мэдээ
Ж.Үйлст: Болзож байх үедээ л тухайн хүнийг маш сайн анзаарч, таньж мэдэх хэрэгтэй

Админ
2025 оны 10 сарын 04

52

Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй сүүлийн үед охид, эмэгтэйчүүд дотно харилцааныхаа үед гэмт хэргийн хохирогч болж буй шалтгаан нөхцөлийн талаар ярилцлаа.
-Монголчууд “Хүнтэй суугаач, нас чинь явчихлаа”, эсвэл “Хүүхэд оройтлоо” гэж их ярих юм. Хүнтэй үерхэх, цаашлаад гэр бүл зохиоход нас хөгшрөх, цаг оройтох гэсэн асуудал үнэхээр байдаг юм уу?
-Хүн сэтгэл зүйн хувьд насанд хүрэх буюу оюун санааны хувьд сэтгэл хөдлөлөө удирдах, ойлгох чадамжтай болох насыг дунджаар 27 нас гэж үздэг. Тиймээс 27-32 насны хооронд гэрлэхэд хамгийн тохиромжтой үе гэж үздэг. Харин Монголд залуус эрт гэрлэдэг. Мөн үнэт зүйл нь хүүхэд төвтэй гэр бүлийн онцлогтой. Иймээс ойрхон хугацаанд олон төрөлтийг чухалчлан үздэг. Энэ нь эргээд залуу хосуудад амьдралын ачааллыг маш ихээр нэмдэг. Ингээд олон асуудал давхацсанаас үүссэн стрессээс үүдэлтэйгээр хосуудын дунд маш их зөрчил маргаан бий болох гээд байдаг талтай. Энэ нь дараа дараагийн асуудлуудыг үүсгээд байдаг.
-Ойр дотны хүмүүс нь яаруулж шавдуулснаас ч юм уу, эсвэл тухайн хүн л ганцаараа хоцорч байгаа юм шиг мэдрэмжээсээ болоод ч тэр үү, ялангуяа охид бүсгүйчүүд үерхэж байгаа хүнээ сайн таньж мэдэлгүй эрсдэлтэй харилцаанд орж, хамтран амьдрах зэрэг шийдвэрийг гаргаж болоод гэмт хэргийн хохирогч болсоор байна. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүрэгт 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөж чемоданд хийсэн хэрэг гарсан шүү дээ?
-Хүнээ таньж мэдэхгүй байна гэдэг нь нэг асуудал. Харин харилцаандаа илүү давамгай байдлыг өөртөө авдаг, өөрийнхөө хяналтад бүхнийг байлгах гэж оролддог хүчирхийлэх зан төлөвтэй хүнтэй хамтран амьдрах гэдэг нь тусдаа ойлголт юм. Тухайн хүнээ танихгүйгээр хамт амьдран эхэлж байна, магадгүй бүр гэр бүл болчихлоо. Тэгвэл хэзээ хүнийг таньдаг болох юм бэ гэдэг нэг асуулт гарч ирнэ. Хүмүүсийн нийтлэг яриан дунд ч “Хүнийг хэзээ ч таньдаггүй юм” гэдэг. Гэхдээ хүнийг таних боломж бий. Хамгийн түрүүнд хүн эхлээд өөрийгөө маш сайн танин мэдэх, өөрийнхөө сэтгэл хөдлөлүүдийг ойлгодог болох хэрэгтэй. Энэ нь эргээд бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох, таних чадамжтай болох нэгдүгээр алхам болдог. Хоёрдугаарт, хүн болгон гэр бүлийн соёл, өссөн орчин, амьдралын туршлагаасаа шалтгаалаад өөрийн гэсэн харилцааны арга барилтай байдаг. Энэ харилцааны арга барил нь өөр өөр орчин нөхцөлд хөгжиж, өөрчлөгдөөд явдаг уян хатан чанартай. Гэтэл зарим нь “Би ийм л хүн” гэж өөрийгөө тодорхойлчхоод түгжчихдэг. Ингэхээр зөвхөн өөртөө таарах хүнийг л хайгаад байдаг. Үүнээсээ болоод харилцаанд ерөөсөө хөгжил явагддаггүй. Өөрөөр хэлбэл, харилцаанд суралцаагүйгээс болоод асуудал үүсч эхэлдэг. Дараагийн бүлэг асуудал нь хүчирхийлэх зан чанартай хүнтэй хамт байгаагаа мэдэхгүй, ийм асуудлыг танин мэдээгүйгээсээ болоод хохирогч болох магадлалтай.
-Магадгүй, хохирогч өөрөө эрүүл харилцаатай гэр бүл, сайхан орчинд төрж өссөн байж болно шүү дээ. Тиймээс өөрийгөө хүчирхийлүүлээд байна гэдгээ ойлгодоггүй юм болов уу. Эсвэл нийгэмд байх ёстой зүйл гээд хүлээгээд авчихдаг юм уу?
-Бага насандаа эцэг эхийнх нь харилцаанд ч юмуу, эргэн тойронд болсон үйл явдлууд, эсвэл өмнөх харилцаандаа хүчирхийлэх шинж чанартай хүнтэй найзалж, магадгүй хамт амьдарч байсан бол энэ нь хэвийн зүйл юм шиг санагдаад байх талтай. Нэг удаа цохиод авахад нь гомдож байгаа ч гэсэн “Надад хайртай юм чинь. Би уурыг нь хүргэчихлээ”, “Хэтэрхий уурласнаасаа болоод л ингэлээ” гэж боддог. Энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл, бие махбодын хүчирхийллийн маш том дохио гэдгийг ойлгохгүй байна гэсэн үг. Хардаад байхаар нь “Хайртай юм байна” гэж боддог. Гэтэл энэ нь сэтгэл зүйн хүчирхийллийн нэг хэлбэр шүү дээ. Үүнийг таньж мэдэхгүй байгаагаасаа болоод хүчирхийлэгчтэй ойр дотно харилцаанд орох, магадгүй хамтран амьдрах, хүчирхийлэх зан чанарыг нь улам өөгшүүлэх, улмаар өөрөө хүчирхийллийн хохирогч болж байна. Харилцагчаа хүчирхийлэгч юм байна гэдгийг таньж мэдэхгүй байгаа тохиолдолд хоосон итгэл л байдаг. “Энэ хүн надад хайртай. Би ч энэ хүнд хайртай. Бидний харилцаа цаашид илүү сайн сайхан болно”, магадгүй “Хүүхэдтэй болчихвол…”, “Хүү төрүүлбэл бидний харилцаа сайжрах болов уу”, эсвэл “Энэ л өрнөөс гарчихвал…” гэж бодоод, хоосон итгэл тээгээд яваад байдаг.
-Тэгвэл ийм харилцааг яаж зохицуулах вэ?
-Хүчирхийллийг таслан зогсоохын тулд яах вэ гэвэл хүчирхийлэгч өөрөө хүчирхийлэл үйлдээд байгаагаа ойлгох, түүнийгээ хүлээн зөвшөөрөөд, сэтгэл зүйн хувьд эдгэрэх үйл явц руу орж байж хүчирхийллийг таслан зогсоодог. Харин хүчирхийлэгч энэ хортой харилцаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд олон улсад яадаг вэ гэвэл ерөөсөө л тэр хүнээс холдох, салах, зугтаах зөвлөгөөг өгдөг. Гэхдээ сэтгэл зүйч ихэнх тохиолдолд шууд “Салаарай” гэдэг зөвлөгөөг өгөхгүй. Тухайн хүн сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг, бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байгааг нь үнэлсний үндсэн дээр “Салж болно” гэдгийг санал болгодог.
-Хүчирхийлэгч хүн хохирогчоо барагтай л бол тавьж явуулдаггүй юм шиг байна лээ. Салахгүй мөртлөө яргалаад байдаг, сүүлдээ амь насыг нь хөнөөчихөж байна?
-Ер нь хүчирхийлэх зан чанар гаргадаг хүмүүс хүнийг өөртөө итгэх итгэлгүй болгодог. “Чи надгүй бол юу ч чадахгүй”, “Бүр хэн ч биш”, “Би чиний амьдралыг аварсан. Чамайг ямар арчаагүй амьтан байхад чинь өөд нь татлаа” гэдэг байдлаар ханддаг. Үүн дээр ойр төрлийн хамаатан садан, найз нөхөд байхгүй гэдгийг нь мэддэг байх нь илүү ихээр хүчирхийлэх нөхцөл болдог. Эсвэл гэр бүл, найз нөхөд, хамт олноос нь буюу хамгаалах системээс нь холдуулдаг. “Ээж чинь тэглээ, ингэлээ”, “Би тэр найзад чинь дургүй” эсвэл “Ажил хийж яах юм бэ” гэдэг байдлаар үүнийгээ илэрхийлж байдаг. Энэ нь зөвхөн өөрөөсөө л хамааралтай болгож, улмаар өөртөө итгэх итгэлгүй болгоод дараагийн шатанд улам илүү довтолж байдаг. Хүмүүс бодохдоо, ийм харилцааг таних боломжтой гэж боддог л доо. Гэтэл энэ бүхэн маш алгуур, зөөлнөөр эхлээд нэг л мэдэхэд буюу 3-4 жилийн дараа эргээд харахад хэдийнэ хүчирхийлэлтэй харилцааны золиос болчихсон байдаг.
-Тэгэхээр хүнээ танихгүй гэр бүл боллоо, хохирогч амь насаа алдлаа гэдэг бол яалт ч үгүй хүчирхийлэлтэй л холбоотой асуудал байна шүү дээ. Тэгэхээр хүчирхийлэгчийг таньж мэдэх жаахан ч гэсэн боломжгүй гэж үү?
-Аль хэдийнэ гэрлэсэн хойноо ч юм уу, гэмт хэргийн хохирогч болсон хойноо ярихаас илүүтэй болзож байх үедээ л тухайн хүнийг маш сайн анзаарч, таньж мэдэх хэрэгтэй. Энэ хүнд үнэхээр итгэж болох уу гэдгийг болзож байх үеэсээ л анзаарах хэрэгтэй байгаа юм. Хүн өөрийнхөө сул талыг төдийлөн ил гаргаад байдаггүй ч хосын харилцааны янз бүрийн үе шатанд зан чанар нь илэрч байдаг. Нөгөөтэйгүүр, нийгэмд болсон, болоогүй хүнтэй гэр болоод хүүхэд төрүүлчихсэн бол “Өө, амьдрал нь тогтсон юм байна” гэдэг буруу хандлага байгаад байна. Эсвэл “Хүүхэд чинь оройтлоо, хүнтэй суу” гэдэг. Үүн дээр хэлэхэд, хэн ч таны өмнөөс нэг ч өдөр амьдрахгүй, таны өмнөөс хүнтэй танилцаж, болзоонд явж, тухайн хүнийг таньж мэдэж өгөхгүй, таны авч буй мэдрэмжийг мэдэх ч үгүй. Гэтэл та яагаад заавал тэр хүмүүсийн хүлээлтэд нийцүүлэх ёстой гэж. Тийм учраас би өөрөө ямар хүн бэ, миний амьдралын төлөвлөгөө юу билээ, өөртөө болон бусдад итгэх итгэл маань ямар байна вэ, ирээдүйгээ яаж төлөвлөж байгаа билээ, бидний харилцаа ямар түвшинд байгаа билээ гэх мэт зүйлүүд тань тодорхой байж эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргана. Хэт “Нээрээ, би л ганцаараа үлдчихэж байгаа юм биш биз” гэсэн вакумжсан бодолд автах хэрэггүй. Үүн дээр төвлөрч, итгэж огт болохгүй. Хүн өөрийнхөө итгэсний дагуу л амьдралаа бүтээдэг.
-Хүчирхийлэл үйлдэгчийг хүмүүс ярихдаа “Уг нь ийм хүн байгаагүй” гээд байдаг?
-Ер нь хүчирхийлэгч эхэндээ маш гял цал байдаг. Маш найрсаг харилцаатай. Эмэгтэйчүүдийн хүсдэг романтик дүр төрхийг бүтээдэг. Ямар ч өө сэвгүй мэт, ийм л хүнтэй суумаар байна гэж бодтол тийм сайхан байдаг. Анхандаа танихгүй байдаг шалтгаан нь ердөө л энэ.
Г.ГАНЧИМЭГ





Сүлжээ дэлгүүр болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн хулгайлдаг этгээдийг баривчиллаа
Нийслэлийн сүлжээ дэлгүүрүүд болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн олон удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдий...
2 цагийн дараа
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг бүрэлгэснээс хойш 27 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хэрэг “…2017 онд ил...
29 минутын дараа
Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг сэргээнэ
Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг энэ сард сэргээнэ гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн нь хоёр орны харилцааг ааж...
31 минутын өмнө
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, цас орно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай аймгийн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, за...
2 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна
Монгол улс сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. 2025-2026 оны том...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд