Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Иргэдийн төсөв биш эрх баригчдын төсөв

trend

Админ

img

2025 оны 8 сарын 04

img

29

news-img
  1. Бид ард түмнээ үндсэн хуулийн эрхээ бодитоор эдэлж чадахгүй байдал руу хазайх вий л гэхээс үндсэндээ ихэд хичээж ирсэн билээ. Хамгийн сүүлд Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах үеэр ямар асуултууд хамгийн тодоор тавигдаж байсныг эргэн саная.

Ард түмний маань төлөөлөл иргэдийг төлөөлж чадаж байна уу. Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоохыг зорьсон маань зөв явж байна уу. Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу гэх мэт асуулт хамгийн ихээр тавигдаж байсан.

Чингээд дээрх асуултуудын хариулт болох суурь өөрчлөлтүүдийг цаг алдахгүй хийх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Эс тэгвээс бидэнд ардчилсан парламентын засаглалдаа итгэл алдрах эрсдэл учраад байна. Тэгш бус байдал хавтгайрч, мөнгөнөөс хэт хамааралтай сонгууль хийн хэвшиж, тогтворгүй засаглалд дасаж, нийгмийг маань бидний сонголтоос огт өөр далдын хар хүч удирддаг шинэ үзэгдэл үүсэж болзошгүй байна шүү гэдэг асуудал хамгийн эмзэг тусаж байв. Манай нийгмийн хамгийн хөндүүр орсон цэг ерөөсөө л энэ болоод байна.

Геополитикийн хувьд ч дэлхий ертөнц үнэт зүйл, хүчний харьцааны цоо шинэ хуваагдалд орлоо. Цаашид цоо шинэ дэг журам үйлчлэх болно. Хүрээлэн буй ийм шинэ нөхцөл байдал мэдээж манайх шиг хоёр том зах зээлийн дунд оршдог, парламентын засаглалтай, дотроо гүйцэд ойлголцолд хүрдэг зүйл цөөнтэй улс туйлын мэдрэг ажиллах ёстой. Гадаад бодлогоо асар уран, ухаалаг авч явахыг цаанаасаа шаардаж байна. Тийм учраас дотооддоо бид тоглоомын дүрмээ ахин нэг шинэчлээд үзье л гэсэн.

1992 онд шинэ Үндсэн Хууль батлахдаа Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан билээ. Тэгвэл 2024 оны байдлаар хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 45 мянга орчим иргэнийг төлөөлж байлаа. Дээрээс нь тойрог бүрд гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, улсын нэгдсэн бодлогыг самарч ирэв. Иймээс Улсын Их Хурлын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгахыг зорьсон. Ингээд намууд зөвшилцөлд хүрч, төрийн бус байгууллагууд ч санал нэгдэж бид өөрчлөлт хийсэн.

Гэвч өнөөдөр буюу нэг жилийн дараа ахин бидний өмнө өдий төдий шаналгаат асуулт гараад ирлээ.

126 гишүүнтэй болоод тойрогт хуваагдсан салангид бодлогууд цэгцэрнэ гэсэн яав?

Жалга довны асуудлуудад хөтлөгдөж биш, илүү том зургаараа урагшилна гэсэн юу болов?

Гишүүд нь гарч ирээд ямар дүрмээр тоглох ёстойгоосоо урвачихав уу, эсвэл ор тас мартчихав уу?

Сайд нар нь “Би багцаасаа мөнгө гаргаад нутгийн найраа хийлээ” гэж ч мэдэгдэж байх шиг, тойргоос сонгогдсон гишүүн бүрт 15 тэрбум төгрөг хуваарилна ч гэх шиг юу болоод явчихав аа?

Хэзээ парламентын гишүүд нь Монгол Улсын хөгжлийг ярих юм бэ ? Үнэхээр гайхмаар зүйлс гарч ирж байгаа учраас дөнгөж жилийн өмнө бид юу юу ярьж, юунд зорин Үндсэн Хуулийн өөрчлөлт хийж, сонгуулиа явуулсан билээ гэдгийг эргэн сануулахыг хүсэв.

Учир нь тойргийн гишүүний мэдлийн гэгддэг мөнгийг ирэх оны улсын төсөвт дахин суулгахаар болсон тухай мэдээлэл анхаарал татаж байгаа юм. Эдийн засаг сайнгүй, Засгийн газар нь хэмнэлтийн горимд шилжиж, төрийн албан хаагчдынхаа 9.0 хувийг цомхотгох шийдвэр гарган, улс даяар төрийн албан хаагчдаа түгшүүрт автуулчихаад байж байгаа энэ үед ийм явдал болж буйг гайхахгүй байх арга алга. Биднийг гайхаж ч дуусаагүй байх зуур УИХ-ын гишүүд нь төсвөөс авах 15 тэрбум төгрөгөөрөө ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх тухай саналаа Засгийн газарт хүргүүлчихсэн байх юм. Энэ үйл явдлын талаар ганц хоёрхон гишүүн байр сууриа илэрхийлснийг эс тооцвол эрх баригчид ч, бусад нь ч дув дуугүй.

  1. Нэгдмэл ашиг сонирхол гэж энэ улсад байхгүй болсон юм уу. Улсынхаа ашиг сонирхлыг нэн тэргүүнд эрхэмлэнэ хэмээн тангараг өргөж орж ирсэн УИХ-ын гишүүд тойргийн улс төрөө илүүд тавин, төсвөөс мөнгө авахаар чимээгүй гүлдийн зүтгэж байгааг сонгогчид бид харж байна. Энэ мөнгө бол шууд утгаар улс төр дэх нөлөөлөлдөө зориулах л мөнгө. Тойрогтоо 15 тэрбум төгрөг шингээчихсэн хүнтэй дараагийн сонгуульд гаднаас орж ирэх шинэ нэр дэвшигчид яаж өрсөлдөх юм. Ямар ч боломжгүй шүү дээ. Нөгөө талаас энэ бол шударга бусын хонгилыг нураах гэж тэмцсэн тэмцэгчдийн өчнөөн жилийн хөдөлмөрийг уландаа гишгэсэн явдал. Парламентаас парламентад үе дамжин олгогдож, тэгэхдээ бүр үргэлж өссөөр ирсэн энэ мөнгийг Л.Оюун-Эрдэнэ таслан зогсоосон юм. Тойргийн мөнгийг хасан том толгойлж, улмаар том төслүүд рүүгээ бүгдийг татаж, том тоглох гэж яваад намынхныхаа дургүйг ихэд хүргэсэн. Энэ удаа түүний халж чадсан нэг том хулгайн улс төр ийнхүү эргэн сэргэх гэж байх шиг байна. Ийнхүү том төслүүдээсээ томчууд маань ухарч эхлэв үү дээ. Ингэх байсан юм бол яах гэж сонгуулиа томсгосон тойргоор хийсэн юм бэ. Сэтэрлээд тавьчихсан шүтээн шиг хэдэн парламент дамжаад сонгогдож байдаг цөөврүүдийн шатыг хивсээр бүрж өгөн зөөлөн гишгүүр болгох гэж тогтолцооны өөрчлөлт хийсэн болж таарав уу.

Бид төсвийг гишүүдээр дамжуулан тойрог руу тарамдуулж цацдаг бодлогын алдааг засах гэж л бүсчилсэн хөгжлийн концепц руу орсон. Эргээд л сумдын дээвэр, засвар ярьсан, ийш тийш зулгаалдсан, далимдуулж шамшигдуулсан нөгөө л байдлаа санагалзсан гишүүд ээлжит тоглоомоо эхлүүлэх нь үү. Хэдэн арван их наядаар хэлцэгдэж байгаа энэ их мөнгө бол иргэд, аж ахуйн нэгжүүдийн маань татвараас бүрдсэн хөрөнгө. Олныхоо хөлс хүчийг дур зоргоороо цацах, улс төрийн эрх ашигтаа зориулах эрх аль ч нам хүчинд байхгүй. Алдагдсан боломжуудын араас мөшгиж, ад үзэгдэн байж хурааж хуримтлуулсан хөрөнгийг аль нь ч ашиглах ёсгүй. Улсаа урагшаа нэг алхуулах томоохон төсөлд шингээхгүй юм бол тогтолцооны өөрчлөлт хийсний үр ашиг гэж байхгүй.

  1. Энэ намар улс төр нь ч улайсах нь. Байгалийн уур амьсгал маань ч хуурайших нь. Эдийн засаг ч хүндэрч байна. Өмнөд хөршийн эдийн засагт юу тулгараад байгааг бид бүгд мэднэ. Бид тэднээс асар их хамааралтайгаа ямар ч галзуурал, хийрхэлгүйгээр хүлээж авч, хөрсөө мэдэрч амьдрах ёстойгоо ойлгоцгооё. Дэлхий нийтээрээ эдийн засгаа амьсгаа түгжин чагнаж, хямралын эсрэг программууд дээрээ ажиллаж байхад манай шинэ Засгийн газрын сайдууд төсвийн мөнгийг жалга дагуулан тарааж, түүгээрээ улсынхаа нурууг навталзуулан аархаж байгаатай хариуцлага тооцохыг уриалмаар байна.

Жишээ:

Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баяр наадмын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний сайдын багцаас 2 тэрбум төгрөгийг нутгийнхаа ойд зарцуулсан талаараа хээв нэг ярилцлага өглөө. Ингээд зогсохгүй Увс аймгийн ойн баярт зориулж улсын төсөвт 4,5 тэрбум төгрөг суулгуулсан байна. Эрх мэдлээ хэтрүүлсэн сайдуудтайгаа Ерөнхий сайд Г.Занданшатар яаж хариуцлага тооцох вэ.

Иргэдийн төсөв болгох хатуу үүрэг чиглэл өглөө хэмээн нэг амаараа мэдээлж байгаа ч , нөгөө талаар нь эрх баригчдын төсөв болон нутаг нугын наадамд цацагдаж байгаатай бид эвлэрч чадахгүй.

Тойрог услахад зориулагдах 15 тэрбумаа зогсоо. Гишүүдэд 15 тэрбумыг өгөх үү, Туулын замыг бариулах уу ?

Өнөөдөр иргэдийн дунд яригдаж, эсэргүүцэл шүүмжлэл дагуулж байгаа дээрх асуултад “бид зам барихыг нь сонгож байна” гэж хариулна.

 

 СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Г.Лувсанжамц: Айдас төрүүлсэн, хүмүүсийг төөрөгдүүлсэн, тодорхойгүй байдлыг үүсгэсэн гүйцэтгэх засаглал байж болохгүй

Улсын их хурлын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа. -УИХ-ын чуулган амарсан энэ цаг үед Та ямар ажил дээр төвлөрч байна вэ? -Хоёр гурва...

img

7 цагийн дараа

СЕХ: 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.08.04) зохион байгууллаа. Хэл...

img

7 цагийн дараа

Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай б...

img

6 цагийн дараа

Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 04, 07-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Хур тунадас: 04-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн ...

img

6 цагийн дараа

Дөрвөн улирал нэг дор орших Алтай таван богд

Жилийн дөрвөн улирал нэг дор хослон оршдог Монголын дээвэр хэмээн нэрлэгддэг Алтай Таван Богд үнэхээр сүрдэм байлаа. Энэ зуны амралт...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

“Дэлхийн 3-р дайн” хаяанд ирчихээд , дэлхий дахин трампын тарифийн дарамтанд өртөж, улс орон бүр яаж амьд үлдэх талаараа бодож байхад манай дорго нар яаж идэж уухаас өөр зүйл огт бодохгүй нь харамсалтай…гишүүдэд 15,0 тэрбумыг тараавал УИХ,ЗГ огцрох нь тодорхой….огцруулах ч болно…..!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Онцлох нийтлэлүүд