мэдээ
Д.Сүнжид: Хуулиудад давхардал, хийдэл, зөрчил байгаа нь хүний эрхийн асуудал, эдийн засгийн алдагдал, сөрөг үр дагавар үүсээд байна л гэсэн үг

Админ
2025 оны 7 сарын 28

24

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж цаашид батлагдах хуулиудыг санаачлан боловсруулахаас нь эхлээд батлагдах хүртэлх бүх үе шатуудад хүний эрхийн шалгуур тавихаар боллоо. Тухайн хуульд хүний эрхийн үнэлгээ хийхэд ажилд ХЭҮК оролцохоор болсон. Энэ ажлыг юунаас эхлэх ёстой гэж та бодож байна вэ?
-Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль ямар шалгуур хангасан байх ёстойг тогтоодог. Хуулиудын боловсруулалт харилцан адилгүй байгаа учир нэгдмэл шалгуур тавья гэсэн үүднээс 2015 онд Хууль тогтоомжийн тухай хуулийг баталж, тодорхой шалгууруудыг хуулиар зохицуулсан. Үүний нэг нь “Хүний эрхэд үзүүлэх үр нөлөөг тооцоолж, хувилбарыг зөв сонгосон эсэхэд дүгнэлт хийх ёстой” гэсэн шалгуур юм. Тухайн үед олон талыг оролцуулсан маш их хэлэлцүүлэг өрнөсөн. ХЗДХЯ-ны ажлын хэсэг 2015 онд энэ хуулийг анх ярилцаж байх үед хууль боловсруулалт, процедур, өргөн мэдүүлэх гэсэн дэг журамд илүү анхаарч, 2003 оны хуулийг шинэчлэхээр хэлэлцэж байлаа. Ингээд хууль тогтоомж батлагдахаас өмнө тухайн харилцааны эдийн засаг, нийгмийн нөлөөлөл, авилга хүнд суртал үүсэх эсэх, зардал хэнд үүсэх, хүний эрхийн үр нөлөө хэнд үүсэхийг тооцъё гэсэн зохицуулалтыг оруулсан. Уг хууль 2015 онд батлагдаж, 2017 оноос үйлчилж эхэлсэн. Үүнээс хойш энэ оныг хүртэлх хугацаанд хүний эрхэд үзүүлэх үр нөлөө, үр дагаврыг бүрэн тооцоолж чадахгүй байна гэдгийг судалгаа, дүн шинжилгээ харуулж байна. Өөрөөр хэлбэл, хэт формал хандаад, агуулгын бодитой үр дагавар үүсгэж чадахгүй байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаад 2016 оны Засгийн газрын 59 дүгээр тогтоол гарсан. Тус тогтоолоор хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг тооцох, тандан судалгаа хийх, зардлыг тооцох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварыг тооцох аргачлалыг баталсан. Энэхүү аргачлалын дагуу тухайлбал, автомашины дугаарын хязгаарлалттай холбогдох асуудлаар хууль гаргах гэж буй бол Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу уг хуулийг санаачлагч нь бүх талын тооцоо судалгаа, үндэслэлтэй оруулж ирнэ гэсэн үг. Хууль батлагдахын өмнө долоо хэмжиж, нэг огтолсноор тогтвортой үйлчлэх, хүний эрхийн үр нөлөөг бүх талаас тооцоолж судалсан хууль батлагдах боломжтой.
Нийгмийн харилцаа гэдэг өөрөө цогц учир нэг талын агуулгаар илэрхийлэх нь өрөөсгөл байдаг.
Хууль тогтоомжийн тухай хуульд сая оруулсан өөрчлөлтөөр юуны түрүүнд хэрвээ хүний эрхийг хязгаарлах гэж буй хууль тогтоомжийн төсөлд тавих шалгуурыг маш тодорхой болгосон. Хүний эрхийг хуулиар хязгаарлахад пропорцтой байх буюу тохирсон байх шалгуурыг хангасан эсэхийг дүгнэнэ. Зайлшгүй тохиолдолд хэрэгтэйгээс илүү хэмжээгээр хязгаарлахгүй байх ёстой. Зорилгод нийцсэн байх, зайлшгүйгээс илүү хэмжээнд хязгаарлахгүй байх нөхцлүүдийг шалгана гэсэн үг юм.
-Энэ хууль хэрэгжихтэй холбоотойгоор хөндлөнгөөс үнэлгээ өгөх ажлыг толгойлж байгаагийнхаа хувьд хамгийн түрүүнд ямар ач холбогдол бүрдэх бол гэж та бодож байна вэ?
-Тухайн харилцааг хамгийн оптимал байдлаар шийдвэрлэх боломжтой болно. Иргэд, хуулийн этгээдэд очих ачаалал урьдчилан тооцоолчихсон байдлаар зохицуулна. Хууль тогтоомжийн тухай хуулиар аливаа хууль батлагдахаас өмнө олон нийт, судлаач шинжээчид, экспертүүдээс санал авна.
Үүнээс гадна олон нийт санал бодлоо илэрхийлэх боломж олгоно. Иргэн талаасаа уг хууль тогтоомж яагаад гарч буйг, иргэний ямар эрхийг хязгаарлахыг ойлгоно. Аливаа хууль тогтоомж нэг бүлгийн биш олон талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнддөг учир цаг зуурын үзэгдэлд хөтлөгдөн яарч хууль тогтоомж боловсруулах биш, шинжлэх ухаанчаар, судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн хууль боловсруулагдана л гэсэн үг. Тэр хэрээр чанар сайжрах учиртай.
-Сая УИХ-ын чуулганаар ч тэр, байнгын хороогоор ч тэр энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад нэлээн маргаан өрнөж, зарим хууль санаачлагчид хуулинд өндөр шалгуур тавьдаг болж байна. Ингэснээр хүндрэл учирна гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Үүнд та ямар хариу өгөх вэ?
-Хууль тогтоомжийн тухай хуулийн процедур шаардахгүй хуулиуд тусдаа бий. Ийнхүү дүрэм гажихаас бусад бүх хуулийн төслийг судалгаа тооцоотой боловсруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидэнд хамгийн их тулгамдаж буй асуудал бол нийт үйлчилж буй хуулиудад давхардал, хийдэл, зөрчил байна. Энэ нь хүний эрхийн асуудал, эдийн засгийн алдагдал, аль нэг талд нь буруу зохицуулалт хийчихсэн байна, сөрөг үр дагавар үүсээд байна л гэсэн үг.
Тухайлбал, сонгуулийн хуульд маргаан шийдвэрлэх хугацааг нэг хуульд нь тухайн ондоо багтааж шийдвэрлэнэ гэсэн бол нөгөө хуульд нь 30 хоног байна гэж заасан байдаг.
Жендэрт суурилсан хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн шинжид цахим орчин ашигласан эсэхийг тодруулах шаардлагатай. Золгүй ослоор нас барсан хүүхдийн оршуулгын тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх гэтэл Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхэд нас барахад гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох зохицуулалтыг тусгаагүй бөгөөд зөвхөн даатгалд хамрагдсан иргэн нас барсан тохиолдолд л гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор зохицуулсан. Барилга байшин барихад гомдол хүлээж авч хянан шийдвэрлэх байгууллага нь тодорхойгүй гэхчлэн олон жишээ хэлж болно. Иймээс энэ бүх давхардал, хийдэл, зөрчлийн цаана хүний, бүлгийн эрх зөрчигдөх, хөндөгдөх эрсдэлтэй. Хууль зөвхөн одоо цаг үед биш, ирээдүйд үүсэх нөхцөл байдалд тохирсон байдлаар зохицуулалт хийх чадамжтай байх ёстой. Хууль байна уу, гэхээр байна гээд л хариулаад байгаа. ХЭҮК-ын илтгэл болгон дээр дурдагддаг нэг асуудал нь хүний эрхийн зөрчил юунаас болоод үүсч байна вэ гэдгийн нэг голлох суурь хүчин зүйл бол хууль тогтоомжийн зохицуулалт, түүний уялдаа холбооны асуудал байна.
Олон улсын гэрээ, конвенци, Үндсэн хуулиар ч гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон хүн хохирлоо барагдуулах ёстой, эрх сэргээх тогтолцоо ажиллах ёстой гэж байгаа. Гэтэл бодит байдал дээр эрүүгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 50 хүрэхгүй хувь нь л төлөгдөж байна. Иргэний, захиргааны шүүхийн шийдвэр маш муу биелэлттэй байна. Тиймээс хууль байх нь хангалттай биш, хуулиар иж бүрэн зохицуулж, үр дүн нь иргэдэд ээлтэй, бодитой үр нөлөөтэй болсон цагт л биелэгдэнэ. Ийм ч учир хууль тогтоомж боловсруулах асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Нухацтай боловсруулсан, зорилгодоо хүрэхүйц, олон талын нөхцөл байдлыг эргэцүүлсэн, дүгнэж шинжилсэн, хүний эрхийн хамгийн байж болохуйц хууль гарах нь чухал болохоос хуулийг хурдан батлах бол зорилго биш л дээ.
-Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсны дараа УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс Засгийн газарт яаралтайгаар “Эхний ээлжинд 350 гаруй хуульд өөрчлөлт оруул” гэсэн хугацаат үүрэг даалгавар өгсөн. Энэ дээр танд жишээ болгож хэлэх зүйл байна уу?
-Тухайлбал, байгаль орчны хамгаалагчдын эрх зүйн байдал нь тодорхойгүй. Тэд төрийн захиргааны албан хаагч гэж байгаа боловч ажлын байр нь хөдөө байгальд байдаг. Хяналт хийж явж байгаад осолд орлоо, халдлагад өртлөө гэж бодоход ажлын байран дээрээ байгаад халдлагад өртлөө гэж үзэх эсэхэд эрх зүйн ялгамжтай үр дагавар үүсдэг. Агаар орчны бохирдлын асуудал дээр ажиглагдсан нэг зүйл нь хүндээ зориулж гэхээсээ бараг агаарт зориулсан, механик зохицуулалтууд их байна. Нийтдээ 30 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг дүн шинжилгээний тайланд дурдсан.
Хөдөө орон нутагт байнгын асаргаанд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уух эмийн хангалт муу байна, эм нь тасалддаг. Эмийг нь гаднаас оруулж ирдэг. Хэрэв нийлүүлэлт тасарчихвал уг эмийг хаанаас ч олох аргагүй болчихдог. Яагаад гэвэл зарим эмийн нэр импортоор шууд оруулах эмийн жагсаалтанд байхгүй. Мэдрэлийн ёзоор тайруулах хагалгаа хийлгэсэн тохиолдолд уудаг 40 гаруй эмээс хагас нь Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй. Эмийн дэлгэрэнгүй бүртгэл, судалгаа хангалтгүй. Гааль дээр ирсэн эм нь бичиг баримт бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй, эмийн нөөцийн жагсаалтад байхгүй зэрэг шалтгааны улмаас эмийн тасалдал үүсч, Эрүүл мэндийн сайдын нэг удаагийн импортын зөвшөөрлөөр удаа дараагийн татан авалт хийгддэг.
Энэ харилцааг хуулиар нэгдмэл байдлаар зохицуулж чадаагүй хэвээр л байна. Аль нэг хууль тогтоомж боловсруулахдаа дагалдах хуулийн төслийг сайтар боловсруулах, мөн үйлчилж эхлэх хугацааг бэлтгэл хангахуйц тодорхойлох ёстойг мартаж болохгүй.
Ө.АНХЗАЯА
Б.СОЛОНГО





АТГ: Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг ша...
8 цагийн дараа
Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ
“Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ” гэж нэвтрэх нэр, нууц үгийг нь мэхлэн авч, өөрийн дансыг Токи аппликейшнд холбож...
7 цагийн дараа
Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд оролцох үеэрээ төр, нийгмийн нэрт з...
7 цагийн дараа
Хавдар Судлалын Үндэсний Төвийн барилгын В1 давхарт гарсан галыг бүрэн унтраажээ
Нийслэлийн БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна дуудлага өнөөдөр /2025.07.28/ 14:11 цаг...
7 цагийн дараа
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ/Хялганат/, Онон/Дадал/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10 см тус тус нэмэгдсэн байн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд