Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Д.Өлзийбат: Хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнө жилүүдээс 50 хувь буурна

trend

Админ

img

2025 оны 8 сарын 04

img

95

news-img

Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбаттай ярилцлаа.


-Улаанбаатар хотын утаа өвлийн улиралд асуудал болсон хэвээрээ байгаа. Үүнийг шийдвэрлэх гарц нь юу байна вэ. Хөх нүүрс буюу хагас коксон түлшийг ирэх өвөл нэвтрүүлэх гэж байгаа талаараа ярина уу?

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд үе үеийн Засгийн газар, Нийслэл хотын зүгээс шат дараатай олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь шахмал түлш үйлдвэрлэж, айл өрхийг хангах явдал байсан. Энэ төсөл үр дүнгээ тодорхой түвшинд гүйцэтгэсэн. Гэхдээ дараагийн алхмыг хийх зайлшгүй шаардлага үүссэн. Хөх нүүрс буюу хагас коксон түлшийг анх удаа ярьж, хэрэгжүүлэх гэж байгаа юм биш.2023 оны хоёрдугаар сард хагас коксон шахмал түлшийг судлах ажлын хэсэг Эрчим хүчний яамны хажууд байгуулагдаж БНХАУ, Солонгос, Японы туршлагыг судалсны үндсэн дээр БНХАУ-ын үйлдвэрлэсэн түлш илүү үр дүнтэй байгаад санал нэгдэж 80 тонн түүхий эдийг импортоор оруулж, шахмал түлш үйлдвэрлэнэ, магадлан итгэмжлэгдсэн лабораториудад өгч шинжлүүлэн техникийн дүгнэлтүүдийг гаргуулсан. Шинжилгээгээр мидлингээр хийсэн шахмал түлшнээс дэгдэмхий бодис 57 хувь, хүхэр 40 хувь, угаарын хий 10 гаруй хувиар буурсан нь батлагдсан. Түүнчлэн айл өрхүүдэд нийт 97 удаагийн галлагааг туршилтаар хийж, үр дүнг нь лабораторид шинжлүүлж үзсэн байдаг.

Эрчим хүчний яамнаас гарсан ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын үр дүнг нь яамны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцээд хэрэглээнд нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргаж байсан юм билээ.

Тэгэхээр энэ шинэ зүйл биш, энэ ажлын үргэлжлэл гэж ойлгох хэрэгтэй. БНХАУ ч энэ арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулж чадсан туршлага байна. Тухайлбал, 2013 оноос хойш “Beijing Clean Air Action Plan” хөтөлбөрийг хэрэгжүүлж гэр хороололд хөх нүүрсийг нэвтрүүлсэн. Төслийн эхний жилүүдэд 400.000 гаруй өрхийг хөх нүүрсээр хангаж, түүхий нүүрсний хэрэглээг халсан. Хийн болон цахилгаан халаагуурт шилжих хүртэлх хугацаанд коксон түлшээр айл өрхүүдийг хангаж, агаарын бохирдлыг бууруулж байсан.Иймд дулаалга, цахилгаан, хий гэсэн шилжилтүүдийг хийх хооронд шахмал түлштэйгээ байхаас өөр сонголтгүй тул түлшний чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай.

-Коксон түлшийг БНХАУ үйлдвэрлээд, өөрсдөө хэрэглээд байна уу. Бусад улс оронд коксон түлш хэрэглэж байгаа туршлага байна уу, энэ тухай судалж үзэв үү?

-Урд хөршийн хувьд нүүрсний хэрэглээ ихтэй улс. Тэр ч утгаараа кокс төрлийн нүүрсийг янз бүрээр хэрэглэж байна шүү дээ. Хүнд үйлдвэрт, жижиг дунд үйлдвэрүүд, ахуйн хэрэглээндээ гээд олон хэлбэрээр хэрэглэж байгаа. Ахуйн хэрэглээний хувьд хагас коксон түлшийг гадны бусад улсууд руу ч экспортод гаргаж тэрийг нь Солонгос, Япон, Сингапур, Хонконг зэрэг олон улс авч ахуйн хэрэглээндээ ашигладаг туршлага байна. Дээрээс нь БНХАУ-ын дотоодын стандарт маш хатуу чанга учир бүтээгдэхүүн нь чанартай сайн гарч байна.

-Иргэдийн дунд “Бид өөрсдөө нүүрсээ гаргаж байж, буцаагаад худалдан авлаа” гэх шүүмж гарсан. Энэ талаар Та ямар байр суурьтай байна?

-Би санал нэг байна. Гэхдээ бидэнд технологи, үйлдвэр нь алга. Тодорхой хэлбэл, Монгол Улсад хагас коксын үйлдвэр байгуулах хэд хэдэн төсөл санаачлагдсан ч өнөөдрийн байдлаар ашиглалтад орж, тогтмол үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр байхгүй байна. Хүчин чадлын хувьд галлагааны улиралд нийслэлийн хэрэглэгчдийг хангах хэмжээний үйлдвэрлэл явуулах Багануурын уурхайг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэрийн хагас коксын үйлдвэр 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Иймд одоогоор Монгол Улсад хагас коксын нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэх боломжгүй.

Эрдэмтэд судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлын хувьд асуудлыг ярьж байгаа боловч үйлдвэрлэлийн түвшинд нэвтрүүлж, нутагшуулах асуудалд цаг хугацаа шаардлагатай.

-Засгийн газраас Эрдэнэс тавантолгой “0” давхаргын нүүрсээр түлш хийх нь чанар сайжирна гэдэг байдлаар шийдвэрийг гаргаж байсан. Тэгвэл одоогийн хэрэглэх гээд байгаа хагас коксон түлш нь ямар давуу талтай юм бэ?

-Шахмал түлшний чанарыг сайжруулах чиглэлийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу Тавантолгой түлш ХХК, ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран шахмал түлшний түүхий эдийг солих, сайжруулах туршилт судалгааны ажлыг хийсэн. Судалгааны үр дүн төдийлөн сайн гараагүй. Өөрөөр хэлбэл, “0” давхаргын нүүрсээр шахмал түлш хийж, ахуйн хэрэглээнд ашиглах нь агаарын бохирдлыг бууруулахад чухал үр нөлөө үзүүлэхгүй гэдэг судалгааны дүнг шинжлэх ухааны байгууллагаас гаргасан. Харин тэдний зүгээс юу гэж зөвлөсөн бэ гэхээр хагас коксон түлш хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад эерэг үр дүнтэй гэдгийг зөвлөсөн.

Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл” болон Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагын зүгээс шахмал түлшний үндсэн түүхий эдийн судалгааг үргэлжлүүлэх, шахмал түлш үйлдвэрлэх тохиолдолд хагас коксыг ашиглах зэрэг зөвлөмжийг өгсөн.

Хагас коксон түлшний хувьд мидлингээр хийсэн шахмал түлштэй харьцуулахад бүх үзүүлэлтээрээ эерэг байгаа. Бидний нэрлэж заншсанаар утаа буюу дэгдэмхий, хүхэр, азотын давхар исэл зэрэг бүх үзүүлэлт нь буурсан. Тухайлбал, хүхэрлэг хий 80 хувь, азотын исэл 24 хувь, угаарын хий 35 хувь, нийт тоосонцор 72 хувиар тус тус буурч байгаа нь туршилтаар тодорхойлогдсон. Энгийнээр тайлбарлавал, нүүрсийг хагас кокс болгох явцад нүүрсний хорт бодис давирхай болж гадагшилдаг учраас нүүрсэнд агуулагдах таван төрлийн бодис багасна. Тэгэхээр хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнө жилүүдээс 50 хувь буурна гэж үзэж байгаа.

-Мидлингээр хийсэн шахмал түлш хэрэглэж байх үед угаарын эрсдэл нэлээд хэл ам дагуулсан шүү дээ. Тэгэхээр шинэ түлш хэрэглэснээр энэ асуудал шийдэгдэх үү?

-Угаарын хийн хордлого гэдэг зөвхөн түлшнээс үүсдэг зүйл биш. Зууханд хүчилтөрөгч багасаж, дутуу шаталт явагдсанаас үүдэн угаарын хий үүсдэг. Дутуу шаталт явагдвал цаас, аргал түлсэн ч угаарын хий гарна. Тиймээс хэрэглэгчид маань аль болох стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх нь угаарын хийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

Хуучин цагт айлууд зуухаа засаж янзалж, яндангаа хөөлж өвлийн бэлтгэлээ хангадаг байсан шүү дээ. Энэ уламжлал, арга барилыг иргэд зайлшгүй хийж хэвших хэрэгтэй байгаа юм.

-Танай компани өвлийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ. Шинэ түлшийг хэчнээн цэгээр худалдан борлуулах вэ?

-Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрүүдийн урсгал засвар үйлчилгээг хийгээд дуусаж байна. Өргөтгөл шинэчлэлийн ажлууд ч багагүй хийсэн. Өнгөрсөн оны үлдэгдэл мидлингээрээ шахмал түлш үйлдвэрлэж, аюулгүйн нөөц бүрдүүлээд явж байна. Шинэ түлшний худалдан авах ажлыг тендерийн хуулийн дагуу зохион байгуулж, нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулсан. Гэрээ байгуулах, түлш татан авах, хадгалах, хэрэглэгчдэд хүргэх гээд цаг хугацаатай уралдсан олон ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хоёрдугаарт, аж ахуй нэгжүүдийг ямар түлшээр хангах уу гэдэг асуулт байгаа. 2018, 2019 онд түүхий нүүрс Улаанбаатарт түлэхийг хориглосон шийдвэр гарч байсан хэдий ч хяналт сул байснаас аж ахуй нэгжүүд жилдээ 150 орчим мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байсан юм билээ. Энэ нь агаарын бохирдол нэмэгдэх нэг шалтгаан болсон.Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Тавантолгой түлш ХХК-д аж ахуйн нэгжүүдийг мидлингээр хангах үүрэг даалгавар өгөгдсөн. Мидлинг нь түүхий нүүрстэй харьцуулахад дэгдэмхий хоёр дахин бага, илчлэг хоёр дахин өндөртэй бүтээгдэхүүн.

Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд 650 гаруй гэрээт цэгээр худалдан борлуулдаг байсан. Энэ галлагааны улиралд 400 гэрээт цэгээр дамжуулан худалдан борлуулахаар төлөвлөөд байна.

-Хагас коксон түлшийг хэдэн төгрөгөөр худалдаалах вэ. Алдагдал хүлээх үү?

-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мидлингээр хийсэн шахмал түлшний үнийг хөнгөлөлттэй үнээр нэг шуудай буюу 25 кг нь 3750 төгрөг, нэг тонн нь 150.000 төгрөг байхаар тогтоож байсан. Хөнгөлөлтийн зөрүүг нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэс тавантолгой ХК-аас санхүүжүүлж ирсэн. Хагас коксон түлш нь мидлингээр хийсэн түлшнээс чанарын хувьд илүү. Гэхдээ эцсийн шийдвэрийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо болон Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас гаргах байх гэсэн хүлээлттэй байна.

-Хийн түлшний асуудлыг танай компани хариуцаж байгаа гэсэн. Ажил ямар шатандаа явж байна вэ?

-Нийслэлийн ногоон болон шар бүсэд хамрагдсан 50 мянган айл өрхийн гэр, байшин сууцыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр зорилт тавьсан. Энэ жилийн хувьд 5000 айлыг хийн түлшинд шилжүүлэх ажлын суурь судалгаа хийгдээд бэлэн болсон. Ямар төрлийн төхөөрөмж ашиглах уу, ямар түлш хэрэглэх үү гээд бүгд тодорхой болж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж шинэ төрлийн халаалтын шийдэл учир аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж, сургалтаас эхлээд хийх, хэрэгжүүлэх ажил нэлээд бий. Манайхан цаг наргүй л ажиллаж байна.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд дан ганц түлш сайжруулах бус олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрдэмтэд зөвлөж байгаа шүү дээ. Тухайлбал, гэр байшинг дулаалах, халаалтыг шахмал түлшнээс хий, цахилгаанд шилжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, пассив хаус хороолол бий болгох ч гэдэг юм уу, тэрчлэн автомашины нүүрсэн яндан, жижиг дунд оврын уурын зуухны яндангийн шүүлтүүр, хийд шилжүүлэх гэх мэт. Энэ шилжилтүүдийг Нийслэлээс үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Иргэдэд коксон түлш болон хийн халаагуурыг ашиглах хэрэглээний соёл байхгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл хүргэх ажил хэрхэн явагдах вэ?

-Холбогдох мэргэжлийн байгууллага эрдэмтэн судлаачидтай хамтраад аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж боловсруулах ажил хийгдэж байна. Ер нь айл өрхийг угаараас урьдчилан сэргийлэх, зөв галлагаа хийх зөвлөмж өгөх, тэдгээрт хяналт тавих зэрэг ажлыг “Түлшний хяналтын газар” ОНӨААТҮГ хариуцдаг. Айл өрхүүдийг мэдээллээр хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах, зөвлөмж өгөх зэрэг ажлыг өнгөрсөн хугацаанд хийж ирсэн. Иймд “Түлшний хяналтын газар” ОНӨААТҮГ-тай хамтран коксон түлш болон хийн түлшний хэрэглээнд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангахад анхаарч ажиллана.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Г.Лувсанжамц: Айдас төрүүлсэн, хүмүүсийг төөрөгдүүлсэн, тодорхойгүй байдлыг үүсгэсэн гүйцэтгэх засаглал байж болохгүй

Улсын их хурлын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа. -УИХ-ын чуулган амарсан энэ цаг үед Та ямар ажил дээр төвлөрч байна вэ? -Хоёр гурва...

img

8 цагийн дараа

СЕХ: 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.08.04) зохион байгууллаа. Хэл...

img

7 цагийн дараа

Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай б...

img

7 цагийн дараа

Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 04, 07-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Хур тунадас: 04-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн ...

img

6 цагийн дараа

Дөрвөн улирал нэг дор орших Алтай таван богд

Жилийн дөрвөн улирал нэг дор хослон оршдог Монголын дээвэр хэмээн нэрлэгддэг Алтай Таван Богд үнэхээр сүрдэм байлаа. Энэ зуны амралт...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд