Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг тойрсон маргаан ба Америкийн гүн хуваагдал

trend

Админ

img

2025 оны 9 сарын 16

img

6

news-img

Чарли Киркийн аллага Америкийн гүн хуваагдлыг улам тод харууллаа. Түүнийг хайрладаг, эсвэл үзэн яддаг байсан аль ч талаас харахад энэ явдал улс төрийн хүчирхийлэлтэй нүүр тулсан Америкийн ардчилалд том сорилт болж байна.


1968 оноос өнөөг хүртэл: хүчирхийлэл дагуулсан улс төрийн мөчлөг

1968 оны дөрөвдүгээр сард иргэний эрхийн хөдөлгөөний удирдагч Мартин Лютер Кингийг хөнөөсөн тэр шөнө сенатор Роберт Ф.Кеннеди Индианаполис хотод цугларсан олон нийтэд үг хэлж байлаа. Тэрээр “Бид ямар улс вэ, цаашид хаашаа явах ёстой вэ гэдгийг өөрсдөөсөө асуух цаг ирлээ” хэмээн хэлсэн байдаг. Мөн тэрбээр “Хар арьст хүмүүс өшөө авах хүсэлд автаж мэднэ. Гэхдээ бидэнд өөр сонголт бий. Хүчирхийллийг ойлголцол, ухаарлаар орлуулах боломж­ той” хэмээн уриалсан. Энэ нь түүний хамгийн шилдэг илтгэлүүдийн нэг болсон ч удалгүй АНУ даяар үймэн, галдан шатааж, тэр жилдээ Кеннеди өөрөө ч аллагад өртөж амиа алдсан билээ. Өнөөдөр, яг 57 жилийн дараа Америк улс дахин улс төрийн хүчирхийллийн сүүдэрт өртлөө. Ютагийн их сургуулийн байранд барууны залуу идэвхтэн, 31 настай Чарли Кирк буудуулан амиа алдсан нь олон нийтийг цочирдуулж байна. Кинг болон Кирк нь үзэл баримтлалын хувьд огт өөр хүмүүс байсан ч тэдний аллага улс төрийн үзэн ядалтаар дүүрсэн Америкийн түүхэн мөчүүдийн нэгийг дахин санууллаа.

Маргаантай өв

Америкчууд өнөөдөр нэгэн залуу улс төрийн удирдагчийн амь насыг хохироосон аймшигт хэрэгтэй нүүр тулж байна. Гэвч Киркийг хоёр туйлт өнцгөөс харж буй нь асуудлыг улам хурцатгажээ. Барууны талд тэрбээр шинэ үеийн Бүгд найрамдахчуудын “баатар” байсан бол зүүнийхэн түүнийг иргэний эрх, транс жендерийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, исламын шашныг байнга довтолдог хагалан бутаргагч хэмээн үздэг юмсанж. Түүхч, судлаачид энэ цаг үеийг “Америкийн туршилтын дахин нэг сорилт” гэж нэрлэж байна. Ерөнхийлөгчийн намтрын зохиолч Жон Мичам “Нэгэн улстөрчийг алсан аймшигт гэмт хэрэг дахин аймшигт үйлдлүүдийг өдөөх үү, эсвэл бид үл итгэдэг хүмүүсийнхээ үзэл бодлыг хүчирхийлэлгүйгээр хүлээн зөвшөөрөхийг сануулах уу? Хэрэв өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн бүх хүнд халдах боломжтой болчихвол Америкийн гэрээ, ардчиллын үндэс өөрөө нуран уналаа гэсэн үг” гэж хэлжээ.

Хүчтэй сөргөлдөөн

Киркийг хөнөөсний дараах өдрүүдэд Америк даяар уур хилэн оргилдоо хүрэв. Ерөнхийлөгч Дональд Трамп зүүнийхнийг “хэт догшин үг хэллэгээрээ энэ хэрэгт хүргэсэн” гэж буруутган, “Энэ балмад үйлдэлд хувь нэмэр оруулсан бүхэнд хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдэгдэв. Конгресс дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намын гишүүд бие бие рүүгээ дайрч, нэгнийгээ буруутгаж мөн аюулгүй байдлынхаа талаар улам ихээр санаа зовж эхэллээ. Киркийг болон түүний үзэл бодлыг шүүмжилсэн хүмүүсийг барууны нөлөөлөгчид илчилж, олон нийтийн өмнө дайрч эхэлжээ. Мөн сүүлийн өдрүүдэд сошиал платформууд дээр ‘иргэний дайн’ гэх үг хэрэглэгдэх тоо огцом өссөн нь энэ хуваагдал ямар гүн болж буйг илтгэв. Юта мужийн захирагч Спенсер Кокс харин уур хилэнг намжаахыг оролдож байна. Тэрээр “Энэ бол зөвхөн нэг хүний аминд халдсан хэрэг биш. Бид бүгдэд чиглэсэн халдлага юм” гэж мэдэгдсэн бөгөөд Кирк чөлөөт үгийн төлөө тэмцдэг байсан гэдгийг сануулж “Өөрийнхөө эрхийг эдэлж байхдаа амь насаа алдсан нь хүмүүс өөрийн санаа бодлоо чөлөөтэй хуваалцах, илэрхийлэхэд илүү хэцүү болгож байна” гэж онцоллоо.

Хурц үг, хурц байр суурь

Кирк олон нийтийн дургүйцлийг төрүүлдэг хурц мэдэгдлүүд хийдэг байлаа. Тэрээр Мартин Лютер Кингийг “Сайн хүн биш”, Иргэний Эрхийн Хуулийг “асар том алдаа”, Жорж Флойдыг “новш” хэмээн нэрлэж байв. Мөн исламын шашныг “Барууны ертөнцөд нийцэхгүй” гэж хэлж, “еврей хандивлагчид” нь боловсрол, урлаг соёлын байгууллагуудаар дамжуулан радикализм тарааж байна хэмээн буруутгаж байсан. Эмэгтэй ардчилсан улстөрчдийг тэр “Ганцаараа үхэхийг хүсдэг хүүхэдгүй хүмүүс” гэж шүүмжилж байлаа. Гэвч АНУ-ын их дээд сургуулиудын олон мянган залууст тэр жинхэнэ “од” байсан. Илэн далангүй, хурц илтгэлээрээ тэднийг татаж, маргаанд дуртай байдал нь нэр хүндийг нь өсгөсөн. 2024 оны Бүгд найрамдахчуудын их хурлын тайзан дээр тэрээр “Демократууд хэдэн зуун тэрбум ам.долларыг хууль бусаар цагаачид болон гадаад орнуудад өгсөн. Харин Z үеийнхэн гэр бүлтэй болох, орон сууцтай болох нь битгий хэл амьдралынхаа туршид өрөнд баригдсан хэвээр байна” гэж залуусыг уриалж байлаа.

Ялгаатай үнэлгээ

Түүнийг зарим нь “Америкийн ардчилалд хар сүүдэр болсон хүн” гэж нэрлэжээ. Харин Трампын 2016 оны сонгуулийн менежер Брэд Парскейл Киркийг гайхалтай эх оронч, тэмцэгч байсан гэж дурссан. Судлаач Дэн Картер “Түүний аллага Америкт маш том гарз боловч түүнийг ардчиллыг бэхжүүлсэн мэтээр үнэлэх нь буруу” гэж мэдэгджээ.

Гашуудал ба энэрэл

Вашингтоны Эпископын сүмийн удирдагч Марианн Эдгар Будде “Киркийг хайрлаж, хүндэлдэг хүмүү­ сийн гашуудлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Харин түүний байр сууринаас шархалсан хүмүүс ч бас өөрийн сэтгэлээ илэрхийлнэ. Энэ үед бид илүү уужим сэтгэлтэй байж, гашуудлыг хүндэтгэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Хэвлэл мэдээллийн үүрэг

Делавэрийн их сур­гуулийн харилцааны профессор Даннагал Янг Киркийн үхлийн дараах хэвлэл мэдээллийн тайван, болгоомжтой хандлагыг онцолжээ. “Олон нийтийн уур хилэн дээд цэгтээ хүрсэн энэ үед хэвлэл мэдээлэл хэт сэдрээх бус харин намжаах үүрэгтэй гэдгээ ойлгож байна. Энэ бол ардчиллын эрүүл мэндэд маш чухал зүйл” гэж тэр хэлэв. Гэвч судлаач Даннагал  Янгийн хэлснээр, Киркийг ‘иргэний соёлтой’ хэмээн үнэлж буй хүмүүс үнэндээ энэ ойлголтыг зүгээр л ‘эелдэг’ байдалтай андуурч байна гэв. Чарли Кирк ярьж, харилцахдаа эелдэг байсан нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн ярианы хэв маяг. Харин жинхэнэ иргэний соёл гэдэг нь хүн бүрийг олон нийтийн орон зайд багтааж, оролцуулах тухай ойлголт юм. Харин Кирк тодорхой бүлгийг зориуд орхигдуулсан учраас би түүнийг иргэний соёлтой байсан гэж үзэхгүй” хэмээн тэр хэллээ.

Ирээдүйн сургамж

Юта мужийн захирагч Спенсер Кокс залуу үеийн­ хэнд хандан “Та бүхэн уур хилэнгээр дүүрсэн улс орныг өвлөн авч байна. Гэвч өөр зам сонгох боломж та нарт бий” гэжээ. Тэрээр Киркийн хэлсэн “Дайснаа уучил. Энэ бол тэднийг хамгийн их уурлуулдаг зүйл” гэсэн үгийг сануулан, уур хилэнгийн оронд эв нэгдэлийг хүсэв. “Танай үе шинэ соёлыг бий болгож чадна. Өнөөдөр бидний зовж буй энэ уур хилэн, хуваагдлаас тэс өөр соёл” гэж Кокс онцолсон юм.

 

2025.09.13 Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд анх нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.

 

Орчуулсан: М.Мядагбадам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 66 улсын 540 шилдэг тамирчин оролцлоо

Их Британийн Ливерпүүл хотноо болсон 2025 оны Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 66 улсын 540 шилдэг тамирчин оролцлоо....

img

8 цагийн дараа

Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Улсын бүртгэлийн дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа т...

img

8 цагийн дараа

Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг тойрсон маргаан ба Америкийн гүн хуваагдал

Чарли Киркийн аллага Америкийн гүн хуваагдлыг улам тод харууллаа. Түүнийг хайрладаг, эсвэл үзэн яддаг байсан аль ч талаас харахад эн...

img

6 цагийн дараа

ЗУРХАЙ: Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын есдүгээр сарын 16, Ангараг гариг. Билгийн тооллын 25, Өглөгт охин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 06:31 цагт ман...

img

5 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 градус дулаан

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөн...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд