Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Хямд, чанартай мах малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч байна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 29

img

47

news-img

Манай улсын хүнсний гол хэрэглээний нэг нь мах байсаар ирсэн ч малчны хотноос зах зээлд хүрэх зам нь олон шат дамжлагатай байдаг. Үүний улмаас үнэ нэмэгдэж, гарал үүсэл нь тодорхойгүй, амт чанаргүй мах авахаас өөр сонголтгүй болох тохиолдол цөөнгүй гардаг. Харин одоо 21 аймгийн малчид өөрсдийн малын махыг шууд иргэдийн гарт хүргэх боломжтой болжээ. Ийнхүү Баянхошууны Баруунсалаанд шинээр нээгдээд буй малчид махаа өөрсдөө зарж байгаа цэгээс сурвалжиллаа. Энэхүү захыг иргэн М.Амгаланбаатар санаачлан Баянхошуунд нээжээ.

Биднийг 10:30 цагийн үед очиход гадна нь хөл, хөдөлгөөн их байв. Машины зогсоол нь ч дүүрсэн харагдлаа. Мах худалдаалах цэг рүү ороход махаа жинлэж байгаа малчид, тооцоогоо хийж байгаа иргэд, ууттай махаа бариад гарч байгаа хүмүүс гээд бараг гишгэх газаргүй ачаалал их байлаа. Махаа зарж байгаа малчдын хувьд бүгд цагаан халат, нэг удаагийн малгай өмссөн харагдлаа. Мах худалдан аваад гарч буй иргэнээс ямар сэтгэгдэлтэй байгааг асуухад “Маш зүгээр санагдлаа. Үнийн хувьд ч боломжийн байна. Энэ хавийн хүмүүс хямдхан махтай газар нээгдсэн гэхээр нь өмнөх долоо хоногт хэдэн килограмм үхрийн мах авсан юм. Амт чанарын хувьд дажгүй санагдсан болохоор өнөөдөр дахиад ирж авч байна” хэмээн сэтгэгдэл өндөр байлаа.

Зах дээрх үнээс 3-10 мянган төгрөгөөр хямд зарж байгаа учраас иргэд ам сайтай байна

Ингээд эхний лангуун дээр очиж махаа зарж буй малчин Т.Доржсэмбэтэй ярилцсан юм. Тэрээр Архангай аймгаас ирсэн аж. Өглөө 07 цагт нээдэг учраас нээхтэй нь зэрэгцээд гурван үхрийн мах, нэг адууны махтай ирсэн гэв. Ихэвчлэн хүмүүс үхрийн мах авч байна гэсэн юм. Харин адууны мах төдийлөн сайн борлогдохгүй байгаа гэв.

Иргэд өглөө эрт мах авах гээд ирдэг учраас эднийх үхрийн махаа зараад дуусаж байгаа аж. Тэрээр “Ирж байгаа хүмүүс ер нь ам сайтай байна. Манайх ийм газар нээгдсэнийг цахимаас харж байгаад ирсэн. Газар газраас малчид их ирсэн харагдаж байна. Үхрийн мах дэлгүүрт 24 мянган төгрөг, ястай нь 18 мянга 500 төгрөг гэхээр нэг килограмм махнаас хамгийн багадаа дөрвөн мянган төгрөгөөр хямд байгаа юм.

Дээрээс нь бид чинь аймгаасаа ирэхдээ гарал үүслийн бичигтэй ирж байгаа учраас чанарын хувьд баталгаатай гэсэн үг. Тийм учраас иргэдийн хувьд ч эргэлзээгүй худалдаж авч байна. Малчдын хувьд ч гэсэн өглөө дөрөв, таван цагт ирээд лангуугаа хувааж авах гээд оочерлодог гэсэн. Манайх өнөөдөр анх удаа ирж байгаа. Ямартай ч ченж нарт өгдгөөс хамаагүй дээр байна” гэсэн юм. Ийнхүү зах дээрх үнээс 3-10 мянган төгрөгөөр хямд зарж байгаа учраас иргэдийн хувьд ам сайтай байгаа гэдгийг малчин Т.Доржсэмбэ онцолж байлаа.

Сэлэнгэ аймгийн малчин Г.Энхтайваны хувьд шөнө 12 цагт ирээд, мах зарж буй газраа хоносон гэв. Мөн л цахим орчноос мэдээлэл аваад ирсэн. Хоёр үхрийн махтай ирсэн, одоогоор нэг гуя л үлдсэн байгаа хэмээв. Тэрбээр “Ер нь их зүгээр санагдлаа. Биднээс шүдлэн үхрийн махыг ченжүүд 9 мянга 500 төгрөгөөс 10 мянган төгрөгийн хооронд л авна. Мах уг нь ялгаагүй шүү дээ. Тэгсэн мөртлөө тийм насны үхрийг тэдэн төгрөгөөр авна гэж ялгаа гаргаж, худалдаж авдаг. Үхрийн гуяыг 2000-3000 төгрөгийн зөрүүтэй авдаг. Харин энд малчид ялгаагүй нэг л ханшаараа, зах зээлийн үнээс хямд зарж байгаа учраас юмны үнэ өссөн энэ үед иргэдэд таатай байна” гэсэн юм.

Ийнхүү малчдын хэлж буйгаар иргэд үнэ хямд гэдгийг онцолж байгаа хэдий ч зарим иргэд мөн санал шүүмжээ хэлж байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны иргэн Б.Алтан-Очир “Миний хувьд хаа байсан Жуковоос ирлээ. Олох гэж нэлээдгүй юм боллоо. “Google map” дээр байршлаа оруулчихвал зүгээр юм. Яах вэ, “Хүчит шонхор” гэх мэт захуудаас хамаагүй дээр байна. Тэнд бол хэзээ төхөөрсөн, хэдэн хоног хадгалсан мах гэдэг нь мэдэгдэхгүй итгэхэд бэрх байдаг шүү дээ. Заримдаа мах нь хэт хатуу, амтгүй гээд янз бүр байдаг. Энд бол гарал үүсэл нь тодорхой байна. Гэхдээ орчноо сайжруулах хэрэгтэй юм байна. Магадгүй хотын дүүрэг бүрд биш юм аа гэхэд хотод гурав, дөрвөн ийм цэгтэй болчихвол хэрэгтэй юм байна” хэмээн сэтгэгдлээ хэлэв.

“Төрөөс жаахан ч гэсэн дэмжээд өгвөл юмны үнэ тэнгэртхадсан энэ үед ганц килограмм гурилын үнэ хэмнэнэ гэдэг маш том зүйл”

Өвөрхангай аймгийн Хужирт сумаас ирсэн малчин Т.Дашдаваатай цөөн хором ярилцлаа. Тэрээр “Борлуулалт сайн байна. Хүмүүс ч ам сайтай байна. Махаа ченжүүдэд өгөхгүйгээр шууд иргэдэд өгөх нь арай хямд тусна шүү дээ. Бид сум, аймагтаа зарахаас арай илүү үнээр зарчихаж байгаа юм. Энэ хоёрын зааг ялгааг гаргаад, энэхүү захыг нээж өгсөн хүнд талархаж байна. Манай Өвөрхангай аймгийн Хужирт сум бол хотоос 400-гаад километрийн зайтай. Тэр холоос махаа ачиж ирээд ард иргэддээ үйлчлэхэд түрээс бага байна. Өдрийн 50 мянган төгрөг гэсэн. Би 20 хонь, хоёр адуу, нэг үхэртэй ирэхэд нэг өдрийн дотор зарагдаж байна. Үүнийг цааш нь улс эх орон дэмжээд хамгийн гол нь тав тух, боломжийг нь хангах хэрэгтэй юм болов уу. Машины зогсоол, хашааны тохижилт, ариун цэврийн байгууламжаас эхлээд төрөөс жаахан ч гэсэн дэмжээд өгвөл иргэд юмны үнэ тэнгэрт хадсан энэ үед ганц килограмм гурилын үнэ хэмнэнэ гэдэг чинь маш том зүйл гэж бодож байна. Ер нь малчид жилийн дөрвөн улирлынхаа хоёрт нь л мөнгө олдог. Хавар ноолуур, намар хүүхдийнхээ төлбөрийг хийхийн тулд махаа зарж мөнгө олно. Сумандаа махаа зардаг ч тэнд бэлэн мөнгөөр зарахад хэцүү байдаг. Яагаад гэвэл сумынхан чинь мөнгөний боломж муу учраас зээл авчихдаг. Сүүлд нь цувуулаад авдаг ч цувж орж ирсэн мөнгө юм болохгүй шүү дээ. Дээрээс нь энд цаанаас нь ханш гаргаад өгсөн болохоор амар байна. “Энэ ханшаар та нар зар. Зарахгүй бол өөр газар зар” гэж байгаа болохоор зүгээр санагдаж байна. Үхрийн мах 14 мянга, адууны мах 10500, хонины мах 11500 гэхээр үнийн хувьд боломжийн байгаа юм. Зах дээр ястай мах 17 мянгаас 18 мянга төгрөг гэдэг шүү дээ.

Малчин Т.Дашдаваагийн хувьд хотын дөрвөн зүгт малчид өөрсдөө мах худалдаалах цэгтэй болчихвол сайн байна гэдгийг хэлсэн юм. Энэ тухай ярихдаа “Энд ирэхийн тулд малчид бид нэг өдөр малаа төхөөрөөд, нэг өдөр нааш нь тээвэрлээд, нэг өдөр энд зогсож байна. Арын хамаг ажлаа хаяад ирснийхээ ашгийг энд л гаргая гэж бодож байна. Ер нь манай Хужиртад зуншлага сайхан болдог. Энэ жил бусад аймгуудыг бодоход илүү сайхан болсон. Тэрнийхээ хэрээр ч мах сайхан тарган байна. Хужирт сумын мах амттай шимтэй гэдгийг хүмүүс мэддэг. Сувилалд очоод сувилуулахдаа хүртэл махаа авдаг. Уг нь миний бодлоор малчид өөрсдөө махаа борлуулдаг ийм цэг хотын дөрвөн зүгт байвал зүгээр гэж бодож байна. Хүмүүс түгжрээ бөглөрөөнд орохгүйгээр ойрхон газраа оччихвол хэрэгтэй шүү дээ. Баянхошуу хойд хэсгээ хариуцлаа гэхэд Толгойт хавьцаа нэг, Баянзүрхийн товчоо хавьцаа нэг байвал зүгээр юм уу. Гэхдээ энэ бол эхлэл учраас цаашдаа хөгжих байх гэж бодож байна” хэмээв.

“малчдаас малын гарал үүслийн бичиг болон малчин гэдгээ батлах тамга шаардана”

Малчид болон иргэдийн байр суурь ийм байлаа. Бид зохион байгуулалтын талаар тодруулах гэсэн боловч хариуцсан хүн нь байгаагүй учир утсаар холбогдож дараахь мэдээллийг авсан юм. “Малчид махаа худалдаалахын тулд эхлээд зар дээр тавьсан утсаар холбогдож бүртгэл хийлгэдэг. Дараа нь товлосон өдрөө мах худалдааны цэгт ирж, дарааллын дагуу худалдаагаа хийнэ. Зарим малчид шууд яваад ирдэг. Энэ үед бичиг баримт нь бүрэн байвал оруулдаг. Малчид болон худалдан авагчид өглөө эрт ирж дараалалд зогсдог учраас бид үйл ажиллагаагаа үүрийн дөрвөн цагаас эхлүүлж байгаа. Манай цэгт мах худалдаалахад малчдаас малын гарал үүслийн бичиг болон малчин гэдгээ батлах тамга шаардана. Эдгээр бичиг баримтаар малын вакцин зэргийг шалгадаг. Мөн махны чанар, шинэ байгаа эсэхийг шалгаж оруулдаг. Мах худалдаалах үнийг манайх өөрсдөө тогтооно. Ханшаа тогтоохдоо гадуур мах худалдаалж байгаа зах, худалдааны төвүүдээс 3-10 мянган төгрөгөөр хямд байлгадаг. Малчдын хувьд энэ нь махаа худалдаалж болох дээд үнэ нь гэсэн үг. Өөрсдөө үүнээс бага үнээр ч зарах боломж бас бий. Одоогийн байдлаар манай захад үхрийн мах 14000, адуу 10500, хонь 11500 төгрөг гэж байгаа. Энэ нь гадуур зарагдаж байгаа махнаас 3-10 мянган төгрөгөөр хямд” гэв.

Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг хүнсний захад өмнөх долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16664 төгрөг, үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 24268 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм. Үүнийг бидний сурвалжилсан махны цэгтэй харьцуулахад үхрийн мах 42 хувиар илүү, харин хонины мах 30 орчим хувиар илүү үнэтэй байсан юм. Ийнхүү малчид гарал үүсэл нь тодорхой, хямд, чанартай махыг хэрэглэгчдэд шууд хүргэж эхэлсэн нь шударга, ил тод зах зээлийг бий болгож байна. Мөн үүнийг нийслэлийн бусад бүсүүдэд хэрэгжүүлж, дэмжвэл махны үнийн хөөрөгдлийг хязгаарлах, хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг өсгөх гэх мэт үр дүн гарах юм.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон “ШАЛЗ” УСК-ны нээлт ирэх аравдугаар сарын 10-нд болно

“17” продакшны найм дахь уран бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсөн бол өдгөө...

img

23 минутын өмнө

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Э...

img

1 цагийн өмнө

Бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, 2.1 сая төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байга...

img

2 цагийн өмнө

УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 09 дугаар сарын 30-наас аравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын...

img

2 цагийн өмнө

Монгол Улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо

Монголын хамгийн өндөр уулсын өндрийг орчин үеийн GNSS багаж ашиглан дахин тогтоолоо. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн е...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд