мэдээ
Ж.Чинбүрэн: Нас барсан хүүхэд бүрийн амь буруу мэдээлэл өгсөн нөхдүүдтэй холбоотой болно шүү

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 6 сарын 28

45

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс дараахь тодруулгыг авлаа.
-Эрүүл мэндийн төлбөртэй тусламж үйлчилгээний өртгийг нэмэгдүүлэх тухай яригдаж байна. Чухам яагаад ийм шийдвэр гаргаж байгаа вэ?
-Шийдвэр яг гараагүй байгаа гэдгийг хэлье. Төсвийн тодотгол хийж байгаа. Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байдалд орсон. Гол бүрдүүлэлт хийдэг нүүрсний үнэ унасан. Дэлхий дахинаа болж байгаа дайн тулаан, тогтворгүй байдал энэ бүхэн эдийн засагт маш хүчтэй нөлөө үзүүлж байгааг бид харж байна. Тийм учраас төсөвт зайлшгүй тодотгол хийхгүй бол болохгүй болсон. Энэ утгаараа бид дарга нарын тоог цөөлөх, давхардсан бүтцийг арилгах, бүтээмжтэй ажиллах бүх бололцоог ашиглаж аль болох эдийн засгийн хүндрэлийг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй байх бодлогыг Засгийн газар хийхээр оролдож байна. Үүнтэй холбоотой манай эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа гол асуудал бол Эрүүл мэндийн даатгалын төсөв хүрэхгүй байгаа. Үүнийг би байнга ярьдаг байсан. Төсөв дутаж байгаатай холбоотойгоор энэ ондоо эрүүл мэндийн салбараа яаж өөрийг нь тогтолцоогоор нь хэвтүүлчихгүй байх вэ гэсэн гаргалгааг гаргахаар элдэв янзын тоо бодож байна. Тэр тухайгаа л чуулганы хуралдаан дээр хэлсэн.
-Түүнээс биш одоогоор шийдвэр гараагүй юм байна, тийм ээ?
-Шийдвэр албажиж гараагүй. Төсвийн тодотголын дүн гарсны дараагаар тэр тоондоо уялдаж яаж хийвэл бид эмнэлгүүдээ өргүй, эмийн ханган нийлүүлэгч нар авлагагүй, эрүүл мэндийн салбарын ажилчид нь цалингаа бүрэн авах вэ гэдэг л асуудал яригдаж байна. Мөн эмнэлэг, иргэн хоёрыг сөргөлдүүлэх биш, зүй зохистой эмнэлгийн тусламж үйлчилгээг яаж чанартай хүргэх вэ гэдэг бодлого л гол ажил болчихсон явж байна.
-Төсвийн тодотгол, төрийн албан хаагчдын цомхотгол танай яаманд яаж нөлөөлөхөөр байна вэ?
-Хуулийн төсөл дотор эмч, эмнэлгийн ажилчдын тоог цөөлөхгүй гэж байгаа. Харин ч сувилагч, эрх баригч нарын хүрэлцээ тийм ч хангалттай биш байна. Тиймээс энэ чиглэлд ямар нэгэн цомхотголын асуудал яригдахгүй. Зөвхөн удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудал л яригдана.
-Сайдаар яваад очсон чинь эрүүл мэндийн салбар ер нь ямар байдалтай байна вэ?
-Сайдаар томилогдоод яг долоо хоночихлоо. Энэ салбараа мэдэх хүний хувьд шууд л ажилдаа орлоо. Хамгийн гол тулгамдаж байгаа нэгдүгээр асуудал бол өнөөдөр халдварт өвчин байсан. Би ганцхан тоо хэлье. Өнгөрсөн долоо хоногт улаанбурхан өвчний халдвараас урьдчилан сэргийлэх авах арга хэмжээний тухай ярьж байхад 8160 гаруй тохиолдлын тухай л ярьж байсан. Гэтэл долоо хоногийн дараа 9600 гарч, долоон хүүхэд эндчихлээ. Энэ асуудал дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол одоо зуны дэлгэр цаг болж байгаа. Халдвар тээдэг далд хугацаа урт, 10-14 хоног. Яг халдвар тээвэрлэж, тараадаг нь 10-14 насны хүүхдүүд байгаа нь сая нотлогдчихлоо. Одоо наадам болно, олон хүн цуглана. Наадмын дараагаас олон хүн өвдөж эхлэх магадлалтай. Ингээд хамгийн хүндэрч байгаа нь тун авч чадаагүй нярай, нялх хүүхдүүд байна. Яаж хамгаалахыг нь мэдсээр байж тэрийг хийхгүй суугаад байх юм бол энэ бол гамшиг. Ингэж болохгүй. Тийм болохоор яаралтай Ерөнхий сайдад танилцууллаа. Өнөөдөр/өчигдөр/ засгийн хурлаар оруулаад нөхөн дархлаажуулалтыг хийхээр Засгийн газрын нөөцөөс 5 тэрбум төгрөг батлууллаа. Авах арга хэмжээнийхээ хөтөлбөрийг баталсан. Албан даалгавар мөн гарсан. Наадмын үеэр эмнэлгүүд, ялангуяа анхан шатны, сумын эмнэлгүүдийн хаалга хаалттай байж болохгүй. Энэ мэтчилэн арга хэмжээнүүд авч байна. Үүний хажуугаар төсвийн тодотгол байна. Хөрөнгө оруулалттай холбоотой 69 тэрбум төгрөгөө хураалгачихсан. Хэмнэлтийн хуулиараа тавдугаар сарын 31-нээс өмнө гэрээ нь хийгдсэн байх ёстой байсан. Харин гэрээ нь хийгдээгүй учраас санхүүжилт татагдсан харамсалтай мэдээ байна.
-Төсвийн тодотголоор үүнийг буцааж, салбартаа илүү хөрөнгө тавиулж болохгүй юу?
-Ямар ч боломж гарсангүй. Их олон янзаар тайлбарлаж үзлээ. Угаасаа 3.3 их наяд төгрөгийг баталсан төсвөөсөө хасч байгаа. Хэрвээ үүнийг оруулаад хийнэ гэвэл Хүүхдийн мөнгө, цалин хасах асуудал яригдах гэж байна. Бид ингэж болохгүй. Тийм буцалт, ухралт байж болохгүй.
-Санаатай, санамсаргүй байдлаар вакциныг буруушаах, хамрагдахгүй байхыг уриалах явдал их гарах боллоо. Энэ тал дээр ер нь ямар нэгэн хариу арга хэмжээ авах уу?
-Цар тахлын дараагаар вакцинд хамрагдсан хувь ердөө 40-хөн хувь. Гэтэл жирийн он жилүүдэд 95-аас дээш хувьтай байдаг байсан. Ковидын вакцинтай холбоотой хүндрэлүүд гарсан. Харин улаанбурханд хийж байгаа, эсвэл бага насныхаа хийж байгаа товлолт вакцинууд чинь тэртээх 1973 оноос хойш хэрэгжээд, хийгдээд явж байгаа аюулгүй вакцин шүү. Үүнийг битгий хольж хутгаарай. Хийлгэчихвэл хүүхэд нь хүндэрч зовохгүй, илүү аюулгүй болно. Сая долоон сайхан хүүхдээ алдчихлаа. Хамгаалж болох байхад чинь худлаа яриад нотлогдсон зүйлийг буруутгаад байж болохгүй. Өнгөрсөн ням гаригт Улсын онцгой комиссыг хуралдуулсан. Үүгээр Тагнуулын ерөнхий газар, цагдаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудад үүрэг өгсөн. Худал мэдээлэл тараасан бол Зөрчлийн хуулиийн дагуу хариуцлага тооцно гэдгийг зарласан шүү. Хүний амь нас эрсдэхэд хариуцлага хүлээж чадахгүй байж шинжлэх ухааны нотолгоотой зүйлийг үгүйсгэж ярихаа боль. Нас барсан хүүхэд болгоны амь буруу мэдээлэл өгсөн нөхдүүдтэй холбоотой болно шүү. Үүнийг хатуу хэлчихье.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ





Телеграмм залилангаас 72 хүн 1.3 тэрбумын хохирол хүлээжээ
Монгол Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2024, 2025 оны эхний таван сарын байдлаар ний...
7 цагийн дараа
О.Ууганбаяр: Мандах нарыг эх орныхоо торгон хил дээрээс харах хувь хилчин хүнд л заяана
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа дархан хилийн амь, дайчин хилчдийн үргэлжлэл дэслэгч О.Ууганбаярыг ур...
6 цагийн дараа
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт ёслол төгөлдөр эхэллээ...
6 цагийн дараа
Роналду түүхэнд үзэгдээгүй том гэрээ байгуулжээ
“Алтан шаахай” шагналыг таван удаа хүртсэн 40 настай Португалын довтлогч Криштиану Роналду Саудын Арабын “Аль-Наср” багтай спортын т...
5 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 30-НААС 07 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Зочин
Энэ ч ажил хийх хүн биш дээ, попорч өөрийгөө дөвийлгөхөө л хичээхээс үр бүтээлтэй юу ч хийхгүй, болж бүтэж байсныг нь бага шиг нураагаасай даа.