мэдээ
Эдийн засагч Л.Гангэрэл: Суманд хоёр соёлын төв барихаас эхлээд төсөвт үр ашиггүй алдаа завхрал их байна

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 10 сарын 05

16

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Л.Гангэрэлтэй ирэх оны төсвийн хүрээнд ярилцлаа.
-Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний хувьд ирэх оны төсвийн онцлогийг хэрхэн харж байгаа вэ?
-Хэлэлцэж байгаа төсөв нь гурван онцлогтой гэж харж байгаа. Нэгдүгээрт, шинэ Засгийн газар бүрдэж, ирэх оны төсвийг боловсруулан өргөн барьсан. Ингэснээр бодлогын чиглэл бага зэрэг өөрчлөгдсөн гэж харж байгаа. Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдал таатай бус байна. Геополитикийн эрсдэлүүд хэвээрээ байна, худалдааны дайн бага зэрэг намжсан боловч үргэлжилсэн хэвээр байгаа. Дараагийн нэг гол зүйл бол ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөтэйгөө энэхүү төсөв маань давхцан орж ирж байгаагаараа онцлог юм.
-Төсвийн хөрөнгө оруулалтууд ирэх оны төсөвт хэрхэн тавигдсан талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Өмнөх Засгийн газрын хувьд 14 мега төсөл дээрээ онцгой ач холбогдол өгч төсвөө өргөн барьж байсан. Энэ Засгийн газрын хувьд хүний хөгжил мега төсөл болно гэж байгаа. Энэ утгаараа эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, цахим шинэчлэл, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг гурав дахин нэмэгдүүлсэн байна. Төсвийн хөрөнгө оруулалт нийт 8.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8.7 хувийг эзэлж байгаа. Энэ нь хөгжиж байгаа орнуудын жишигтэй дүйж очиж байна гэсэн үг. Өмнөх мега төслүүдээс газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС гэх мэт төслүүд үргэлжлээд явж байна. Ингээд улсын төсвийн хөрөнгө оруулалт тоон утгаараа нэмэгдэж байгаа боловч төслийн хөрөнгө оруулалтын үр ашиг, эрмбэлэлтэд анхаарах шаардлага бол бий. Жишээ нь, Азийн хөгжлийн банкны зээлээр эрүүл мэндийн салбарт хэрэгжих томоохон дүнтэй төслүүд мөн орон нутгийн шинжтэй автозамын төслүүдийн хувьд үр ашгийг сайтар нягталж, шалгах ёстой. Энэ талаараа Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо бүтээлч хэлэлцүүлгүүдийг хийх шаардлагатай гэж харж байна.
-Ирэх оны төсвийн орлогын гол эх үүсвэрийг хэрхэн үнэлж байна вэ. Засгийн газрын хувьд төсвийнхөө орлогыг бодитой тооцсон гэж үзэж байгаа юу?
-Орлого тал дээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлтүүд өгсөн. Хувь эдийн засагчийнхаа тухайд хэлбэл, гол дөрвөн зүйлд анхаарах шаардлагатай байгаа юм. Нэгдүгээрт, татварын орлого бол нийт орлогын 94 хувийг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийг татварын болон татварын бус орлого гэж хуваадаг. Тэгэхээр татварын бус орлого нь зургаан хувийг эзэлж байна гэсэн үг. Тэнцвэржүүлсэн нийт орлогоо 31.6 их наяд гэж тооцож байгаа юм. Татварын орлогын дийлэнх нь дотроо гурван том хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, орлогын албан татвар.
Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, гуравдугаарт, НӨАТ-ын орлого. Үүнээс орлогын албан татвар өмнөх жилээс 626.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 9.2 их наяд буюу долоон хувиар нэмэгдсэн. НДШ-ийн орлого 705.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6.7 их наяд төгрөгт хүрсэн. Харин НӨАТ-ын орлого 386.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж долоон их наяд төгрөг болно гэж тооцоолсон. Энэ тооцоолол нь эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас гадна татварын тухай хуульд багц өөрчлөлт орох үетэй зэрэгцэн гарч байгаагаараа онцлог. Үүн дээр нэмээд уул уурхайн эдийн засгийн нөхцөл байдал таатай бус байна. Тэгэхээр ийм нөхцөл байдалд дээрх татварын орлогын өсөлтийг хийж чадах уу гэдэгт онцгой анхаарах шаардлагатай. Уг асуудлаар Төсвийн байнгын хороо дээрх татварын орлогын өсөлт, тооцоологдсон тоонуудын дэлгэрэнгүй тайлбарыг Сангийн яамнаас авах учиртай.
-Татварын орлогоос гадна нүүрсний орлого эдийн засагчдын анхаарлыг татаж байна л даа. Үүнд таны хувьд ямар дүгнэлттэй байгаа вэ?
-Нүүрсний хувьд өмнөх жил 85 сая тонныг экспортолно гэж тооцсон. Харин ирэх жил 90 сая тонныг тонн тутамд 70 ам.доллараар борлуулах тооцооллыг Сангийн яам гаргасан байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хувьд яг энэ тоо хэмжээний тухайд болно, болохгүй гэдэг зүйлийг хэлэх боломжгүй. Гэхдээ дээрх тоо, биет хэмжээгээ эргэж харж нягтлах шаардлагатай гэдгийг хэлэлцүүлгийн үед хэлж байгаа. 90 сая тонныг гаргана гэж байна. Тэгвэл уул уурхайн сайдаар ажиллаж байсан хүмүүсийн ярьж байгааг аваад үзвэл, манай улсын боомтын нэвтрүүлэх хүчин чадал дээд талдаа жилд 83 сая тонн нүүрс гаргана гэж байгаа. Тэгэхээр 90 сая тонн нүүрс гаргана гэдэг яг бодитой юу гэдэг асуудлыг анхаарах хэрэгтэй. Харин үнийн хувьд 70 ам.доллар гэж байгаа. Гэтэл бодит байдал дээр заримдаа 64 ам.доллар руу ордог. Тэгэхээр энэ 70 гэдэг бас л бодитой тооцоологдсон тоо юу гэдэгт анхаарах нь чухал. Ер нь энэ үнэ, биет хэмжээг гаргахдаа хувийн хэвшлийнхэнтэйгээ тоогоо нэгтгэсэн зүйл байна уу гэдгийг Сангийн яам, Засгийн газраас тодорхой тайлбар авах шаардлагатай.
-Төсвийн зардал талд ямар асуудал байна вэ. Урсгал зардлаа хассан гэж байгаа ч бодитой хасагдсан зүйл байхгүй байна гэдэг шүүмжлэл байна шүү дээ…Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Төсвийн нийт зардал ДНБ-ий 32.2 хувьтай тэнцэж байгаа. Яг энэ төсөөллөөр. Хуучин 2024 онд энэ зардал ДНБ-ий 38.7 хувьтай тэнцдэг байсан. Тэгэхээр ирэх оны төсвийн зардлын тооцооллыг харахад зардлаа бууруулсан нь харагдаж байгаа юм. Гэхдээ олон улсын ерөнхий жишгээс хэт өндөр байна. Хөгжиж байгаа орнуудын боломжит жишиг нь 20-25 хувь л гэж үздэг. Манай зөвлөлөөс бидэнтэй ижил хөгжиж байгаа орнууд дээр судалгаа хийж үзсэн. Олон улсын судалгаанаас харвал төсвийн зардал нь ДНБ-ийхээ 27 хувьтай тэнцэж байвал тухайн төсөв нь эдийн засгийн өсөлтөө ч боймлохгүй, инфляциа ч дэврээхгүй бодит тооцоолол гэж үздэг. Гэтэл ирэх оны төсвийн зардал энэ өсөлтөөс даруй таван хувиар өндөр байгаа юм. Урсгал зардлын хувьд ДНБ-ий 24 хувьтай байна. Өмнөх оноос энэ зардал 400 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Энэ нэмэгдэл нь голчлон тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдана гэж тооцож байна. Тэтгэврээ бид хуулиараа нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ жилийн хувьд зургаан хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байгаа юм. Урсгал зардлын хэмжээ нэмэгдэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Үүнд нь зөвлөлөөс дүгнэлт өгсөн байгаа. Сүүлийн таван жилээр урсгал зардлын өсөлтийн судалгаа хийхэд дунджаар 26.2 хувиар өссөн байна. ДНБ-ий өсөлт нэрлэсэн дүнгээр 17 хувиар өсч байгаа. Хэрэв яг энэ зарчмаар өсөлт үргэлжлэх юм бол 2028 он гэхэд урсгал зардал ДНБ-ий 30 хувьд хүрнэ.
-Хөрөнгө оруулалтын зардлын үр ашиг, тооцоолол нь эдийн засгийн бодит өсөлттэйгөө хэрхэн уялдаж байна вэ?
-Хөрөнгө оруулалтын төслийн үр ашиг ерөнхийдөө ямар байдалд байгаа вэ гэдгийг хүн болгон мэдэж байгаа байх. Жишээ нь, орон нутагт тооцоо судалгаа муутайгаар хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүд байна. Тухайлбал, 200, хүүхэдтэй сум байлаа гэж бодоход 600 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих жишээтэй. Нэг суманд хоёр соёлын төв барьчихсан байх, мөн нэг соёлын төвөө хаагаад ашиглахгүй хаячихсан байх гэх мэт төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг тал дээр асар их алдаа завхрал байна. Тэгэхээр биет хэмжээ нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт сайн байна гэсэн үг огт биш.
-Дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ, экспортын хамаарал ирэх оны төсөвт ямар эрсдлүүдийг дагуулж байна вэ?
-Ирэх оны төсөвт нүүрсийг 90 сая тонныг гаргаж, тонн тутмын үнийг 70 ам.доллараар. Харин зэсийг 1.9 сая тонныг гаргаж, тонн тутмыг нь 9500 ам.доллараар, алтыг 20 тонныг гаргаж, кг тутмыг нь 2800 ам.доллараар, төмрийн хүдрийг 9.4 сая тонныг гаргаж, тонн тутмыг нь 69 ам.доллараар гэж төлөвлөсөн. Нүүрсний биет хэмжээ, үнийг дахин нягталж харах хэрэгтэй гэж өмнө хэлсэн. Харин бусад эрдэс баялгийн хувьд үнийн хувьд эдгээр таамаглал нь бодит байдалтайгаа дүйж очдог. Нүүрс дээр л бид сүүлийн жилүүдэд таамаглал, төсөөлөл их алдаж байгаа. Ноднин жилийн хувьд нүүрсний үнийг 105 ам.доллараар төсөөлж байсан. Гэтэл энэ жил 70-аасаа доошоо орчихсон явж байна. Үүнээс болоод алдагдалтай төсөв батлахаас өөр аргагүй байдал үүссэн байдаг. Мөн алтны хувьд анхаарах зүйл бас байна. 2025 онд Монгол Улс 17 тонн алт олборлоно гэж байгаа боловч үүний гүйцэтгэл маш тааруу явж байна. Гэтэл ирэх жил үүн дээрээ нэмээд 20 болгосон байгаа юм. Тэгэхээр энэ олборолтын хэмжээ бодитой юу, алт нийлүүлэгч, олборлогчтойгоо ярьсан уу гэх мэт тодорхой үндэслэл, тооцоололыг нь асуух хэрэгтэй. Яг ямар ордыг нэмсэн учраас энэ тоо гарч ирж байгаа вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай.





Сүлжээ дэлгүүр болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн хулгайлдаг этгээдийг баривчиллаа
Нийслэлийн сүлжээ дэлгүүрүүд болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн олон удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдий...
7 цагийн өмнө
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг бүрэлгэснээс хойш 27 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хэрэг “…2017 онд ил...
8 цагийн өмнө
Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг сэргээнэ
Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг энэ сард сэргээнэ гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн нь хоёр орны харилцааг ааж...
9 цагийн өмнө
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, цас орно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай аймгийн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, за...
10 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна
Монгол улс сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. 2025-2026 оны том...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд