мэдээ
Б.Хаш-Эрдэнэ: Гадаад худалдааны алдагдал энэ жил нэмэгдэх төлөвтэй байна

Админ
2025 оны 7 сарын 23

40

Монголын эдийн засгийн форум-2025 бизнест ээлтэй монгол салбар хуралдааны үеэр Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хагас жилийн байдлаар эдийн засгийг дүгнэвэл ямар байна вэ. Худалдааны тэнцэл өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байгаа вэ?
-Улсын төсөв дахиж хэлэлцэгдэх гэж байна. Яагаад улсын төсөв дахин хэлэлцэгдэх гээд байна вэ гэвэл эдийн засгийн нөхцөл байдал анхны төлөвлөсөн шигээ байж чадаагүй учраас энэ асуудлыг дахин ярилцах гэж байгаа. Тухайлбал, гадаад худалдааны алдагдлын хувьд энэ жил нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын гол барааны гадаад зах зээл дээр байгаа үнэ унасантай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн орлого энэ жил тасрах нь ойлгомжтой болсон. Тийм учраас энэ жил валютын ханшийг барих, нөөцийг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна. Өмнөх онтой харьцуулахад экспортын орлогын хэмжээ багасна. Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг импортоор авдаг учраас импортын хэмжээ багасахгүй нь ойлгомжтой. Энэ бүхнээс харахад олох ёстой орлогоо олж чадахгүй учраас эдийн засгийн тохируулгаа өөрчлөх шаардлагатай болж байна.
Манай улсын сүүлийн жилүүдийг харахад гадаад худалдааны алдагдал тэнцвэртэй, ашигтай байсан тохиолдол маш цөөн байдаг. Дийлэнх үед алдагдалтай гардаг.
Энэ нь манай улсын эдийн засгийн онцлогоос шалтгаалж байгаа. Бидний экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн маш цөөхөн нэр төрлөөс хамаардаг. Мөн экспортын бүтээгдэхүүнүүдийн орлого гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаардаг учраас бид өөрсдөө удирдаад, гадаад худалдаагаа тэнцвэртэй байлгах боломж хомс байдаг.
-Цахим орчинд иргэд и-баримтынхаа мэдээллийг жилээр нь харьцуулж үзэхэд өрхийн энгийн зардал нэмэгдээгүй хэрнээ 20 хувь өссөн байгаа талаар бичсэн байсан. Үүнийг инфляц нэмэгдсэн гэж үзэж болох уу?
-Үндэсний статистикийн газраас инфляцийг тооцдог аргачлал байдаг. Үүнийг маш энгийнээр тайлбарлахад, тодорхой бараануудыг сонгож аваад сагс үүсгээд, тэдгээрийн үнэ өссөн үү, буурсан уу гэдгээс шалтгаалаад инфляц жилийн болон улирлын дүнгээрээ улсын хэмжээнд гарч ирдэг. Иргэдийн хувьд тодорхой бараанууд дээр үнэ нь 20 хувиар өссөн харагдаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь инфляц 20 хувь болсон гэсэн үг биш. Тийм учраас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өмнөх жилтэй харьцуулахад энэ жил инфляцийг барихад хүндрэлтэй тулгарах нь ойлгомжтой. Яагаад гэвэл инфляцад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг нь валютын ханшны өсөлт. Валютын ханш өсөх тусам импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөх нь ойлгомжтой. Тийм учраас инфляц, валютын ханшийг тусад нь авч үзэх ямар ч боломжгүй. Энэ оны сүүлч гэхэд хүлээж байсан түвшингээс инфляцийн түвшин нэмэгдэх болов уу гэсэн таамаг хүмүүсийн дунд байгаа.
-Баяр наадам эдийн засагт ямар нөлөөтэй байдаг вэ. Зөвхөн баяраар орлого олдог нэг давхарга бий шүү дээ?
-Манай улс бизнесийн 3-4 цикльтэй. Цагаан сар, наадам, хичээл орох үе, шинэ жилийн үед идэвхжил нэлээд нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, энэ үеэр худалдаа, ЖДҮ эрхлэгчид аль болох бараагаа их хэмжээгээр нөөцлөх, түүнд шаардлагатай санхүүжилтүүдээ санхүүгийн байгууллагуудаас авдаг. Түүнийг нөөцлөхтэй холбоотой валютын ханш өсөх хандлагатай байдаг. Баяр наадмын үе бол худалдаа эрхлэгчдэд хамгийн өндөр борлуулалтаа хийх боломжтой цаг нь байдаг. Тийм учраас энэ төрлийн компаниудын хувьд бизнесийн идэвхжил хамгийн сайн байдаг.
-Бид эдийн засгаа сайжруулж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Ойрын 2-3 жилийн хугацаанд бид уул уурхайн бүтээгдэхүүнээ зарахаас өөр арга байхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүн зарж байгаа орлогоороо уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг бий болгох чиглэлээр энэ салбар луу хөрөнгө оруулалт олох ямар механизм байж болохыг шийдэж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг 20-30 жил ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдсэн зүйл алга. Гэхдээ хийхээс өөр арга байхгүй.
Яагаад гэвэл манай эдийн засгийг хүнээр төсөөлж дүрсэлбэл маш нарийхан хөлтэй, том гэдэстэй, нэг үлээхэд унахаар хэмжээний болчихоод байгаа. Гадны зах зээлийн үнэ ханш, өөрчлөлтөөс бид маш их хамааралтай байгаа. Үүнийг багасгахын тулд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэр зэргийг хөгжүүлж байж экспортод гаргавал ганцхан нүүрс, зэсний зах зээлээс хамаардаг байдлаасаа сална гэсэн үг.
-Эрчим хүчний салбар манай улсын хамгийн чухал салбаруудын нэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн оролцоо ямар байх ёстой вэ?
-Эрчим хүчний салбар бол монополь зах зээл. Үүнд төрийн оролцоо маш их байдаг. Тийм учраас хувийн хэвшлийнхэн орж өрсөлдөх боломж хомс. Нөгөө талаас энэ зах зээл рүү хөрөнгө оруулалт хийгээд буцаагаад хөрөнгө оруулалтаа нөхөж авах боломж бага байдаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн эрчим хүчээ борлуулах үнэ хямдхан учраас үүн рүү орох сонирхол хувийн хэвшилд байдаггүй. Энэ жил эрчим хүчний үнийг нэмсэн нь хувийн хэвшлийнхэн энэ зах зээл рүү орж ажиллах боломж гарч ирсэн гэж харж байна. Тэгэхээр цаашдаа эрчим хүчний реформ яаж явах вэ гэдгээс шалтгаалж энэ салбар луу хувийн хэвшил орох эсэх нь шийдэгдэнэ. Дан төрийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний салбар явдаггүй гэдгийг бид 30 жил харлаа. Гадны хөрөнгө оруулагчид эрчим хүчний салбар луу хөрөнгө оруулах сонирхол байгаа. Монголд үйлдвэрлэгдсэн эрчим хүчийг худалдан авах боломжтой Хятадын зах зээл бий.
Ганцхан төрийн зохицуулалт нь яаж явагдах вэ гэдгийг л хүлээж байгаа. Үйлдвэрлэлийн салбарыг нээлттэй болгож, хөрөнгө оруулагчдын сонирхлыг өдөөж байж эрчим хүчний асуудал шийдэгдэнэ. Түүнээс дотоодын хөрөнгө оруулагч нар эрчим хүчний салбарыг урагш явуулах боломж байхгүй. Тэгэхээр бизнест оруулж байгаа төрийн оролцоог зайлшгүй багасгах ёстой. Сүүлийн арваад жилд хувийн хэвшлийн орон зайг дотоодын зах зээлээс харахад хумигдсаар байгаа. Хэрвээ бид зах зээлийн эдийн засгийг сонгож авсан л бол төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн ажиллах орон зайг суллаж өгөх хэрэгтэй.
-Сүүлийн үед иргэдийн эдийн засгийн байдал хүндрэлтэй байгааг олон нийт, хэвлэл мэдээлэл, судалгаанууд ч онцолж байна. Үнэхээр иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа юу. Үүнийг сайжруулахын тулд ямар бодит алхмууд хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Иргэдэд энэ асуудал халаасанд нь орж байгаа орлогоор мэдэгдэж байгаа. Нэрлэсэн цалин нь нэмэгдсэн юм шиг харагдаж байгаа боловч инфляц, бусад татваруудад идэгдэж, иргэдийн гар дээр очдог. Бид иргэдээ ядуурлаас гаргая, дундаж орлогыг нь нэмэгдүүлье гэж бодож байгаа бол тухайн иргэний халаасанд орж байгаа мөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлдэггүй юмаа гэхэд тогтвортой байлгах шаардлагатай. Үүний тулд инфляц тогтвортой байх, валютын ханшны өсөлтийг барих хэрэгтэй. Наад зах нь НӨАТ-ыг багасгах ёстой.
Г.БАЛГАРМАА





Төсвийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, Улсын Их Хурлын 14 тогтоол батлуулжээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын...
5 цагийн дараа
“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдо...
4 цагийн дараа
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 12-нд эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 12-...
3 цагийн дараа
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санх...
2 цагийн дараа
Улаанбаатарын “Их дуулга” энэ сарын 25-нд эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээ зохион байгуулагдаж байгаа. Энэ тэмцээн долоодуг...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд