Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

Ж.Баярмаа: Татвар төлөгчдийн 15 тэрбум бол улс төрийн авлига бөгөөд үр дагаварт нь бүсчилсэн хөгжил, төсвийн нэгдсэн бодлого бүгд алдагдана

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 7 сарын 28

img

23

news-img

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нэр бүхий гишүүд тойрогийн гишүүдэд 15 тэрбум төгрөг тараах талаарх асуудлыг шүүмжилж байна. Үүнд та хууль тогтоогчийнхоо хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын гишүүдэд тойрогт нь шийдэх асуудлууд, зовлон бэрхшээл байдгийг ойлгох ч гишүүн тус бүрд тодорхой дүн зааж өгч хавтгайруулж байгаагаараа улс төрийн авлига, клиентилизмийн шинжийг агуулж, олон үр дагавар авчирна. Нэгт, чухам нийтийн төсвийг гишүүд тойрог руу үр дүнгүй цацдагийг болиулна хэмээн бүсчилсэн хөгжлийн концепц гаргаж тойргоо томруулж, сонгуулийн тогтолцоогоо хүртэл өөрчилсөн шиг санах юм. Тэгсэн атлаа дахиад л баахан дуусдаггүй бяслагийн үйлдвэр, зарим суманд соёлын хоёр төв, иргэдийн мэдээллийн хоёр төв худаг, үдэлт, угталтын хаалга, ЖДҮГ дэмжих нэртэй элдэв зүйл тараалт, явдаггүй, үр дүнгүй ажлууд гэх мэт үргэлжлэх нь. Нэгдсэн төсвийн бодлого алдагдаж, үргүй зардал нэмэгдэнэ.

Хоёрт, УИХ-ын гишүүд бол бодлого тодорхойлогчид болохоос тодорхой дүнд тааруулж худаг ус, сургууль цэцэрлэгийн зураг, төсөв барьж Сангийн яам руу гүйгсэд биш. Ийн үргэлжлэх аваас яаж ч бодсон парламентын зүгээс Засгийн газрыг хянах үйл явц саармагжиж, харилцан биесээ хянах зорилгоор салгасан эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдана. Найраа, наймаа үргэлжилнэ. Товчхондоо, Засгийн газар даварна. Гуравт, шинэ улс төрчид сонгогдох, цус сэлбэгдэхэд хэцүү болно. Энэ бол ардчилалд асар халгаатай. Хүний, өөрийн мөнгө, санхүүгээр хийгддэг түмэн төрлийн санал худалдан авалт, сонгуулийн клиентелизмыг төсвийн их хэмжээний мөнгөөр үргэлжлүүлсээр байх аваас “их юм хийдэг” гишүүн хэмээх алдар цолыг хүртэж, тойрогтоо баастай бурхан болж үүрд залагдан, гарааны тэгш бус байдал үргэлжилнэ.

Дүгнээд, шулуухан хэлэхэд, улс төрийн авлига буюу сонгогчдын саналыг төсвийн мөнгөөр худалдан авахуулж, мөнхөд сонгогдох боломжийг олгоно гэсэн үг. Цаад санаа нь гишүүдийн амыг хамхих, улмаар мөнхөд засаглах гэсэн Ардын намын далд, башир арга. Өөр ямар ч толгой эргүүлсэн тайлбар хэрэггүй. Иймээс сонгогчдын саналыг бүх төрлөөр худалдан авахын эсрэг байдаг, холбогдох хуулийн төсөл боловсруулж байгаа хүний хувьд огт дэмжихгүй.

-Анхны 126 гишүүнтэй парламентын хувьд жагсаалтын болон тойргийн гэдэг байдлаар нэгэнтэйгээ маргалдах, зөрчилдөх асуудал нэлээд их харагдах боллоо. Цаашдаа ер нь энэ ялгаварлал, ашиг сонирхол, тэгш бус байдлыг хэрхэн шийдвэрлэх шаардлагатай гэж та харж байна вэ?

-Нэгэнт Үндсэн хуулиараа сонгуулийн холимог тогтолцоотой болсноос хойш жаахан хүүхэд биш, би тойргоос гээд давуу эрх эдлэх гээд байх нь утгагүй. Хоёр асуудал байна.Эхнийх нь жагсаалтынхныг иргэдээс сонгогдоогүй, зовохгүй ороод ирлээ гэх нэг хандлага. Нөгөөх нь арга байхгүй, тойргийнхонд сонгоод явуулсан иргэд нь байна. Тэгэхээр эхнийхийг шийдье гэвэл, одоогийн хаалттай буюу эрэмбэлчихсэн намын жагсаалтыг нээлттэй буюу сонгогчдоор эрэмбэлүүлэх хувилбарыг сонгож болно. Энэ нь жагсаалтын эрэмбийг намын удирдлагын хяналтаас гаргахын сацуу жагсаалтад дээгүүр орсон гээд гэдсээ илээд хэвтэх бус сонгогчдоор сонгуулихын тулд ажиллах шаардлагыг бий болгож байгаагаараа шударга ёсонд ч илүү нийцнэ. Хоёр дахь асуудлыг болохоор нэгдмэл улсын жишгээрээ бодлого, төсөв нэгдсэн байна гэдгээ хаа хаанаа хатуу ойлгож, нийтийн эрх ашгийн төлөө хэмээн өргөсөн тангаргаа санаж, улс төрийн соёлоо дээшүүлэхэд гишүүд манлайлах ёстой.

-Таны хувьд улсын төсөвтэй холбоотой асуудлаар тодорхой байр суурь илэрхийлж, тодорхой санал шүүмжлэлийг илэрхийлдэг. Наадмын дараа намар гэж удахгүй намрын чуулган эхэлж ирэх оны төсвөө бид хэлэлцэн батална. Яг одоогийн нөхцөл байдал эдийн засаг, нийгмийн амьдрал ямар байна вэ?

-Мэдээж түгжрэл, утаагаа түр мартан, амарч зугаалаад богинохон ч гэсэн зуны улирал хүн зоны сэтгэлийг баясгадаг нь сайхан юм. Дээрээс нь нийгмийн хуваагдал, талцал тэмцэл харьцангуй намжиж, тогтуун байна. Гэхдээ л зуны хөшигний ард гэр хорооллын талх, тосоо хувааж авдаг амьдрал яг хэвээрээ байгааг мартаж болохгүй. Эдийн засгийн хувьд инфляц нэмэгдэж, хоёр оронтой тоонд орсон. Өргөн хэрэглээний барааны үнэ үргэлж өсөж байгаа ч цалин нэмэгдэхгүй байгаа тул иргэдийн бодит орлого, худалдан авах чадвар ч муудаж байна. Энэ нь худалдаа, үйлчилгээний салбаруудыг хүнд байдалд оруулж байна. Татвар, хураамж нэмэгдэж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт болж байна. Иргэд ажил хийх ч урамгүй, бизнес хийхээс ч халширч байна. Дээрээс нь иргэд, залуучууд нийгмийн шударга бус байдалд маш их дургүйцэж байгаа тул давхар стандартыг бүх салбар, түвшинд халахын төлөө шинэ засаг тууштай ажиллахгүй бол иргэдийн төрд үл итгэх байдал цөхрөлд шилжиж байгаа. Мөн намар болохоор яанаа гэх айдас түгшүүр хүн бүрд байдаг болчихсон нь харамсалтай, гунигтай.

-Намрын чуулганаар Засгийн газар ямар төсөв оруулж ирэх бол. Ер нь төсөв оруулж ирэхдээ юуг илүү анхаарах шаардлагатай гэж та хардаг вэ?

-Сүүлийн дөрвөн жилд нийт төсөв 120 их наядыг зараад эдийн засгаа сайжруулж чадаагүй. Энэ мөнгөний чинь дийлэнх нь иргэд, аж ахуйн нэгжийн татвараас бүрдсэн. Мөн өнгөрсөн хугацаанд манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш өндөр байж, орлого их орсон байдаг. Эдийн засгийн мөчлөг сөрсөн буюу олсны хэрээр үрэн таран хийх биш хуримтлал үүсгэж, хүнд үед хэрэглэх бодлогыг хэрэгжүүлээгүй, боломжийг алдсаар ирсэн. Нэгэнт эдийн засгийн зөв бодлого явуулж иргэд, аж ахуйн нэгжүүдээ ашигтай орлоготой байлгаж чадахгүй байгаагаас хойш нуруун дээрээс нь татварын ачааллыг нь бага ч атугай хөнгөлөх чиглэлд татварын өөрчлөлтийг төсвөөс өмнө оруулж ирж батлуулан, түүний дагуу төсвөө хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, татвар бууруулж, орж ирэх орлогыг багаар төлөвлөж, түүндээ тааруулж зардлаа тавих. Мэдээж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийг үнэн зөвөөр буюу өөдрөг бусаар тооцох ёстой. Ерөнхийдөө, төр хөнжлийн хэрээр хөлөө жийхээс гадна нэг удаа ч болов хүн чанар гаргаж, иргэдээ бодож, татварыг бууруулж, өөрсдөө илүү дутуу бүх зардлаа хэмнэж, бүсээ чангалсан төсөв байх ёстой. Нэн чухал эрчим хүч, болон бусад тэргүүлэх салбартаа илүү хүч нөөцөө дайчилж, нэг нэгээр нь гараас гаргаад явахгүй бол хөгжил шаварт суусан машин шиг л урагшилдаггүй хэвээр байна. Энэ их төсөв зарчихаад улсын төсвөөр нэг ч станц бүр аль 2013 оноос яригдсан Таван толгойн станцаа ч хүртэл бариагүй байгаа нь төсөв, бодлого ямар байгааг илтгэж байна. Хөгжлийн томоохон гацааг арилгахад л шаардлагатай гэхээс бусдаар бол алдагдалгүй батлах ёстой.

-Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй учраас бид өөрсдөөсөө эхэлж хэмнэлтийг хийнэ гэсэн. Энэ хүрээндээ хэмнэлт хийж чадаж байгаа юу?

-1996-2000 оны Монголын Засгийн газар есөн сайдтай ажиллах үедээ нийгэм, эдийн засгийн гол суурь өөрлөлтүүдийг хийсэн. 46 сая хүн амтай Аргентин 9-хөн сайдтай ажиллаад улсаа намаг балчигнаас нь гаргаж байна. 2023 онд жилийн инфляц нь 211.4 хувь байсан бол 2025 оны дунд үе гэхэд 43.5 хувь хүртэл буурч, ядуурал нь 2024 оны эхний хагаст 52.9 хувь байсан бол хоёрдугаар хагаст 38.1 хувь болсон байна.Судалгаагаар Монголд 230.000 төрийн албан хаагч дунд 20.000 дарга сэтэртэнгүүд байна гэсэн. Тэгэхээр сайд, дарга нарынхаа тоог эрс багасгах,төрийн албаны давхардал,илүүдлийг арилгах замаар 30 хувь бууруулах зэрэг дорвитой зорилго тавьж, өөрчилж байж дорвитой хэмнэлт гарах байсан.

-Намрын улс төр болон эдийн засгийн нөхцөл байдал асар хүндэрнэ гэсэн судлаачдын таамаг байна. Та үүнтэй мөн санал нэг байгаа юу?

-Хүнд үе ирж байгаа гэдэгтэй санал нэг байна. Намраар зогсохгүй 2028 он хүртэл дэлхийн болон өмнөд хөршийн эдийн засгийн нөхцөл байдал, бодлого, түүнээс улбаалах манай экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт гэх мэт олон зүйл тодорхойгүй байгаа. Ийм үед хамгийн тодорхой зүйл бол төсвийг маш бодит, хэрэгцээтэй зүйлд хэмнэлттэйгээр зарцуулахад бүх гишүүд, улс төрийн хүчнүүд толгойгоо гашилгаж, харилцан ойлголцож, эх оронч хандах шаардлага гэж үзэж байна. Мөн хүнд үед нийт иргэдийн амь амьжиргааг бодсон ээлтэй шийдвэр гаргах нь маш чухал. Улс төрийн хувьд иргэд залуучууд шударга бус байдалд маш их дургүйцэж байгаа тул давхар стандартыг бүх салбар, түвшинд халахын төлөө шинэ засаг тууштай ажиллахгүй бол иргэдийн үл итгэл, цөхрөлд шилжиж байгаа. Нөгөөтэйгүүр шинэ засаг, эрх баригчид маань бодит шүүмжлэлийг нухчин дарахыг оролдох бус эрүүлээр хүлээн авч, хэрэгжүүлэхийг хичээх улс төрийн соёлыг төлөвшүүлэхийг чин сэтгэлээсээ хүсмээр байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АТГ: Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг ша...

img

8 цагийн дараа

Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ

“Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ” гэж нэвтрэх нэр, нууц үгийг нь мэхлэн авч, өөрийн дансыг Токи аппликейшнд холбож...

img

7 цагийн дараа

Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд оролцох үеэрээ  төр, нийгмийн нэрт з...

img

7 цагийн дараа

Хавдар Судлалын Үндэсний Төвийн барилгын В1 давхарт гарсан галыг бүрэн унтраажээ

Нийслэлийн БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна дуудлага өнөөдөр /2025.07.28/ 14:11 цаг...

img

7 цагийн дараа

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ/Хялганат/, Онон/Дадал/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10 см тус тус нэмэгдсэн байн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

Татвар төлөгчдийн 15 тэрбум бол улс төрийн авлига бас дээрэм, хулгай, залилан мөн. Хэрэв үүнийг тараавал УИХ-г үг дуугүй тараах болно….!!!!!!!!!!!!!!!!!!!

trend

амьд ч гэх шиг

баастай бурхадыг татан буулгамой. шавар овоолго хийсэн гэсэн тэр рүү чулууд. цаг ногоон тара д өөрийгөө өргөмжилсөн эмгэнүүдийг ч мөн адил.

Онцлох нийтлэлүүд