мэдээ
Ц.Болорчулуун: 100 орчим мянган тонн улаанбуудай дутахаар төлөвтэй байгаа

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 8 сарын 26

40

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай газар тариалангийн өнөөгийн нөхцөл байдал, улаанбуудайн тариалалтын талаар ярилцлаа.
-Энэ намрын “Ургацын бланс” гарсан гэсэн. Үүгээр ямар дүн мэдээтэй байна вэ?
-Энэ оны ургацын блансыг наймдугаар сарын 8-15-ны хооронд гаргалаа. Нийтдээ улсын хэмжээнд 276 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88 мянган төмс, 164 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн тосны ургамал, 100 тонн тэжээлийн ургамал хурааж авах судалгаа гарсан. Тариалалтаар аваад үзэхээр ноднин жилийнхтэй харьцуулахад 60 мянган га буюу 10.5 хувиар буурсан. Уржнан жил болохоор 50 мянгаар, сүүлийн хоёр жил 100 гаруй мянган га талбайгаар улаанбуудайн тариалалт буурчихаад байгаа юм. Дээрээс нь энэ жилийн хувьд яг газар тариалангийн буюу төвийн бүс нутагт гантай, гандуу байлаа. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Цагааннуур сум, нийт төмсний хэрэгцээний 50-60 хувийг гаргадаг Төв аймгийн Жаргалант суманд гантай байсан. Тийм болохоор хурааж авах ургацын хэмжээ буурч байна. Гэхдээ энэ бол урьдчилсан төлөв. Ямар ч байсан ургац хураалтын ажил нарны хэт халалттай хоногийн тоо их байсан, механик болц тал руугаа орж байгаа учраас урьд жилүүдтэй харьцуулахад 7-10 хоногийн өмнө эхлэх төлөв байна
Блансаар харахаар хүнсний улаанбуудай дутагдах тооцоо гарч байгаа. Гэвч эхний ээлжинд дотоодын тариаланчид, аж ахуйн нэгжүүдийнхээ тарьж ургуулсан улаанбуудайнхаа борлуулалтыг хийгээд, ургац хураалтын дүн гарсны дараа тодорхой хэмжээний импортын асуудал яригдах байх гэсэн төлөв байдалтай байна.
-ОХУ-аас 100 мянган тонн улаанбуудай авах асуудал Засгийн газрын хуралдааны үеэр хөндөгдсөн юм уу?
-Ер нь ургацын блансаар бид жилдээ 320 мянган тонн хүнсний улаанбуудай буюу 220 мянган тонн гурил хэрэглэдэг. Энэ тооцооллоос харахаар 100 орчим мянган тонн улаанбуудай дутахаар харагдаж байгаа юм. Мэдээж блансаар гарсан ургацаа ямар нэгэн байгалийн хүчин зүйлгүйгээр хураагаад авчих юм бол чамлахааргүй ургац авах байх. Тэгээд борлуулалтаа хийсний дараа импорт яригдана. Энэ нь 100 мянга орчим байх болов уу гэж харж байгаа. Гэхдээ яг ургац хураалтын дүн гарахаар тоо жаахан өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч нэг их зөрдөггүй юм.
-Зах зээл дээрх гурилын үнэ сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн гэдгийг иргэд хэлж байна. Энэ чухам юутай холбоотой вэ. Яам энэ тал дээр анхаарал хандуулж байна уу?
-Яамны үндсэн зорилго бол нийлүүлэлт, хангамжийг тасалдуулахгүй байх үүрэгтэй. Мэдээж дагаад үнийн асуудал гарч ирдэг. Гэсэн ч үнэ дээр бид хяналт тавиад байх чиг үүрэггүй. Бид нийлүүлэлтээ л тогтмол байх тал дээр онцгой анхаарч байгаа. Ноднин жил импортоор тодорхой хэмжээний гурил ороод ирсэн. Дээрээс нь гурилын үйлдвэрийн агуулахад борлогдоогүй гурилууд байгаа гээд буудайгаар тооцоход ийм хангамж гарч ирж байгаа юм. Зах зээл дээрх гурилаа нэг их тооцоогүй байна. Гэхдээ нийлүүлэлт талаасаа тасалдаад, үнэ хөөрөгдөөд байх асуудал байхгүй л гэж харж байгаа. Цаашдаа бид арга хэмжээ аваад, буудай дутагдах хэмжээгээрээ импортын асуудлаа шийдэх байх. Баруун аймгуудын ОХУ-тай хиллэдэг боомтуудаар тарифын нөхцөлтэйгөөр гурил орж ирдэг. Гурил 15 хувийн татвартай байхад 5 хувийн татвартайгаар орж ирдэг УИХ-ын тогтоолтой зохицуулалт байдаг. Энэ хүрээнд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж байгаа.
-Улаанбуудайн тариалалтын хэмжээ багасаад, гурилын үнэ ингэж савлаад байгаа нь сонгуулийн өмнө импортын татварыг тэглэсэнтэй холбоотой юу?
Хөдөө аж ахуйн салбарт 2023-2024 оны өвөл хүнд нөхцөлтэй байсан. Зуданд 9 сая гаруй малаа алдсан. Тухайн үед нь шийдвэр гаргаад гурил болон малын тэжээлийн гаалийн албан татварыг чөлөөлсөн хууль баталсан. Нөхцөл байдал хүндрэлтэй байсан учраас 25 орчим мянган тонн гурилыг долдугаар сарын 1 хүртэл чөлөөлье гэсэн саналыг салбар яамнаас өргөн барьсан. Харин хэлэлцэх шатандаа УИХ дээр цаг хугацаа, тооны хувьд хязгааргүй чөлөөлсүгэй гээд батлагдчихсан. Ингээд 2024 онд импортоор 64.5 мянган тонн гурил орж ирсэн. Мэдээж нийлүүлэлт ихэссэн болохоор гурилын бөөний үнэ тогтвортой байсан. Гэхдээ огцом хямд болчихсон зүйл байхгүй. Олон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргасан. Хуулийн хэрэгжилт жил гаруйн хугацаандаа үр дүнгээ өгсөн гэж үзээд бид дахиад хуулийн төсөл өргөн барьсан. Улмаар энэ хаврын чуулганаар батлагдсан. Ер нь үүнтэй холбоотойгоор бэлэн бүтээгдэхүүн ороод ирэхээр улаанбуудайн борлуулалтад сөргөөр нөлөөлөөд тариаланчид буудай тариалахгүй өөр төрлийн таримал тарих нь ихэссэн. Жишээлбэл, тосны ургамал буюу рапс их тарьж байна. Сүүлийн үед эрдэнэшиш, шар буурцаг тариалахаар сонирхоод орж байна. Ингэж байгаа нь сайн хэдий ч гурил бол стратегийн бүтээгдэхүүн. Бид хангамжаа яг л барих ёстой. Нөгөө талдаа тариаланчид өөр таримал тариад эхлэхээр технологи өөрчлөгдөөд эхэлдэг. Техникүүдээ өөрчлөх асуудал гарна. Ингээд техник, технологи өөрчлөгдчихөөр жил бүр өөрчлөөд байх боломжгүй учраас дахиад 5, 10 жилдээ өөр тарималаа л тарих асуудал үүсчихдэг. Тэгэхээр улаанбуудайн тариалалт багасаад импортын хамаарал нь нэмэгдэнэ. Импортоор ингээд шийдээд яваад байж болно. Гэтэл ОХУ чинь ургацын хэмжээ, геополитикийн нөхцөл байдлаасаа болоод огцом шийдвэрүүд гаргавал яах вэ гэсэн асуудал үүснэ. Тэгэхээр татвараар нэг их оролдоод байхгүйгээр тарифын зохицуулалтаа мөрдөөд Засгийн газар шийдээд яваад байж болно. Нэг ёсондоо үүнийг заавал хуульчлаад байх нь зохимжгүй байсан байх л гэж бодож байгаа.
-Улаанбуудайн урамшуулал өгсөн хэвээрээ байгаа юу?
-Энэ урамшуулал дээр зарим хүн шүүмжлэлтэй ханддаг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд бүгд урамшуулалтай, татаастай байна гэдэг. Гэвч зөвхөн манай улс ийм байдаг юм биш. Газар тариалангийн үйлдвэрлэл бол эрсдэлтэй, олон улсын судлаачдын гаргаснаар Монгол Улс бол газар тариалан эрхлэхэд тохиромжгүй бүсэд ордог. Нийт нутгийн 1 хувь хүрэхгүй буюу сая га талбайг л бид эргэлтэд оруулдаг. Үүнээсээ 100 мянга нь цөлжөөд, хөрсний доройтолд ороод яваад байгаа учраас төрийн дэмжлэг заавал байх хэрэгтэй. Энэ утгаараа гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн улаанбуудайнд урамшуулал олгож ирсэн.
-Урамшуулалд хэдэн төгрөг өгч байгаа вэ?
-Тонн тутамд 80 мянган төгрөг л өгч байгаа. Жилдээ 200 мянган тонн улаанбуудай нийлүүллээ гэхэд 16 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Сүүлийн жилүүдэд багасчихаар 11, 12 тэрбумаар л шийдэгдэж байна. Гэхдээ гурил үйлдвэрлэлд л урамшуулал өгдөг. Түүнээс биш хүн бүрд өгөөд байгаа юм биш. Улаанбуудай бол стратегийн бүтээгдэхүүн, Монголын хүнсний хангамжийн гол түүхий эд. Ийм учраас дэмжлэг, хөшүүрэг байдаг гэж ойлгож болно.
-“Хүнсний хувьсгал” гээд хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хөтөлбөр хэрэгжээд зохих үр дүнгээ өгч чадаж байгаа юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны зургадугаар сард Хүнсний хангамж, аюулгүй байдал хөдөлгөөнийг орон даяар зарласан. Түүнийг хэрэгжүүлэх УИХ-ын 36 дугаар тогтоол гарсан. Нийт 5 зорилт, 41 үйл ажиллагааны чиглэл, 114 арга хэмжээг хэрэгжүүлэх тогтоолтой. Үүний бараг 80-90 хувь нь манай яамтай хэрэгжүүлэх ажлууд байгаа юм. Мэдээж төрийн байгууллагууд хамтарч ажиллах оролцоо байгаа. Энэ хөтөлбөрийн том зорилт бол гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах юм. Дотор нь задлаад авч үзэхээр нийтдээ 56 нэр төрлийн бүтээгдэхүүн болж байгаа. Бид үүнийг нарийвчилж гаргаад, тодорхой хэмжээний ажлууд хийгээд, хоёр жилийн хугацаа өнгөрсөн, 1.2 их наяд төгрөгийн зээлийг 3000 орчим иргэн, аж ахуйн нэгжид олгоод явж байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжээд явж байгаа гэж ойлгож болно. Эргэлтийн хөрөнгийн зээлийг газар тариалан, мал аж ахуйн чиглэлд олгож байгаа. Харин хөрөнгө оруулалтын зээлийг голдуу боловсруулах үйлдвэрүүдэд олгосон. Эдгээрийн үр дүнгүүд гарч эхэлж байна. Бид хавар дүгнээд үзэхэд шинээр 10 гаруй махны үйлдвэр ашиглалтад орсон. Бараг 500-гаад нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр гарсан байна. Ингээд ямар ч байсан үр дүнгүүд гарч байгаа. Нөгөө талдаа бид импортоо тодорхой хэмжээнд барихгүй бол дотоодын үйлдвэрүүд хөгжихөд саад болох учраас үүн дээр нэлээд анхаарч байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ





Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mo...
2 цагийн өмнө
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дотоод засал чимэглэлийн ажлын тендерийн зар
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөгжлийн албан ёсны туслалцаа (ODA) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хүүхэд, өсвөр үеийн...
2 цагийн өмнө
Улаанбуудайн хэрэгцээний 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах төлөвтэй байна
2025 оны улаанбуудайн анхны хураалт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хөдөлмөрийн баатар тариаланч С.Ганболд захиралтай “Их шинэстэй&...
2 цагийн өмнө
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, Улс...
3 цагийн өмнө
Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоодугаар сард гадаадын 4811 иргэнд визийн зөвшөөрөл, 3102 иргэнд виз, цахим визийн evisa...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд