мэдээ
Аравдугаар Богд юунаас болоод үзэгдэхээ болив?

Админ
2025 оны 7 сарын 08

142

Богд бол Монголын буддын шашны тэргүүн. Монголчуудын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг даасан оюун санааны манлай гэдэг. Анхдугаар Богд тодорсон 1639 оноос 1924 оныг хүртэл 8 Богд монгол түмний оюун санааг манлайлж байв.
Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар нь Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг Усан зүйл хэмээх газар 1635 онд Түшээт хан Гомбодорж, хатан Ханджамц нарын гэрт мэндэлсэн. 3 настайдаа Манзушир бурханы магтаалыг цээжээр уншиж, 4 настайдаа энэтхэг, төвд хэлээр судар ном уншиж эхэлсэн. Төвдийн 5-р Далай лам, Банчин Богд нар 5 настайд нь Монголын шашны тэргүүн, Анхдугаар Богдод өргөмжлөн залжээ.
2-р Богд Лувсандамбийдонмэ 1724 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутагт Туул голын сав газар Өгөөмөр хэмээх газарт Хотгойдын Баярт гүний гэрт мэндэлжээ. 1729 онд зургаан настайд нь Халхын 2-р Богдод өргөмжилжээ.
Манжийн төр 2-р Богдоос хойшх дүрүүдийг Төвдөөс тодруулж байх зарлиг гаргажээ. Тиймийн учир Төвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэр бүлд 1758 онд мэндэлсэн Ишдамбийнямыг 1763 онд 3-р Богдын ширээнд залж, ёслол үйлдэн эрх ямба, цол хэргэмийг нь шагнажээ.
4-р Богд Лувсантөвдэнванчүгжигмэджамц нь 1775 онд Төвдийн Лхас нутагт түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт мэндэлсэн. Түүнийг 4-р Банчин-Эрдэнэ Халхын 4-р Богдод тодруулж, 7 настайд нь 1781 онд Их Хүрээнд залж ёслол үйлджээ.
5-р Богд Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан 1815 онд Төвдийн Лхас хотын ойролцоо түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт мэндэлсэн. Түүнийг 7-р Банчин-Эрдэнэ: 5-р Богд мөн хэмээн тодруулж 1820 онд 6 настайд нь их суудалд залж ёслол үйлджээ.
6-р Богд Лувсанбалдандамбийжанцан 1843 онд Төвдийн Лхасын хойд хэсэгт эцэг Содномдаржаа, эх Лхамдолгор нарын гэрт мэндэлжээ. 7-р Банчин-Эрдэнэ түүнийг 6-р Богдоор тодруулж увш сахил хүртээжээ. 1848 онд Монголд залж 6-р Богдод өргөмжилсөн.
7-р Богд Агваанчойживанчүгпринлайжамц 1849 онд Төвдийн Лхасын ойролцоо нутагт гүн Мягмар, эх Норовлхам нарынд мэндэлжээ. 11-р Далай лам Хайдавжамц: 7-р Богд мөн хэмээн тодруулжээ. Тэр тухайд Манжийн эзэн хаанд айлтган сонсгоод, 1855 онд 6 настайд нь Их Хүрээнд залж Халхын 7-рБогдод өргөмжилжээ.
8-р Богд Агваанлувсанчойжинямданзанванчүг 1869 онд Төвдийн Лхас хотод түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. 12-р Далай лам Принлэйжамц, Банчин-Эрдэнэ нар хамтран тодруулж сахил хүртээн номын нэрийг нь хайрлажээ. 1874 оны өвлийн тэргүүн сард Их Хүрээнд Халхын 8-р Богдод залж, мандал өргөн, эрх ямба, цол хэргэм өргөжээ.
1924 оноос Монгол улсад шашныг хориглосон. 1990 оныг хүртэл үндсэндээ ямар ч хутагт хувилгаад, гэгээнтэн тодруулаагүй байдаг.
Харин ардчилсан хувьсгалын дараахан 1992 онд Далай лам 9-р Богдоор Жамбалнамдолчойжижанцанг баталгаажуулсан. Тэрээр 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт мэндэлжээ. 4 настайд нь 13-р Далай ламын тамга түшигч Радэн ренбүчэ, Найчүн Чойжин нар: Халх Монголын 8-р Богдын хойд дүр мөн хэмээн тодруулжээ. Тэгээд 8 настайд нь сахил хүртээж, номын нэр хайрлажээ. 1992 онд 14-р Далай лам: Халхын Жибзундамба хутагтын 9-р дүр мөн хэмээн баталгаажуулж өөрийн гарын үсэг бүхий батламж өргөжээ. 9-р Богдыг Монголын буддын шашныхан 1999 онд хүлээн зөвшөөрсөн. Тэрээр Монголд ирж иргэншил аваад Буддын шашны тэргүүний сэнтийд заларсан. Тэр цагаас хойшх Монголын төрийн тэргүүнүүд ч 9-р Богдыг Монголын Буддын шашны тэргүүн гэдгийг албан ёсоор баталгаажуулж байв. Тэрээр 2012 онд жанч халсан юм.
9-р Богд амьд ахуйдаа: Миний хойд дүр Монгол нутагт монгол хүн болон төрнө хэмээн айлдаж байжээ.
Тэр ёсоор болж 2023 оны 3 сарын 8-нд өдөр Энэтхэгийн Дарамсала хот дахь Зүглэг хан дуганд 5000 лам хувраг, сүсэгтэн түүний дотор 600 монголчууд оролцсон Дэмчог Нагбува Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээх ёслол болж байв. Тэр үеэр 14-р Далай лам зүүн талдаа сууж байсан бяцхан хүүг заагаад: Өнөөдөр бидэнтэй хамт Монголын Халхын Жавзандамба хутагтын дүр сууж байна. Түүний өмнөх дүрүүд Дэмчогийн Кришначаряа язгууртай ойр холбоотой. Тэдний нэг энэ уламжлалд зориулж, Монгол Улсад сүм хийд байгуулж байсан. Богдын шинэ дүр өнөөдөр энд, бидэнтэй хамт байгаа нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг юм хэмээжээ.
10-р Богд Данзанжамбалчойживанчүг 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр мэндэлсэн. Түүний аав Булган аймгийн Бугат сумын уугуул, МУИС-ийн багш, математикийн ШУ-ы доктор Ч.Алтаннар, ээж нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, “Монполимет” группын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан юм. 10-р Богдын аав Ч.Алтаннарын аав О.Чинчулуун, ээж Д.Нямсүрэн нар Булган аймгийн Бугат сумын уугуул хүмүүс, аав О.Чинчулуун нь математикийн шинжлэх ухааны доктор, ШУТИС-ийн профессор, багш хүн байжээ. 10-р Богдын ээж Н.Мөнхнасангийн аав Г.Нармандах Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, математикийн багш мэргэжилтэй хүн байжээ. Харин 10-р Богдын ээж Н.Мөнхнасангийн ээж Ц.Гарамжав нь Булган аймгийн Орхон сумын уугуул, “Монполимет” группын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан, ЭБЭХ-ний дэд сайдаар ажиллаж байсан хүн бий.
10-р Богдыг тодорч өргөмжилдөг жил монголчууд: Тунамал дүртэй Богдыгоо туулай жилд зална даа хө гэсэн дуутай гэж хөөрцгөөсөн.
Үнэн түүх нь: 1925 онд 8-р Богдыг таалал төгсөхөд Хүрээнд нэгэн дуу зохиогджээ. Шар морьтын хөтөл дээр гараад иртэл: Шанбалын хаалга цэлс хийгээд нээгдлээ хө, тунамал дүртэй Богдыгоо туулай жилд зална даа хө гэсэн байдаг.
Тэр түүхтэй уягдсан нэг үйл явдал нь 9-р Богд 1999 оны туулай жил Монголд иржээ.
Гэвчиг 10-р Богд 2023 оны туулай жилд тодорсон. Дээрх дууны мөрүүд тэр жил ихэд сэргэсэн. Улмаар 10-р Богд 2023 оны 8 сарын 30-нд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон, Аюуш бурханы насны авшигийг багшаас шавьд, чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлагын эрхийг ёсчлон хүртсэн. 2023 оны 11 сарын 18-нд Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбын албыг 31 жил хашсан Д.Чойжамцаас шинэ Хамба лам Д.Жавзандоржид хамбын тамгыг шилжүүлэн өгөх хүндэт үүргийг 10-р Богд хүлээж, бэсрэг ёслол Батцагаан дуганд хаалттай болж, цөөн тооны лам хувраг оролцсон.
2024 оны 8 сарын 9-нд Дүйнхорын ванд 10-р Богд морилж, 2024 оны 8 дугаар сарын 17- 22-ныг дуустал өөрийн биеэр оролцсон. Ингэж 10-р Богд анх удаа нийтийн өмнө заларсан. Ерөнхийдөө 10-р Богд 2025 он гарах хүртэл үе үе олны өмнө гарч арга хэмжээнд оролцдог байв. Харин сүүлийн үед үзэгдэхийг больжээ. Хэд хоногийн өмнө болсон Даншиг наадамд морилон очсонгүй. Уул нь Даншиг наадмын түүх нь Богдтой нэн холбоотой агаад Богдын Даншиг наадам хэмээдэг санж. 2023 онд 10-р Богдыг тодорч байхад түүхчид: Даншиг наадам эзэнтэй боллоо гэж хөөрцөглөж байсан.
Энэнээс гадна хоёр хоногийн өмнө 14-р Далай ламын төрсөн өдөрт 10-р Богд очиж оролцсонгүй. Алсаас интернет сүлжээгээр мэндчилгээ хүргэв. Харин гэр бүлийнхэн нь Дарамсалад очиж 14-р Далай ламын төрсөн өдөрт оролцжээ. 14-р Далай ламын тухайд 10-р Богд нэн хүндтэй зочин нь, яагаад гэхнээ тэрээр 14-р Далай ламын дараагийн дүрийг нэрлэх юм байна. Гэвчиг зочилж очсонгүй өнгөрөөв.
Тэрний өмнөхөн Монголын бизнесийн ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах арга хэмжээний үеэр 10-р Богдын ээж, “Монполимет” группын ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан “Энэ жил манайх ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсонгүй. Анх удаа завсарлаж үзлээ. Учир нь манай компаниудын үйл ажиллагааг хагас жил гаруй лацдаж, зогсоосон. Данснуудыг 120 хоног царцаасан. Төрийн бүх төрлийн шалгалтуудыг хууль зөрчин давхардуулан оруулсан. Зарим нь одоо ч үргэлжилж байна” гэж өөрийн интернет хуудсаар мэдэгджээ. Тэрнээс гадна 10-р Богдын эмээ, “Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжавт хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай зарим хэвлэлд мэдээллээ.
Ямар боловч шашныхны дунд: 10-р Богд яагаад юунаас болоод үзэгдэхээ болив гэдэг яриа гараад байна.
Ө.Билэг





“Junior Club League” 7 сарын гайхамшигт аяллаа өнөөдөр дуусгаж байна
2024 оны 12-р сард анх эхэлсэн “Junior Club League” өнөөдөр буюу 2025 оны 7-р сарын 8-нд аваргын тоглолтуудаар албан ёсоор өндөрлөлө...
4 цагийн дараа
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 630 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76,267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 630 хэр...
3 цагийн дараа
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоонооноос санаачлан зохион байгуулдаг дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит үнд...
2 цагийн дараа
Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, 126 сая төгрөгийг ул...
2 цагийн дараа
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгу...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд