мэдээ
Яг л Ерөнхийлөгчийн засаглал руу явчихлаа даа…

Админ
2025 оны 10 сарын 03

47

Уул нь: Улс төрд үүсээд байгаа асуудлын суурь нь МАН-ынх. Ердөө л нэг ТББ-ын удирдлагын маргаан. Тийм байсан. Гэтэл нь эцэстээ төрийн асуудал болоод хувирлаа. Инситуци хоорондын мөргөлдөөн боллоо.
Ухах нь ээ: МАН-ын даргын сонгуульд хоёр нэр дэвшигч өрсөлдсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр. Бие биенээ наанаа магтаад цаанаа муулаад өрсөлддөг урьдын ёс энд үйлчилсэнгүй. Эхнээсээ л бие биенээ муулсан. Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэхдээ л: Монгол Улс хувь хүн бус хууль засагладаг, эрх зүйт төртэй байх ёстой. 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдын өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жилийн ажиллаж, шинэчлэлт, өөрчлөлтийн төлөө зүтгэж байсныхаа хувьд МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаж байна гээд хэн нэг хувь хүний засаглалын эсрэг өрсөлдөхөөр болсноо зарласан. Г.Занданшатар бас дуугүй байгаагүй. Тэрбээр: Улсын төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна. Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа, Тусгаар тогтнолын ордондоо тусдаа тодорхой ярина. Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхоороо шийднэ ээ. Улс төрөө биш, урдах ажлаа сайн хийцгээе. 240 мянган иргэн саналаа өгсөн улсын төсөвт нийтээрээ анхаарцгаая гэж пост хийгээд авсан.
10 гаруй хоног ийм байдлаар нудралцаж байгаад 9 дүгээр сарын 27-28-нд намынхаа Бага хурлаар асуудлаа шийдүүлсэн. Хонон өнжин хуралдсаны маргааш МАН: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргаар сонголоо гэж мэдээлсэн. Албан мэдээндээ: МАН-ын бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.09.28/ болж өндөрлөлөө. Хуралдааныг удирдсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга.Бат-Эрдэнэ мэдээлэл хийхдээ: Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн
саналаар сонгогдлоо гэв. Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан: Намын даргын орон гарсан тохиолдолд Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно гэж намын дүрэмд заасан. Хэдэн үе шаттай зохион байгуулахыг тооллогын комисс журам баталж шийддэг зохицуулалттай тул энэ дагуу сонгуулийг явууллаа гэж тодотгов. Намын хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэлдээ: Намын даргыг сонгох сонгууль Улс төрийн намын тухай хууль, бусад хуулийг дагаж батлагдсан журмууд болон намын үндсэн дүрэмд нийцсэн байх ёстой гэж үздэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд намын даргыг удирдах дээд байгууллага буюу их хурал, эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал сонгох эрхтэй гэж заасан. Тухайн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар намын даргад сонгогдсонд тооцдог. Иймд эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдлөө. Нэр дэвшигчдийн дунд бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүллээ. Нэр дэвшигчдэд хандан олон гишүүн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явагдаж Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй. Иймд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураана гэсэн зарчмыг баримталсан. Хэдэн ч удаа санал хураалт явуулж болно. Улс төрийн нам өнөөдөр үйл ажиллагаандаа өрсөлдөгчгүй нэг нэр дэвшигч байсан ч гэсэн нууц санал хураалт явуулдаг хуулийн заалттай. Энэхүү хуулийн заалт болон Тооллогын комиссын журмыг баримтлан хоёр дахь санал хураалтыг явууллаа. Хуралдаан дундаа завсарлагатай явсан, эхний санал хураалтын дараа хуралд оролцсон гишүүд буюу ирцийг дахин шинэчилж гаргасан. Бага хурлын нийт 479 гишүүнээс гуравны хоёр хувийг давсан буюу нийт 321 гишүүний ирцтэй байсан. Ингээд 321 саналын хуудаснаас 46 саналын хуудас хүчингүй, 275 нь хүчинтэй саналын хуудаст тоооцогдож 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн намын тухай хууль, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан журмын дагуу 60 хоногийн дотор намын шинэ даргаа бүртгүүлэхдээ өмнөх дарга нь хүлээлгэн өгдөг. Улсын Дээд шүүх 30 хоногийн дотор нягталж бүртгэдэг тул нийтдээ 90 хоногийн хугацаанд Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргана гэснийг мэдээлжээ.
МАН-ын даргын асуудал ингээд зогссонгүй. Уул нь: МАН ийнхүү зарласнаар Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүх бүртгэх эсэх асуудал үлдэж буй хэрэг. Гэвчиг: МАН-ын даргаар сонгогдсон гэх Д.Амарбаясгалан бол нүүрсний хулгайч гэдэг зүйл тус намын Бага хурлын өмнөх өдрөөс хойш салсангүй явав. МАН өөрөө Д.Амарбаясгаланг намын даргаар зарласны маргааш АН-ын улс төрийн зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хурлаас шаардлага гаргав. Тэрэнд: Эрх баригч МАН-ын даргын сонгуулиас үүдсэн зөрчил тэмцэл нь тус намын дотоод асудал төдий бус, Монгол Улсын төрийн хямралын хэмжээнд хүрч улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой болсон тул АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хурлаас дараах шаардлагыг хүргүүлж байна.
- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига, албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн байж болох тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг, хууль шүүхийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Энэхүү ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын дарга хуралдааныг удирдах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдүүдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тавигдана.
- МАН албан ёсны даргатай болох хүртэл эрх баригч намын дотоод зөрчил нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч үүний улмаас парламентаар хэлэлцэн батлах ёстой ирэх оны төсөв дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд хариуцах эзэнгүй болох, улс орны эрх ашиг хохирох аюул тулгарлаа. Иймд дээрх зөрчил нэг мөр шийдэгдэх хүртэл УИХ-д өргөн баригдсан Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төслөө эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна.
Сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуулийн хугацанд тасралтгүй эрх барьж байгаа ч ард түмний ахуй амьдралыг өөд татаж чадаагүй МАН-аас Монгол Улсад бий болгосон өнөөгийн төрийн хямралаа нэн даруй шийдвэрлэж хуульт ёс, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх алхмуудыг хэрэгжүүлэх хүртэл төсвийн хэлэлцүүлэг болон УИХ-ын бусад үйл ажиллагаанд орлцохгүй байх, цаашид парламентын засаглалаа хамгаалж бэхжүүлэн Засгийн газарт хяналт тавьж хариуцлага тооцож ажиллахыг Улс төрийн зөвлөлөөс Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлэгт чиглэл болгож байна гэв. Ерөнхийдөө: Энэхүү нэр хочийг эхэндээ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярьж байсан. Харин Бага хурлынхаа дараа Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн. Хэлэх хэлэхдээ: Бор тээгийн ордыг ашиглах болсон чинь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан яаран сандран МАН-ын даргад нэр дэвших болсон. Өмнө нь дэвшихгүй гэж байсан. Би Д.Амарбаясгалан даргыг хамтарч нүүрсний хулгайтай тэмцэх байх гэж итгэж байсан. Хамгийн харамсалтай нь нүүрсний хулгайтай Д.Амарбаясгалан дарга нэр холбогдсон байна. Тийм учраас шударга ёс тогтоохын тулд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдэж байна гэв. Ерөнхий сайдын энэ мэдэгдэл улс төр чухам л улайссаныг нотолсон. Гээд: Ерөнхий сайдын мэдэгдлийг ард иргэд шүүмжлэн хүлээж авсан. Хувийн өс хонзонгоор, намын даргын сонгуульд ялагдаад төрийн эрх мэдлийг ашиглалаа гэлцсэн. Гээд байж байтал нь: МАН-ын хяналтын ерөнхий хороогоор Б.Энхбаярыг авч хэлэлцээд намаасаа хөөв. Энэний дараа асуудал нөгөө талаасаа яригдаад эхлэв. Ховч, хортойгоороо дуудуулж асан Б.Энхбаяр хохирогчийн байр суурьд очсон.
Энэ бүгдийг тал талаас нь харах нь ээ: МАН гэх ТББ-ын даргын асуудал савнаасаа хальж даваад Монголын төр рүү ороод ирлээ. МАН хага хага үсэрсэн шиг төр ч хагарч бутарч эхэллээ. Тэр дундаас: УИХ болон Засгийн газрын нэр хүнд гэж авах юм алга. Уналтын доод цэг гэж байдаг бол түүндээ хүрэв. МАН-аас эхлээд мөргөлдөөний үргэлжлэл нь хоёр талаас бие биенээ огцруулах байдлаар үргэлжлэх мэдээллийг улстөрчид өгч байна. Нэг талаасаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас, эсрэг талаасаа Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах тухай яриа юм. Энэ ярианууд биежиж. Хэн хэн нь огцрох эсэхээ УИХ-аар хэлэлцүүлэх нь цаг хугацааны асуудал болов шүү.
Базах нь ээ: Монголын улс төрийн ууган нам, тэндээс төрийн өндөрлөгт төлөөлсөн дарга нар УИХ, Засгийн газрыг юу ч биш болгож орхилоо. Монголын төрийн эрхийг барих дээд байгууллага нь УИХ-д, гүйцэтгэх эрх мэдэл Засгийн газарт байдаг. Хоорондоо дайтаж мөргөлдөөд хоёулаа уначихлаа. Тэгээд Монголын төрд ганцхан Ерөнхийлөгчийн институци бүтэн нэртэй үлдлээ. Тиймийн учраас: Засаглалын өөрчлөлтийн шилжилт ажиглагдаад эхэллээ. Уулаасаа: Улс төрийн шинжлэх ухааны ном зохиолуудад Т.Хоббс, М.Вебер, Р.Даль, Х.Лассуэл нарын өгсөн засаглалын талаарх олон тодорхойлолтоор: Нийтлэг шинжид нь тулгуурлан авч үзвэл улс төрийн засаглал гэдэг нь нийгмийн бусад хүчин буюу хувь хүнтэй харилцахдаа өөрийн хүсэл сонирхлыг хэрэгжүүлэх чадвар юм уу боломжийг хэлдэг байна. Нийгмийн болон улс төрийн шинжлэх ухаанд хүмүүсийн зан үйлд хяналтаар дамжин нөлөөлөх чадварыг засаглал хэмээн үздэг. Төрийн засаглал улс төрийн засаглал байх ч улс төрийн засаглал болгон төрийн засаглал болдоггүй. Улс төрийн засаглал нь нийгмийн нэг төрлийн үзэгдэл бөгөөд улс төрийн харилцааны зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Улс төрийн засаглал нь: Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хамтын үйл ажиллагаа өрнүүлэх, байгаа нөөцөө бүрэн хэмжээгээр дайчлан зарцуулах, улс төрийн засаглал, бодлогын зорилго, зорилтыг тодорхойлох үүднээс нийгмийн субьектүүдийг зохион байгуулах хэм хэмжээгээр бататгагдсан институционал хүчийг хэлнэ. Засаглал нь нийт нийгмийн, ядахдаа нийгмийн олонхын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг. Улс төрийн засаглалын үндсэн шинж: Засаглалын хуваагдашгүй, бие даасан байдал гэдэг нь ямар нэгэн хүчин, нөхцөл байдлаас үл хамааран үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, шийдвэр гаргах, бие даан захирах улс төрийн засаглалын эрхийг хэлнэ. Нэр хүнд бол засаглалын хэрэгжүүлэх арга, засаглалын онцгой шинж чанар болно. Нэр хүнд гэдэг нь засаглалын үнэлэмж иргэдийн олонхын төсөөлөлд бүрнээ нийцэж хууль ёс, сайн дурын үндсэн дээр засаглалд иргэд захирагдах байдлыг хэлнэ. Хүсэл зоригийн шинж буюу засаглалд агуулагдах зорилго, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх боломжтой байдлыг хэлнэ. Зорилго чиглэлгүй засаглал хямрал юм уу дампууралд хөтөлдөг жамтай. Бусдыг захирах, тавьсан зорилгодоо хүрэхийн тул өөрт байгаа нөөцийг ашиглах чадвар болно. Засаглал ямагт албадлагын шинжтэй байдаг. Гэхдээ нэр хүнд өндөр байгаа нөхцөлд албадлага бага хэрэглэх тохиолдол байна. Энэ бүгд бидэнд арай бүтнээрээ үлдсэн төрийн инситуцид хэр зэрэг хуримтлагдсан бэ. Булзахгүйгээр хэлэх нь ээ: Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалд шилжихэд дэм хөшүүрэг болох нэр хүнд, хүсэл зориг, зорилго чиглэл, аймаглан дагуулах бодит хүч одооны Ерөнхийлөгчид байгаа юу. Ийнхүү асуулга санал тавихаас өөр аргагүй. Ийнхүү асуухын уг гарвал нь: Одоо яг л Ерөнхийлөгчийн засаглал руу явчихаж байгаа дүр байдал үзэгдэж байна. Өөр найдах төрийн институци ч алга.
Ө.Билэг





“Усан тойрог” задгай талбайн үзэсгэлэн маргааш эхэлнэ
“Бидний ус – Бидний ирээдүй” уриатай “Усан тойрог” задгай талбайн үзэсгэлэн маргааш буюу аравдугаар сарын 4-...
1 цагийн өмнө
Мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан гэх хэргийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ оны есдүг...
3 цагийн өмнө
АТГ: Төрийн үйлчилгээ, ёс зүйн асуудлаарх 10 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, ...
4 цагийн өмнө
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дула...
5 цагийн өмнө
Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулан шахмал түлшээ авдаг боллоо
Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулан шахмал түлшээ авдаг боллоо Өндөр настан, ухаалаг утасгүй иргэд борлуулалтын цэг дээр иргэний үн...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд