мэдээ
М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болж байж л зах зээлд доод үнэ тогтдог

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 8 сарын 14

29

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий УИХ дахь Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Таны хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан эрчим хүчний салбарын Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийж хэрэгжүүлээд байна вэ?
-Энэ удаагийн УИХ “Гурван төгөлдөршил” буюу хуулиудыг иж бүрэн зохицуулалттай, цаг үетэй нийцсэн, хүний эрхийг дээдэлдэг болгож шинэчилье гэсэн гурван стратеги зорилт дэвшүүлсэн. Үүнийхээ хүрээнд олон ажлын хэсэг байгуулсны нэг нь Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай болон Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Энэ хугацаанд бид дөрвөн бүлэг ажил хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, үр дагаврын үнэлгээг хийсэн. Өнөөдөр Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиуд маань энэ салбар, нийгэмд ямар үр дагаврыг авч ирсэн бэ гэдгийг үнэлж дуусгасан. Хоёрдугаарт, бусад улсын туршлагыг судалсан. Манайхтай ижил төстэй цаг уурын нөхцөлтэй орнуудын хууль эрх зүйн орчин нь ямар байгаа юм. Эрчим хүчний ямар систем хэрэглэдэг вэ гэдгийг нэлээд нарийн судлахыг хичээсэн. Энэ хоёр бүлэг ажлыг хийсний дараагаар нэг том дүгнэлт гарсан. Мэдээж үр дагаврын үнэлгээгээр олон дүгнэлт гарсан. Гэхдээ хамгийн чухал, том нь одоо манайд байгаа хууль эрх зүйн орчин бол маш ерөнхий байна. Эрчим хүчний тухай хууль зургаан бүлэг, 18-хан хуудас, бараг 40-өөд хувь нь ганцхан тусгай зөвшөөрлийн тухай л байгаа юм. Тэгсэн хэрнээ энэ хууль бүхэл бүтэн дулаан, цахилгаан хангамж гэсэн хоёр том салбарын оролцогч талуудын харилцааг зохицуулдаг. Гэтэл хууль нь ийм ерөнхий болохоор бодит амьдрал дээр энэ хоёр салбар 800 гаруй журмыг хэрэглэж байна.
-Нөгөө хуулиасаа давсан журам гээд байдаг нь уу?
-Мэдээж энэ олон журам дотор чинь хүний эрхийг зөрчсөн, хуулийн заалттай харшилсан, хуулиас давсан гээд олон асуудал бий.
Тэгэхээр хууль эрх зүйн орчны хувьд маш тогтворгүй салбар гэж үзэхээр байгаа юм. Учир нь хуулийн зохицуулалт бол нэгдүгээр зэргийн зохицуулалт. Гэтэл магадгүй УИХ-ын тогтоол хоёрдугаар, журам бараг гуравдугаар зэргийн зохицуулалт байж болно. Өөрөөр хэлбэл, журмаар зохицуулалтыг төдийлөн тогтвортой зохицуулалт гэж үзэх боломжгүй. Учир нь нэг сайд ирээд шинэ журам гаргадаг, эсвэл өмнө нь байсан журмыг хүчингүй болгодог, өөрчлөлт оруулдаг гээд олон асуудал бий. Ийм тогтворгүй зохицуулалттай салбар руу хөрөнгө оруулалт хийдэггүй, салбарын оролцогч талууд хүндрэл, бэрхшээлтэй тулгарах асуудал элбэг байдаг. Өнөөдөр эрчим хүчний салбарыг болохоо байчихсан гээд яриад байна. Энд олон л шалтгаан байгаа. Гэхдээ хамгийн том шалтгаан нь энэ тогтворгүй зохицуулалт байж болох юм. Гэтэл бусад улсууд дулаан болон цахилгаан хангамжийн бие даасан иж бүрэн хуультай, тэр нь маш дэлгэрэнгүй байна. Нэг ёсондоо процессын зохицуулалттай хуультай, харилцаагаа журмаар биш, хуулиар зохицуулахыг хичээдэг юм байна. Манайх болохоор ерөнхий биччихээд бүх зүйлээ журмаар зохицуулдаг. Тиймээс бид Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан. Нийтдээ найман удаагийн хэлэлцүүлэг хийж, салбарын оролцогч 150 орчим байгууллагад албан бичгээр хүргүүлсэн. Одоогийн байдлаар 40-өөд байгууллагаас хариу санал ирсэн. Түүнийх нь дагуу сайжруулалт хийж байна.
-Цахилгаан хангамжийн тухай хуулийн асуудал бас яригдаж байгаа байх, тийм үү?
-Бидний дөрөвдүгээр бүлэг ажил бол энэ. Намйдугаар сарын сүүлээр Цахилгаан хангамжийн тухай хуулийн драфтыг гаргах зорилттой ажиллаж байна. Цахилгаан хангамж дээр ярих юм маш их бий. Энэ салбарт одоо төр өөрөө монополь байгаа. Хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрын дунд төр суучхаад тэдний өмнөөс бүгдийг зохицуулах гээд оролдоод, тэр нь бүтэлгүйтээд байгаа гэсэн үг.
-Оролдлого нь яагаад бүтэлгүйтээд байна вэ?
-Одоо манай цахилгааны хэрэглээ 1700 МВт. Гэтэл бид нийт 3000 МВт-ын хэрэглэгчдэд уучлаарай эх үүсвэр байхгүй, дамжуулах, түгээх сүлжээ маань хэт ачаалагдсан чамд цахилгаан зарахгүй ээ, техникийн нөхцөл өгөхгүй ээ гээд хариулаад сууж байна. Үүний цаана би үйлдвэр, орон сууцаа барья гэдэг эдийн засаг явж байгаа. Энэ нь эрчим хүчний салбар улс орныхоо эдийн засгийн өсөлтийг боомилчихоод байгаа дүр төрх юм. Гэтэл уул нь энэ 3000 МВт-ын цахилгааныг зарна гэдэг нь энэ салбар асар их хэмжээний орлого олох боломжтой гэсэн үг. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчид нар, салхины станц, дулааны станц барья гээд яваад байхад маш их бичиг цаас шаардаж, хэн төрийн хүнд суртлыг даван туулж чадсан нь л станц барьж байна. Ийм байхад энэ системээр цаашаа явахад улам л хэцүү болно. Тийм ч болохоор бусад бүх улс орон өрсөлдөөнд суурилсан системд шилжсэн байдаг. Энэ системээр хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрын дундаас төр нь холдоод, ерөөсөө гурван үүрэг л гүйцэтгэнэ. Нэгдүгээрт, үндсэн судас болсон дамжуулах, түгээх сүлжээгээ бэлдэнэ. Хоёрдугаарт, хууль эрх зүйн орчин, зах зээлийн дүрмийг нь л боловсруулаад, хэрэгжилтэд нь хяналт тавина. Гуравдугаарт эмзэг бүлэг болон жижиг бизнес эрхлэгчдийг тусгайлан хамгаалах. Ингээд татвараа, цахилгаан дамжуулсан, түгээсэн хөлсөө аваад л сууна гэсэн үг. Ингэснээр төр нуруунаасаа хамаг ачаа авчихна гэсэн үг. Манай хоёр хөрш ч гэсэн яг энэ систем рүү явчихсан.
-Манайх яагаад энэ систем рүү явахгүйгээр ийм олон жил болчихсон юм бэ?
-Манай улс 2001 онд энэ реформ гэдэг зүйлийг эхлүүлсэн байдаг. Ингэхдээ босоо тогтолцоотой байсныг хэвтээ болгоно гээд баахан эх үүсвэр, дамжуулах, түгээх гэж олон компани болгоод орхичихсон. Нэг ёсондоо дараагийн алхмуудыг хийлгүй гараа хумхиад 25 жил суусан. Ингэж суухдаа манайх жижиг систем, монополь үйлдвэртэй, олон тооны урт хугацаанд тогтмол үнээр цахилгаан худалдан авах гэрээнүүдтэй өрсөлдөөн явахгүй гэсэн хэдхэн шалтгааныг л хэлээд байдаг. Гэтэл бусад улс орнуудад ч энэ бүх шалтгаан байсан. Харин манайхаас ялгаатай нь тэд эдгээр болохгүй гэсэн зүйлүүдээ засахын төлөө олон арга хэрэглэж, алдаж, оносон ч тасралтгүй оролдлого хийсээр 5-10 жил зарцуулан байж эцсийн зорилго буюу өрсөлдөөнт зах зээл рүү шилжчихээд байгаа юм.
-Манай улсын эрчим хүчний систем нь хаа байсан баруун хязгаар руу эндээс хангадаг. Энэ нь зардлыг их нэмдэг гэж ярьдаг. Харин сүүлийн үед олон жижиг эх үүсвэрүүдийг байгуулах ёстой гэдгийг яриад байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Энэ бол тархмал эх үүсвэрүүдийн тухай асуудал. Жижиг оврын эх үүсвэрүүдийг энэ тэнд барих тухай яриад байгаа юм. Энэ нь алдагдлыг бууруулах, эрчим хүчний чанарыг сайжруулах, цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах гээд олон ач холбогдолтой. Тэр утгаараа бид аймгийн төвүүдэд дор хаяж 50 МВт-ын дулааны цахилгаан станцууд, эсвэл 10 МВт-ын нар-батерей системийг барих нь зөв юм. Энэ талаар өнгөрсөн жил Монгол Улсын 2025 оны хөгжлийн хөтөлбөр дээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад 10 МВт-ын нар, 20 МВт.цаг-ын батерейг төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах асуудлыг оруулсан. Гэвч үүнийг ерөөсөө хэрэгжүүлэхгүй байгаа юм.
-Үүнийг хэрэгжүүлэх талаар нь танай ажлын хэсэг хэр анхаарч байна вэ?
-Энэ ажлыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын ажил л даа. Гэхдээ бид чадлаараа л Засгийн газрыг шахаж ажиллаж байгаа. Ямар ч байсан бид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гээд хичээж байна. Ялангуяа Цахилгаан хангамжийн тухай хуулиар өрсөлдөөнт зах зээл буюу маш том өөрчлөлтийг авч ирэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж байна. Хуультай болсноор Засгийн газар, яам өрсөлдөөнт зах зээл рүү шилжих алхмуудыг хийх боломж нь бүрдэх юм.
-Хэрэглэгчдийн зүгээс найдвартай цахилгаан, дулаанаар хангаж чадахгүй байж үнийг нь нэмчихлээ гэдэг шүүмжлэл хэлдэг. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Манай улсын хувьд цахилгааны тарифыг олон жил сонгуулийн хэрэгсэл болгож, тогтмол барьж ирсэн. Гэтэл нөгөө талдаа эх үүсвэрүүд баримаар байдаг. Эх үүсвэр барихад мөнгө хэрэгтэй. Энэ асуудал нь мөн эрчим хүчний салбарын өнөөгийн байгаа байдлын нэг шалтгаан. Уг нь тарифт тодорхой шинэчлэлүүдийг хийгээд явах ёстой байсан. Хэрэглэгч чанартай, найдвартай эрчим хүчээр хангахгүй байж цахилгааны үнэ нэмлээ гэх нь маш зөв. Угаасаа хэрэглэгч чанартай, найдвартай эрчим хүчээр хангагдах ёстой шүү дээ. Өрсөлдөөнт зах зээл рүү явах гээд байгаагийн нөгөө нэг шалтгаан нь энэ. Шинэ эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг, одоо байгаа станцуудын өртөг зардлыг тариф нөхөх ёстой. Гэтэл тэр хөрөнгө оруулалтыг, өртөг зардлыг бууруулдаг ганц арга нь өрсөлдөөн. Өрсөлдөөнт зах зээлд тэсэж үлдэхийн тулд л хөрөнгө оруулалтаа, өртөг зардлаа өөрөө өөрсдөө байж болох доод түвшинд хүргэдэг. Үүний үр дүнд байж болох доод үнэ тогтдог.
-Эрчим хүчний сайд маань энэ өвөл улсаараа хөлдөж мэдэх нь, эрчим хүчний дутагдалтай байна гээд айдастай л юм яриад байгаа. Та мэргэжлийн хүн, энэ салбарын гол ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүний хувьд яг бодит үнэнийг нь хэлж өгөөч?
-Сая ДЦС-3 дээр яалт ч байхгүй 50 МВт-ын эх үүсвэр байхгүй болчихлоо. Гэхдээ манай эрчим хүчний салбар чинь болгоно, бүтээнэ, аргална гээд л яваад байгаа. Ерөөсөө өнгөрсөн бүх цаг хугацаанд гол барьдаг зарчим, хандлага нь энэ байсан. ДЦС-3 дээр ч гэсэн бид богино хугацааны л арга хэмжээ авч байгаа. Техникийн жижигхэн өөрчлөлт хийгээд яг өнгөрсөн жилийнх шиг хэмжээнд дулаанаа үйлдвэрлэх гээд хичээж байна. Гэхдээ энэ бол түр арга. Цахилгааны хувьд мэдээж дутагдалд орно. Харин Бөөрөлжүүт хоёр дахь 150 МВт, Завхан, Сэлэнгэ аймгуудын жижиг эх үүсвэрүүд өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад орвол тус болно. Хэрэглэгчдээ тасалчихгүй энэ өвлөө даваасай л гэж хэн хүнгүй хүсч байна. Нэг хүндрэлтэй юм нь манай цахилгааны хэрэглээ жилдээ маш их буюу 6-8 хувийн өсөлттэй байдаг. Энэ нь 150-200 МВт-аар өсдөг гэсэн үг. Гэтэл энэ өсөлтийг шийдэх эх үүсвэрийг жил бүр барьж чадахгүй л байгаа шүү дээ. Тиймээс ер нь хүндхэн байгаа. Гэхдээ үүнийгээ даван туулахын тулд салбар боломжтой бүх арга хэмжээг авч байна





Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Балж, Онон голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, Хархираа гол Тариалан сум, Балж...
8 цагийн дараа
Нойтон тарвага нэвтрүүлэхийг оролдсон 58 удаагийн зөрчил илрүүлжээ
Нийслэлийн онцгой байдлын газраас хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хийсэн хяналт шалгалтуудын талаар...
7 цагийн дараа
Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг улсын комисс хү...
7 цагийн дараа
Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ
Хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Испани улсын хэмжээнд асаж байгаа ой, хээрийн түймрийг тогтоон барьж, унтраахад Европын түнш у...
6 цагийн дараа
М.Мөнхгэрэл: Түрээслэх байраа заавал очиж үзсэнийхээ дараа гэрээ байгуулж, төлбөр төлөх хэрэгтэй
Их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд