мэдээ
СУДАЛГАА: Хиймэл оюун ухаан эмч нарт тус болж байна уу, эсвэл чадварыг нь булааж байна уу?

Админ
2025 оны 9 сарын 09

19

ЭМЧ НАР ОНОШ ТАВИХААС ЭХЛЭЭД АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАЖ БАЙГАА Ч ӨӨРСДИЙН УР ЧАДВАРАА АЛДАЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛТЭЙ ТУЛЛАА
Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаануудын дүн хиймэл оюун ухааны хэрэглээ нь эмч нарын ажлыг хөнгөвчлөхөөс гадна эмчилгээний чанарыг сайжруулж буйг харуулсаар байна. Энэ нь хавдрыг илрүүлэхэд дэмжлэг үзүүлж, оношийг илүү хурдан тавих боломж олгож, зарим тохиолдолд бүр өвчин хүндрэх эрсдэлийг илүү нарийн таамаглахад тусалсаар байна.
Гэвч саяхан нийтлэгдсэн судалгаа хиймэл оюунд хэт найдсанаас болж сөрөг үр дагавар гарах эрсдэлтэйг харууллаа. Lancet Gastroenterology & Hepatology эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар ердөө гурван сарын турш хавдрын өмнөх үеийн ургац илрүүлэхэд туслах хиймэл оюуны хэрэгсэл ашигласан эмч нар өөрсдөө бие даан ургацыг олохдоо мэдэгдэхүйц дордсон байна.
Энэ бол хиймэл оюун ухааны хэрэгсэлд хэт найдсанаар эмчийн суурь ур чадвар суларч болзошгүйг нотолсон анхны баримт бөгөөд үүнийг шинжээчид “ур чадварын доройтол” (deskilling) гэж нэрлэдэг.
“Энэ бол хоёр талт үйл явц. Бид өөрсдөө хиймэл оюун ухааныг чиглүүлж, удирдаж байна гэж боддог ч нөгөө талаараа тэд бас биднийг чиглүүлж, зан байдалд нөлөөлж буй бололтой” хэмээн Лондонгийн University College Hospital-ийн гастроэнтерологич (хоол боловсруулах замын эмч) доктор Омер Ахмад тайлбарлав.
Судалгааны явцад Польш улсын дөрвөн эмнэлгийн эмч нарт хиймэл оюуны туслах хэрэгсэл ашиглуулж, сэжигтэй ургацыг хүрээ татаж зааж өгөх байдлаар дэмжлэг үзүүлжээ. Өмнөх томоохон туршилтуудаар ийм технологи нь эмч нарын хавдрын өмнөх өөрчлөлтийг илрүүлэх чадварыг мэдэгдэхүйц сайжруулдаг болохыг баталсан байдаг. Харин өмнөх туршилтуудаас ялгаатай нь энэ удаа судлаачид хиймэл оюуны дэмжлэгийг хасахад эмч нарын гүйцэтгэлд ямар нөлөө үзүүлэхийг судалжээ.
Технологи ашиглахаас өмнө эмч нар гурван сарын хугацаанд хийсэн дурангийн шинжилгээний 28 хувьд ургац илрүүлж байсан бол уг технологийг ашиглахаа болиход энэ үзүүлэлт 22 хувь болж огцом буурсан байна.
Гэхдээ энэ нь зөвхөн ажиглалтын судалгаа байсан тул хиймэл оюун ухааны хэрэглээ үнэхээр гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн эсэхийг шууд дүгнэж болохгүй. Өөр олон тайлбар байж болно. Тухайлбал, хиймэл оюуныг ашиглаж эхэлснээс хойш эмч нарын хийсэн дурангийн тоо хоёр дахин нэмэгдсэн нь нэг шинжилгээнд зарцуулах хугацааг бууруулсан байж болзошгүй.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар иймэрхүү ур чадвар буурах үзэгдэл нь санаанд оромгүй зүйл ч биш. Ийм тохиолдол бусад салбарт ч олонтаа ажиглагддаг. Жишээлбэл, агаарын тээврийн салбарт нисгэгчид автомат нислэг өргөн хэрэглэгдэх болсон өнөө үед ур чадвараа хадгалах, сэргээх тусгай сургалтад тогтмол хамрагддаг. Энэ нь нөгөө л ур чадвараа алдахгүйн тулд хийж буй нэг шийдэл шүү дээ.
“Гол асуулт: Одоо тэгвэл яах вэ? Энэ үнэхээр анхаарах зүйл мөн үү?” гэж Калифорнийн Их Сургуулийн Сан-Францискогийн Анагаахын тэнхимийг удирддаг, “A Giant Leap: How AI Is Transforming Healthcare” номын зохиогч доктор Роберт Вахтер асуулаа.
Вахтерын онцолсноор, технологийн хөгжил нь хуучин уламжлалт арга барилыг эвдсэн олон энгийн жишээ бий л дээ. Жишээ нь, стетоскоп буюу чагнуур гэдэг зүйлийг бид ашиглаагүй, хэрэггүй гэж үзсэн бол яг өнөөдөр эмч нар өвчтөний зүрх, уушгийг 1700-гаад оны эмч нар шиг биед нь чихээ наачихсан сонсож суух байсан биз ээ.
Харин доктор Ахмадын хэлснээр “Хиймэл оюун ухааныг онцгой болгодог зүйл юу вэ гэвэл хүний тогтмол хяналт зайлшгүй шаарддагт оршино. Алгоритм гэх зүйл нь тодорхой цаг үеийн өгөгдөлд суурилдаг учраас орчин нөхцөл өөрчлөгдөхөд гүйцэтгэл нь өөрчлөгдөнө, заримдаа бүр сөрөг чиглэлд шүү дээ. Хүний тасралтгүй хяналт, арчилгаа шаардлагатай гэсэн үг. Заримдаа бүр өрөөний гэрэлтүүлгийг жаахан өөрчлөхөд л (хиймэл оюун ухаан ашиглаж байгаа үед) өвчтөний онош нь “бүрэн алдаатай” буюу алдах ч тохиолдол гардаг гэв.
Өвчтөнүүдээ иймэрхүү эрсдэлээс хамгаалахын тулд тухайн эмч бүр өөрөө хянамгай байх ёстой. “Хэрэв бид өөрсдийн ур чадвараа алдвал, оношийг яаж илрүүлэх вэ?” хэмээн доктор Ахмад тодотгов.
Вахтерын тайлбарласнаар статистик мэдээллийг өргөн хүрээнд харахад эмч нарын ур чадвар суларч буй нь тодорхой боловч, тухайн эмч бүхэн өөрийн чадвар буурч байгааг анзаарахгүй байж магадгүй.
Эмч нарын энэхүү ур чадвар доройтох эрсдэлийг бууруулахын тулд анагаах ухааны салбарын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд шинэ гарц хайж эхэлсэн байна.
Жишээлбэл, Калифорнийн Их Сургуулийн Сан Диегогийн эрүүл мэндийн төв эмч нарт хиймэл оюуны туслалцаагүйгээр ажилбар хийх дадлага олгох симуляцийн сургалтад хөрөнгө оруулсан бөгөөд энэ нь тэдний ур чадварыг хурц хэвээр хадгалахад тусална гэж Клиник болон инновацийн захирал доктор Крис Лонгхёрст тайлбарлав.
Харин Бостон хотын Beth Israel Deaconess эмнэлгийн хиймэл оюун ухааны хөтөлбөрийн захирал доктор Адам Родманы хэлснээр зарим анагаахын сургуулиуд оюутнуудын сургалтын эхний жилүүдэд хиймэл оюун ухааны хэрэглээг хориглохыг чухалчилж байгаа аж.
Тэгвэл хиймэл оюун ухааны хэрэгслийг ердөө гурван сарын хугацаанд ашигласан, дунджаар 27 жилийн туршлагатай эмч нарын ур чадвар ингэж доройтож байгаа юм бол ур чадвараа дөнгөж хөгжүүлж эхэлж буй оюутнууд, резидент эмч нар яах болж байна?
“Бид үүнийг “ур чадваргүйдэх” (never-skilling) гэж нэрлэх л болж байна даа” хэмээн доктор Родман хэлэв.
Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд анх нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.
Орчуулсан: М.Мядагбадам





Путин, Си нар 150 наслах уу?
ВВС-ийн тоймч Мишель Робертсийн “Organ transplants for immortality: Might Xi and Putin be onto something?” буюу “Путин, Си нар эрх...
8 цагийн дараа
Шахмал түлшийг энэ сарын 15, хагас коксон нүүрсийг ирэх сарын нэгнээс борлуулж эхэлнэ
Улаанбаатар хотод сайжруулсан түлшийг есдүгээр сарын 15-наас, хагас коксоан нүүрсийг аравдугаар сарын нэгнээс 400 цэгээр худалдаж э...
7 цагийн дараа
Даамын Ази тивийн АШТ-ээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ
Японы Токио хотод болж буй даамын Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээний блиц буюу түргэн тоглолтод Монголын баг мөнгөн меда...
7 цагийн дараа
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mo...
7 цагийн дараа
Путины “энхийн” төлөө хийсэн ээлжит алхам
Украины Агаарын цэргийн хүчин “Орос улс Украины эсрэг агаараас цохилт өгөхдөө 810 дрон, 9 “Искандер-К” далавчит пуужин, 4 “Искандер-...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд