мэдээ
СЕХ: 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Админ
2025 оны 8 сарын 04

17

Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.08.04) зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хороо, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон “Сонгогчдыг боловсрол төв” ТББ, “Монголын залуучуудын эвсэл” ТББ, “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Мидас” ТББ, “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцов.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч Ж.Оюунгэрэл нар 2026 оны төсвийн төслийг боловсруулсан үндэслэл, зохион байгуулахаар төлөвлөсөн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, залуу сонгогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн тухай мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээх үйл ажиллагааг өргөн хүрээнд тогтмол зохион байгуулах, улс төрийн намын санхжүүжилтийн нээлттэй, ил тод байдлыг бүрэн хангах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх бодлогыг баримталсан аж. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас гадна жил бүр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зохион байгуулдаг. Ирэх жилийн тухайд нийт хэсгийн хорооны 6 орчим хувьд нөхөн сонгууль зохион байгуулна гэж тооцжээ.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу 2012 онд сонгуулийн удирдлагын систем, ICT1 санал тоолох төхөөрөмж 2500 ширхэгийг худалдан авснаас хойш 14 жилийн туршид 35 гаруй сонгуульд ашигласан. Санал тоолох төхөөрөмж нь ашиглалтын хугацаагаар анхны өртгөө бүрэн нөхсөн, 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотойгоор зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдэг дүгнэлтийг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан төрийн болон төрийн бус байгууллагаас бүрдсэн Ажлын хэсэг гаргаад байгаа аж. Дараагийн ээлжит сонгуулиудын бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмж шинэчлэх хөрөнгө оруулалтын зардлыг 2026 оны төсөвт тусгаснаа танилцуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, шинэ сонгогчдод сонгуульд оролцох ач холбогдлыг таниулах, мэдээ, мэдээлэл түгээх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай тул зардлыг нэмэгдүүлэх саналыг хэлж байв. Тухайлбал, “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа “Сонгуулийн үр дүн бол улс орны тусгаар тогтнолыг асуудал байдаг. Тиймээс ч сонгуульд оролцох ач холбогдлыг нийтэд таниулах, мэдээлэх нь хамгийн чухал. Сонгогчийн боловсролыг дээшлүүлэх хуулиар хүлээсэн чиг үүргээ өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт зайлшгүй тусгах шаардлагатай” гэсэн бол “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” төрийн бус байгууллагын тэргүүн Ө.Мөнхтөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн оролцоо ямар байдаг, хэрхэн дээшлүүлэх талаар олон улсын судалгаа хийх шаардлагатайг онцолсон.
“Мидас” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Энхжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмжөө шинэчлэхгүй бол одоогийн төхөөрөмж нь ашиглалтын урт хугацаанаас хамаарч гацах, унтрах, ажиллахгүй болох зэрэг ашиглалттай холбоотой эрсдэл байгааг тодотголоо.
Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар Сонгуулийн ерөнхий хорооны төсвийн гүйцэтгэлийн талаарх аудитын дүгнэлт, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны талаарх бодлого, байр суурь болон хүнийн нөөцийн талаарх баримталж буй бодлогын талаар асуулт асууж, саналаа илэрхийлсэн бол Үндэсний аудитын газрын аудитын менежер И.Эрдэнэцэцэг Сонгуулийн ерөнхий хорооны санхүүгийн сахилга бат сайн, алдаа зөрчилгүйг тодотгоод төсвийн цаглаварт заасны дагуу 2026 оны төсвийн төслийг ангилал бүрээр дахин нарийвчлан хэлэлцэхийг тодруулсан юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг нэгтгэж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.
2026 оны төсвийн төсөлд олон нийтээс цахимаар болон танхимын хэлэлцүүлэг хэлбэрээр санал авч байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны төсвийн төслийн танилцуулгатай танилцаж, саналаа өгөх бол ЭНД дарна уу.





Эдийн засгийн байнгын хорооны харьяанд дөрвөн дэд хороо байгууллаа
Хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх...
8 цагийн дараа
Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад орууллаа
Энэ онд нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 2025-2026 оны хичээлийн шинэ жи...
7 цагийн дараа
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
БНХАУ-ын Эрээнхот боомт 2025 оны наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал ачаа тээврийн нэвтрэх цагийн хуваариа өдөр бү...
7 цагийн дараа
ЕБС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, бие даалтын 7 хоног, улирлын амралтын хуваарь гарчээ
Ерөнхий боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, Бие даалтын 7 хоног, цахим сургалтын 7 хоног, улирлын амралтын ...
6 цагийн дараа
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 57 го...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд