мэдээ
М.Мөнхгэрэл: Түрээслэх байраа заавал очиж үзсэнийхээ дараа гэрээ байгуулж, төлбөр төлөх хэрэгтэй

Админ
2025 оны 8 сарын 14

11

Их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн түрээсийн байрны залилангийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа гэнэ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Мөнхгэрэлтэй ярилцлаа.
-Орон нутгаас хотод сурахаар ирж буй оюутан, залуус түрээсийн байрны залиланд өртөх асуудал хэр зэрэг гарч байна вэ?
-Хөдөө орон нутгаас оюутан сурагчид хичээл сургуульдаа орохоор ирж буйтай холбоотой дотуур байрны хомсдол зэргээс шалтгаалаад орон байрны түрээсийн залилан эрс нэмэгддэг. Жишээ нь, өмнөх оны эхний долоон сарын байдлаар түрээсийн үйлчилгээтэй холбоотой 111 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 62 тохиолдол нь зөвхөн наймдугаар сард буюу хичээл сургууль эхлэх үеэр бүртгэгдсэн байдаг. Харин энэ оны эхний долоон сарын байдлаар түрээсийн үйлчилгээтэй холбоотой 142 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хөл хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбоотой цаашид ч өсөх хандлагатай байгаа.
-Залилагч этгээд ихэвчлэн ямар аргаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байна вэ?
-Цагдаагийн байгууллагад энэ оны эхний долоон сард нийтдээ 11 мянга гаруй залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 85-90 орчим хувь нь цахим хэрэгсэл ашиглаж байна. Тухайлбал, цахилгаан шуудан буюу и-мэйл, цахим платпормууд, бусад вэб сайтыг ашиглан үйлдэж байна.
Орон байрны түрээсийн үйлчилгээтэй холбоотой залилах гэмт хэргийг бидний түгээмэл хэрэглэдэг фэйсбүүк, телеграмм, үнэгүй зарын сайтуудыг ашиглаж үйлддэг. Ямар арга, үг хэллэг ашиглаж байна вэ гэхээр нэгдүгээрт, фейсбүүкээр тухайн зарыг маш эрчимтэй түгээдэг. Өөрөөр хэлбэл, хамгийн таатай нөхцөлөөр, зах зээлд байхгүй үнээр хөлслүүлнэ, эсвэл урьдчилгаа мөнгө шаардах нөхцөлүүдийг санал болгодог. Улмаар өөрийн түрээсэлж байгаа, эсвэл бусад иргэний орон байрны зургийг ашиглан зар мэдээгээ түгээж, иргэдтэй холбоо тогтоодог. Холбоо тогтоосон иргэдэд “Ийм таатай нөхцөл танд дахиж олдохгүй, яг одоо гэрээ байгуулахгүй бол өөр хүн гэрээ байгуулах гээд хүлээж байна” гэх мэтээр сонголт хийх боломжгүй нөхцөлд оруулдаг. Ингэснээр иргэд таатай нөхцөлөөр байр түрээслэх боломж олдлоо гэж итгээд урьдчилгаа мөнгө шилжүүлж баталгаажуулаад залилуулдаг. Мөн анхны өмчлөгчтэй нь түрээсийн гэрээ байгуулаад тухайн орон сууцыг түрээсэлж байгаа хэдий ч дахиад өөр хүмүүстэй давхар түрээсийн гэрээ байгуулдаг. Ийм тохиолдол ч гардаг.
-Тэгвэл энэ төрлийн залилангаас яаж урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?
-Иргэд түрээслэх гэж буй орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний өмчлөгчийг холбоо тогтоосон иргэний овог нэр, регистрийн дугаартай заавал тулгаж үзэх хэрэгтэй. Ингэхдээ аль болох төрийн үйлчилгээний “E-mongolia” цахим системээр өмчлөгч нь мөн эсэхийг шалгаж үзэх шаардлагатай. Мөн заавал түрээсийн гэрээ байгуулах хэрэгтэй. Үүнийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулна. Түрээсийн гэрээг нотариатаар батлуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй учраас иргэд аман гэрээгээр эсвэл хоорондоо гэрээ байгуулчихдаг. Энэ нь залилах гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлдөг. Дээрээс нь байр түрээслэх гэж байгаа бол ямар ч байдлаар урьдчилгаа мөнгө битгий шилжүүл. Иргэд зурганд хууртаад, байрыг нь очиж үзээгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь тулгаагүй байж урьдчилгаа мөнгөө шилжүүлчихдэг. Тийм учраас байр түрээслэх гэж байгаа бол заавал тухайн байрыг үзэж, гэрээ байгуулсныхаа дараа төлбөр тооцоогоо хийх хэрэгтэй.
Цахим хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд өөрийн нэр дээрх данс, утасны дугаар зэргийг ашигладаггүй. Дандаа хэн нэгэн этгээдийн нэр дээрх дансыг ашигладаг. Мөн иргэд хямд үнээр, мөнгөн урамшууллаар өөрсдийн данс, картыг ашиглуулах тохиолдол гардаг. Эсвэл архины хамааралтай, цахим үйлчилгээ авдаггүй, суурин газраас хол амьдардаг хөдөө орон нутгийн иргэдийн данс, цахим хэтэвчийг ашиглаж гэмт хэрэг үйлддэг. Тэгэхээр баталгаагүй л бол урьдчилж мөнгөө шилжүүлэхгүй байх хэрэгтэй.
-Найм болон есдүгээр сард өөр ямар төрлийн гэмт хэрэг хамгийн их бүртгэгддэг вэ?
-Намар хичээл сургууль, ажил алба эхлэхтэй зэрэгцээд цахим орчинд залилах гэмт хэрэг эрс нэмэгддэг. Хулгайн гэмт хэргийг орон байрны, гар утасны зэргээр ангилдаг бол залилах гэмт хэргийг төрөлжүүлэх боломжгүй. Яагаад гэвэл ганцхан Монгол Улс биш дэлхий нийтээрээ цахим сүлжээг хэн дуртай нь ашигладаг болчихсон. Тэгэхээр хүний хэрэгцээ, шаардлага, цаг үе нь ямар байна түүнийг дагаад залилах гэмт хэргийн арга, төрөл, хэлбэр байнга шинээр бий болдог. Энэ саруудад хамгийн их бүртгэгддэг гэмт хэрэг нь онлайнаар бараа үйлчилгээ авах, гадаадаас захиалгаар бараа оруулж ирэх, худалдахтай холбоотой гэмт хэрэг байдаг. Мөн яг энэ үед хүний мөнгөний хэрэгцээ хамгийн их байдаг учраас мөнгө өсгөж өгнө, аппликэйшний зээлийн эрхийг нэмэгдүүлж өгнө, сэргээж өгнө гэх мэт гэмт хэрэг бүртгэгдэг. Түүнчлэн хүний хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа учраас халаасны хулгай болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд энэ саруудад нэмэгддэг.
-Цахим хэрэгсэл ашиглаж үйлдэгдэж байгаа гэмт хэргийн илрүүлэлт ямар байдаг вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэг нь бусад гэмт хэрэгтэй харьцуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч маш их шаарддаг. Яагаад гэвэл залилах гэмт хэргийг гадны улсаас бүлэг этгээдүүд зохион байгуулалттайгаар үйлдэх тохиолдол ч гардаг. Иргэдийн хувьд дансанд найдаад байдаг. Мөнгө шилжүүлсэн эзэмшигч нь байхад яагаад илрэхгүй байгаа юм бэ гэдэг. Гэтэл шалгалтын явцад тухайн эзэмшигч өөрийн дансны мэдээллийг залилагч этгээдэд алдсан байх тохиолдол ч гардаг.
Г.БАЛГАРМАА





Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Балж, Онон голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, Хархираа гол Тариалан сум, Балж...
8 цагийн дараа
Нойтон тарвага нэвтрүүлэхийг оролдсон 58 удаагийн зөрчил илрүүлжээ
Нийслэлийн онцгой байдлын газраас хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хийсэн хяналт шалгалтуудын талаар...
7 цагийн дараа
Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг улсын комисс хү...
7 цагийн дараа
Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ
Хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Испани улсын хэмжээнд асаж байгаа ой, хээрийн түймрийг тогтоон барьж, унтраахад Европын түнш у...
6 цагийн дараа
М.Мөнхгэрэл: Түрээслэх байраа заавал очиж үзсэнийхээ дараа гэрээ байгуулж, төлбөр төлөх хэрэгтэй
Их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд