Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Дав.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 9 сарын 16

img

3

news-img

Улсын Их хурлын гишүүн Даваагийн Цогтбаатартай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган өнөөдөр/өчигдөр/ нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы гол онцлог нь юу байна гэж бодож байгаа вэ?

-Энэ удаагийн намрын чуулганы гол онцлог нь шинэ Засгийн газар бүрдээд эхний 100 хоног нь болж байна. Засгийн газраас ирэх жилийн төсвөө өргөн барьсан. Энэ төсвийг Улсын Их хурлын дэгийн тухай хуулийн шинэ хэлбэрээр хэлэлцэнэ. Нийтдээ таван дэгээр явна. Энэ бүхэн гол онцлог нь байх болов уу гэж бодож байна.

-Таны хувьд энэ чуулганы хугацаанд ямар ажлууд дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Би өөрөө санхүүч хүн. Ирэх жилийн төсөв орж ирсэн. Тийм болохоор мэргэжлийнхээ дагуу төсөв дээр байр сууриа илэрхийлж ажиллана. Ноднин жил төсвийг алдагдалгүй баталж болсон. Түүн шиг энэ жилийн төсвийг ч алдагдалгүй баталж болно. Үүн дээр хатуу байр суурьтай байна. Энэ жил шинээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалт гэж тодорхой зүйл харагдаагүй. Бүсчилсэн хөгжил гэж аймгуудыг бүсчилж хөгжүүлнэ гэж ярьсан. Өнгөрсөн хавар хангайн бүсээс сонгогдсон гишүүдийг оролцуулаад хуралдаан болсон. Гэтэл энэ хуралдаанаас гарсан ажлуудын чиглэлд хийх зүйл огт байхгүй байна. Нэг ёсондоо Засгийн газрын залгамж халаа гэж огт алга. Дээрээс нь хийгдэх томоохон ажлууд гэж үндсэндээ байхгүй. Урсгал зардал их өндөр байна. Тиймээс урсгал зардлыг танах чиглэлд ажиллахаар тооцооллуудаа хийгээд ажиллаж байна.

-Таны хувьд төсвийн төсөлтэй танилцсан байх. Өргөн барьсан төслөөр бол алдагдалтай төсөв батлахаар байгаа. Дээрээс нь тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгох урамшууллыг 50 хувиар танасан асуудал ч хүчтэй яригдаж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Энэ удаагийн төсвийг өргөн барихдаа 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцож өргөн барьсан. Ноднин жил би бас тайлбарлаж байсан. Энэ 1.3 их наяд төгрөг гэдгийг Засгийн газрын урсгал зардал гэдэг дээрээс гаргаж ирээд танах бүрэн боломжтой. Өргөн барьж байгаа энэ төсөв чинь их ерөнхий ойлголттой яваад байгаа юм. Урсгал зардал гээд байгаа зүйлээ их тодорхой хэлээд, тайлагнах хэрэгтэй. Ингэсний дараа бид алинаас нь танахаа шийдэж болно. Өнгөрсөн жилийн санхүүгийн тайланд хийсэн Үндэсний Аудитын газрын тайлан байгаа. Түүн дээр 15 их наяд төгрөгийн, сайд бүр дээр алдаа дутагдал байгаа.

Эдгээр дээр бид ямар ч хариуцлага ярихгүйгээр яваад л байна. Тиймээс одоо бид хариуцлагаа яримаар байна. Хэнд, ямар хариуцлага тооцох юм. Ямар алдаа дутагдал гарав, тэр нь хэмнэж болох зардал байсан уу гээд яримаар байна. Ингэсний дараагаар 1.3 их наяд төгрөг гэдэг чинь дааж давшгүй, заавал алдагдалтай байна гэсэн зүйл биш. Хөрөнгө оруулалт руугаа хийгээд, зөв зүйлдээ зарцуулаад явна гэж байгаа бол өөр асуудал. Гэтэл Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувь нь улсын төсвөөс хамааралтай байгаа энэ нөхцөлд урсгал зардлаа танах, Засгийн газрын данхар бүтцийг багасгах чиглэлд ажиллах ёстой. Үүн дээр нэг зүйл хэлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх байсан нэг нөхөр Монголбанкинд даргын орон тоо нэмээд сууж байна. Гэтэл Ерөнхий сайд нь нэг ч дарга нэмэхгүй ээ гэж мэдэгдсэн. Түүнийхээ эсрэг ажиллаад сандал, суудлын хэрүүл хийгээд явж байна. Энэ мэтчилэн асуудал олон байгаа. Гэхдээ энэ бүхнийг жижиг гэлтгүйгээр шийдээд явахгүй бол улам л данхайгаад байна. Цомхотгох болохоороо мэргэжилтнээсээ хасчихдаг. Нэмэхээрээ даргаа олон болгоод байдаг байж болохгүй. Тиймээс л урсгал зардлынхаа дэлгэрэнгүйг гаргах ёстой гээд байгаа юм. Тэгж байж бид хаанаас нь хасч болохоо шийдэж болно.

-Намын бүлгийн хурал дээр УИХ дахь АН-ын бүлгийн даргын асуудлыг ярьсан уу?

-Намын даргыг Улсын дээд шүүхэд бүртгэгдсэний хойно дараа, дараагийн асуудал яригдаад явна байх.

-АН-д Засгийн газарт орооч гэсэн санал тавьсан гэдэг зүйл яригдаад байна. Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу. Нөгөө талдаа АН-ыг хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэсэн яриа явж байна. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?

-Ноднин жил УИХ-ын сонгууль болж, 126 гишүүнтэй парламент бий болсны дараа 65 суудалтай эрх баригч намаас Засгийн газрыг томилох асуудал орж ирсэн. Энэ үед би биднийг сөрөг хүчин хий гээд ард түмэн 42 суудал өгсөн. Энэ даалгаврыг биелүүлэх ёстой гэж хэлж байсан. Энэ байр суурь дээрээ одоо ч байгаа. АН бол сөрөг хүчин хийх хангалттай нөөц бололцоотой.

-Хаврын чуулган завсарлахтай зэрэгцээд энэ намрын чуулганаар таныг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудал яригдана гэдэг мэдээлэл хэвлэл болон сошиал орчноор явсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Өмнө нь ч хэвлэлд энэ талаар ярьсан. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж байгаа юм. Харин би гишүүн болохынхоо өмнө болоод дараа нь ямар нэгэн байдлаар Үндсэн хууль зөрчөөгүй. Өргөсөн тангаргаасаа няцаагүй. Тэгэхээр над дээр захиалгатай байдаг юм уу, ийм асуудал байнга гарч ирдэг. Гэвч энэ бүхэн хуулийнхаа дагуу шийдэгдээд л явна.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Ганбаатар, Э.Болормаа, мөн таныг гээд дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудал яригдана гээд л байх юм. Энэ мэдээллийг хаанаас явуулаад байна гэж бодож байна вэ?

-Тодорхой хэмжээнд захиалгатай байх. Миний УИХ дээр хэлж байгаа үг, байр суурь таалагдахгүй байгаа албан тушаалтнууд байгаа. Тэднээс улстөржих зорилготой иймэрхүү мэдээллийг гаргадаг байх гэж бодож байна.

-Та хангайн бүсээс сонгогдсон гишүүн. Харин Ерөнхий сайд тэр бүсэд нэр дэвшээд ялагдсан. Тийм болохоор энэ бүсээс нэг суудал суллаж байгаад өөрөө нөхөн сонгуулиар гарах гэж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд эртнээс яригдсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ерөнхий сайд Г.Занданшатар харьцангуй туршлагатай, монгол төрийн амьд архив болсон парламентич. УИХ-д олон удаа нэр дэвшиж ялалт байгуулсан. Ялагдаж ч үзсэн. Хангайн бүсэд Ардчилсан намаас дандаа залуучууд нэр дэвшиж ялсан. Ерөнхий сайдын хувьд ялагдлаа хүлээн зөвшөөрөөд ажиллаж байгаа. Тэгэхээр ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх гэж бодож байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд