мэдээ
Тамга барьсан толгойгүй хүн

Админ
2025 оны 9 сарын 26

37

Нэг ийм соньхон өгүүлэмжтэй дүрс гэрэл зурагчдын дуранд бууж үлдcэн байдаг. Энэ бол 2020 оны 7-р сарын 1-ний өдөр. УИХ шинэхэн дарга тамгаа хүлээн авч буй түүхэн мөч. Шинэхэн ч биш юмаа, улиран сонгогдсон спикер тамгаа Баделханд бариулж байгаад буцаан авч байгаа байдал гэх юм уу даа. Тамга ч сайхан гарч. Харин тамга авагч Г.Занданшатар даргын толгой алга болжээ. Тамгандаа хэт сүсэглэн мөргөснөөс л болж дээ. Зарим том дарга нар тамгаа ажил биш “буян” гэж боддог нь ч бий байх.
Зандан дарга зураг дээр л толгойгүй гарснаас биш харахад толгойтой хүн. Гэхдээ тэрийг нь нэг л биш гэлцэх хүн харин олон. Арав гаруй жилийн өмнө айхтар автын осолд орсноос хойш тийм “ороотой гараатай” болсон гэж ойрын нөхөд нь шивэр авир хийдэг юм. Уулзалт дээр сууж байхдаа гэв гэнэт сэдвээсээ тэс өөр юм яриад явчихдаг хуучтай. Нөхөд нь арга буюу тэрийг нь ярьж эхлэнгүүт ахиад бүүр өөр юм руу халтираад орчихно. Үүний дэргэд хурал удирдаж байхдаа буу зураад сууж байсан нь бага хэрэг ч юм уу. Харин өөрөө “Черчилл машинд мөргүүлснийхээ дараа л цоорсон юм” гэж ярих дуртай. Гэхдээ “манай черчилл” бол нээх цоороогүйг нь зөвхөн ойрын нөхөд ч биш улс даяараа л олон харсан даа. Хүндэт харуулыг дуурайгаад алхаж ч байх шиг, сум харвах гэтэл сум нь доошоо унаж ч байх шиг, тэрийгээ нумаа эвшээлгэсэн хэвээр хайж ч байх шиг. Өөрийнх нь сонгож тавьсан морьтой зургийг нь “хулгайчийн зураг байна шдээ” гэж хүмүүс нэг хэсэг шоолж уйдаагаа гаргасан нь л мөн л саяхан. Нохойныхоо зургийг тавьснаа энэ өвөл хүйтрэх нь гарцаагүй ч билүү бас нэг лут прогноз тавьсан нь бас л олныг шуугиулаад авсан. Байтлаасаа нохой цаг уурч болох гэж. Ямартай ч нэлээн мэдрэмжгүй гэдгээ байнга харуулдаг. Ээ… ер нь яг часхийдэггүй нь үнэн шдээ.
Тэрээр дандаа ийм гэм хоргүй балайтдаг нүл эгдүү амьтан ч бишээ. Цоо шинээр сонгогдоод, тангараг өргөж байгаа Ерөнхийлөгчийгөө Халтмаагийн Хүрэлсүх гэж хээв нэг хусаж орхисон гэж байгаа. Зарим нэг нь “таны оронд тэр байх байсан юм” гэдэг мессэж өгсөн гэдэг. Зарим нь мэдэн будилж байгаад хоёр талдаа гишгээтэй шүү гэдгээ нотолж байгаа юм ч гэдэг. Эсвэл бүр “байж байгаа нь л тэр шүү дээ” гэж өмөөрөх хүн ч гарна. Дөнгөж сая л гэхэд өнгөрсөн 9 сарын 1-нд Монголынхоо бүх хүүхдэд 20 тонн захидал хэвлэж тараалаа. Нөгөө хэмнэлт, цахимжилт энээ тэрээ нь ч яасан юм. Тэрэн дээрээ “орос хэл сураарай” гэж аминчлан захив. Тэрийгээ “Өө англи гэх гэж байгаад андуурчлаа” гэж хээв нэг залсан гэсэн салхи яваад байна.
Орос гэснээс Цэдэнбал гуайтай нэг сургууль төгссөн гэж бахархан ярьдаг Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульдаа эргэж очин доктор цол хамгаалаад буцаж ирэнгүүтээ Монголдоо гадаадын хөрөнгө оруулагчдын таг эсрэг хууль санаачилж, барьж гүйсээр батлуулж орхидог юм. 2009-өөд оноос манай Монгол нэг л сэргэж өндийгөөд, Азийн бар, дараагийн Кувейт гэгдэн мандаж байснаа даа? Энэ чинь тэр жил шалба цохигдож, Монгол маань алтан загасны эмгэн шиг буцаад эвдэрхий тэвштэйгээ үлдсэн юм шүү дээ. Гол буруутан нь харин энэ мундаг доктор. Одоо ер нь тэгснийгээ “санадаг” ч юм уу гүй ч юм уу. Ямар нүүрээрээ чи….?! гэж асуумаар. Харахад бол нүүр байх нь байдаг.
Нүүр гэснээс намын нөхөр нь саяхан дурсамж ном бичсэнээ сошиалд хуваалцсан байна лээ. Занданшатарт гурвантаа хулхидуулсан түүхээ дурайтал бичжээ. Сайхан ч бичиж. Нөгөөх нь сайхан ч хулхидаж. Нөхдөө тус бүр гурав хулхиддаг зантай юм бол одоо хэд дэх дээрээ явж байгаа юм бол? Яасан ч байсан тэгээд мэдээгүй царайлж сураагүй ч юм биш дээ. Хөөрхөн сонин харцаараа нэг хараад л, юу ч болоогүй юм шиг гараа кармаандаа шааж алхаад л…. гэх мэтийг эргэцүүлэнгээ энэ зургийг эргүүлж тойруулан жаал харж суулаа даа.





Боловсролын салбарын 2026 оны төсвийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг болов
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос хамтран зохион байгуулж буй “Боловср...
7 цагийн дараа
Нийтийн тээврээр өчигдөр 602,571 хүн зорчжээ
Нийтийн тээврээр өчигдөр 602,571 хүн үйлчлүүлсэн, 89,167 удаа карт даржээ. Иргэдийн дийлэнх нь цахим болон банкны картаар төлбөр төл...
7 цагийн дараа
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрнээс үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ
Өчигдөр буюу /2025-09-25/-ны өдөр Сүхбаатар дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн 37 настай эмэгтэй гүүрнээс үсрэх гэж байхад нь ава...
7 цагийн дараа
АТГ-аас мэдэгдэл гаргажээ
АТГ-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн х...
6 цагийн дараа
Тамга барьсан толгойгүй хүн
Нэг ийм соньхон өгүүлэмжтэй дүрс гэрэл зурагчдын дуранд бууж үлдcэн байдаг. Энэ бол 2020 оны 7-р сарын 1-ний өдөр. УИХ шинэхэн дарга...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд