Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

Г.Батзориг: Төр бизнесийнхэндээ боломж олгоод, бодлогоор дэмжээд явбал эдийн засаг хурдан сэргэх боломжтой

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 8 сарын 28

img

15

news-img

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Энэ намрын эдийн засаг ямар байх төлөвтэй байна вэ?

-Намрын эдийн засгийг дотоод, гадаад гэсэн хоёр хүчин зүйлээр авч үзье л дээ. Гадаад хүчин зүйл нь хаврыг бодвол харьцангуй өөдрөг болж эхэлж байна. Нүүрсний үнэ 60-80 ам.долларт хүрлээ. Хятадын эдийн засаг дээр гангийн эрэлт, коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ тодорхой хэмжээгээр дагаад нэмэгдэж байна. Өнгөрсөн хаврыг бодвол нүүрсэн дээр нэлээд эерэг дүр зураг ажиглагдаж байна. Үүнийг одоохондоо урт хугацааных уу, богино хугацааных уу гэдгийг хэлэхэд эрт байна. Юутай ч гадаад талд манай гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрс харьцангуй эерэг болж эхэллээ. Дээрээс нь геополитикийн тодорохой бус байдлаас болж алтны үнэ түүхэн дээд цэгийг эвдэж байгаа. Алт бол манай экспортын гол хэрэгсэл. Ингээд гадаад талдаа экспортын гурван гол бүтээгдэхүүн дээр өөдрөг харагдаж байгаа юм. Энэ цаг үеийг бид өөртөө ашигтайгаар зөв эргүүлэх нь чухал. Харин дотоод талдаа санаа зовоож байгаа асуудал их. Өндөр төсөв баталчихаад тэрийгээ олигтой ч тодотгож чадаагүй. 2026 оны төсөв намрын чуулганаар орж ирнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж байгаа төсөв учраас нэлээд өөдрөг байх болов уу гэж найдаж байна. Харамсалтай нь өөдрөг төсвийн хор хөнөөл ямар байдгийг 2025 оны төсвөөс харлаа шүү дээ, хэдүүлээ. Орлогоо хэтэрхий өөдрөгөөр төсөвлөснөөс болоод төсвийн алдагдал огцом өсөх, маш их үргүй зардал гарах гэх мэт сөрөг үр дагавруудыг мартаж болохгүй. Иймэрхүү асуудлууд намар дотоод талдаа үүсэх эрсдэлтэй байна. Илүүтэйгээр улс төрийн талаас шалтгаалсан эдийн засгийн шийдвэрүүд гарч, дотоодын эдийн засагт хорлох үйл ажиллагаа явуулах вий гэж эмээж байна.

-Оны эхний хагас жилтэй харьцуулахад эдийн засгийн өсөлт, инфляци ямар өөрчлөлттэй байна?

-Оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт тав орчим хувьтай гарч байгаа. Гэхдээ үүний бараг гурав орчим нэгж хувь нь хөдөө аж ахуйн салбар байна

Өнгөрсөн жил зуд турхан дажгүй байсан учраас хүмүүс төлийн хорогдол багатай, хаврыг дажгүй давж чадсан. Иймд хөдөө аж ахуйн салбарын нөлөө өндөр байна. Тэгвэл энэ салбарыг хасах юм бол эдийн засгийн өсөлт ердөө хоёр орчим хувьтай байна. Үнэндээ эдийн засгийн өсөлт хоёр дахин бараг удааширсан байхаар харагдаж байгаа. Энэ нь мэдээж нүүрснээс эхлэлтэй. Нүүрсэн дээр уул уурхайн компаниудын борлуулалт буурангуут дагаад тээвэр, худалдааны салбарынх нь орлого буурч эхэлнэ. Цаашлаад эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний салбарууд руугаа нөлөөлж байгаа. Ийм маягаар эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. Инфляцийг сүүлийн байдлаар харахад найм орчим хувьтай гарсан байсан. Нэг талдаа энэ бол бага тоо биш. Яагаад гэвэл 2021 оноос хойш Монгол Улсын инфляцийн түвшин хоёр оронтой тоонд явж байгаад өнөө жил тэр сууринаас найм руу орох нь бага тоо биш. Үүнийг иргэдийн худалдан авах чадвартай харьцуулж харж болно. Гадуур бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Цалин орлого нь гүйцэхгүй байна. Ер нь иргэдийн худалдан авах чадварыг бодит цалингаар тооцоод үзэх юм бол арай өөр дүр зураг харагдана. Гэхдээ эхний хагас жил ийм байсан гэхэд одоо энэ үзүүлэлтийг сайжруулахын төлөө явах ёстой. Инфляцийг тогтвортой нам түвшинд барих хэрэгтэй. Эргээд эдийн засгийн өсөлтөө илүү хүртээмжтэй, гол, гол салбарууд дээрээ өсөлт хийх хэрэгтэй. Ингэхийн тулд төр юм болгонд оролцоно гэхээсээ илүүтэйгээр хувийн бизнесийнхэндээ боломж олгоод, бодлогоор дэмжээд явбал эдийн засаг хурдан сэргэх боломжтой гэж харж байна.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ яагаад нэмэгдэх хандлагатай байна вэ?

-Монгол Улс өөрөө улирлын нөлөө ихтэй. Дөрвөн улиралтай болохоор цаг агаарын нөхцөл байдалдаа тохируулж хувцас хунар, хоол хүнсээ тохируулахаас өгсүүлээд бид өртөг өндөртэй амьдарч байгаа. Тэр улирлын нөлөөтэй холбоотой бараа бүтээгдэхүүний сезон эхлэхээр үнэ нь нэмэгдэх хандлагатай байдаг. Жишээлбэл, намрын ургац хураалтын үеэр ногооны үнэ хямдардаг. Гэхдээ хавар хүнсний ногоо хамгийн өндөр үнэтэй болох жишээтэй. Манай улс бизнес хийх боломжтой дулааны хугацаа ердөө хоёрхон улирал байдаг. Үлдсэн бизнес хийхгүй сарууддаа тодохой хэмжээгээр зардлаа нөхөх шаардлага үүсдэг. Жишээлбэл, Тэрэлжид амрах мөнгө гадаад улс руу аялсантай ижилхэн үнэтэй байна гэдэг дээ. Ажиллахгүй байгаа саруудынхаа өртөг зардлыг тавьж байна. Дээр нь сезоныг ашиглаж байна. Энэ бол бизнесийн хувьд хаана ч байдаг үзэгдэл. Гэхдээ аливаа үнэ байнга өсөөд байх биш, тодорхой хэмжээгээр буурах боломжтой байдаг. Тэр итгэл үнэмшил нь төсвийн болон мөнгөний бодлогоос гарч ирэх ёстой. Инфляци, валютын ханш тогтвортой байна гээд Монголбанк нь үнэхээр үнэмшдэг бол хүмүүс ойрын үед ханш буух юм байна, барааныхаа үнийг жаахан буулгачихъя гэдэг сэтгэл зүйтэй болно. Тэгэхгүйгээр валютын ханш доллар төгрөгийн эсрэг байнга чангарна, инфляци өснө гэсэн итгэл үнэмшилтэй байхаар чинь хүмүүс юмныхаа үнийг бууруулж чадахгүй байгаа юм.

-Манайхан зунжин хөдөө, гадаагүй аялж, зугаалцгаасан. Гэтэл дулаан, цахилгаан, бараа бүтээгдэхүүн гээд бүх юмны үнэ өссөн эдийн засаг угтаж байна. Энэ үед ард түмэн санхүүгийн эрсдлээсээ хэрхэн өөрсдийгөө хамгаалах ёстой вэ?

-Амьтад өвөлд бэлдэхдээ үүрээ засаад, хөеөгөө базаадаг. Ер нь хоол ундаа нөөцлөх ажлыг намар, зуны улиралд тасралтгүй хийж байгаа шүү дээ. Яг үүнтэй адилхан эдийн засгаа тооцож бодох ёстой. Ер нь ийм үед нэмж зээл авч болохгүй. Яагаад гэвэл орлого өсөх нь тодорхой биш, эдийн засгийн өсөлт нэлээд саарчихсан үед хэрэглээгээ хэт тэлэх нь буруу. Иймд хэрэглээгээ тодорхой хэмжээгээр танах, орлогоо аль болох өсгөх арга хэмжээ авах, нэмж зээл авахгүй байх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь мэдээж, өөрийнхөө түвшинд хөрөнгө оруулалт, хуримтлалуудыг хийх юм. Иймэрхүү арга хэмжээг одооноос авах нь зөв. Энэ нь хэцүү цагт тухайн гэр бүлийг санхүүгийн хүнд нөхцөл байдлаас гаргахад тустай. Үүнийг харгалзаж үзээд хуримтлал тогтмол хийх ёстой.

-Ингэхэд хуримтлалаа яаж хийвэл үр дүнтэй болж чадах вэ?

-Манайхан хуримтлуулна гэхээрээ гэнэт л арван сая төгрөг олдоод тэрийгээ аваачаад хийчих тухай бодоод байдаг. Ийм боломж хүн бүрд тэр болгон тохиолдохгүй шүү дээ. Хүмүүс “Одоогоор амьдрал болохгүй байгаа учраас би хуримтлуулж чадахгүй байна” гэх нь элбэг. Тэгэхээр цалингаасаа тогтмол дүнгээр байнга тууштай хуримтлуулах нь зөв. Тэгж байж стандарт цалинтай хүмүүс ирээдүйн хөрөнгөө нийлмэл хүүгийн аргаар хурдтай өсгөх боломж нь бүрдэнэ. Хүнд гэнэт тэрбум тэрбумаар мөнгө орж ирэхгүй нь ойлгомжтой шүү дээ.

-Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн хэлбэлзэлд нөлөөлж буй хүчин зүйлийг та хэрхэн харж байна?

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд улирлын нөлөө их. Өдийд ургац хураалт явагдаж, шинэ ногоо гарсан байна. Мал ч тарга хүчтэй үе учраас мах, ногоон элбэг дэлбэг энэ үед мэдээж үнэ өсөлттэй байхгүй. Харин хаврын улиралд эсрэгээрээ. Үнэ нь өсчихдөг. Үүнд улирлын нөлөө байна. Хоёрдугаарт, төрийн бодлого тогтвортой биш. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого нь өөрөө ойлгомжгүй байна шүү дээ. Жишээлбэл, гурил дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байна. Сүүлд эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай тодорхой түншлэлийн хүрээнд татвар бууруулж байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадамжгүй үе дээр нь бууруулах нөлөөтэй. Богино хугацаандаа өрсөлдөөд яваад байх ч гэсэн урт хугацаандаа хямд үнээр, массаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг барахад хэцүү болно. Иймээс урт хугацааны өрсөлдөх чадвар, тэдгээр бүтээгдэхүүнүүд буурахад, дотоодын үйлдвэрүүд хумигдахад хүчтэй нөлөөлнө. Энэ мэтчилэн хэрэрглэгчийн эрх ашиг бодсон юм шиг харагдах төрийн бодлогууд нь дотоодын хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт нөлөөлөх болов уу гэж харж байна.

-Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал буюу валютын ханш, түүхий эдийн үнэ манай эдийн засагт яаж нөлөөлж байна вэ?

-Оны эхэнд түүхий эд, тэр дундаа алтны үнэ нэлээд өсөлттэй байлаа шүү дээ. Эдийн засгийн эрсдэл нэлээд өндөр болж, нүүрс, зэсийн үнэ унахад эргээд алтны үнэ өсчихөж байгаа юм. Эндээс алтны үнийн өсөлтийг ашиглаад экспортоо өсгөх боломжтой нь харагдаж байна. Нөгөө талдаа эдийн засаг сэргээд ч юм уу, үйлдвэрлэл нэмэгдээд ирэхээр алтны үнэ буураад, зэс нүүрсний үнэ сэргэдэг ч юм уу иймэрхүү альтирнатив сонголтууд байдаг. Одоогийн байдлаар нүүрсний үнэ нэлээд сэргэчихсэн, алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Ингээд бүх бүтээгдэхүүн дээр түүхий эдийн үнийн өсөлтүүд ажиглагдаж байна. Энэ үеэ ашиглаад явах ёстой. Сая нүүрсний үнэ тонн тутам нь 60 ам.доллар байх үед бид хэчнээн тоо хэмжээгээ нэмэгдүүлээд экспортоо хүчтэй өсгөж чадахгүй байгааг харлаа шүү дээ. Тэгэхээр үнэ гэдэг үзүүлэлт өөрөө ямар байгаагаас хамаараад үнийн дүн тодорхой болдгийг мартаж болохгүй. Үүнтэй холбоотой валютын ханш тогтож байгаа.

-Импорт, экспортод намрын улиралд ямар өөрчлөлт гарах вэ?

-Монгол бол импортлогч орон. Гол хэрэглээ маань үйлчилгээ, бараа худалдаа импортолж авдаг. Энэ нь экспорттойгоо ойролцоо түвшинд яваад байлаа гэхэд бид үйлчилгээг импортолж авч байгаа нь цэвэр гарах урсгал болчихдог. Жишээлбэл, эрүүл мэндийн аялал жуулчлал, хүүхдийн сургалтын төлбөр, гадны зөвлөх үйлчилгээний төлбөрүүд, тээвэр байна. Иймэрхүү үйлчилгээний импорт нь эдийн засгийн идэвхжлээ дагаад өндөр болчихож байгаа юм л даа. Цаашлаад энэ нь валютын ханш, төлбөрийн тэнцэл дээр дарамт учруулж байгаа. Манай валютын гарах урсгал дээр нь жин нэмээд Монголбанк тодорхой хэмжээгээр нөөцөөрөө гарах урсгалыг хаах шаардлага үүснэ. Төв банкны нөөц хязгааргүй биш учраас тодорхой хугацаанд хаагаад ханшаа алдана гэсэн үг л дээ. Тэр үүднээс төгрөг долларын эсрэг байнга сулраад байна. Эдийн засгийн хувьд дэлхий хавтгай гэж байгаа боловч манай хөрөнгийн зах олон улсын санхүүгийн захын төвүүдтэй холбогдож чадаагүй. Бусад улс орнуудад доллар оны эхэнд суларч байхад манайд ганцаараа чангарч байх жишээтэй. Иймэрхүү холбоо хамааралгүй зүйлүүд ажиглагдаж байна.

-Ер нь эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой салбарууд аль нь вэ?

-Богино хугацаанд эдийн засгийг сэргээх, өсөлт авчрах салбар нь мэдээж уул уурхай л байна шүү дээ. Тэр дундаа нүүрс мэдээж чухал. Дараа нь алт байна. Уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүн Монголд доллар олж ирдэг. Богино хугацаанд үүнийгээ ашиглахаас өөр сонголт байхгүй. Эсвэл гадны шууд хөрөнгө оруулалтыг дэмжлээ гэхэд энэ нь дахиад л уул уурхайн сектороор дамжиж орж ирдэг. Ер нь ойрын хугацаанд уул уурхайгаас төдийлөн хамааралгүй ярьж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж байхгүй болов уу. Бүх юм уул уурхайтай холбоотой байгаа. Тэгэхээр уул уурхайн салбар дээр бодлого хөтөлбөрөө уялдуулж гаргах нь чухал.

М.МӨНХЦЭЦЭГ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Мягмар: 2009 оноос яригдаж, 15 жил хүлээгдсэн төсөл бодит ажил болж байна

Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж мал аж ахуйг бүхэлд нь кластер байдлаар хөгжүүлэх, Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гарг...

img

2 цагийн өмнө

Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобус хүлээх хугацаа багасаж, хурд 4.5 км/цагаар нэмэгджээ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нэмэгддэг авто замын түгжрэлээс урьдчилан сэргийлж НИТХ-ын дарга А.Баяр автозамын нэгдүгээр...

img

2 цагийн өмнө

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр с...

img

3 цагийн өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал үргэлжилж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан “Улаанбаатар галерей”-н хурлын танхимд үргэлжилж байна. Н...

img

3 цагийн өмнө

Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлах үүрэгтэй

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Авли...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд