мэдээ
Д.Ганхуяг: Г.Занданшатарын Засгийн газрын “Алт-3” хөтөлбөрийг дэмжсэн шийдвэрийг УИХ яаралтай гаргах хэрэгтэй

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 7 сарын 08

182

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас хэлэлцүүлсэн “Алт-3” хөтөлбөрийг зарим хүмүүс шүүмжилж байх шиг. Уул уурхайн сайдаар ажиллаж байсан хүний хувьд мөн эдийн засагч хүнийхээ хувьд энэхүү хөтөлбөрийн ач холбогдлыг хэрхэн дүгнэн харж байгаа вэ?
-Дэлхийн улс орнууд алтаа улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэйгээр гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар үндэсний валютын ханшаа тогтвортой байлгах зорилгоор ашигладаг. Тодруулбал Төв банк нь өрсөлдөх чадвартай бодлогын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудаас олборлосон алтыг нь зах зээлийн үнээр худалдаж авах үйл ажиллагаа юм. Алтны зах зээлийн үнэ өссөөр байна. Түүнчлэн цаашид өсөх хандлага
тодорхой тохиолдолд Монгол банк алт худалдан авах үед авдаг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр АМНАТ-ийг бууруулахгүй бол алт олборлогчид алтаа худалдахгүй илүү үнэд орохыг хүлээх, мөн арилжааны банкинд барьцаалж зээл авах, эцэст нь алтны үнийн өсөлт зогсохын өмнө алтаа өндөр үнээр борлуулах нь алт олборлогчдод ашигтай тусна.
Алтны үнэ өсөлттэй, АМНАТ харьцангуй өндөр, мөн Монгол банк алтыг олон улсын зах зээлийн үнээс доогуур үнээр авах бодлого баримтлах зэрэг тохиолдолд алтны худалдаа далд байдалд орох, эсхүл алт олборлогчид алтандаа боловсруулалт хийж нэмүү өртөг шингээн ашигаа нэмэгдүүлэх сонирхолтой болдог.
-АМНАТ харьцангуй өндөр гэдэг нь ямар учиртай вэ. Ихэнх орнууд гадаад валютын нөөцөө тогтвортой нэмэгдүүлж үндэсний валютын ханшаа тогтвортой байлгахын тулд алтны АМНАТ-ыг багаар, шаардлагатай гэж үзвэл “0” хувиар тогтоосон тохиолдолууд ч байдаг гэдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Энэ нөхцөлд төв банк нь алтыг зах зээлийн үнээр авахаа зарлахад алт олборлогчид алтаа төв банкинд худалдах нь илт нэмэгддэг. Энэ нь бол алттай холбогдсон төрийн бодлогын зөв хувилбар юм.
-Бодитой жишээ байна уу…?
-2014 онд Монгол банкинд алтаа худалдсан тохиолдолд АМНАТ-ын таван хувыг 2.5 хувь болгох хууль баталснаар дараагийн жилүүдэд нь Монгол банкны худалдан авсан алтны хэмжээ 4.5 дахин нэмэгдсэн байдаг. Мөн Монгол Улсын алтны худалдаанд хөрш орнуудын алтны импортын татвар эсхүл АМНАТ-ын хэмжээ нөлөөлөх магадлал бий. БНХАУ, ОХУ-ын алтны АМНАТ 2014 оны үед 2-3 хувийн хооронд байв. Нөгөө нэг бодлогын хувилбар нь алтан дээр АМНАТ-ыг өндөр тогтоох, энэ хэмжээгээр төсвийн орлогыг өөр татваруудаар нэмэгдүүлэх бодлогыг баримтлах.Гэвч энэ нь хэрэгжилтийн үр дүн муутай муу бодлого юм. Гол шалтгаан нь алт хаана ч хэзээ ч борлогддогтой холбоотой. Нөгөө талаас хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардлаа өсгөх боломж ихтэй уул уурхайн компаниудад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар( ААНОАТ)-ыг хэмнэх боломж хангалттай байдаг. Иймээс өндөр АМНАТ-тай үед төв банкинд тушаагдах алтны хэмжээ буурна, нөгөө талаас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар(ААНОАТ) зэрэг татвараар улсын төсөвт орох орлого тийм ч олигтой нэмэгддэггүй талтай.
-Тэгвэл Монгол Улсад алттай холбогдсон төрийн бодлого хэрхэн өөрчлөгдөж ямар үр дүн гарч ирсэн талаар та товчхон дүгнэлт хэлэхгүй юу?
-Бодит байдал нь чамд өгөх графикуудаас тодорхой харагдана. График-1-ээр 1990 оноос 2020 оны эхний хагас жил хүртлэх хугацаанд Монгол банкинд тушаагдсан алтны хэмжээ, алтны зах зээлийн үнийг харж болно. 2009-2013 оны хооронд алтны үнэ өссөн,АМНАТ өндөр буюу таван хувьтай байсан учраас алт олборлогчидоос Монгол банкинд жилд худалдсан алтны хэмжээ бага, тодруулбал таван жилд дундажаар 3.5 тн, хамгийн бага нь 2010 онд 2.1 тн байсан байна. Нөгөө талаас зөвхөн газрын хэвлийн баялагт эзэн орны хувьд борлуулалтын орлогоос авдаг АМНАТ-ын нэг хувь нь татвар төлөхийн өмнөх ашгаас авдаг ААНОАТ-ын 4-5 хувьтай бараг тэнцэнэ. Энэ бол гол анхаарах цэг юм. Тэгэхээр алтны таван хувийн royalty( АМНАТ ) нь 22-23 хувийн ААНОАТ-тай тэнцэнэ гэсэн үг. Иймд АМНАТ өндөр тохиолдолд хэн ч төв банкинд олборлосон алтаа тушааж ийм өндөр татвар төлөхийг хүсэхгүй нь тодорхой болов уу.
-Иймээс л алт үнэтэй үед АМНАТ өндөр байх тусам төв банкинд тушаагдах алтны хэмжээ буурдаг нь нотлогдож байна гэсэн үг үү?
-Ийм байдалтай байсан учраас нүүрсний үнэ унасан 2013-2014 онд Н.Алтанхуягийн ЗГ “Алт худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай” гэсэн нэрээр Ашигт малтмалын тухай хуульд “олборлогчид алтаа Монгол банканд төгрөгөөр худалдсан тохиолдолд алтыг зах зээлийн үнээс доошгүй үнээр авах, АМНАТ-ийг 2.5 хувиар тооцох, харин Монгол банканд худалдалгүй алтаа экспортолсон тохиолдолд АМНАТ-ийг 10 (суурь АМНАТ 5 хувь, дээр нь үнийн өсөлтөөс хамаарч 5 хувь нэмэх)-хувиар тооцох” нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Энэ хуулийн өөрчлөлтийн үр дүнд 2013 оныг хүртлэх өмнөх дөрвөн жилд дунджаар 4.1 тн алтыг Монгол банк худалдан авч байсан бол 2014 онд 12.7 тн, 2015 онд 13.8 тн, 2016 онд 18.3 тн, 2017 онд 20 тн, 2018 онд 21.9 тн, 2019 онд 15.2 тн алтыг тус тус Монгол банк худалдан авч, нэг жилд худалдан авсан алтны хэмжээ нь дунджаар 4-5 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл өмнөх таван жилийн дундажтай харьцуулахад алт олборлогчид 2015-2019 оны хоорондын таван жилд нийт 72.9 тн -оор илүү алтыг Монгол банкинд худалдаж, үр дүнд нь гадаад валютын нөөц 3.6 тэрбум орчим ам. доллараар нэмэгдсэн байдаг. Энэ 3.6 тэрбум ам.доллар нь 2020 оны улсын төсвийн орлогын 80 орчим хувьтай тэнцэж байж. Гэвч 2019 онд эрх баригч МАН-ын ЗГ дахиад л алт олборлогчид Монгол банкинд алтаа тушаасан тохиолдолд таван хувийн АМНАТ төлөх болгож, АМНАТ-ыг дахин нэмэгдүүлсэн. Энэ хууль батлагдсанаас хойш ганцхан жилийн дотор л Монгол банкны худалдан авсан алтны хэмжээ 6.7 тн-оор буурсан байх юм. 6.7 тн алт нь тухайн үеийн алтны үнээр тооцоход 340 орчим сая ам.доллар болно.
-2022 онд дайн эхэлсэнээс хойш алтны үнэ өссөөр өнөөгийн байдлаар 83.7 хувиар өссөн байна.Мэдээж алтны үнэ өсч байгаа энэ үед, Монгол банкинд алтаа худалдахад харьцангуй өндөр АМНАТ төлөх нь олборлогчдод хохиролтой учраас, тэд төв банкинд алтаа аль болох худалдахгүй байхыг бодно байх, тийм үү?
-АМНАТ-ыг таван хувь болгож нэмсэнээс хойш алтны үнэ өсч эхэлсэнээс өнөөг хүртлэх гурван жилийн хугацаанд нэлээд их хэмжээний алт хаашаа арилжаалагдсан нь тодорхой бус байгаа бололтой. Алт түүхэнд байгаагүй өндөр үнэд хүрч буй 2025 оны тухайд Монгол банкны худалдан авах алтны хэмжээ нь 2016-2018 онуудад Монгол банкны худалдан авсан алтны хэмжээний 50 хувьд ч хүрэхгүй байх магадлалтай байна. Иймд 2019 оны хуулийн өөрчлөлт нь хариуцлагагүй шийдвэр болжээ. Ер нь энэ нь төв банкны ерөнхийлөгч болон удирдлагын үндсэн ажлыг төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх цорын ганц зорилготой Сангийн сайд нар чиглүүлж ирсэнтэй шууд холбоотой. Иймээс хөгжилтэй орнуудад СЯ-ны дарга нар, Сангийн сайд хийж байсан хүмүүсийг төв банкны удирдлагад томилдоггүй бичигдээгүй хууль үйлчилдэг юм байна. Ихэнх оронд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг дахин төрийн албанд томилохдоо өмнө нь хашиж байсан албан тушаалынх нь төрлөөс хамааруулан хязгаарладаг хууль тогтоомж байдаг. Ийм хуулиудыг Англиар revolving door, golden parachute, японоор амакудари гэдэг аж. Энэ хуулиудыг хэлтэй устай залуу гишүүд судалж батлуулмаар байна.
-Үндсэн сэдвээсээ өөр тийш хазайчихлаа. Энэ асуудалд тодорхой хязгаарлалт хийхгүй бол нийгэмд учруулах хор нөлөө нь их байх юм биш үү?
-Иймээс энэ ЗГ-ын “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бус, гадаад валютын нөөцийг тогтвортой нэмэгдүүлэх зорилтыг хангахад төв банкинд алтаа худалдсан тохиолдолд төлөх АМНАТ-ыг бууруулах зорилгоор АМТХ-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бололтой. Энэ хууль хурдан батлагдвал Монгол банкинд худалдах алтны хэмжээ огцом нэмэгдэж улмаар энэ хэмжээгээр гадаад валютын нөөц өсч төгрөгийн ханш тогтворжино. Ийм хууль нь нийт монголчуудын эрх ашигт нийцнэ. Угаасаа үеийн үед дэлхийн улс орнууд алтаа улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэйгээр үндэсний валютын ханшаа тогтвортой байлгах зорилгоор ашиглаж ирсэн байдаг.
-Таны надад өгсөн графикт өөр ямар агуулга байгаа вэ?
-Дээрх дурьдсан өнгөрсөн үйл явцыг график-2-оос харж болно. Л.Оюунэрдэнийн ЗГ-ын үед Ц.Туваан сайд энэ хөтөлбөрийг ярьж байсан. Өнгөрсөн долоо хоногт энэ Засгийн газрын Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням энэ хуулийн төслийн гол зорилгын талаар тодорхой ярьсан. Иймд өмнө нь туршигдсан энэ хуулийн төслийг УИХ дэмжиж, хурдан батлах хэрэгтэй байна. Монгол Улс сүүлийн 10 жилд олон улсын хэмжээнд Ардчилалын, Хэвлэлийн Эрх чөлөөний, Өрсөлдөх чадварын, Авилгалын, Улсын төсвийн үр өгөөжийн, Бизнес эрхлэхүйн зэрэг үзүүлэлтүүд 5-50 байраар ухарчээ. Дээрх хугацаанд улсын төсөв зарлагыг 3.5 дахин тэлж, Засгийн газрын өр 1.6 дахин буюу 12.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, ам. доллартай харьцах төгрөгийн ханш 85 хувиар унаж, ам. доллароор тооцсон улсын дундаж цалин 54.2 хувиар буурч. Үр дүнд нь төгрөгийн ханшны огцом уналтаас улбаалсан импортын өргөн хэрэглээний барааны үнэ гурав хүртэл дахин нэмэгдэж, ядууралыг хамрах хүрээ 15 орчим хувиар тэлж, авдаг цалин нь амьдралд нь хүрэхгүй шалтгаанаар олон арван мянган залуус гадагш явж, төрөөс төрдөг тэрбумтаны тоо илт олширч, баян хоосны ялгаа нэмэгдэж, үр дүнд дундаж орлоготой давхрага нимгэрч байна.
-Төрийн алдаатай бодлогын үр нөлөө юу?
-Энэ бүхэн эдийн засаг, санхүү төсөв, мөнгөн, хөрөнгө оруулалтын алдаатай бодлоготой шууд холбоотой. Тухайлбал сонгуульд зориулж төсвөө хэт их тэлсэн, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх болон нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй алтан дээрээ хүртэл буруу бодлого гаргасан, улсын төсвийн хөрөнгийн үйлчилгээний зардлыг ( ажиллах хүч, инженерийн байгууламжийн ашиглалтын зардал гэх мэт) ихээр нэмэгдүүлдэг төрийн байгуулагын конторын барилгыг олноор нь барих зэргээр төсвийг үр өгөөж муутай зарцуулдаг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн тоог олноор нэмж байгуулсан болон төсвийн зарлагыг ихээр тэлсэн нь төрийн эдийн засаг дэх оролцоог нэмэгдүүлж, энэ бүхэн нь авлигал өсөх суурь хөрс нь болсон. Хөгжилтэй орнууд нь ажил эрхэлж бүтээж байгаа иргэдээ дэмжиж хөгжсөн атал, сонгуульд ялж эрх мэдлээ хадгалах гэсэн ядмагхан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд халамжийг хавтгайруулж, элдэв төрлийн бэлэн мөнгө тараасан, экспортын гол нэрийн бараа болох нүүрс үнэтэй үед гадаад валютын хуримтлалаа нэмэгдүүлж чадаагүй, төрийн байгуулагад алба хашдаг хүмүүсийн тоог 30 гаруй хувиар нэмэгдүүлж ТОМ төрийг бий болгосон, татвар, элдэв төлбөр болон хураамжийг ихээр нэмэгдүүлсэн зэргээс хувийн хэвшлийн ААН-үүдийн тоо буурч,ажиллах орон зай нь хумигдсан зэрэг байдалтай байна.Монгол Улс маань өнөөдөр социализмын үеэсээ ч хамаагүй илүү олон төрийн байгууллагын контортой улс болсон.
-Ийм байдалтай улс орныг Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон хүлээж авлаа, тийм үү?
-Тэр ерөнхий сайдын хувиар УИХ-ын индэр дээрээс ард түмэндээ хандан тавьсан илтгэлд авууштай олон санал, санаанууд байсан гэж бодож байна. Энэ нь бол түүний улс төрчийн олон жилийн туршлага, эзэмшсэн мэрэгжил, төлөвшилтэй холбоотой болов уу гэж бодож байна. Түүний илтгэлээс товчхон хэдэн санааг нь тодотгоё. “Монголчууд бид гадаад, дотоод таагүй нөхцөлөөс хохирч биш, хожиж гарах ёстой. Нүүрсний экспорт зогсонги байдалд орж нүүрснээс их хамааралтай манай эдийн засаг хүндхэн сорилттой нүүр туллаа.Тухайлбал 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурлаа. Түүнчлэн төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, монгол төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна. Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо. Мөн эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагаанд гэнэтийн эрсдэл үүслээ. Тиймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүслээ.Улсын эдийн засаг хүнд байгааг шулуухан хэлж, бодит үнэнтэй нүүр тулахаас өөр гарцгүй.Зардлаа багасгаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд алга. Гэхдээ эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх байдлаар биш, төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчмыг барих ёстой. Тиймээс Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийнэ. Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, хариуцлагыг чангатгана. Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлэн, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай, цомхон, чадварлаг, үр өгөөжтэй байхуйц бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Манай Засгийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч – баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжиж ажиллах болно. Тиймээс татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулна.Түүнчлэн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална”гэж хэлсэн байдаг. Энэ “хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална” гэдгийг санал хэрэгждэгсэн бол улсын хөгжилд чухал үр дүнг авчирна. Үнэхээр дээрх саналуудыг ажил хэрэг болговоос Монгол Улс маань зөв гольдролд орж хөгжинө гэж гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрх саналуудыг бодлого талаас нь Парламентийн болон хуулийн засаглалыг бэхжүүлэх шинэчлэл, Улсын төсвийн шинэчлэл( реформ), татварын реформ, НДШ болон тэтгэврийн реформ, боловсрол болон эрүүл мэндийн салбарын шинэчлэл, иргэний нийгмийн байгуулагуудын бие даасан байдлыг бэхжүүлэх зэргээр жагсаан бичиж байгаад хэрэгжүүлээсэй гэж бодож байна.
-Хаврын чуулган өндөрлөх гэж байна. Тэгэхээр таны хэлсэн саналуудыг ирэх намрын чуулганаар л гишүүд оруулж ирэх байх…?
-Чуулган завсарласан хугацаанд ЗГ дээрх РЕФОРМ-ууудыг хийх бэлтгэлээ базааж хуулийн төслүүдээ бэлтгэж УИХ-д өргөн барьж чуулганы завсарлагаар 126 гишүүд маань Байнгын хорооны бүтцэддээ тулгуурлан энэ хуулийн төслүүд дээр идэвх зүтгэл гаргаж хурдацтай ажиллах хэрэгтэй. Ер нь өнөөгийн Монгол Улсын загсаглал, бизнесийн орчин, эдийн засаг, нийгмийн байдал сайнгүй байна. Энэ байдал нь сайжрах эсэх нь ЗГ болон УИХ-ын үйл ажиллагаанаас хамаарна. Цаг хугацаа хурдан өнгөрдөг ялангуяа дөрвөн жилийн хугацаа олигтой юм хийж амжаагүй байтал дараагийн сонгууль хаяанд ирчихдэг. Бараг бодитой юм хийхгүй бол ярьсаар байвал дөрвөн жилийн хугацаа нэг л мэдэхэд дуусна. Иймээс УИХ-ын гишүүд нэг нэг салбарын тулгамдсан асуудлыг сонгож аваад үүгээрээ мэрэгшиж үр дүнтэй ажиллах нь чухал. Ер нь парламентийн засаглалтай оронд УИХ-аар хэлэлцэгдэн батлаж байгаа хуулийн 70-80 хувь нь ЗГ-аас өргөн баригдсан хуулиуд байдаг. Иймээс ЗГ-ын гишүүдийн үндсэн ажил нь УИХ-дээр болон УИХ-тай хамтарч ажиллах байдаг. ЗГ ч бай УИХ ч бай бодлогын шийдвэрийн төсөл бэлтгэхдээ ардчилсан хөгжилтэй орнуудын хамгийн сайн загвар, тогтолцоог бүтнээр нь авахад анхаарах хэрэгтэй. Харин болохгүй байгаа асуудлыг шийдэхдээ төрийн оролцоог нэмэгдүүлэх эсхүл төрд авна гэдэг хувилбарыг битгий сонгоорой гэж хэлэх байна. Энэ нь үргэлж буруу шийдвэр болдог нь бичигдээгүй хууль.
-Уул уурхайн салбар нь өнөөдөр Монгол улсыг, түүнчлэн эдийн засгийг авч яваа салбар гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Тухайлбал экспортын орлогын 95 хувь улсын төсвийн орлогын 40 орчим хувийг энэ салбар бүтээж байна. Уул уурхайн салбар нь эдийн засгийн бусад салбарууддаа маш их дам нөлөөтэй байдагтай та санал нэг байна уу?
-Энэ хангалттай үзүүлэлт. Санал нэг байна. Өнөөдөр дэлхий дээр экспорт хийж ам.долларын орлого олохгүйгээр ямар ч улс хөгжих боломжгүй. Уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудыг нэн яаралтай нээлттэй хувьцаат компани болгох. Ингэхдээ өөрийнхөө хөрөнгийн биржийг түшиглэн хийсэн нь дээр. Шалтгаан нь Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжинө, хөрөнгө оруулагчид өөрсдөө орж ирнэ, татварын хувь хэмжээ нь өрсөлдөх чадвартай байвал хувьцаанаас олсон ашгаас ч татвар авах боломжтой гээд олон давуу талууд бий болдог. Алтны олборлолтыг нэмэгдүүлэхээр Гачууртын, Гутайн давааны гэх мэтээр 3-4 үндсэн ордыг ярьж байх шиг байна. Энэ нь ч зөв байх. Гачууртын орд нь Ноён уултай ойрхон гэдэг ч лав 6-7 км-ийн зайтай байсан санагдаж байна.
-Ноён уултай холбоотойгоор асуудал бас яригдаж байна…?
-Түүхэн олдворууд газар доор нь байдаг бол урьдчилсан хайгууль хийж илрүүлэх боломж ч байдаг. Эдгээр ордуудаас гадна хамгийн том нь Баянхонгор, Говьалтай аймгийн Хатан суудал, Мэлтэс хэмээх төрийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт байдаг алтны нөөцийг төрийн өмчийн компаниар захиалга хийлгэж, хяналт тавиулаад ядахдаа нөөцийг нь тогтоолгосон дээр гэж хэлэх байна. Манай улсын геологийн чиглэлийн төрийн байгуулагуудын туршлагатай мэрэгжилтэнүүдийн судалгаанд үндэслэсэн яриагаар бол хамгийн багадаа 300 тн алтны нөөц тогтоогдоно гэдэг. Ер нь энэ бүс нутагт байгаа алтыг зарим байгууллага, хувь хүмүүс заримдаа зөвшөөрөлгүй олборлодог гэх мэдээлэл гарах болсон. Хэрэв үнэн бол ингэж болохгүй. Тэр бүс нутагт байгаа алтны таамаг нөөцийг улсын төсвийн санхүүжилтээр эрэл, хайгууль хийгээд тогтоочихсон байхад төр, засаг нь нүдээ аниад суугаад байж болохгүй. Ингэвэл улсын эрх ашгаас урвасан болно. Нөгөө талаас нэг л мэдэхэд гадаад, дотоодын хамтарсан байгууллага, хүмүүс лицензийг нь авчихсан байхыг үгүйсгэхгүй. Ингэвэл тун тусгүй. Иймд энэ их баялагийг нэг хэсэг хүмүүсд биш улс, нийт иргэдэд өгөөжтэй байдлаар ашиглах нь зөв гэсэн өнцгөөс үүнийг хэлж байгаа юм. Иймээс холбогдох хуулийг өөрчлөх замаар хайгууль хийж ашигт малтмалын нөөцийг тогтоох бүрэн боломжтой. Монгол Улсад өөрчлөгддөгүй хоёр зүйл байдаг гэж хүмүүс хошигнодог. Тэр нь хэзээ ч импортын барааны үнэ буцаж буурдаггүй, төгрөгийн ханш буцаж чангардаггүй гэх. Дээр дурьдсан бүс нутагт дахь алтны нөөцийг тогтоочихвол ойрын 10 жилдээ төгрөгийн ханш тогтвортой байх, цаашлаад төгрөгийн ханш чангарч ард түмний нуруу тэнийх боломжтой гэж үздэг.
-Төгрөгийн ханш суларч, ам.доллар өссөөр байна. Үүнийгээ дагаад иргэдийн амьжиргаа, ядуурлын түвшин нэмэгдсээр байгааг яаж тогтворжуулах уу?
-Өнөөдөр Монгол Улсад иргэдийн амьжиргааны чанар дээшлэхгүй, ядууралын хамрах хүрээ тэлээд байгаа хамгийн том шалтгаан нь төгрөгийн ханшны уналт. Үүнээс шууд улбаатай импортын барааны үнийн өсөлт. Хөгжсөн орнууд бүгд л энэ давааг давсан байдаг.Тэр нь төсөв, санхүү, мөнгө, экспорт, хөрөнгө оруулалтын хоорондоо уялдсан тогтвортой бодлогын үр дүн гэдэг.Тогтвортой гэдэг үгийг олон улсад дунд, урт хугацаанд төрийн бодлого нь тогтвортой байхыг гэж ойлгодог. Манай эрх баригчид өнөөгийн энэ төгрөгийн ханшны уналт, инфляцын өсөлт нь олон түмний амьдралын чанарыг ямагт доошлуулж байгааг ойлгох цаг нь болсон. Төгрөгөөр их орлого олдог төрөөс төрдөг тэрбумтануудад бол энэ байдал мэдрэгдэхгүй байгаа байх. Энд нэг жишээ татахад энэ хавар АНУын New York хотноо болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Беркшир Хэтэуэй компанийн гүйцэтгэх захирал асан Уоррен Баффетаас “МУсад хэрхэн яаж гадаадын хөрөнгө оруулалтыг татах вэ?” гэсэн асуултанд “танай улс олон улсад маргаантай асуудлаа шийдэх, мөн бизнесийн орчноо сайжруулах, гол нь үндэсний валютын ханшаа тогтвортой байлгах нь чухал байх. Үндэсний валютын ханш нь огцом хэлбэлздэг оронд хөрөнгө оруулагчид очих дуртай биш байдаг” хэмээн хариулсан гэсэн мэдээлэл сошиал орчинд нилээд явсан. Уоррен Баффет нь дэлхийн хувьцааны зах зээл дээр хамгийн сайн тоглогч төдийгүй, хамгийн алдартай хөрөнгө оруулагч. Хувьцаанаас мөн M&A(компаниудыг нэгтгэх эсхүл хувааж худалдаж авах,Mergers and Acquisitions) зэргээс ашиг олно гэдэг нь тийм хялбар биш байх. Дунд, урт хугацаанд улс төр,бизнес, хөрөнгө оруулалтын орчин ямар байх вэ. Үүнээс хамаарч тухайн компанийн орлого ашиг ямар байх вэ гэдгийг судалж хөрөнгө оруулна гэсэн үг болов уу. Энэ хүний мөрддөг зарчим нь “Алдаагаа нээлттэй хүлээн зөвшөөрч, хурдан засах. Алдааг засахыг хойшлуулах нь хамгийн том нүгэл” гэдэг. Бидний улстөрчид ч үүнээс суралцмаар юм уу. Гэтэл бүх эрх мэдэл өөрсдөд нь байсаар байтал, асуудал бишдэхээр хэн нэгэнд ямагт бурууг өгнө. Өөрсдийнх нь төр түшилцэж байгаа эсхүл эрх барьж байх энэ үед нь засаглал, эдийн засаг, бизнес, нийгмийн ихэнх индикатарууд муудаад байхад л өмнөх 30 жилд бурууг өгсөөр.
-Угтаа сонгогдсон өдрөөсөө эхлэн урагшаагаа харж амлалтаа биелүүлэх үүрэгтэй биз дээ…?
-Тийм. Харин энэ Ерөнхий сайд нь “үнэнтэй нүүр тулна” гэсэн нь алдаагаа хүлээн зөвшөөрч засна гэсэн санааг агуулж байгаа байх гэж бодож байна. Алддаггүй хүн гэж энэ хорвоод байхгүй. Саяхан Ерөнхий сайд Г.Занданшатар гадаадад байгаа элчин сайдын яамддаа хөрөнгө оруулалт татахад гол анхаарлаа хандуулахыг чиглэл болголоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь бодвоос зөв л дөө. Гэвч энд гурван асуудал байна.
-Ямар асуудал байна вэ?
-Нэг нь энэ стратегийн ордын төрийн эзэмшилтэй холбогдсон хэрүүл маргаан, нөгөө дэх нь уул уурхайг эсэргүүцэгчид, мөн газрын харилцаа ба луйврын асуудал гэсэн. Мэдээж Үндсэн хуулинд “газрын хэвлийн баялаг нь гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан учраас “улсын төсвийн хөрөнгөөр хайгууль хийж, ашигт малтмалын нөөцийг нь тогтоосон ордын лицензийг эзэмшигч компанийн хувьцааны 100 хувийн эзэн нь төр байх учиртай. Энэ асуудал дээр 2015 онд экс ерөнхийлөгч Х.Баттулга, УИХын дарга Зандаахүүгийн Энхболд нарын 39 гишүүн улс , нийт ард иргэдээ бодсон шийдвэр гаргаж тэмцсэнийн хүчинд том Таван Толгойн орд ( ТТО,5 бүлэг ордоос бүтэх бөгөөд, нийт коксжих нүүрсний 80 орчим%)ыг төрийн эзэмшилд хэвээр нь авч үлдсэн байдаг. Тэр үед нүүрс үнэтэй үеийнх( 2020-2023 он) нь зөвхөн 12 жилийнх нь ашигтай тэнцэх орлогоор ТТО ордыг бүхлээр нь 50 жилийн хугацаатай гадаад, дотоодын консерциумд маш тааруу гэрээгээр өгөөд тавьчих дөхсөн. Ингэж ТТО-ынг авч үлдсэний хүчинд өнгөрсөн хугацаанд манай улсын экспортод маш чухал нөлөөтэй байсан.
-Ер нь Монгол улсад шилжилтийн үед энэ стратегийн орд дээр алдаа завхрал гарсан үнэн. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Тэр нь социализмын үед ард түмний буюу улсын төсвийн хөрөнгөөр хийсэн том( стратегийн гэх) ордуудаадаа тухайн үед хайгуулын лицензээр хувийн компаниудад өгчихсөн байдаг. Энэ хүү лиценз нь төрийн байгуулагаас өгсөн албан ёсны зөвшөөрөл. Уул уурхайн салбарт нэгэнт тухайн орны төр, засгийн байгууллага нь лиценз буюу зөвшөөрлөө өгчихсөн бол, энэ зөвшөөрлийнх дагуу үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөх нь тэр орны холбогдох төрийн байгуулагын хууль ёсны үүрэг болдог. Энэ нь дэлхий дээр уул уурхай хөгжсөн орнуудын баримталдаг ердийн зарчим нь юм. Ухаа худаг, Бороо гоулд, Төгрөг нуур, Хотгор шанага, Цагаан суврагын ордод төр 3450 хувийг эзэмших ёстой гэж ЗГ болон УИХын гишүүд нь байнга гарч ирж л яриад, нийгмийг хуваан бухимдуулна. Уг нь улсын төсвийн хөрөнгөөр хайгууль хийсэн орд зарчмын хувьд ярих нь зөв байх. Гэтэл тухайн үеийн ЗГын агентлаг нь тэр үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу хайгуулын лицензийг нь өгчихсөн байдаг. Энэ лиценз чинь төр,засгийн зөвшөөрөл байхгүй юу. Зүйрлэвэл Монгол Улсыг иргэн гэдгийг нотлох иргэний үнэмлэх, түүнчлэн гадаад паспорт зэрэгтэй төстэй төрөөс олгосон үнэмлэх, зөвшөөрөл юм.
-Нөгөө талаас нэгэнт ашигт малтмалын хайгуулын лиценз( Х лиценз)-ийг төрөөс авсан компанийн удирдлага юу хийх ёстой вэ?
-Тэд аль болох богино хугацаанд хайгууль хийж нөөц тогтоон ашиглалтын лиценз (А лиценз) авахыг зорино. А лиценз авч чадахгүй бол зүгээр л лицензийн төлбөрт шатаад дуусна. А лиценз авахад хөрөнгө их шаардагдах учир банкнаас зээлнэ, хөрөнгөтэй хувь хүн, байгууллагатай хамтарна гээд зөндөө юм болно. Ингээд А лиценз авсныхаа дараа үйлдвэр барих, иж бүрэн дэд бүтэц болгох бас их хэмжээний санхүүжилт ихтэй болно. Стратегийн 16 орд, стратегийн ордод хамруулах эсэхийг судалгаанд үндэслэн УИХ-аар шийдүүлэх социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр тодорхой түвшинд нөөцийг нь тогтоосон нийт 55 орд байх шиг гэнэ. Гэхдээ эдгээр ордоос төрийн агентлаг нь хувийн хэвшлийн компанид лицензийг нь аль хэдийн өгчихсөн. Түүнчлэн хайгууль хийж нөөц тогтоогоод А лиценз авчихсан, эсхүл ашиглаж байгаа бол ЗГ мянга 34-50 хувийг нь авна гэж яриад, бодит байдал дээр хэрэгжих үндэслэл туйлын бага.
-Үүнтэй холбоотой бодит жишээ байна уу?
-Дорноговийн Гурван булагийн ураны ордыг социализмын үед ард түмний хөрөнгөөр хайгууль хийж нөөцийг нь тодорхой түвшинд тогтоосон гэдэг. Гэтэл энэ ордод Канадын Хаан ресурс хк нь төрийн агентлагаас хайгуулын лицензийг аваад нэмэлт хайгууль хийж нөөцөө шинэчлэн тогтоосон байсан гэх. Гэвч С.Баярын ЗГ энэ лицензийг нь хүчингүй болгосноор, уг компани нь олон улсын арбитрын шүүхэд хандан, манай улсын ЗГ энэ шүүхэд дээр ялагдаж 70 сая.ам.долларын торгууль төлж хохирсон гашуун туршлага бий. Тэгэхэр социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгууль хийж нөөциийг нь тогтоосон гэсэн үндсэн шалтгаанаар УИХ-ын тогтоолоор стратегийн ордод орсон, мөн түүнчлэн стратегийн ордод оруулах эсэхийг судалж үзэх ордуудын жагсаалтанд орсон боловч, тухайн үеийн хуулийн дагуу төрийн байгуулагаас нь Х лицензийг нь авч нэмэлт хайгууль хийх зэргээр А лиценз авсан, зарим нь ашиглаж байгаа дээрх ордуудад төр хувь эзэмших гээд маргаад байгаа асуудлыг хэлэлцээр хийж шийдэхээс өөр гарцгүй юм шиг санагдаж байна.
-Бас сүүлийн үед Онтре гоулд ХК-ийн асуудлаар улс төрчид нилээд ярих болов. Үүнд та бас байр сууриа илэрхийлнэ үү?
-Уг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой заасны дагуу тэр хоёр Х лицензийн талбайн доорх ашигт малтмалын нөөцийг ашиглах компанийн 34 хувийг МУЗГ эзэмших учиртай байсан. Гэтэл 2010-2011 онд байх, Онтре гоулд хк-д зүгээр А лицензийг нь зүгээр бичээд өгчихсөн байдаг. Тэгээд хэрэв энэ А лицензийг нь МУЗГ хүчингүй болговол олон улсын арбитрийн шүүх дээр дахиад ялагдаж, их хэмжээний торгууль төлөхөд хүрч болзошгүй.
-Үр дүнд нь юу болсон бэ?
-Онтре гоулд компанийн хайгуулын хоёр лицензийг 100 хувь эзэмшигч компанийн хувьцааны 34 хувийг эзэмших байсан бол, энэ лиценз эзэмшигч компанийн 70-80 хувийнхан 34 хувийг эзэмшихээр болсон байх. Үүний зөрүү нь 2014 оны байдлаар МУ-сад орох орлого 1.7 орчим тэрбум ам.долларын буурахаар тооцоо гарч байсан. Ер нь ЗГын агентлаг, яам нь тухайн үедээ ингэж хариуцлагагүй хандчихаад, дараа дараачийн ЗГ болон УИХын гишүүд нь хойноос нь маргаан дэгдээгээд байдаг нь ямар ч утгагүй мангар асуудал юм.
-Нөгөөтэйгүүр уул уурхайг эсэргүүцэгчид цөөнгүй байна шүү дээ…?
-Монгол хүн бүр хуулийг мөрдөх учиртай. Нөгөө талаас төр, засаг нэгэнт лицензээ өгсөн бол бусад орнуудын жишгээр хөрөнгө оруулагч компаниудад хайгууль хийх, өрөмдлөг хийж ашигт малтмалын нөөц тогтоох, ашиглах боломжийг бүрдүүлэх үүрэгтэй. ЗГ-ын Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас Х лиценз авсан компаниудыг лицензийн талбайд очиход нь аймгийн, ялангуяа сумын удирдлага эсрэг юм аа яриад суулгүй ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ажлыг тэдний ажлын чиг үүргэд тусгасан хуулийг УИХ батлах хэрэгтэй. Тэгээд ямар нэг асуудал үүсвэл Уул уурхайн асуудал хариуцсан ЗГын тусгай эрхэт төлөөлөгчтэй нь холбогддог бусад оруудын сайн туршлагыг нэвтрүүлмээр байна. Тэрнээс улс төр эдийн засгийн бүлэглэл эсхүл намууд “иргэдийг уул уурхайн компаниудын эсрэг турхирчихаад” ард суугаад байж болохгүй. Ийм байвал дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид энэ улсаас зугтсан хэвээр байх болно.
-Өөр нэг зүйлийг танаас сонирхон асууя. Газрын зөвшөөрөл олгох, газар эзэмшүүлэх, өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар таны байр суурь ямар байдаг вэ?
-Газрын харилцаан дээр иргэд, байгуулагад 15 жил эзэмших гэрчилгээ өгч газрын өндөр түрээсийн төлбөр авдаг. 2014 оноос хойш Газрын дуудлага худалдааны босго үнэ гэж нилээд их хэмжээний төлбөрийг авдаг болсон. Тэгсэн мөртлөө Газрын тухай хуулинд байдаг “хэрэв хоёр жилийн хугацаанд газраа ашиглахгүй…” гэсэн коммунист утгатай заалтыг барьж газрын гэрчилгээг нь цуцлах, түдгэлзүүлэх үйлдэл нилээд их байгаа юм билээ. Хүн бүрт, эсхүл байгууллага бүрт ийм боломж байгаа билүү. Газар дээр барилга барих зөвшөөрлийг бүрэн аваад, зураг төслөө батлуулах, ажлын зургыг хийлгэхэд богинодоо хоёр жил шаардагддаг. Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хоорондох үнэ цэнэтэй газруудаас бүгдээрэнгээс нь ГДХБҮ гэгчийг авсан билүү. Ихэнхээс нь аваагүй. Энэ нь шудрага бус л даа.Нөгөө талаас хэрэв ГДХБҮийг авсан бол олон улсын жишгээр дуудлагын худалдаагаар авсан бүх зүйл тухайн хуулийн этгээдийн өмч болдог жишиг байдаг. Иймд УБ хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, мөн НИТХын гишүүд нийслэлийн бүх иргэд, оршин суугчидын амьдралын үндэс нь болсон Газрын харилцаатай холбогдсон эрх зүйн орчноо боловсронгуй болгох хэрэгтэй байна. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчдад ч гэсэн манай улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах сонирхол байдаг боловч эрх зүйн орчны тодорхой бус,найдваргүй байдлаас болоод зай барьсан байдалтай байдаг юм билээ. Эцэст нь манай сонгогч иргэд өдөр бүр хэрсүү болж байна. Цаашид улам хэрсүү болж 2028 оны УИХ-ын сонгуулиар ардчилсан хөгжилтэй орнуудын сонгогч иргэд лугаа эрх баригч нам болон ггшүүдийнхээ ажлыг“ иргэдийн амьдралын чанар дээшилсэнэ үү, доошилно уу, бизнесийн орчин сайжирсан уу, муудсан уу, хулгай нэмэгдсэн үү, Үндсэн хууль болоод бусад хуулийг зөрчсөнө үү, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан уу гэсэн 4-5-хан үзүүлэлтээр дүгнэдэг болмоор байна!
-Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Та сайхан наадаарай?
-Олон улсад гайхагддаг Монгол наадам маань болох гэж байна. Нийт монголчууддаа дэлхийд хосгүй монгол наадмаараа Дэнж хотойтол сайхан наадахыг ерөөж байна. Наадмын дараа намар гэдэг. УИХ, Засгийн газар баяр наадмын өдрийг дуусгаад улс орныхоо хөгжлийн төлөөх ажилдаа ханцуй шамлан орж, чин сэтгэлээсэй зүтгээсэй билээ.





“Junior Club League” 7 сарын гайхамшигт аяллаа өнөөдөр дуусгаж байна
2024 оны 12-р сард анх эхэлсэн “Junior Club League” өнөөдөр буюу 2025 оны 7-р сарын 8-нд аваргын тоглолтуудаар албан ёсоор өндөрлөлө...
7 цагийн дараа
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 630 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76,267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 630 хэр...
5 цагийн дараа
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоонооноос санаачлан зохион байгуулдаг дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит үнд...
5 цагийн дараа
Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, 126 сая төгрөгийг ул...
4 цагийн дараа
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгу...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд

С.Б
Ерөнхийдөө санал нэг