мэдээ
Дайрч давшлах эрх чөлөөнийх нь төлөө далдайтлаа гүйдэг сэтгүүлчид

Админ
2025 оны 8 сарын 26

51

Саяхан нэгэн арга хэмжээн дээр асуулт асуусан сэтгүүлчийн биед халдаж, микрофоныг нь булаан авах оролдлого хийв. Парламентын гишүүний гишүүн болоогүй байхдаа луйвар хийж байсан байж болзошгүй үеийг сануулан, тэр талаар нь тодруулан асуусан юм. Гэтэл тэнд байсан зарим нөхөд эгдүүцэн микрофоныг нь булааж авах гэсэн төдийгүй эрх чөлөөнд нь халдав. Энэ үеэр тэр гишүүн “Чи юу асуугаад байгаа юм” гэж байдгаараа бахирч байхыг бүгд харсан. Гэвч энэ бусармаг үйл явдлын дараа нийгмийн зарим хэсэг өөрсдийнх нь мэдэх эрхийн төлөө асуулт тавьсан сэтгүүлчийг хамгаалах нь бүү хэл харин ч сайн хашраалаа, эднийг ер нь ингэж байх ёстой гэсэн өнгөөр цахим орчинд тургицгааж байлаа. Үнэхээр гунигтай.
Энэ анхны тохиолдол ч биш. Өмнө нь Нэгүүн.мн сайтынхан хэд хэдэн удаа зодуулж цохиулан, техник хэрэгслээ эвдүүлсэн. Мөн л олон нийт нь улай үзэх мэт баясан дэмжиж байсан нь гайхмаар.
Сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдаж буй энэ мэт явдлууд үнэн хэрэгтээ анхаарахгүй орхих зүйл огт биш юм. Мэдээж хүчнийхэн, эрх мэдэлтнүүд, улс төрийн хүрээнийхний хувьд сэтгүүлчид бол “болдоггүй амьтад”, болж өгвөл хашрааж, боомилж, зогсоовол зохилтой этгээдүүд… Өмнө нь ч тийм байсан, одоо ч ийм хэвээрээ. Гагцхүү ажиллах орчин маань ийм эрсдэл дунд байхад хэвлэл мэдээллийнхэн маань өөрсдөө тохуурхах, бах таваа хангах маягтай аяг аашийг цахим орчинд үзүүлж, сэтгүүл зүйг огт ойлгодоггүй хэсгийнхнийг турхиран хөгжөөж байдаг нь харамсалтай явдал юм. Сэтгүүлчдийн нэр холбоотой байгууллагууд манайд бий. Аль нь ч саяны залууг өмөөрч хамгаалдаггүй юм гэхэд том ойлголтон дээрээ дуугарсангүй.
Ганцхан сэтгүүл зүйн ухааны доктор, дэд профессор Б.Галаарид л “Өдрийн сонин”-д байр сууриа илэрхийлж, ярилцлага өглөө. Ганц хоёр мэдээллийн сайтын эрхлэгч, редактор дуугарсныг эс тооцвол хэлээ хазаад өнгөрөв.
Сэтгүүлч хэвлэлийн хурал дээр юу ч асууж болно. Асуулгах гэж хэвлэлийн хурал хийдэг. Гэтэл одоо дарга даамлын орооцолдсон хэрэг явдлын талаар асуувал микрофоныг нь булааж, тэр сэтгүүлчийг зодох үүрэгтэй, өөр тийш нь дүйвээж үймүүлэх даалгавартай тусгай хүн хэвлэлийн бага хурал дээр оруулж суулгадаг болжээ. Өөр ч олон юм болдог. Мөрдөж мөшгөх, гэр бүлээр нь оролдох, сэтгэл санаагаар дарамтлах, зохион байгуулалттай цахим ав хоморго явуулах гэх мэт явдлууд газар авсан.
Ядаж сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан үйлдлийг зөнд нь орхиж болохгүй. Энэ удаа микрофоныг нь булааж байна. Дараагийн удаа буудаж унагахад ч бэлэн авирлацгааж байна. Нийгэм нь ч ийм байж боломгүй үзэгдлийг “Муусайн сэтгүүлчдийг яасан ч яадаг юм” гэх байдлаар хүлээж авдаг болтол мунхарсан байна. Одоо сэтгүүлчдийнхээ эрх чөлөөнд халдсан, нэр хүндэд нь халдаж гүтгэж гүжирдсэн аливаа үйлдэлд сонор соргог байж, иргэдийн мэдэх эрхийн төлөө цаг наргүй ажилладаг сэтгүүлчдээ хайрлан хамгаалах хэрэгтэй болсон байна.
Тэд өнөөдөр Болдыг зодож, Дулмааг түлхэж унаган, камер, гар утсыг нь эвдэж болдог гэж бодож байна. Маргааш амь насанд чинь халдахыг үгүйсгэх аргагүй балмад орчинд бид ажил үүргээ гүйцэтгэдэг болоод байгаагаа мартаж болохгүй.
Бидний ажил цаг хугацаатай өрсөн хурдалж, ар араасаа угсарсан их мэдээллийн нүргээн дунд түжигнэж байдаг ч хэзээ ч мэдээлсэн мэдээндээ сэтгэл ханадаггүй онцлогтой. Цаг үргэлж нэмэлт мэдээлэл эрж явдаг ясны гэмээр хэмнэлд амьдардаг болчихдог. Энэ орчинд хялбар юм гэж ерөөсөө байдаггүй. Ажлаасаа болоод магтаал шүүмжлэлийн шуурган дунд амьдардаг. Ажил мэргэжлийн зам маань хэзээ ч шулуун дардан байгаагүй. Угаасаа тийм байх ч боломжгүй. Үүнийгээ ч бид мэднэ.
Эмгэнэлийн мэдээн дээр ч хэд гурвуулаа тал талаас нь ажилладаг. Нэг нь төрөхөөс нас эцэслэх хүртэл он цагийн хэлхээсийг нягталж байхад, нэг нь сайн зураг хайж, нөгөө нь нэгтгэн бичих ажлыг хийж байдаг.
Ярилцлагын төрөл дээр ч багийн ажиллагаа явна. Энд нэг ч амар хялбар бөгөөд дур зоргоороо ажиллагаа байхгүй. Мэдээж мэргэжлийн редакцийн хэмнэлийг ярьж байгааг эрхбиш ойлгож байгаа биз.
Аливаа нийгэм үргэлж хэрэг явдлын ард чихээ сортолзуулж байдаг төрөлх гэмээр араншинтай. Харин тэрийг нь хангахын төлөө, тэгээд ард нь дураараа чалчих, эргээд биднийхээ нүүр рүү шавар шавхай цацах эрх чөлөөнийх нь төлөө бид тасралтгүй ажиллаж байдаг.
Үнэндээ бусдыг дуртайгаараа хараан зүхэж, гүтгэн гүжирдэж, дур зоргоороо далжганадаг нөхдүүдийн хэтийдсэн их эрх чөлөөг хамгаалж, далдайтлаа гүйдэг хүмүүс сэтгүүлчид л байдаг. Эргээд дэвсүүлэхээ мэддэг ч эргэлзэх юмгүйгээр тэдний эрхийн төлөө ханцуй шамлан дайтдаг. Угаасаа өөрөөр байж чадахгүй. Ийм л юм.
Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хэн боловч аюулгүй орчинд, аливаа сүрдүүлэг заналхийллээс ангид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Бусад иргэдийн адил сэтгүүлчдийн хувийн аюулгүй байдлыг хуулиар хамгаалах ёстой. Энэ бол олон улсын зарчим юм шүү.





Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mo...
2 цагийн өмнө
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дотоод засал чимэглэлийн ажлын тендерийн зар
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөгжлийн албан ёсны туслалцаа (ODA) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хүүхэд, өсвөр үеийн...
2 цагийн өмнө
Улаанбуудайн хэрэгцээний 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах төлөвтэй байна
2025 оны улаанбуудайн анхны хураалт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хөдөлмөрийн баатар тариаланч С.Ганболд захиралтай “Их шинэстэй&...
2 цагийн өмнө
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, Улс...
3 цагийн өмнө
Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоодугаар сард гадаадын 4811 иргэнд визийн зөвшөөрөл, 3102 иргэнд виз, цахим визийн evisa...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд