Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 28

Валютын ханш

value

гадаад

Камбож, Тайландын хилийн мөргөлдөөний цаад шалтгаан

trend

Админ

img

2025 оны 7 сарын 28

img

31

news-img

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн шөнө Тайланд, Камбожийн маргаантай байдаг хилийн бүсэд ээлжит зэвсэгт мөргөлдөөн болов. Хоёр тал бие биеэ эхэлж гал нээсэн хэмээн буруутгав. Тайландын арми “Камбожийн цэргүүд Та Моан Тхом сүмийн ойролцоо эхэлж гал нээсэн” гэж мэдэгдсэн бол Камбожийн Батлан хамгаалах яам “Бид зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор гал нээсэн” гэсэн байна. Тайландын эрх баригчид “Мөргөлдөөний улмаас манай 12 хүн амь үрэгдсэн. Найман настай нэг хүүхэд багтсан 11 энгийн иргэн болон нэг цэрэг амь үрэгдсэн” гэсэн бол Камбожийн тал өөрийн хохирлын талаар мэдээлээгүй юм. Тайландын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Сурасант Конгсири “Тулаанууд хилийн дагуух зургаан цэгт үргэлжилж байна.Иймээс Тайландын эрх баригчид Камбожийн хил залгаа Бурирам, Сурин, Сисакет, Убонратчатхани суурины оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан” гэж мэдээлэв. Камбож Тайландыг хүнд зэвсэг хэрэглэсэн, агаарын цохилт өгсөн гэж буруутган “Энэ бол хэрцгий, хууль бус түрэмгийлэл бөгөөд НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудыг зөрчсөн явдал” гэжээ. Харин Тайланд хилийн бүс дэх Камбожийн цэргийн байнууд руу F-16 сөнөөгч онгоцнуудаар агаарын цохилт өгсөн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Камбожийн мэдээлснээр, цохилт зөвхөн цэргийн байнуудад бус, мөн машин зам дээр хоёр бөмбөг хаясан гэсэн байна. Харин Тайланд “Камбожийн арми энгийн иргэдийн объект руу, тэр дундаа эмнэлэг рүү гал нээсэн” гэж буруутгажээ. Өнгөрсөн пүрэв гаригийн өглөөнөөс эхлэн Тайланд Камбожийн хилээ хаасан бөгөөд Пномпень дэх Тайландын Элчин сайдын яам Камбожид байгаа иргэддээ тус улсыг яаралтай орхихыг, тус улсад очихоор төлөвлөж байсан хүмүүсийг аяллаа хойшлуулахыг уриалсан байна. Энэхүү мөргөлдөөн энэ сарын 24-ний шөнө эртний Та Моан Тхом сүмийн ойролцоо болсон бөгөөд тус сүм нь албан ёсоор Тайландын нутаг дэвсгэр оршдог ч Камбож манай сүм гэж маргаж ирсэн юм. Тайланд, Камбож хоёр олон арван жилийн турш Прэахвихеа болон Та Моан Тхом сүмийн эргэн тойрны газар нутгийн талаар маргаж ирсэн. Камбож XIX зууны сүүлээр Лаостай хамт Францын колони байх үеэр буюу 1904-1907 оны хооронд Францын археологичид энэхүү сүмийн гайхамшигт цогцолборыг судалж, сүмийг барьсан цаг хугацаа нь IX-XII зууны үе буюу Кхмерийн эзэнт гүрний үед хамаарах, Энэтхэгийн бурхан Шивад зориулсан Хиндү сүм болохыг тогтоож, дэлхий нийтэд ил болгосон билээ.

НҮБ-ын Олон улсын шүүх 1962 онд “Прэахвихеа сүм Камбожийн харьяанд байх ёстой гэж шийдвэрлэсэн ч Тайланд хүлээн зөвшөөрөөгүй. Камбож XI зууны сүмийг 2008 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх оролдлого хийсэн нь зөрчлийг дахин хурцатгасан. Дараагийн жилүүдэд гарсан мөргөлдөөнд хоёр талаас нийт долоон хүн амиа алджээ. Сүүлийн саруудад хоёр улсын харилцаа хурцадсан. Тухайлбал, энэ оны тавдугаар сард Камбожийн нэг цэрэг минад өртөн амиа алдсан нь нөхцөл байдлыг улам муутгасан. Үүний дараа Тайланд Пномпень дэх Элчин сайдаа татаж, Камбожийн элчин сайдыг өөрийн улсаас хөөсөн байна. Харин Камбож Тайландаас жимс, хүнсний ногоо импортлох, тай кино гаргахыг хориглож, хилийн олон шалган нэвтрүүлэх цэгүүдийн үйл ажиллагааг хаасан юм. Ийнхүү гарал үүсэл нь Камбожийнх боловч өнөөгийн Тайланд улсын нутаг дээр байгаа, жилд олон сая гадаад жуулчин татах боломжтой Preah Vihear Temple буюу Прэахвихеа сүм хоёр улсын хилийн маргаан гарах шалтгаан болоод байна.

Энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөн эхний өдрүүдэд хойд хил орчмын хэсэгт өрнөж байв. Харин энэ сарын 25-ны оройноос эхлэн Хятадын өмнөд тэнгисийн эрэг, олон улсад алдартай амралтын бүсүүд болох Трат болон Чантхабури зэрэг Тайландын өмнөд мужуудад шилжиж, хохирогчдын тоо хэдэн арваар яригдаж байна. Phnom Penh Post сонин “Камбожид 13 хүн амиа алдаж, 70 хүн шархадсан бөгөөд тэдний 50 орчим нь энгийн иргэд байна” гэж мэдээлжээ. Харин dpaагентлаг “Тайландад 14 хүн амь үрэгдсэн бөгөөд 13 нь энгийн иргэн байсан” гэж мэдээлсэн байна. Шинээр мөргөлдөөн гарсан эдгээр газруудаас Паттая хот 150 км, харин Бангкок 200 км-ийн зайд оршдог аж. Bangkok Post сонин Тайландын армийн мэдээлэлд үндэслэн “Камбожийн цэргүүд энэ сарын 26-ны өглөө Трат мужид орших эргийн дагуух хэсгээр улсын хил нэвтрэхийг оролдсон ч цохигдож буцаж шахагдан гарсан. Энэ тулаанд Тайландын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд оролцсон байна. Шархдагсдын тоо 60-аас давсан бөгөөд хил орчмын бүсээс 130,000 орчим иргэн нүүлгэн шилжүүлжээ” гэж мэдээлэв. AFP агентлагийн тооцоогоор хоёр талын нийт хохирлын тоо 33-д хүрсэн бөгөөд энэ нь 2011 оны Тайланд-Камбожийн сүүлчийн томоохон мөргөлдөөний үеийн хохирлоос давсан дүн аж. Эдгээр хэрэг явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 26-ны бямба гарагт өөрийн Social хуудсандаа “Би Камбожийн ерөнхий сайд Хун Манет болон Тайландын ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Пхумтхам Вечаячай нартай утсаар ярилцсан. Талууд нэн даруй уулзаж, гал зогсоох тохиролцоонд хүрэхээр болсон. Бид энэ хоёр улстай худалдааны харилцаатай ч дайтаж буй аль ч улстай хэлэлцээр байгуулахыг хүсэхгүй байна. Би үүнийг тэдэнд хэлсэн. Би энэхүү ээдрээтэй нөхцөл байдлыг хэвийн болгохыг хичээж байна. Энэ дайнд олон хүн амиа алдаж байна. Иймээс энх тайван тогтвол бид худалдааны гэрээ байгуулахад бэлэн!” гэж бичжээ.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АТГ: Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг ша...

img

8 цагийн дараа

Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ

“Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ” гэж нэвтрэх нэр, нууц үгийг нь мэхлэн авч, өөрийн дансыг Токи аппликейшнд холбож...

img

7 цагийн дараа

Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд оролцох үеэрээ  төр, нийгмийн нэрт з...

img

7 цагийн дараа

Хавдар Судлалын Үндэсний Төвийн барилгын В1 давхарт гарсан галыг бүрэн унтраажээ

Нийслэлийн БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна дуудлага өнөөдөр /2025.07.28/ 14:11 цаг...

img

7 цагийн дараа

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ/Хялганат/, Онон/Дадал/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10 см тус тус нэмэгдсэн байн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд