “Хаяа”, “Шанаа”, “Дөрөө” , “Хүйс” хэмээн нэрлэгдсэн найман нуур нь хоорондоо газар доор усны судлаар холбогдсон ба “Шанаа” нуур нь гантай жил ширгэж, хуртай жил нийлж байдаг аж. Ногоон, ягаан, хар дээлээр ижилсэж, алчуур зангидан явсан бид  ч “Ширээт” нуурын зүг  хурдлав. Айлын ноход хуцан давхихад шилбүүрээрээ цохих гэж аядвал нэг маань хазуулахаас айсан уу гэлтэй хөлөө өргөн хашхирлаа. Хөгжилтэй, хөгтэй ч бартаат замыг туулсаар “Ширээт”-ийн даваан дээр гарч ирэв. Гэнэт л нүдний өмнө улаа бутарсан тэнгэрийн хаяаг усны мандалдаа буулгасан  “Ширээт” нуур цэлэлзэн гарч ирэхэд өөрийн эрхгүй уулга алдаж, гайхан бишрэв. Олон саад, бартаат замыг туулж энэ л агшныг харахын төлөө тэмүүлж ирсэндээ сэтгэл дүүрэх шиг санагдлаа.

Хувьтай хүн хур борооноор….Удалгүй л хойд зүгээс бараан үүлс дүнхийж, аянга цахилах нь алс хол харагдавч, тэнгэрийн дуу нүсэр сонстоно. Ингээд бид нуурын хажууд очиж хоноглохоор болов.

Уулын бэл рүү явах зам эвдрэл, нугачаа ихтэй агаад нэг л жолоо алдвал ямар ч аврал үгүй мэт. Эгц налуу газар, чулуу элбэгийг ч хэлэх үү бэл рүү хармагц л зүрх савлам. Харин хясаанд нуугдсан сувд мэт “Ширээт” нуур л тайвнаар орших аж. Тийм дээ ч бартаа саадыг  давж, бор хон нүдээ мэлмэрүүлэхээр олон хүн зорьдог биз ээ. Зуны оройн салхинд шилмүүст, шинэс, хушин ой мод салхины аясаар найгаж, хар тарлан сарлагууд уулын энгэрт идээшилсээр. Борооших аястай, үдшийн бүрий гийж байсан тул бид нуурын эрэгт орших “Найман нуур” хэмээх жуулчны бааз жуулчны баазыг зорилоо. Европ, Монгол хоолны ресторан, жуулчин хүлээж авах арав орчим гэр, орчин үеийн стандарт бүхий шүршүүр, ариун цэврийн өрөөг шийдсэн нь тун аятайхан.

Уяхан байгалийн тансаг үнэрт тас цохиулсан мэт унтаж орхисон биднийг нэг л мэдэхэд нар ээж айсуй. Дээр үеийг санагдуулам цоохор модон тавилгаар тохижуулсан дөрвөн ханатай гэрийн тооноор саглагар моддын орой харагдах нь хэн хүний сэтгэлийг хөглөх ч буцах цаг болсныг илтгэнэ. Ахархан цаг хугацаанд амжиж айлчилсан бид нууртаа жаргалтай шувууд шиг л хорогдож ядна. Хойтон жил бүгдийг нь үзнэ ээ гэсээр нутгийн зүг буцлаа.

 

Э.ЖАВЗАНДУЛАМ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн про...

img

8 цагийн дараа

Канцлер Фридрих Мерц: Би энэ дэглэмийг нуран унаасай гэж хүсч байна

Канадын Кананаскис хотноо болж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрт орхин Вашингтон руу буц...

img

7 цагийн дараа

Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай нар Монгол Улсын Их Хурлын тухай хуу...

img

7 цагийн дараа

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Гэвч механик гэмтэл ...

img

7 цагийн дараа

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 19-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд