мэдээ
Путин, Си нар 150 наслах уу?

Админ
2025 оны 9 сарын 09

24

ВВС-ийн тоймч Мишель Робертсийн “Organ transplants for immortality: Might Xi and Putin be onto something?” буюу “Путин, Си нар эрхтэн шилжүүлэн суулгуулж, үхэшгүй мөнхийн хутаг олж чадах уу?” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Эрхтэн шилжүүлэн суулгалт ба үхэшгүй мөнх: магадгүй Путин, Си хоёрын зөв байж болох уу? Эрхтэн шилжүүлэн суулгуулж үхэшгүй мөнх байж болох уу? Энэ асуулт Бээжинд болсон цэргийн парадын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын ярианы сэдэв болсон. Орчуулагч Владимир Путины үгийг хятад хэл рүү орчуулахдаа хүний эрхтнийг олон удаа шилжүүлэн суулгаж болох бөгөөд ингэснээр хүн наснаасаа үл хамааран улам залуу болж чадна гэж Си Жиньпинд дамжуулсан. Мөн ингэснээр бүр хөгшрөлтийг ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулж болох юм. Энэ зуунд 150 нас хүртэл амьдрах боломжтой болно гэж таамаглаж байна гэж хэлсэн билээ. Тэд энэхүү ярианыхаа үеэр инээлдэж байсан нь энэ бүхэнд нэг их ноцтой хандаагүй мэт санагдуулж байсан. Гэхдээ тэдний энэ наргианд үнэний хувь байж болох уу гэсэн асуулт гарч байна.
Эрхтэн шилжүүлэн суулгалт амь авардгийг маргах аргагүй. Их Британийн NHS Blood and Transplant-ийн мэдээлснээр сүүлийн 30 жилд зөвхөн Их Британид 100.000 гаруй хүний амийг энэ аргаар аварчээ. Анагаах ухаан, технологийн дэвшил нь шилжүүлэн суулгасан эрхтэн шинэ эзэндээ урьд өмнөхөөсөө илүү удаан үйлчлэх боломжийг бүрдүүлсэн. Жишээлбэл, зарим өвчтөнд шилжүүлэн суулгасан бөөр 50 гаруй жил ажиллаж чаддаг болсон. Эрхтний амьдрах хугацаа нь донор, хүлээн авагчийн эрүүл мэнд, мөн тэд эрүүл мэнддээ хэрхэн анхаарч байснаас хамаардаг. Жишээлбэл, бөөрийг амьд донороос шилжүүлэн суулгавал 20–25 жил ажиллах магадлалтай. Хэрэв нас барсан донороос шилжүүлэн суулгавал энэ хугацаа 15–20 жил болтлоо багасна. Мөн аль эрхтнийг шилжүүлэн суулгах гэж буй нь өөрөө чухал асуудал болдог. Journal of Medical Economics сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар шилжүүлэн суулгасан элэг ойролцоогоор 20 жил, зүрх 15 жил, уушги 10 жил орчим ажилладаг байна. Путин, Си нар эрхтнийг олон удаа шилжүүлэн суулгах, бүр хэд хэдэн эрхтнийг дараалан суулгах боломжийн талаар ярьсан. Гэхдээ мэс засал бол үнэндээ эмнэл зүйн эрсдэлтэй, ноцтой асуудал юм. Мэс заслын хутганы дор орох бүрд та томоохон эрсдэл хүлээдэг. Одоогоор эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүд донор эрхтнийг биедээ сөрөг нөлөөгүй байлгах гэж бүх амьдралынхаа туршид эм уух шаардлагатай болдог. Эдгээр эм нь цусны даралт ихэсгэх гэх мэт ноцтой гаж нөлөө үзүүлж байдаг. Мөн халдвар авах эрсдэл нэмэгддэг байна. Сөрөг нөлөөний үзэгдэл нь хүний дархлааны систем шилжүүлэн суулгасан эрхтнийг гадны зүйл гэж тодорхойлон түүнийг устгах гэж “довтолж” эхэлдэгтэй холбоотой гардаг. Энэ урвал нь дархлаа дарангуйлагч эм хэрэглэж байсан ч явагдаж л байдаг. Иймээс эрдэмтэд сөрөг нөлөөнд автахгүй эрхтэн бүтээхээр ажиллаж байна. Үүний тулд одоогоор генетикийн хувьд өөрчилсөн гахайн эрхтнүүдийг донороор ашиглаж байна. Тэд геном засварлах CRISPR технологийг ашиглан гахайн илүүдэл ДНХ-ийн хэсгийг устгаж, тодорхой хүний генийг оронд нь нэмдэг. Энэ нь хүний биед шилжүүлэн суулгах үед гарах эрсдэлийг бууруулдаг. Мэргэжилтнүүдийн хэлснээр эрхтэн нь хүний эрхтэнтэй маш төстэй тул гахайг энэ зорилгоор ашиглах нь зөв шийдэл юм гэж үздэг. Одоогоор энэ бүхэн туршилтын шатанд байгаа ч гахайн зүрх, бөөрийг хүнд шилжүүлэн суулгасан анхны хагалгаанууд хийгдсэн. Эдгээр мэс засалд оролцохыг зөвшөөрсөн хоёр эрэгтэй нь CRISPR технологийн тусламжтайгаар гахайн эрхтэн суулгуулсан анхны хүмүүс болсон. Харамсалтай нь хоёулаа нас барсан. Гэвч энэ хоёр мэс засал нь ксенотрансплантаци буюу амьд эс, эд, эрхтнийг нэг биологийн зүйлээс нөгөөд шилжүүлэн суулгах шинжлэх ухааны хөгжилд том хувь нэмэр оруулсан юм.
Өөр нэгэн судалгааны чиглэл бол хүний өөрийн эсийн үүсвэр болох үүдэл эсээс шинэ эрхтэн ургуулах явдал. Үүдэл эс нь биеийн аль ч хэсгийн эс болж хувирч чаддаг. Одоогоор судлаачид бүрэн шилжүүлэн суулгах боломжтой шинэ эрхтэн бүтээж амжаагүй байгаа ч энэ зорилгодоо улам ойртсоор байна. Лондонгийн Их Сургууль болон Фрэнсис Крикийн хүрээлэнгийн судлаачид 2020 оны арванхоёрдугаар сард хүний дархлааны тогтолцооны чухал эрхтэн болох тимусыг хүний үүдэл эс, эдийн биоинженерийн аргыг ашиглан дахин шинээр ургуулсан.
Энэ шинэ эрхтнийг шилжүүлэн суулгах туршилтыг хулгана дээр хийсэн нь амжилттай болсон. Тэгвэл Лондонгийн Грейт-Ормонд-стрит эмнэлгийн эрдэмтэд өвчтөний эдээс авсан үүдэл эсийг ашиглан хүнд шилжүүлэн суулгах гэдэсний эд ургуулж чадсан гэж мэдэгдэж байна. Энэ нь ирээдүйд гэдэсний дутагдлын хам шинжтэй хүүхдүүдэд зориулсан хувь хүн бүрийн онцлогт тохирсон шилжүүлэн суулгалт хийдэг болно гэсэн үг юм. Гэвч эдгээр ололт нь хүний насыг 150 жил хүргэх бус харин өвчнийг эмчлэхэд зориулагдсан зүйлс билээ.
Америкийн IT-саятан Брайан Жонсон жил бүр биологийн насыг залуугаар нь байлгахад сая сая ам.доллар зарцуулж байна. Одоогийн байдлаар тэр эрхтэн шилжүүлэн суулгуулж үзээгүй ч плазм/цусны сийвэн/ сэлбүүлэх туршилт хийсэн. Харин донор нь тухайн үед 17 настай байсан өөрийн нь хүү байсан. Гэвч энэ туршилтаас ямар нэгэн эерэг үр дүн хараагүй тул тэр плазм сэлбэх санаанаасаа татгалзсан. Мөн энэ туршилтууд нь Хүнс, эмийн чанарын хяналтын алба зэрэг байгууллагын анхаарлыг татсан юм. Лондонгийн Хааны коллежийн эрдэмтэн Жулиан Мутц “Эрхтэн шилжүүлэн суулгалтаас гадна плазм сэлбэх зэрэг аргууд судлагдаж байгаа боловч одоогоор туршилтын шатандаа байна. Ийм стратегиуд хүний насыг, ялангуяа хүний хамгийн дээд насыг мэдэгдэхүйц уртасгах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа ч энэ нь эрдэм шинжилгээний хувьд ихээхэн сонирхолтой чиглэл” гэж мэдэгдсэн. Мөн Эдинбургийн их сургуулийн Рослиний хүрээлэнгийн дархлаа судлалын профессор Нил Мабботт “Хүний хамгийн дээд наслалт 125 жил байж болно. Баталгаатайгаар хамгийн өндөр насалсан хүн бол франц эмэгтэй Жанна Кальман юм. Тэр 1875 онд төрж, 1997 онд 122 насандаа өөд болсон” гэж хэлсэн байна. Хэдийгээр эрхтэн гэмтэх, өвдөх үед шилжүүлэн суулгалт амь аврах боломжтой ч нас ахих тусам бидний бие махбодын мэс засал зэрэг хүнд стрессийг даван туулах чадвар эрс багасдаг. Нас ахих тусам бид халдварт хариу муу үзүүлдэг болж, бие маань улам хэврэг, гэмтэл авах нь амархан болдог төдийгүй стрессээс сэргээн тэнхрэхэд улам хэцүү болдог. Иймээс стресс, гэмтэл болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд байнга хэрэглэх шаардлагатай болдог дархлаа дарангуйлагч эмүүд нь өндөр настай өвчтөнүүдийн хувьд хэт ноцтой сөрөг хүчин зүйл болдог байна. Иймээс дархлаа судлалын профессор Нил Мабботт “Хүний насыг сунгах дээр төвлөрөхийн оронд бид илүү эрүүл амьдралын хэв маягт тэмүүлэх ёстой. Илүү удаан насалж байгаа хүмүүс хөгшрөлттэй холбоотой олон өвчинд шаналж, дараагийн шилжүүлэн суулгалтаар эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болно. Энэ бол урт наслах амьдралын сэтгэл татам хувилбар гэж надад санагдахгүй байна!” гэж хэлжээ.
Г.АМАР





Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруул...
5 цагийн дараа
Хадланчин
Шар гишүүгээр овоохой оромж босгосон хадланчин эр модтой амны адагт хадландаа гарчээ. Хөнжил пүүгээ, мөн гурван чулуугаар тулсан гал...
5 цагийн дараа
Авлигатай тэмцэх ажлын хүрээнд есөн хуульд өөрчлөлт оруулна
Нийгмийн шударга ёсыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 02 дугаар албан даалгавар 2025 он...
5 цагийн дараа
Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
-Төрийн тусгай алба хаагчдын 36 сарын тэтгэмжийг зогсооно гэдэг худал- Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Т...
4 цагийн дараа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүллээ
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээл...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд