Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Б.Батзориг: Яагаад хохирогчийг аргаа бартал нь ийм байдалд оруулж байгаа юм бэ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 16

img

14

news-img

Хоёр эмэгтэйн амь насыг хөнөөж, нэгийг нь шкафанд, нөгөөг нь чемоданд хийж хаясан гэх хэргийн талаар нийгэм шуугьж байна. Тус хэрэг одоогоос жил гаруйн өмнө үйлдэгдсэн байдаг. Энэ талаар хууль зүйн ухааны доктор, профессор, криминологич Б.Батзоригтой ярилцлаа.


-Нийгмийг цочирдуулсан энэхүү ноцтой гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ. Нийгэмд яаж нөлөөлж байна вэ?

-Энэ асуудал Монголд гардаг л хэрэг. Зарим хүн эмзэглэж магадгүй л дээ. Ийм хэрэг өмнө нь гарч л байсан. Цаашдаа ч гарах байх. Ер нь хуулийн байгууллагаас улбаалсан зүйл л дээ. Том хэрэг шалгахаараа шүүхээр шилжүүлж сенсаци болгоод, түүний дараагаар шүүх хурал болдог нь судалгаагаар тогтоогдсон. Ийм учраас хууль тогтоогчид хэргийн нөхцөл байдлыг хамаагүй задруулбал хүлээлгэдэг шийтгэлийг чанга болгосон. Энэ бол түр зуурын л арга хэмжээ.

Нэг хэсэгтээ Монгол их гоё юм шиг тайван байлаа л даа. Зам тээврийн осол зэрэг олны нүдэн дээр үйлдэгддэг гэмт хэрэг олон байгаа болохоос биш далд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд олны анхаарлаас гарчихаж байгаа юм. Ер нь гэмт хэргийг нийгмийн өвчин гэж үздэг. Хаана халдвар байгааг мэдэхгүй бол тэр хүн халдвартай газар ороод, халдвар аваад үхдэг. Үүнтэй яг адилхан. “Би аюултай орчинд байгаа юм уу, аюулгүй орчинд амьдарч байгаа юм уу. Би охидоо хамгаалах ёстой юм уу чөлөөтэй гадаа тоглуулах ёстой юм уу” гэдгээ мэддэггүй. Гэтэл бусад оронд энэ нь ил байдаг. Гадны том улсууд руу орохоор “Энэ хороололд хэрэг их гардаг шүү” гэхээр хүмүүс би энэ газар амьдарч болохгүй юм байна гэдгээ мэдэж авдаг. Үүнийг харж байгаад олон түмэн шаардлага тавьдаг. Яах гэж татвар төлж байгаа вэ гэхээр айх аюулгүй орчинд амьдармаар байгаа шүү дээ.

Гэтэл тийм боломжийг нь олгохгүй болохоор цаагуур нь далд хэргүүд гараад, гэмт хэрэг урьд нь байгаагүйгээр нэмэгдээд байдаг. Энэ мэт нийгмийн үзэгдэл давлагаалж байж магадгүй, үүнийг хянаж болдог. Хэргийг олон түмэнд мэдээлэхгүй орхичихоор иргэдийн оролцоо байхгүй болчихдог. Гэтэл хувь хүнд өөр дээр нь тулаад ирэхээр тэсэрдэг. Угаасаа тэсэрнэ шүү дээ. Нийгэм аль юм болгон дуугүй байх вэ. Дээрээс нь хүмүүс аргаа барж байна. Ялангуяа хохирогчид аргаа барж байна. Яагаад хохирогчдыг аргаа бартал нь ийм байдалд оруулж байгаа юм бэ. Энэ бол хэн нэгэн мөрдөгч, прокурор, шүүгчийн буруу биш. Энэ бол манай улсын байж байгаа царай. Хохирогч бол янз янзын авир гаргана. Харамсалтай нь тэр хүмүүсийг номхон суулгах гээд байгаа юм уу. Хамгийн дотны хүнээ алдчихсан юм чинь тэвчээр нь барагдаад үйрээд хоосорчихсон байгаа.

Эрүүгийн процессыг шалгадаг хуульд 2011 оноос хойш ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд, шалгадаг процесс бүхэлдээ буруу яваад, хохирогчид халтай хууль болоод хувирчихсан. Ингээд хуульдаа буруугаа чихээд байгаа юм. Эрүүгийн процессын хуульд хэрэгт холбогдож байгаа хүнийг хамгаалах хуулийн заалтууд зөндөө бий л дээ. Гэхдээ “Хохирогч төвтэй хэрэг шалгах ажиллагаа” гэж зүйл байдаг. Үүнийг хуульчилдаггүй. Арга барил, технологи, үйл ажиллагаагаар нь сургадаг. Яагаад хохирогчийг гомдтол нь, аргаа бараад хэд хэдэн өмгөөлөгч автал нь ийм байдалд оруулж байна вэ. Олон өмгөөлөгч авч яах юм бэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Монголын төр иргэнийхээ өмнө зөрчигдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх үүргийг хүлээнэ” гээд байгаа. Гэтэл хохирогч “Энэ үүргээ төр хүлээж чадахгүй юм байна. Өмгөөлөгч авахгүй бол би хохирох юм байна” гэдэг байдалд орж байна. Энэ бол системийн асуудал.

-Хэрвээ нийгэмд ийм байдал үргэлжилбэл ямар хор уршигтай вэ?

-Эрдэмтэд, судлаачдын нэгэн дуугаар зөвшөөрдөг зүйл бол гэмт хэрэг тухайн нийгмийн нүүр царай байдаг. Тухайн улс иргэндээ яаж хандаж байна, иргэнээ яаж амьдруулж байгааг харахын тулд шоронд нь очоод үз гэдэг. Тэнд ямар хүмүүс ял эдлээд байгааг харах хэрэгтэй. Уг нь бол төр иргэдээ шоронд оруулахгүйн тулд, иргэдээ алуулахгүйн тулд, охид эмэгтэйчүүдээ хүчирхийлүүлэхгүйн тулд, зам тээврийн осолд өртүүлэхгүйн тулд ажиллах ёстой. Гэтэл тэр нь улам нэмэгдээд байгаа нь Монголын төр иргэндээ ээлгүй байна гэсэн үг.

Гэмт хэрэг гарч байгааг судалдаг маш олон судалгаа байна. Гэхдээ бүгд их л гоё хариулттай байдаг. “Нийгмийн сэтгэл зүй болохгүй байна, иргэд хуулийн боловсролгүй байна, архи их хэрэглэж байна, иргэд ёс суртахуунгүй байна, иргэдийн буруу, иргэд ажлаа хийхгүй байна” гэдэг. Энэ нийгэмд монгол хүн яаж хувьсан өөрчлөгдөж байгааг, монгол хүнд яг ямар арга хэмжээ таарах юм, хамгийн наад зах нь монгол хүн юунаас айдгийг мэдэхгүй байна шүү дээ. Тэгж байж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ төлөвлөдөг.

Хэрвээ ийм байвал аав ээжүүд өсвөр насны охидоо, хүүхдүүдээ гадуур явуулахгүй. Үүнээс болж зөрчил үүснэ. Ингээд нийгэмд бие биедээ итгэхээ больж, үл итгэлцлийг бий болгоод эхэлнэ. Цаашилбал, хүүхдүүдээ цагдаж, мөрддөг болж эхэлнэ. Гэмт хэргээс сэргийлэхийн тулд монгол хүнээ л судалмаар байна. “Яагаад монголчууд нэгнээ алаад байгаа юм. Яагаад архи уухаараа бусад хүмүүсээс өөр болчихоод байгаа юм” гэдгийг судлах хэрэгтэй.

-Олон нийтэд гэмт хэргийг мэдээлэх нь сөрөг талтай гэж үздэг юм билээ. Нөгөө талаар гэмт хэрэгтнүүд сэдэл авдаг ч гэж ярьдаг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Иймэрхүү мэдээллийг нийгэмд цацахаар хэрэгтнүүд тэндээс юм сурдаг, иргэд дасаад тоохоо больчихдог гэсэн хоёр эсрэг зүйл яригддаг. Онолын хувьд байж болно. Гэхдээ бид хааж үзлээ шүү дээ. Бүр сэтгүүлчдийн амыг хүртэл хаагаад сайжраагүй. Тэгэхээр хаахаасаа илүү зохицуулах ёстой. Тэгэхийн тулд “яагаад” гэдгийг олох ёстой. Аллагад дасдаг зүйл дэлхийд байхгүй. “Тэнд хүн мөчилчихсөн байна, хүчиндсэн гэнэ үү” гээд дасна гэдэг ойлголт байхгүй гэж бодож байна. Бид оношоо олохгүй байгаа учраас жор нь таарахгүй байна л даа.

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ

Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Прокурорын байгууллага, прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай...

img

8 цагийн дараа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар – Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 ...

img

6 цагийн дараа

Б.Батзориг: Яагаад хохирогчийг аргаа бартал нь ийм байдалд оруулж байгаа юм бэ

Хоёр эмэгтэйн амь насыг хөнөөж, нэгийг нь шкафанд, нөгөөг нь чемоданд хийж хаясан гэх хэргийн талаар нийгэм шуугьж байна. Тус хэрэг ...

img

6 цагийн дараа

Маргаашнаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй

Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээв...

img

6 цагийн дараа

Ой, хээрийн түймэр 2025 оны эхний 8 сард 227 удаа бүртгэгджээ

Ой, хээрийн түймэр 2025 оны эхний 8 сард 227 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 136 (2.5 дахин)-аар өссөн байна. Сүүлийн 10 жилийн ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд