Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Б.Дэлгэрсайхан: Надад биш, улсад хэрэгтэй ажил учраас элдвээр хэлүүлээд ч болов хийх л ёстой

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 9 сарын 26

img

32

news-img

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд өмнөх хамтарсан Засгийн газар болон одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимд сайдаар ажиллаж байгаа хүн. Энэ утгаараа танаас 100 хоног гэхээс илүү мега төслүүдийг асуумаар байна. Мега төслүүдийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын гэрээ байгуулагдаад, бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхэлчихсэн гэж ойлгож байгаа. Ер нь танай салбартай холбоотой том төслүүдийн ажил, гэрээний нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Хоёр улсын хил дамнасан хэсэгт “Бүтээн байгуулалтын хаалттай бүс” байгуулж, гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх юм. Энэ бүсэд мөрдөх түр журам боловсруулах, бүсийг хашаажуулж камержуулах, бүс дотор ажлын байр, ажилчдын кемп байгуулах, хил гаалийн хяналтын барилга барих бараа материал, техник, тоног төхөөрөмж зөөвөрлөх, барилгын ажилд ашиглах бетон узель, лаборатори байгуулах зэрэг бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Төслийн хүрээнд төмөр замын дээд, доод бүтэц, гүүр, хоолой, эрчим хүч, дохиолол холбоо, барилга байгууламж, авто зам гэсэн багц ажлууд хийгдэх юм. Одоогоор хилийн бүс дэх гүүрийн барилга угсралтын ажил эхэлж, төслийн талбайд 20 гаруй инженер, 150 орчим техникийн ажилчид ажиллаж байна.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр таны эсрэг, тэр дундаа хил холболтын төмөр замын гэрээний асуудлаар мэдэгдэл хийсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу. Яагаад тэр хүн гэнэт гарч ирээд таны эсрэг, энэ мега төслийн эсрэг зүйл ярьж байна вэ?

-Би Монгол Улсын Их хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн, мөн Ерөнхий сайдын захирамжаар томилогдож, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулагдсан Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд. Харин таны асуусанчлан манай намын дарга байсан, цаашлаад Монголын төрийн гурван өндөрлөг гэж хэлдэг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан учраа мэдэх хүн байж Н.Энхбаяр гуай төрийн ажлыг хойш нь татаж, бодит судалгаа мэдээлэлгүйгээр өмнөх Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж, төрийн залгамж халааг үгүйсгэж байгааг гайхаж байна. Дэлгэрсайхан гэдэг хувь хүнийг үгүйсгэж доромжилж болно оо. Харин Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй мега төслийг үгүйсгэж харлуулж болохгүй байх.

-Тэгээд ч хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ганц хүн гүйгээд баталчихдаггүй гэдгийг Н.Энхбаяр гуай мэдэх хүн атлаа ийм мэдээлэл хийж байгааг нь та юу гэж харж байна?

– Хил холболтын төмөр зам Монгол Улсад, монголчуудад хэрэгтэй болохоос хувь хүн Дэлгэрсайханд огтхон ч хамааралгүй. Ийм байтал ажил хийх гэж хичээж явснаараа заримд нь доромжлуулж, сэтгүүлчдэд элдвээр хэлүүлээд явж байна. Ер нь энэ асуудлыг эхнээс нь яривал илүү ойлгомжтой байх. 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлагдсан. Энэхүү тогтоолыг батлах санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 87 гишүүн буюу 79.1 хувьтай дэмжигдсэн. Энэ тогтоолд нүүрсний экспорт, нүүрс олборлох, төмөр замын хил холбох тухай гурван асуудал орж ирсэн. Үүнээс зөвхөн хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэх тухай заалт нь Зам, Тээврийн яамтай хамааралтай. Гэтэл бүгдээрээ нийлж 58 дугаар тогтоолоо баталчихаад, олон нийтийн сүлжээгээр зөвхөн намайг хил холболтын ажлыг хийж, хятадуудад үйлчлээд байгаа мэт буруу ойлголт төрүүлэхүйц мэдээг цахим орчинд зориуд түгээж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 20 гаруй жил гацсан мега төслийг эхлүүлчихээд ингэж харлуулж байгаа нь харамсалтай санагдаж байна. Ямартаа ч хоёр улсын ажил хэн нэгэн хүний амаар зогсчихгүй учраас өөрт ногдсон үүрэгт ажлаа хариуцлагатай хийхийн төлөө хичээгээд явж л байна.

-Ер нь энэ мега төслийн ач холбогдлыг та нийгэм эдийн засгийн талаас нь тайлбарлахгүй юу?

– Энэ хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар гүйцэтгэж байна. Үүнийг ярихын тулд эхлээд дэлхий нийтийн чиг хандлага, эрчим хүчний салбар, нүүрсний зах зээлийн чиг хандлага, хойд урд хөрш болох хоёр том гүрний бодлогыг ярих хэрэгтэй. Түүний дараа энэ хөгжлийн бодлогод манай улс яаж хөл нийлүүлэн алхах, яаж ашиг хүртэж, эдийн засгаа тэлэх, мөн бидэнд ямар нөөц бололцоо байгаа талаар ярих нь зүйтэй. Түүний дараа энэ мега төсөл улс орны хөгжилд хэр ач холбогдолтой, бодлого шийдвэр нь зөв эсэхийг тайлбарлах байх. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 165 саяд хүргэх, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10.000 ам.долларт хүрэх, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олох ач холбогдолтой.

-Гэрээг Монголын талд олон тэрбум төгрөгийн алдагдалтайгаар хийсэн гэж мэдээлээд байгаа. Угтаа энэхүү том төсөл сүүлийн 20 орчим жил яригдаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед албан ёсоор хийгдэхээр болсон байгаа шүү дээ. Гэтэл дахиад улстөржөөд уг гэрээг оролдоод эхэлсний цаад зорилго нь юу байдаг юм бол?

-Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэх ачаа тээврийн хэрэгцээ, шаардлагыг хангах, тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулахын тулд зөвхөн Замын-Үүд-Эрээн боомтын хил дамнасан төмөр замаас өөр хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч төмөр замын гарц зайлшгүй шаардлагатай болно. Ерөнхий сайд болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нарын 2009 онд хийсэн уулзалтын үеэр “Тавантолгойн нүүрсний орд газарт хамтран ажиллаж, тэнд олборлосон, боловсруулсан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Шиньхуагийн төмөр замыг ашиглан БНХАУ болон Ази, Номхон далайн бүс нутагт хамтран борлуулах” саналыг тавьснаас хойш “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг хамтран байгуулах” тухай яриа хэлэлцээг талууд эхлүүлсэн байдаг. Дээрх яриа хэлэлцээний дагуу 2009 онд байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, 2013 онд баталсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”, Хоёр улсын Төрийн тэргүүн нарын 2014 онд байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” зэрэг баримт бичгүүдэд эрдэс баялаг, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгасан.

-Харбинд байгуулсан хэлэлцээрийг ярьж байна уу, та?

-БНХАУ-ын Харбин хотноо энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр бол “Гурвыг цогцоор” агуулгын хүрээнд хийгдсэн гэрээ юм. “Гурвыг цогцоор” гэдэг нь дан ганц төмөр замын холболтын асуудал бус, Тавантолгой уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсийг урт хугацаанд тогтвортойг борлуулах, худалдах, худалдан авах гэсэн гурван асуудлыг иж бүрнээр шийдвэрлэсэн агуулгатай. Зам, тээврийн яам нь Засгийн газрын тухай хуулинд заасан эрх, үүргийн дагуу зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулахтай холбоотой төслийг хариуцан ажиллаж байна. Бусад буюу уурхайн олборолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсийг урт хугацаанд тогтвортойг борлуулах, худалдах, худалдан авах тухай асуудлыг эрхлэх чиг үүргийн дагуу Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам хариуцаж холбогдох гэрээ хэлэлцээг хийсэн тул тус яам болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас тодруулсан нь зүйтэй байх.

-Таны эсрэг дайралтууд цахим орчинд их байх шиг байна. Нийгмийн сүлжээгээр яваад байгаа “Хуц” гэдэг үгийг та яг хэнд зориулж хэлэв. Ер нь та тийм хатуу, ширүүн ааштай хүн үү?

-Би тэр үед өөрт хамааралтай сэдвээ тайлбарлаад хэлээд байхад зөрөөд асуудлыг дахин, дахин асууж шалгаагаад байсан болохоор бухимдсан нь үнэн. Тэр сэтгүүлчийн нэрийг ч би мэдэхгүй. Сэтгүүлч ажлаа хийж байхад нь дэмий бухимдаж дээ гэж араас нь бодсон л доо. Гэхдээ гол учир нь бухимдсандаа хэлсэн “ТЭР ҮГ”-ийг тэр сэтгүүлчид болон ард иргэдэд хандаж хэлээгүй. Харин энэ мега төслийг зориудаар гацаах гэж байгаа цаад эзэнд нь дамжуулж хэл хүргэх гэсэн ухаантай юм. Гэтэл миний харилцан бүтэн ярианы бичлэгээс зөвхөн тэр хэсгийг тасдаж, ард түмэнд болон сэтгүүлчид хандсан юм шигээр цацсанд харамсаж байгаа. Үүнийг ард иргэд болон сэтгүүлч та бүхэнд зориулсан гэж буруугаар ойлгуулсан бол уучлалт хүсч байна.

-Зам, тээврийн салбар бол эдийн засгийг тэлэх судас, шөрмөс нь гэж ойлгодог. Яагаад монголчуудын хөгжил дэвшилд нэмэр болох том төслүүдээ бид өөрсдөө хумиад байдаг юм бол. Монгол хүнд ногдох үр өгөөж бий биз дээ?

-Улс орны хөгжлийн тулгуур, цөм гэсэн ойлголтыг Зам, тээврийн салбартай холбож болно. Яагаад гэвэл Азийн төвд орших манай улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дунд, Евразийг холбосон, геополитикийн асар их нөлөөтэй, газар зүйн байршилд оршдог. Манай улс байгалийн баялгийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд энэ их нөөцийг хоёрдогч, гуравдагч орон руу экспортолж, борлуулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой болохыг надаар хэлүүлэх нь илүүц биз ээ. Үүнд экспортыг дэмжсэн дэд бүтэц, гарцыг нэмэгдүүлж одоо байгаа хүчин чадлыг сайжруулах нь чухал юм. Бид Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, холбогдох гэрээг амжилттай байгуулж дээр дурдсан чухал ач холбогдлыг бий болгосноос гадна хамгийн гол нь Олон улсад Монгол Улсын итгэх итгэлийг нь сэргээсэн үйл явдал болсон юм. Мэдээж үүнээс гадна дээр дурдсанчлан бусад хил холболтуудыг ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна. Үүнийг улс төрийн зорилгоор буруу ашиглаж, харлуулах, олон тэрбум төгрөгийн алдагдалтай төсөл мэтээр нийт масс, ард түмэнд ойлгогдохоор зориуд мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна.

-Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын явц нь ямар байна?

-Төслийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай явж байна. Манай “Монголын төмөр зам” ТӨК-ийн хамт олон өдөр шөнөгүй зүтгэж байна. Энэ ажилд одоогоор дотоодын 60 гаруй ААН, байгууллагын 3000 орчим инженер техникийн ажилчид ажиллаж байна. Энэ төсөл бол улс орны хөгжлийн стратегийн шинжтэй төсөл. Зөвхөн санхүүгийн өгөөж төдийгүй нийгэм, нийслэлчүүдийн амьдрах орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл асар их. Тухайлбал, Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын дундуур явах төмөр замын ачааллыг бууруулна. Хамгийн чухал нь, аюултай ачаа бараа буюу нийслэл рүү нэвтэрдэг, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг 34 нэр төрлийн аюултай болон химийн аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх давуу талтай.

-Төмөр замын хил холболтууд дажгүй урагшилж байна. Автозамын сүлжээ боомтууд руу хэр холбогдож байна?

-“Шинэ сэргэлтийн бодлого” болон “Боомтын сэргэлт хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлт, экспорт, зам тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилтыг тавьсан. Энэ зорилтын хүрээнд Зам, тээврийн яамнаас томоохон авто замын боомт холбосон төслүүдийг мөн хэрэгжүүлж эхлээд байна. 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт–Бичигт чиглэлийн 152км авто замын барилгын ажлыг эхлүүлээд байна. Энэ замыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ төсөл нь Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC-4C) коридорт нэгдэхийн зэрэгцээгээр БНХАУ-ын Тянжин, Жинжоу, Далиан боомтоор дамжин худалдаа хийх боломжийг бүрдүүлнэ. Мөн Сүхбаатар аймгийн хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхайг түшиглэн мах боловсруулах, аялал жуулчлал болон бүс нутгийн худалдааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

-Баян-Өлгий рүү бас шинэ зам тавиад байсан уу?

-Тэгсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024-2025 онд Баян-Өлгий аймгийн Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлийн авто замын нийт 89.13 км авто замын барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ төсөл 2024 онд эхэлсэн. Харин төслийн үргэлжлэл болох 66 км авто замын ажил өнгөрсөн долдугаар сард эхлүүлсэн. Мөн энэ төсөл хэрэгжсэнээр Даян боомт хатуу хучилттай авто замаар холбогдсоноор ачаа тээврийн зардал, хугацаа буурч, экспорт, импортын урсгал нэмэгдэн эдийн засаг, аялал жуулчлал, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Боловсролын салбарын 2026 оны төсвийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос хамтран зохион байгуулж буй “Боловср...

img

7 цагийн дараа

Нийтийн тээврээр өчигдөр 602,571 хүн зорчжээ

Нийтийн тээврээр өчигдөр 602,571 хүн үйлчлүүлсэн, 89,167 удаа карт даржээ. Иргэдийн дийлэнх нь цахим болон банкны картаар төлбөр төл...

img

7 цагийн дараа

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрнээс үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Өчигдөр буюу /2025-09-25/-ны өдөр Сүхбаатар дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн 37 настай эмэгтэй гүүрнээс үсрэх гэж байхад нь ава...

img

7 цагийн дараа

АТГ-аас мэдэгдэл гаргажээ

АТГ-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн х...

img

6 цагийн дараа

Тамга барьсан толгойгүй хүн

Нэг ийм соньхон өгүүлэмжтэй дүрс гэрэл зурагчдын дуранд бууж үлдcэн байдаг. Энэ бол 2020 оны 7-р сарын 1-ний өдөр. УИХ шинэхэн дарга...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд