мэдээ
Монгол төрийн өндөрлөгүүд ард түмнээ хэлмэгдсэн гэж үзэхээс хулчийлаа

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 9 сарын 12

62

Хэлмэгдэгсдийн өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс даяараа тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ бол улаан терорын хөлд амиа алдсан 40 гаруй мянган монголчуудын гэгээн дурсгалыг хүндэтгэн, монголын төр гэмээ санаж ард түмнээсээ уучлал эрдэг өдөр. Харамсалтай нь энэ удаагийн хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол төрийн гурван өндөрлөг үг ч хэлсэнгүй, сүүдрээ ч харуулсангүй. Энэ нь монголчуудын амь насыг, хэлмэгдэл, үй олноор нь хядагдсан тэрхүү хар үйлдлийг буруу гэж бодоогүйгээ эс үйлдлээрээ харуулцгааж байна уу.
Хатуухан хэлэхэд, Монгол төрийн гурван өндөрлөг ард түмнээсээ уучлал эрэх энэхүү арга хэмжээнд оролцохоосоо хулчийлаа. Тэд ард түмнээ хэлмэгдсэн гэж үзэхээс айж байна. Хэлмэгдсэн гэдэг үг ил гашуун хар түүхэнд зөөлдсөн үг гэдгийг хэлмэгдэгсдийн үр хойч, Монголын ард түмэн бүгд мэднэ. Хэлмэгдэл гэдгийг Ю.Цэдэнбалын хэлсэн үгнээс эш аван албан нэршил болгосон талаар түүхч Баабар бичсэн байдаг. Ю.Цэдэнбал “Ангийн тэмцлийн үед хувьсгалын эсэргүү феодал лам нар болон ангийн бус дайснуудыг шийтгэж устгасан нь манай намын зөв мэргэн бодлого байсан тул үүнийг буруутгаж болохгүй. Харин энэ явцад нам, төрийн удирдлагад байсан зарим хүмүүсийг буруутган шийтгэсэн нь алдаа байсан. Тэд хэлмэгдсэн учир цагаатгах нь зөв” гэж хэлсэн байдаг. Ингээд нам төрийн 1200 орчим хүнийг цагаатгаж, үлдсэн 30 гаруй мянган хүнийг зохих шийтгэлээ хүлээсэн эсэргүүнүүд гэж үзсэн. Энэ хэлмэгдүүлэлтийг өнөөгийн Ардын нам тухайн үед оросуудын заавраар хийсэн талаарх түүхэн баримт олон бий. Энэ утгаараа хэлмэгдэл гэж үзэхээс МАН эмээдэг болсон. Өөрөөр хэлбэл нам, төрийн шийдвэр буруу байсан гэж үзэхийг хүсдэггүй нам бол МАН. Үүний тод жишээ өнөөг хүртэл ард түмнээ улаан хядлагад оруулсандаа Ардын нам гэмшиж уучлалт гуйгаагүйгээр илэрдэг. Тэд тухайн үеийн нам, төрийн удирдлагуудынхаа гаргасан буруу шийдвэрт өнөөг хүртэл ард түмнээсээ яагаад хүлцэл өчдөггүй юм. Учир нь тэд хэлмэгдсэн гэж үзэхээс эмээдэг болохоор тэр. Энэ бол намынх нь хар хайрцагны бодлого гэлтэй. Уучлал гуйх битгий хэл сүүлдээ тэд хэлмэгдэгсдийн дурсгалд ч очихоосоо хулчийдаг болсон байна. Тухайн үед Монголын төр ард түмнийхээ сор болсон 40 гаруй мянган хүнийг устгасан. Хүн амынхаа 10 гаруй хувийг хядсан гэсэн үг. Үүнийг хэлмэгдүүлэлт гэж ярих нь зөөлдөнө. Энэ бол геноцид хядлага. Монголын ард түмнийг хэсэгчлэн устгах зорилготой үйлдэл хийгдсэн нь өнгөрсөн түүхээс тодорхой харагдана. Тиймээс үүнийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэхээс илүү геноцид хядлага явагдсан гэж судлаачид үздэг. Нацист Герман еврейчүүдийг устгасан шиг Монголын төр МАН ард түмнээ гадны заавраар устгасан нь гашуун үнэн. Тухайн улсын хүн амын тэдэн хувийг хядсан тоогоор бус тухайн үндэстэн, ард түмнийг устгах зорилго агуулсан үйлдлийг геноцид гэдэг. Өөрөөр хэлбэл, үхсэн хүний тоогоор бус хядлага явуулах болсон шалтгаан зорилгоор геноцид хийгдсэн эсэхийг мэддэг гэж ойлгох юм. Тэгвэл МАН тухайн үед гадны заавраар ард түмнээ тэр дундаа сэхээтэн, шашин номын бүх хүмүүсийг устгасан. Зорилго нь сэхээтний давхаргыг устгах байсан. Тэд энэ зорилгодоо ч хүрсэн. Монголын ард түмний оюун санааны түүчээлэгчид бүгд амиа алдсан. Өнөөдөр Монголын төрийг МАН дангаараа эрхшээж байна. Энэ намаас Ерөнхийлөгч сонгогдсон. Энэ намаас УИХ-ын дарга томилогдсон. Энэ намаас Ерөнхий сайд тодорсон. Гэтэл тэд ард түмнээ системтэйгээр устгасан гэмт үйлдлийг геноцид явагдсан гэж ил тод нэрлэхээс хулчийж байна. Тэд хулчийсан ч Монголын ард түмэн хэлмэгдэгсдийн үр, хойч үеийнхэн энэхүү гашуун хар түүхийг хэзээ ч мартахгүй. Угтаа өнөөдөр ч төрийн эрхийг барьж байгаа МАН ард түмнээсээ уучлал гуйх хэрэгтэй. Түүхийн өмнө үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Бид өнгөрснөө нууж, гуйвуулж, айж, хулчийвал түүхийн хатуу сургамжийг дахин давтах эрсдэлтэй. Хэлмэгдэгсдийг зөвхөн улс төрийн золиос биш, харин ард түмнээ устгах бодлогын хохирогчид гэдгийг хүлээн зөвшөөрөх нь жинхэнэ нэр төрийг нь сэргээх алхам болох юм биш үү, МАН-ынхан. Монгол төрийн өндөрлөгүүд ард түмнийхээ өмнө хүлээсэн ёс суртахууны хариуцлагаа ухамсарлаж, илүү зоригтой алхам хийх цаг болсон. “Хэлмэгдүүлэлт” гэдэг үгийг хэрэглэж зөөлрүүлэх бус, олон мянган гэм зэмгүй хүний амь насыг бүрэлгэсэн энэ үйл явцыг геноцид гэж нэрлэж, албан ёсоор зарлах нь өнөөгийн эрх баригчдын үүрэг юм. Түүхэн үнэнээс зайлсхийх тусам ард түмний итгэл улам суларч, шударга ёсны үнэ цэнэ гандана. Өнөөдөр үнэнтэй нүүр тулж чадахгүй удирдагч маргааш ард түмнээ хамгаалж чадах уу гэдэг асуулт бүр ч хурцаар тавигдана. Гэвч хэлмэгдэл гэдэг үзэгдэл зөвхөн өнгөрсөн цагийн хэрэг биш, өнөөдөр ч Монголын нийгэмд өөр хэлбэрээр оршин байсаар байна. Өнөө үед олон мянган иргэд авлига, хээл хахуульд автсан тогтолцооны хохирогч болсоор байна. Эдгээр нь буудан хороох, хорихын аймшигт хэлбэрээр бус ч гэлээ хүний нэр төр, эрх чөлөө, амьдралыг үндсээр нь сүйтгэж буй шинэ хэлбэрийн хэлмэгдүүлэлт юм. Өнөөдөр Монголд өндөр албан тушаал, нөлөө бүхий бүлэглэлд хамаарахгүй бол шударга өрсөлдөх боломж хаалттай. Иргэн үнэнээ хамгаалахын оронд эрх мэдэл, мөнгөтэй талд ялагдаж байна.
Шударга ёс, хүний эрх, хууль дээдлэх зарчим бодитоор хэрэгжсэн цагт л хэлмэгдэл төгсөнө. Төрийн өндөрлөгүүдээс эхлээд жирийн иргэн хүртэл үнэнтэй нүүр тулах зоригтой байхыг энэ нийгэм биднээс шаардаж байна. Гэтэл төрийн өндөрлөгүүд өнгөрсөн хар түүхээс айж, хулчийдаг болж. Ард түмнээсээ уучлалт гуйхаа байг гэхэд хүндэтгээд, гашуудаж байгаагаа илэрхийлэх наад захын зориг тэдэнд алга байгаа нь хэлмэгдэгсдийн өдрөөр тодорхой харагдлаа.





Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжру...
2 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Булганы нутгаар, 13-ны өдөр Хэнтий, Д...
3 цагийн өмнө
ГЕГ: Албан хаагчид ажил үүрэгтээ хайнга хандсан гомдол, мэдээлэл давамгайлав
Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс 2025 оны эхний 9 сарын байдлаар Засгийн газрын 11-11, Гаалийн ерөнхий г...
3 цагийн өмнө
Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс болсон Улсын Бага Хурал байгуулагдсаны 35 жилийн ой маргааш тохиож байна. Энэхү...
4 цагийн өмнө
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр за...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд