мэдээ
Б.Цэвэгжав: Өөрөөс нь өөр хүн наадмын найруулагчаар ажиллаж чадахгүй гэж эндүүрээд байна

Админ
2025 оны 7 сарын 21

122

Монгол ахуй судлаач Б.Цэвэгжавтай наадмын нээлтийн үер монгол гэрийн тооноор хүн тэрэг хийсэн асуудлын талаар ярилцлаа.
-Иргэд монгол гэрийн тооноор хүн тэрэг хийсэн дүрийг шүүмжилсээр байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Нэгдүгээрт, монголчууд гэрийн тооноо хөх тэнгэртэй харьцах нүд хэмээн хүндэлж, дээдэлж ирсэн түүхтэй. Наад зах нь гэхэд монгол хүн нүүж суухдаа хүртэл хөсөг тэрэгний хамгийн урд талдаа тооноо тусгайлан даруулж ачдаг уламжлалтай. Ачаагаа буулгахдаа ч мөн адил хамгийн эхэнд тооноо буулган цэвэр газар тавьдаг. Гэрийн тоонон дээгүүр алхах, гишгэхийг ч хатуу цээрлэнэ. Тухайн өрх гэрийн хамгийн ахмад хүн нь тооно өргөж голомтоо босгодог байлаа. Монголчууд гэрийн тооно босоход тухайн айлын голомт бослоо хэмээн үздэг. Гэрийн ерөөл, магтаал хэлэхэд хүртэл тоононоос нь эхэлдэг билээ. Ийм нандин уламжлал, ёс заншлаа үндэсний их баяр наадмаараа тэрэгний дугуй мэтээр харуулах нь хэнд, юуг хэлэх гэсэн санаа вэ. Хоёрдугаарт, хүн төрөлхтний түүхийн үйл явцад хамгийн ядуу орон эсвэл тарчигхан амьдралтай хүн л өөрийн биеэр тэрэг чирч амьдралаа залгуулдаг байсан. Хүн өөрийн биеэр тэрэг чирэх нь ядуу зовлонтой байдлыг илтгэдэг тул үндэсний их баяр, наадамд ийм дүр гаргах нь ёс уламжлалаа үгүйсгэснээс ялгаагүй. Яагаад гэвэл монгол ахуйд ачаа бараагаа морь, үхэр, тэмээнд хөллөн зөөдөг уламжлал бий. Түүнээс хүн өөрөө тэргийг хөллөн чирэх нь монгол дүр биш юм. Хэнийг айлгаж, юуг зөгнөж ийм бодлогогүй үйлдэл хийснийг нь гайхаад л сууж байна.
-Наадмын нээлтийг шүүмжилсэн хүмүүст найруулагч Н.Наранбаатар “Өөр өөрсдийнхөө тархинд зажилцгаа” гэх тайлбарыг хийсэнд иргэд бухимдалтай байна?
-Мэдээж шүү дээ. Тархи чинь хүрвэл миний найруулсан наадмын нээлтийг ойлгоорой. Хэмжээ, хэмжээндээ ойлгоцгоо гэх утгатай тайлбар хийсэн байна. Ард түмнийхээ өмнө үндэсний хэмжээний асар том үүрэг хариуцлага хүлээсэн хүн ийм дээрэнгүй байж болохгүй ээ. Эцсийн дүндээ хэний мөнгөөр хэнд, юу хийж өгчөөд томроод байгаа юм. Өөрөөс нь өөр хүн наадмын найруулагчаар ажиллаж чадахгүй гэж эндүүрээд байна. Тийм ч учраас иргэддээ ийм пээдгэр тайлбар өгч байгаа юм. Гэхдээ энэ хүнээс илүү чадвартай, гярхай, хариуцлагатай олон залуу найруулагч бий. Сүүлдээ наадмын нээлт бол үнэхээр уйтгартай болж ирсэн. Сумын төвийн нийтийн дуучдын концерт шиг л юм болсон шүү дээ. Уг нь бол наадмын нээлт ганцхан л зорилготой. Ерөөсөө л монголоороо бахархаж, соёлынхоо дор үндэстнээрээ ижилсэн нэгдэх юм. Үүнийг л ойлгосон байхад үнэт зүйл, ёс уламжлалаа зажлах бодол хэний ч тархинд орж ирэхгүй. Наадмын нээлт болон хаалтын төсөвт өмнөх жилүүдээс дөрөв дахин их буюу 9 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл энэ мөнгийг юу ч үгүй зажиллаа гэх хардлага нийгэмд газар авч байна. Үүнд ч гэсэн нэг тайлбар хийх хэрэгтэй.
-Нэр хүндтэй олон хүн наадмын нээлтийн зөвлөхөөр ажилласан гэсэн. Тэдгээр хүмүүс энэ алдааг анзаараагүй байх боломжтой юу?
-Сайн анхаарал хандуулаагүй байна. Уг нь бол ийм алдаа гарч магадгүй учраас тэдгээр хүмүүсийг зөвлөхөөр тавьсан биз дээ. Би хэн, хэн зөвлөхөөр ажилсныг нь харсан. Нэрийг нь заавал дурдаад яах вэ. Бүгд л монголчуудын хүндэлж явдаг хүмүүс байсан. Энэ хүмүүсийн нас, боловсрол, мэдлэгийг нь бодсон ч ийм алдааг олж харахгүй байна гэж байхгүй. Анх хэн үүнийг санаачилсан нь чухал биш. Харин яагаад монгол гэрийн тооноор тэрэг хийж болохгүй вэ гэдгийг тайлбарлаж, зааж, чиглүүлэхийн тулд та бүхнийг зөвлөхөөр сонгосон шүү дээ.
А.Даваадулам





Улаанбаатарын “Их дуулга” энэ сарын 25-нд эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээ зохион байгуулагдаж байгаа. Энэ тэмцээн долоодуг...
8 цагийн дараа
Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдварын нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Засгийн ...
8 цагийн дараа
ЗГ: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөө...
8 цагийн дараа
НӨАТ: Нэг супер азтан тодорлоо
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирлыг өнөөдөр явууллаа. 2025 оны зургаадугаар сарын 1-30-ны хоорон...
7 цагийн дараа
Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны зам. Тус хурдны замыг ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд

НАРАНБААТАР
ЭНЭ ЗАСГИЙН ӨНГӨНД ЯАЖ МӨНГӨ ЗАЖИЛАХАА БИ МЭДЬЕ ! УЛНЫ НОВШНУУД ТА НАРТ БУДААТАЙ ХУУРГА ТАРААНА ! ОЛЖ ГУДАРВАЛ ЗАЯА ЧИНЬ ТЭР !