мэдээ
Ч.Номин: Би зарчмаа дагасан

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 6 сарын 23

70

Улсын Их хурлын гишүүн, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номинтой ярилцлаа.
-Шинээр засаг бүрдэхэд яагаад ССАЖЗ-ын сайдын албан тушаалдаа хэвээр үлдсэнгүй вэ. Таны хувьд би болно гээд зүтгэсэн бол үлдчих магадлалтай байсан байх гэж хараад байна л даа?
-Би зарчмаа дагасан. Аливаа баг хамт олны ололт амжилт нь хамтынх байдаг бол үүрэг хариуцлага нь ч хамтынх байх ёстой гэж үзсэн учраас дараагийн засагт орохгүй гэдгээ илэрхийлсэн. Нэгэнт ард түмний төлөөллийн төв байгууллага болох УИХ манай засагт итгэл үзүүлэхгүй гэдэг шийдвэрээ гаргасан байхад уг шийдвэрийг хүндэтгэх нь улс төрийн соёл юм. Таны хэлснээр ажлаа цааш нь үргэлжлүүлэх боломж байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай нам боловсон хүчний өргөн нөөцтэй, салбар удирдаад явчих боловсрол чадамжтай хүн олон бий. Хааяа бас хойшоо зогсож бусдадаа боломж олгох нь зөв гэж бодсон.
-Улс төрд орсон цагаасаа хойш нэг их акц, элдэв зүйлд нэгдээд байгаа харагддаггүй байсан. Гэтэл сая намынхаа гишүүдтэйгээ хамтран Удирдах зөвлөлдөө шаардлага хүргүүлсэн. Үүнийг нь МАН-ын бүлэг хагаралтай байна ч гэж яриад байгаа. Яагаад ийм зүйл хийх болов оо?
-Нэгдүгээрт, залуу гишүүдийн МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн бичгийг би ёс зүйн болон зарчмын шаардлага гэж үзэж байгаа. Сүүлд хийсэн ҮХНӨ-ийн амин сүнс нь парламентын ардчиллыг улам бэхжүүлэх зорилго байсан. Энэ утгаараа хагарал хуваагдал гэхээсээ илүү манай намын дотоод ардчиллыг харуулж байгаа болов уу гэж харж байна. Мэдээж Засгийн газарт байхад кабинетын зарчмаар ажиллах ёстой. Дээрээс нь засагт байх үедээ энд тэнд илүү дутуу тайлбар, акц, популист улс төр хийж байснаас урдах ажлаа хийж, ажлынхаа үр дүнгээр л харуулъя гэдэг байр суурьтай байсан. Засгийн газрын гишүүн үнэхээр ажлаа хийе гэвэл маш их, толгой өндийх завгүй их ажилтай байдаг. Мөн 24 жилийн хугацаанд яамгүй байсан, “Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг” ийш тийшээ харсан, бодлого нь тодорхойгүй салбарыг хүлээж авсан учраас соёлын салбарын суурь бодлого, тогтолцоог бүрэн болгож, суурийг нь зөв тавихгүй бол цаашдаа тогтвортой байхад асуудал үүсэх юм байна гэж бодсон. Ийм ч учраас Ч.Номин гэж хүн сайд болж энэ салбарыг хариуцаж ажиллахдаа суурийг нь бат бөх тавих үүрэг хариуцлагыг өөртөө өгсөн. Цаг хугацаатай уралдаж ажлаа хийх шаардлага байсан. Саяны шаардлага дээр бол ажлаа өгнө гэдгээ илэрхийлсэн байсан учраас үүнээс цаашаа миний улс төрийн ажил буюу ард иргэдийн төлөөлөл болж байгаа ажилдаа шамдан орсон эхлэл энэ байсан. Энэ 30 гишүүн дотор хамгийн настай болон хамгийн залуу гишүүн маань ч багтаж байгаа. Ер нь шинээр бүрдсэн УИХ маань парламентыг төгөлдөршүүлэх, сонгодог парламентын чиглэл рүү илүү хандах гэдэг утгаараа нийт гишүүдийн 80 гаруй хувь нь шинээр сонгогдсон хүмүүс байгаа.
Цаашлаад МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийн 50 хувь, сонгогдсоноос 57 хувь нь анх удаа сонгогдсон шинэ гишүүд байгаа юм. Энэ бол нийгэм, цаг үе, ард иргэдийн хүлээлт, хандлага өөрчлөгдөж байгаагийн нэг илрэл гэж би харсан. Тэгэхээр цаашдаа аливаа улс төрийн шийдвэрүүдээ эв санааны нэгдэл, тэгш боломж дээр суурилж, хамгийн гол нь мэргэжил, ур чадварыг илүүтэй шалгуур болгож, сонгогдсон хэлбэр, нас, хүйс харгалзахгүйгээр оролцоог нь хангаач ээ л гэдэг зарчмын санал байсан. Би маш зөв санал гэж үзсэн учраас дэмжиж оролцсон. Манай нам цаашдаа энэ зарчмыг аливаа бодлого, шийдвэртээ шингээж явах юм бол нийгмийнхээ дуу хоолойг сонсож, цаг үетэйгээ уялдаж, шинэчлэгдэж, илүү дэвшилтэт чиглэл рүүгээ явах байх гэж бодож байгаа. Иргэд сонгогчид түүний дотроо нам улс төрөөс залхсан залуусын итгэлийг сэргээх эрүүл алхам байсан гэж итгэж байгаа.
-ССАЖЗ-ын яамыг нийтдээ бараг таван жил толгойлж ажилласан. Та ч яриандаа сая дурдлаа. Тэгэхээр энэ яам, салбарынхаа суурийг хэр сайн тавьсан гэж дүгнэж байна вэ?
-Та ч бас өөрөөсөө асуугаарай. Монгол бол соёл урлаг хөгжөөгүй орон гэж хэлэх хүн цөөхөн байх. Миний хэр сайн ажилласныг манай салбарын хамт олон дүгнэнэ. Хоёрдугаарт, ард иргэдэд нөлөөлж байгаа бодлого, үр дүнгээр хэмжигдэнэ гэж бодож байна. Нөгөө талдаа бодлого, тогтолцоо сууриараа зөв тавигдаж чадвал жил ирэх тусам үр өгөөжөө өгсөөр байна гэж хардаг. Хувь хүнийхээ хувьд би аливаа зүйлийг хийхдээ суурь судалгаатай, судалгаан дээрээ суурилсан бодлоготой, хэрэгжүүлэх стратеги зорилттой, өдөр тутам хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажилладаг. Тийм болохоор өөрийнхөө хувьд хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлуудаа хангалттай хэмжээнд хийсэн гэж бодож байна. С.Чулуун бол ковидын үед сайд болсон. Яамаа амжилттай эмхлээд, ажилчдаа аваад л таарсан. Тэр хүнээс би “дөнгөж төрсөн хүүхэд” өлгийдөж аваад одоо бол ямар ч байсан хөлд, хэлд оруулсан. Үүнээс цаашаа гүйж, түүчээлэх, манлайлах бол дараа дараагийн сайдын хийх ажил. Сайд байна, төр эмхлэх ажилд оролцоно гэдэг бол бие биедээ бамбар шилжүүлэх буухиа гүйлт байдаг юм байна. Тэр бамбарыг хэрхэн асааж явах нь тухайн үеийн сайдаас шалтгаалдаг юм байна гэж бодсон. Миний хувьд бамбараа арай илүү гэрэлтүүлж, тод болгоод дараагийн сайдад хүлээлгэн өгсөн болов уу гэж бодож байна. Гэхдээ дандаа нэг яамны хавсарга болж, эсвэл яамгүй байж ирсэн салбарын бодлого бараг байхгүй болчихсон байсантай ялгаагүй. Хаа очиж манай салбарт сэтгэл зүтгэлтэй уран бүтээлчид, соёлын өвийн төлөө зүтгэлтэй ахмадууд, яам болон харьяа байгууллагуудын сэтгэл зүтгэлтэй хамт олон маань байсан учраас энхэл донхолтой ч гэсэн яваад ирсэн. Яам аваад бидний хувьд тав орчим суурь хуулийг нь батлуулсан. Монгол орны хэмжээнд байгаа 480 гаруй байгууллагын тогтолцоог нь бүрэн болголоо. Анх ажил авахад соёл урлагийн салбарын ажилчдын цалин 700 мянган төгрөг байсныг 70 гаруй хувиар нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын дундаж цалингийн хэмжээнд очсон. Дээрээс нь бусад салбар шиг хөдөө орон нутгийн нэмэгдэл, олон жилийн урамшуулал авдаг тогтолцоо ороод ирэхээр хүний нөөц тогтвортой болж байна. Үүнийг дагаад манай салбарыг сонирхож ирдэг ажилчид, уран бүтээлчид нэмэгдэж байгаа гээд том агуулгаараа салбарын хууль эрх зүйн орчин, бодлого, тогтолцоо, хүний нөөцийн суурь нь маш сайн тавигдсан болов уу гэж харж байгаа. Нөгөө талдаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийг эдийн засагжуулах, өв соёлоо хадгалах, соён гэгээрүүлэх ажлыг нэмэгдүүлэх, соёл, спортын нөөцөө ашиглан улсаа олон улсад сурталчлах, үүгээрээ буцаад эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг ажил дээр манай бодлого маш сайн гарч, хэрэгжилт хангагдаад явж байсан. Аялал жуулчлалтай ч мөн маш сайн уялдсан. Тэгэхээр ер нь бол цаашдаа хэн ч энэ салбарыг аваад явсан суурь нь бат бөх маш сайн тавигдсан.
-Өнгөрсөн хугацаанд таныг хамгийн их шүүмжилсэн гол зүйл бол Эрчим хүчний яамнаас гурав дахин их төсөвтэй яам удирдаж байна гэдэг зүйл байсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Энэ бол ташаа мэдээлэл. Эрчим хүчний салбартай харьцуулаад байгааг би гайхаад байдаг юм. Эрчим хүчний салбарт айл нэг бүр мөнгө төлдөг, энэ салбар орлого бүрдүүлдэг. Яг үнэндээ эрчим хүчний салбарын ноднин жилийн зарцуулалт 3.6 орчим их наяд төгрөг байгаа. Үүнтэй харьцуулахад манайх 6-7 дахин бага. Сайд хүн тухайн салбарын бодлогыг тодорхойлж гаргаж ирэх үүрэгтэй. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчинг сайжруулах, санхүү хөрөнгө оруулалт бий болгох, дэд бүтцийг бий болгох, хүний нөөцөө чадавхжуулах, бэхжүүлэх ёстой. Бид яг үүнийг л зорьсон. Түүнийхээ ч дагуу ажлаа хийсэн. Өнөөдөр гадаад, дотоодоос ирсэн бүх хүнд л Чингис хаан музейг үзүүлж байна. Хүүхэд, залуучуудад зориулсан соёлын орон зайнууд бий болж байна. Энэ агуулгаараа бидний хийх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг төсвөө нэмэгдүүлэх байсан. Яагаад гэхээр энэ салбар анхаарлын гадна хаягдсан байсан. Тийм болохоор хэн ч өнгийж төсөв тавьдаггүй байсан. Төсвийн 1.7 хувийг л соёлын салбарт зарцуулъя гэж байгаа шүү дээ. Намайг ажлаа авахад 0.9 хувь байсан. Хүн амаа соён гэгээрүүл гэчихээд нэг хүнд жилд 1000 төгрөг хүрэхгүй мөнгө тавьж байсан. Сайн хөөвөл нийгмийн бүх болохгүй бүтэхгүй зүйл хүний ухамсарт тулж ирж байна. Өнөөдөр бид гараад ярихаараа бүгд хүн төвтэй бодлого байх ёстой, хүний хөгжлийг нэн тэргүүнд тавь гэдэг. Шинээр байгуулагдсан Засгийн газрын хамгийн том мега төсөл бол хүний хөгжил юм гэж тодорхойлж байна. Тэгэхээр хүний хөгжил гэдэг зүйлийг чинь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт гээд зөөлөн хүчний бодлогоор бий болгодог. Сайхан эрүүл биетэй байгаад соёл оюуны ухамсаргүй байвал хамтаараа нийгмээ бүтээж чадахгүй. Хүний нүдэнд харагдаж, гарт баригддаггүй болохоор санхүү ямар хэрэгтэй юм гэж үзээд байх шиг байгаа юм. Мэдээж хүний анхдагч хэрэгцээнүүд чухал. Гэхдээ манайхан соёлыг анхдагч хэрэгцээ гэж харахгүй байгаад л учир байгаа юм. Манайхан соёлыг тансаг хэрэглээ, нэмэгдэх зүйл гэж бодоод байдаг. Тийм ч болохоор анхнаасаа маш бага төсөвтэй явж ирсэн болохоор нийгэмд нөлөөлөх хэмжээний ажлууд явагдаагүй. Тиймээс сайдын хувьд төсвөө нэмэгдүүлэх нь миний гол үүргүүдийн нэг байсан. Үүнийгээ ч хийсэн гэж бодож байгаа. Ямар ч удирдагч манай төсвийг багасгаад өгөөөч гэж явахгүй. Харин татвар төлөгчдөөс бүрдүүлж байгаа төсвийн зарцуулалт оновчтой, үр дүнтэй байгаа эсэхийг л сайн хянах ёстой. Манай улсын дийлэнх орлого ганцхан уул уурхайн салбараас хамааралтай. Гэвч залуус маань бүгдээрээ уул уурхайд очиж ажиллая гэж хүсэхгүй байна. Тиймээс ирээдүйн шинэ зах зээл, ажлын байрыг нэмэгдүүлэх зүйл рүүгээ бид одооноос хөрөнгө оруулж, бойжуулж явж байх нь маш чухал.
-“Монгол хаан” жүжгийг төрөөс санхүүжүүлсэн гэсэн хардлага байдаг. Мөн инфлүүнсрүүдийн асуудал байна. Үүн дээр тайлбар хэлээч?
-Албан ёсоор намайг соёлын салбарыг удирдаж байсан үед “Монгол хаан” жүжигт зориулан нэг ч төгрөг төсвөөс гаргаагүй гэдгийг хариуцлагатай хэлье. Харин монгол бүтээл дэлхийн тайзнаа гарсан түүхэн амжилттай он жилүүд байлаа. Манай улсад бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийг бий болгож байна. Лондон, Сингапурт тоглоход театр бүтэн дүүрч, билет нь дуусч байна. Бид Монгол Улсаа дэлхийд сурталчлан таниулах тусам манай улсын, хүн амын, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлдэг. Монголыг мэдэх тусам манай ноолуур, бусад бүтээгдэхүүнийг худалдаж авна. Дэлхийн улс орон болгон ийм байдлаар сурталчилгаагаа хийж өрсөлддөг. Ингэснээр тэр улсад итгэх итгэл, цаашлаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр, цалин орлого хүртэл өсдөг. Харин энэ жүжигт бид бодлогын дэмжлэг бол үзүүлсэн. Ингэж бодлогын дэмжлэг үзүүлж, монгол бүтээлүүдээ дэлхийд гаргах ёстой шүү дээ. Ингэх гэж л яам байгаа. Бид кино урлагийг ч бодлогоор дэмжсэн. “The Hu” хамтлагийг ч мөн бодлогоор дэмжсэн. Сүүлд гарсан “Уухай” хамтлаг ч ялгаагүй. Энэ бүхэн чинь л бодлогын дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Намайг сайд байхад янз бүрээр л хэлдэг байсан. Би олон жил бизнес хийсэн, ясны хөдөлмөрч ээж, аавын хүүхэд. Төрөөс нэг ч тендер авч үзсэнгүй. Өөрсдийнхөө цэвэр хөдөлмөрөөр аж ахуйгаа эрхлээд л явж ирсэн. Тэгэхээр надад төрөөс ямар нэгэн байдлаар өөртөө ашиг хонжоо харж ажиллах шаардлага байгаагүй, цаашид ч байхгүй. Миний хувьд энэ тайлбарыг хэзээ ч хийж байгаагүй. Харин ажил хөдөлмөрөөрөө харуулах нь л чухал гэж бодсоор ирсэн. Нөгөө талдаа дэлхийд биднийг мэдэхгүй хүмүүс олон байна. Гэтэл олон улсад өөрсдийгөө сурталчлах төсөв манай улсад байхгүй. Харин дэлхийн улс орнууд өөрийн улсаа сурталчлахын тулд жилд 10-150 сая ам.доллар зарцуулдаг. Ийм байхад бидэнд хамгийн том боломж нь маш баялаг түүх, соёл урлаг, өв соёлоороо эх орноо сурталчлах байсан. Тийм болохоор бид Морин хуурын чуулгыг олон улсад тоглуулсан. Чингис хааны үзэсгэлэнг Франц, Герман, Чех улсуудад гаргаж байна. Одоо дэлхийн чиг хандлага нөлөөлөлд суурьтай шийдвэр гаргадаг болсон. Тиймээс хүмүүст Монгол Улсыг таниулах нь чухал байсан. Тэгэхээр олон улсад сурталчлах стратегийг гаргасан. Энэ нь яадаг вэ гэхээр таниулдаг, түүнийхээ дараа байршдаг. Үүн дээр бас хүмүүс яагаад монгол компаниа ажиллуулахгүй байгаа юм гээд байдаг. Гэтэл дэлхийн 200 оронтой өрсөлдөх гэж байгаа учраас дэлхийн зах зээл, чиг хандлагыг мэддэг компанитай хамтарч ажиллах нь чухал байсан. Тийм ч учраас бид дэлхийн хамгийн том брэндүүдтэй өөрийн улсаа хамт байршуулж явсан. Олимп, Дэлхийн эдийн засгийн чуулган дээр очиж Монголиан хаусыг зохион байгуулсан. Энэ бүхнийг хийхэд Дэлхийн банк, хувийн хэвшлүүд бидэнд тусалсан, төсвөөс тодорхой санхүүжилт гарсан. Сүүлд ирсэн Ай Шоу Спийд гэхэд манай улсаас нэг ч төгрөг аваагүй. Хятад улсад ажлаар явж байсан. Менежментийг нь хийж байсан компанийн удирдлага нь таньдаг хүн байсан учраас боломж гараад урьсан. Маш олон зүйл хүн хоорондын харилцаан дээр л тулгуурлаж явдаг.
-Аялал жуулчлалын зөөлөн дэд бүтцийг сайжруулахын тулд ху-вийн хэвшлийнхэнд хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл олгох шийдвэрийг гаргаад одоо хэрэгжиж байгаа. Үүний ач холбогдол нь юу вэ?
-Аялал жуулчлал бол манай улсын ирээдүйд онц ач холбогдолтой маш чухал салбар. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа аялал жуулчлал 10 их наяд ам.долларын эдийн засаг байгаа. Дээрээс нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлдэг, 350 сая хүнийг ажлын байраар хангадаг. Ирэх 2030 он гэхэд нийтдээ 2 тэрбум хүн аялал хийнэ гэсэн судалгаа бий. Ковидоос хойш хүмүүс байгальд гарах, адал явдал хайх, эсвэл амар амгаланг хайсан байдлаар жуулчлах нь их болж байна. Энэ бүх соёл, байгаль, шашны нөөц нь манайд хангалттай байна. Тиймээс л энэ салбараа хөгжүүлж, дараагийн эдийн засгийг авч явах салбар болгох хэрэгтэй. Ингэхийн тулд хамгийн гол нь 100 хувь хувийн хэвшил суурьтай байх ёстой. Бостон консалтинг групп гээд дэлхийн 80 гаруй орны аялал жуулчлалын бодлогыг тодорхойлсон компанитай хамтарч, өөр улсуудтай хийдгээс 20 дахин бага зардлаар стратегиа хийлгэсэн. Ингэхэд шууд нислэгээ нэмэгдүүл, дотоодын нислэгээ тогтмолжуул, хөрөнгө оруулалтаа нэм гэсэн 14 тулгууртай, 2030 хүртэл хэрэгжүүлэх стратегийг тодорхойлсон. Стратегийг бүрэн хэрэгжүүлэхэд Монгол Улсад 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа гарч ирсэн. Төр бүх дэд бүтцийг хийх боломжгүй учраас хувийн хэвшлийнхэндээ зориулсан бага хүүтэй, урт хугацаатай зээлийг гаргаж байж дэд бүтцээ илүү хурдтай сайжруулна. Тийм болохоор бид энэ зээлийг гаргаад Монголбанк, арилжааны банкууд эх үүсвэрийг нь үүсгээд явж байгаа. Түүнээс гадна олон улсад спортын эдийн засаг гэж бий болсон. Дээрээс нь өндөр дээд хэмжээний тамирчдаараа бид улсаа сурталчилдаг. Монгол залуусынхаа бахархлыг төрүүлдэг. Бид үүн дээр судалгаа хийсэн. Манай улсын нэгдмэл байдлыг бий болгодог зүйлүүд бол соёлын, эдийн засгийн, нийгмийн, улс төрийн нэгдмэл байдал байдаг. Энэ дундаа ард иргэдийг хамгийн их нэгдмэл байлгадаг нь соёл байсан. Үүн шиг тамирчид дэлхийн тавцанд ялалт байгуулахад залуучууд бахархдаг. Дээрээс нь манай сагс, 3х3, волейбол, бокс гээд спортын төрлүүд эдийн засагжиж байна. Үүн дээр нь тулгуурлаж нийтийн биеийн тамирыг сайжруулах ёстой. Нөгөө талдаа соёл, спорт хоёр аялал жуулчлалын нэг томоохон бүтээгдэхүүн болж байна. Энэ утгаараа хоорондоо маш уялдаатай, эдийн засагт бодит хувь нэмэр оруулах бүрэн боломжтой салбарууд.
-Манай улсыг залуучуудын орон гэдэг. Харамсалтай нь залуучууддаа хандсан бодлого тааруу юм шиг санагддаг. Энэ тал дээр юу хийв?
-Манай орны нийт хүн амын 29 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүлэглээд үзвэл өсвөр насныхан, оюутнууд, дөнгөж ажлын байран дээр гарч байгаа залуус, тогтвортой карьер, гэр бүлтэй залуус гээд хуваагддаг. Бид НҮБ-тай хамтраад суурь судалгаагаа хийж, 2030 он хүртэл хэрэгжүүлэх долоон тулгууртай сратегиа гаргасан. Үүнд боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, ая тухай амьдрах орчин буюу орон сууцжуулалт, нийгмийн оролцоо, малчин залуус, гадаадад байгаа монгол залуусаа хэрхэн эх орондоо ирүүлэх вэ гэсэн суурь зорилтууд багтаж байгаа. Энэ дотроо “Миний анхны орон сууц”, “Анхны түрээсийн орон сууц” гэсэн хөтөлбөрүүдийг ГБХНХЯ-тай хамтран 150 мянган залуусыг орон сууцжуулах хөтөлбөр эхэлж байсан. Залуучуудын стратегийг хэн нэгэн сайд, эсвэл төрийн албан хаагчид гэхээсээ илүүтэй залуучуудынхаа оролцоог хангаж, орон даяар хэлэлцүүлэг хийж байж гаргахыг зорьсон. Төр ирээдүйн бүтээлч, эх оронч, инноваци суурьтай хүний нөөц, иргэдээ бэлдэхийн тулд хөрөнгө оруулалт хийж байж үр дүн гарна.
-Та бизнесээс улс төрд орж ирсэн. Жаахан хол хөндий байсан байх. Гэхдээ 4-5 жил нэг салбарт ажиллахаар бас ч гэж туршлага хуримтлагдсан байлгүй. Ер нь улстөрч байх, тэр дундаа залуу эмэгтэй улстөрч байх хэр байна вэ?
-Миний суурь мэргэжил санхүү эдийн засагч. Улс төрд орохоосоо өмнө нэг дор 400-1000 хүнийг удирдан ажиллаж байсан. Энэ агуулгаараа бизнес, хүн удирдах тал дээр тодорхой туршлага суусан. Энэ бүх туршлага надад сайдаар ажиллахад маш дэмтэй байсан. Ер нь гурван жил, өдөрт 7 цаг нэг ажлыг хийхэд мэргэшдэг гэсэн судалгаа байдаг. Ингэж үзвэл надад одоо тодорхой туршлага суусан. Гэхдээ улс төр гэдэг бол үнэхээр миний мэдэхгүй зүйл байсан. Миний хамгийн анх орсон Засгийн газар дөрөвхөн гишүүн сайдтай, бусад нь дан дээлтэй, илүү мэргэжлийн технократ кабинет байсан. Тийм ч учраас ажил маш хурдтай явдаг, илүү ажил хэрэгч байсан. Аль нэг тойрог усална, улс төрийн оноо авна гэж бодохгүй, зөвхөн салбарын хөгжил яригддаг байсан. Энэ үед маш их туршлага суусан. Гэвч залуу, эмэгтэй хүнд улс төр гэдэг үнэхээр хүнд юм байна. Гэхдээ тоглогчид биш, тоглоомын дүрэмд гомд гэдэг үгийг ойлгосон. Арай ч дандаа ийм бохир улс төр байсан гэж би боддоггүй. Одоо бол арай л хүнд болж байна. Гэвч цаг хугацаа, нөхцөл байдал арай өөрчлөгдөж байна гэж хардаг. Ардчилал ингэж л төлөвшдөг. Бизнесийн салбарт ажиллаж байхад шийдвэр гаргах түвшинд маш олон эмэгтэйчүүд байсан. Тийм ч болохоор хүйсийн тэнцвэргүй байдал, жендерийн хэвшмэл ойлголтын мэдрэмж төдийлөн авч байгаагүй. Харин улс төрд орж ирэхэд шийдвэр гаргах түвшинд маш цөөхөн эмэгтэйчүүд байсан. Түүнээс биш улстөрч эмэгтэйчүүд, сонгогчдын тоо бол маш их шүү дээ. Монгол Ардын Нам л гэхэд нийт гишүүдийн 60 хувь нь эмэгтэй байна. Тэгэхээр тоо ярихаасаа илүү шийдвэр гаргах түвшний оролцоо, хувь хэмжээ багассан нөхцөлтэй байсан. Харин одоо бол нийгэм, нөхцөл байдал, сонгогчдын боловсрол сайжирч байна. Үүнд 2023 онд хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоогийн УИХ-д 32 эмэгтэй гишүүн байгаа нь Ази тивдээ шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоороо нэгт орж байна. Цөөхөн эмэгтэй улс төрд байх нь онцгой содон зүйл байсан бол тоо нь нэмэгдсэнээр хэвийн зүйл болж, хэлбэрээсээ бодлого нь илүү яригдах боломжтой болж байна. Үүний жишээ маш тод харагдаж эхэлж байгаа. Манай Х.Баасанжаргал гишүүн гэхэд л маш идэвхтэйгээр жендерийн асуудлыг, О.Номинчимэг гишүүн хууль зүйн асуудлыг хөндөж байна. Эмэгтэй хүмүүсийг хэлбэр талаас шүүмжлэх явдал их байдаг. Би хурдан алхаж байна уу, үсээ шидэж байна уу гэдэг бол надад байдаг л хэлбэр. Энэ хэлбэрийн шүүмжлэлийг эрчүүд дээр гаргаад ирэх юм бол энэ ордон доторх шүүмжийг бичээд дуусахгүй байх. Гэхдээ одоо тоо нэмэгдсэнээр хэлбэр гэхээсээ илүү бодлогыг нь ярьдаг эрүүл чиглэл рүүгээ явж байна гэж итгэж байгаа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ





Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хоты...
8 цагийн дараа
Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчилж байна
Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ...
7 цагийн дараа
Улаанбаатар хотод орж байгаа бороо 2 цаг орчим үргэлжилнэ
2025.06.23-ны 16:22 цагийн байдлаар Улаанбаатар хотод орж байгаа бороо 2 цаг орчим үргэлжилнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 2025 оны 06-р...
7 цагийн дараа
Нийт нутгаар хуурайшил нэн их зэрэгтэй байгаа тул онцгойлон сэрэмжлүүлж байна
Зургадугаар сар гарсаар хур тунадас бага орж, аагим халуун өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх нөхцлийг бүрдүүлж байна. Ху...
7 цагийн дараа
BTS хамтлагийн гишүүн SUGA аутизмтай хүүхдүүдэд зориулж 13 тэрбум төгрөг хандивлажээ
BTS хамтлагийн гишүүн SUGA Severance эмнэлэгтэй хамтран “Min Yoongi” эмчилгээний төвийг байгуулжээ. Тус төвд 5 тэрбум в...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд