мэдээ
З.Төмөртөмөө: Одоо хэрэгжиж байгаа төслүүд дээр алдаа гарвал надтай болон манай компанитай хариуцлага ярьж болно

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 7 сарын 22

63

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөөтэй нийслэлийн орон сууцжуулалт, газар чөлөөлөлт, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.
-Таны хувьд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн удирдлагаар томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд амжуулав?
-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НИТХ-ын тогтоолоор “Улаанбаатар орон сууцжуулалт” гэж компани байгуулагдаад хагас жил болж байна. Дахин төлөвлөлттэй холбоотой маргаан, түүнтэй холбоотой өнгөрсөн хугацаанд хохирсон олон мянган иргэний асуудал, гарсан алдаа дутагдлыг дахин гаргахгүйн тулд л энэ компанийг байгуулсан. Ерөөсөө хоёр л чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж, дахин төлөвлөж нийтийн зориулалттай орон сууц барьж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах байдлаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид хотын төвийн болон захын бүсийн байршлууд дээр ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын олон төсөл дээр ажлууд эрчимжээд явж байгаа. Компани шинээр байгуулагдсан учраас бичиг цаас, хууль журам, дүрэм гээд олон ажил байсан. Эдгээр ажил жигдэрсэн, төслүүд эхэлсэн.
-Дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах гээд ярихаар эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирсон олон хүний асуудал яригддаг. Эдгээр хүмүүсийн асуудлыг танай компани ямар нэгэн байдлаар зохицуулна гэж ойлгож болох уу?
-Ер нь өнгөрсөнд гарсан алдаануудыг өнөөдөр бид зохицуулахын төлөө л явж байна. Гэвч үүнийг бид дангаараа хийх боломжгүй юм билээ. Шүүхийн маргаантай, тав, 10 жил байр оронгүй явчихсан гээд асуудал их. Тиймээс ийм алдаа дахин гаргахгүйн тулд шинэ төслүүд дээр төр оролцож, иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой юм байна.
Хоёрдугаарт, бүтээн байгуулагч, үндэсний барилгын компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилготой үйл ажиллагаагаа явуулж байгаа. Төр албан ёсоор дунд нь гүүр болж байна гэсэн үг. Хуучин болохоор нэг барилгын компани шалгаруулсан болоод батламжийг нь өгөөд хаячихдаг. Ингээд тухайн компани санхүү мөнгөний бололцоогүй болчихдог, үүнээс болоод төсөл зогсдог, улмаар иргэд хохирдог байсан. Барилгыг ерөөсөө хурдан л барихгүй бол валютын ханшны өсөлт, барилгын материалын үнийн нэмэгдэл гээд олон асуудлаас болоод тухайн барилга царцаад аж ахуйн нэгжүүд үүд хаалга барьсан олон жишээ байдаг
-Өмнө нь гарч байсан алдаанууд яг юунаас болсон гэж үзэж байгаа вэ?
-Олон л учир шалтгаан байна. Нэгдүгээрт, төрийн буруутай үйл ажиллагаа ч бий. Хуулиараа гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа компаниудад төр өөрөө дэд бүтцийн шугам сүлжээ, зам харгуйг нь тавьж өгөх үүрэг хүлээдэг. Үүн дээр хөрөнгө мөнгөгүйгээс болоод энэ үүргээ биелүүлээгүй асуудлууд байгаа. Хоёрдугаарт, хамгийн том асуудал бол цүнхний гэж нэрлэдэг компаниудыг сонгон шалгаруулж байсан явдал. Ганц, хоёрхон компанид тав, 10 төсөл хуваагаад өгчихсөн. Нөгөөдүүл нь төслөө дамлан зарах, хөрөнгө оруулагч хайх гэж хугацаа алддаг. Үр дүнд нь иргэд хохирдог байсан. Тиймээс өнөөдөр хотын даргын захирамжаар холбогдох хүмүүсийг нь бүгдийг оролцуулсан сонгон шалгаруулах албан ёсны комисс байгуулаад, үүнийгээ хэвлэл мэдээллээр зарлаад сонгон шалгаруулалтыг ил тод явуулж байна.
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж, дахиад шинээр барих ажил хэр явагдаж байна вэ?
-Одоогийн байдлаар яг энэ ажлын 10 төслийн сонгон шалгаруулалтыг нь нээлттэй явуулаад, үндэсний компаниуд шалгарсан. Ажлууд нь эхлээд явж байна. Зарим нэг компани иргэд, төртэй хийх гурван талт гэрээгээ байгуулах шатандаа явж байгаа. Хүний амьдрах орчин, байр орон сууцтай холбоотой учраас тийм хурдан шийдэгддэггүй. Судлах, хянах гээд ажил их. Зарим төслийн ажил эхлээд 2, 3 давхрыг нь бариад эхэлчихсэн явж байна. Ер нь хотын төвөөр байгаа, дээр үеийн, нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлдөг, яваад орохоор гэр хорооллын орчин нөхцлөөс ч хүнд болчихсон, амьдрах орчин маш тааруу барилга их байна. Дээрээс нь яагаад ашиглалтын шаардлага хангахгүй гэж нэрлэдэг вэ гэхээр газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гардаг. Дэлхий дээр өнөөдөр газар хөдлөлттэй холбоотой маш олон гамшиг, эрсдэл бий болж байна. Хөгжилтэй орнууд хүртэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж байгаа тохиолдол ч гарч байгаа. Ийм байдал манайд тохиолдохгүй гэх баталгаа байхгүй учраас энэ барилгуудыг яаралтай буулгаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах шаардлагтай юм. Гэвч энэ ажил сонгон шалгаруулалт нь өчнөөн зарлагдаад ч явахгүй байсан төсөл маш их байсан. Манай компани байгуулагдсанаар энэ төслүүдийг амжилттай явуулж байна. Иргэдтэй хийх уулзалтыг тогтмол явуулж, санал дээр нь үндэслэж л бид ажиллаж байгаа. Оршин суугчдынх нь 80 хувиас дээш дэмжсэн тохиолдолд ажил явна. Мөн манайх 500 орчим түр суурьшуулах орон сууцтай. Үүндээ тухайн иргэдийг түр амьдруулаад байр нь ашиглатад орохоор хүлээлгэж өгөх учиртай.
-Танай үйл ажиллагааны чиглэлд НОСК-иас түр шилжүүлэн суурьшуулах орон сууцыг авч, менежмент хийх гэсэн байсан. Таны ярьдаг үүнийг хэлж байна уу?
-Яг тийм, энэ бол таны барилгыг нураагаад дахин шинээр барихаар боллоо. Харин байр тань ашиглалтад ортол энэ түр шилжүүлэн суурьшуулах байранд амьдрана л гэсэн үг. Ингэж төр хариуцахаар иргэд ямар нэгэн эрсдэлгүй болж байгаа юм.
-Нөгөө талдаа хотын төвөөрөө хэтэрхий их барилгатай болчихлоо, алхах, хүүхдээ салхилуулах зам талбайгүй гэсэн шүүмжлэл гардаг шүү дээ. Энэ тал дээр нь хэр анхаарч байгаа вэ?
-Авто замын түгжрэл, сургууль цэцэрлэг, машины зогсоол гэсэн гурван асуудал байдаг. Үүнийг манай хотын ерөнхий архетектурын баг хамт олон стандартыг тавьж өгөөд, энэ зургийн дагуу яваарай гэдэг шаардлагаа тавина. Ингээд тэр заавар, зургийн дагуу компаниуд барилгаа барина. Харин бид хяналтаа тавина. Хотын олон байршилд энэ төсөл хэрэгжиж байна. Мэдээж, компанид ашигтай гэвэл төв хэсэгт барилгаа барихыг бодно. Үүнийг нь ч гэсэн бид харгалзан үзэх учиртай. Бүтээн байгуулагч үндэсний компаниуд энэ төслийг хэрэгжүүлснээр хөл дээрээ босч, татвар төлж, улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулна. Эдгээрийг л манай компани уялдуулж байгаа. Мөн манай хот цаашдаа тэлэх ёстой. Ингэхийн тулд дэд төвүүдийг хөгжүүлж байна. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлсэн. Толгойт дэд төвийг манайх хариуцаж байгаа. Ирэх жилээс тус дэд төвийн ажил руу онцгойлон орно.
-Хавар барилгын компаниудын төлөөлөл нийслэлээс хэрэгжүүлж байгаа барилгын төсөл дээр гаднын компанийг орууллаа гээд жагсаад байсан. Танайхаас хэрэгжүүлж байгаа төсөл дээр ийм асуудал байгаа юм биш биз дээ?
-Энэ манайхтай ямар ч холбоогүй. Сэлбэ дэд төвийн ажлыг хариуцсан тусдаа нэгж байгаа. Олон улсын нээлттэй тендерээр ажил нь явсан юм байна лээ. Манай компани болохоор цэвэр үндэсний бүтээн байгуулагч компаниудаа дэмжих зорилготойгоор нээлттэй харилцан ажиллаж байна. Заавал туршлага харахгүй, эдийн засгийн чадамж, актив хөрөнгийг л харах хэрэгтэй. Иргэд хохирохгүйн тулд хугацаандаа барилгын ажил дуусах ёстой. Одоо хэрэгжиж байгаа төслүүд дээр алдаа гарвал надтай болон манай компанитай хариуцлага ярьж болно. Өмнөх асуудал дээр бүгдийг нь бид үүрэх ямар ч боломжгүй гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Ер нь орон сууцны асуудал гэдэг хүний аж амьдралтай холбоотой учраас ипотекын зээл, орон сууцжуулах хөтөлбөр зогсолтгүй хэрэгжих учиртай. Шинэ Засгийн газар бодлого хэрэгжүүлж, орон сууцжуулах тал дээр ахиц дэвшил гаргах гэж байна гэж би ойлгосон. Тэгэхээр үүн дээр манай Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийг хариуцаж байгаа манай компанийн хувьд Засгийн газрын бодлого шийдвэрийг бүрэн дэмжиж, чиглэлийн дагуу ажиллана.





АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгджээ
АНУ даяар үерийн гамшиг нүүрлэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Тус нийтлэлд дурдсанаар энэ жил АНУ-ын бүс нутгуудад аюул, хох...
5 цагийн дараа
Прокуророос Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал гаргажээ
Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай...
5 цагийн дараа
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 04-ний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-MONG...
5 цагийн дараа
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр нийгмийн шударг...
4 цагийн дараа
Телеграммаар холбогдон 13 сая төгрөгөө залилуулжээ
Телеграмм аппликейшнээр дамжуулан залилагдсан иргэдийн дуудлага мэдээлэл удаа дараа бүртгэгдсээр байна. Өчигдөр /2025.07.22/ энэ төр...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд