мэдээ
А.Балнур: Судалгаагаар манай улсад эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт өндөр байдаг

Админ
2025 оны 10 сарын 05

27

Сэтгэл зүйн тулгамдсан асуудлын талаар “Рехамед” эмнэлгийн сэтгэцийн эмч А.Балнуртай ярилцлаа.
-Сүүлийн үед нийгмээрээ сэтгэл зүйн асуудалтай боллоо гэх яриа гарч байна л даа. Үүнд юу хамгийн их нөлөөлж байна вэ?
-Өнгөрсөн жилд манай эмнэлэгт хандсан хүмүүсийн 50 гаруй хувь нь сэтгэл түгшилтээр хэвтэж эмчлүүлээд, тусламж үйлчилгээ авсан байна. Ер нь ковидын дараа сэтгэл түгших хам шинж гэдэг зүйл илүү их нэмэгдсэн. Иргэдийн хувьд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байдгаас болоод зүрх судасны эмчид үзүүлэх, ардын эмчилгээ хийлгэх, мөн лам, бөө гэх мэт чиглэлээр явж байгаад сүүлд нь сэтгэцийн эмчид хандах тохиолдол цөөнгүй гардаг. Тэгэхээр сэтгэцийн эрүүл мэнд гэдэг зүйлийг ярихаас өмнө сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэдэг зүйлийн талаар ойлголттой болох хэрэгтэй. Энэ нь стресс үүсгэж байгаа асуудлууддаа арга хэмжээ авч чадаагүй, мөн сэтгэл хөдлөлөө ил гаргаагүйгээс болоод хэсэг хугацааны дараа нойргүйдэх, зүрх дэлсэх, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь цаашид даамжирсаар сэтгэцийн тулгамдсан асуудлыг үүсгэдэг. Одоо үед ихэнх хүмүүс сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай боллоо гэхэд хаана хандахаа, хэнээс тусламж хүсэхээ мэдэхгүй хугацаа алддаг. Мөн стресс менежмент хийж чадахгүйгээс үүдээд урт хугацаандаа олон сөрөг үр дагаварт хүргэж байна.
-Тэгвэл сэтгэл зүйн асуудалдаа яаж анхаарах ёстой вэ?
-Сэтгэл зүйн тулгамдсан асуудлын шинж тэмдэг илэрлээ гэж бодоход хамгийн эхлээд амьдралын хэв маягтаа анхаарал хандуулах хэрэгтэй. Стресстэй хүний нойр, хоолны дуршил зэрэг нь өөрчлөгддөг. Тиймээс амьдралын хэв маягаа илүү их дэмжих шаардлагатай. Энэ нь дасгал хөдөлгөөн хийх, эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, дэлгэцийн хэрэглээгээ хянах, төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгэх зэрэг орно. Заримдаа тодорхойгүй ажлууд хүнийг илүү их стресстүүлдэг. Мэдээж энэ асуудлууд хоёр сараас дээш хугацаанд үргэлжилбэл мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй.
Хаана ч тохиолддог нэг зүйл нь ажлын байрны стресс байдаг. Үүнийг зохицуулж чадахгүйгээс болоод ажлаас халшрах хам шинж, сэтгэл зүйн тогтворгүй байдал, нойргүйдэл гэдэг зүйл илрэх магадлалтай. Хэрвээ мэргэжлийн хүнд хандах боломжгүй, хүсэлгүй байгаа тохиолдолд амьдралын хэв маягаа өөрчлөх, идэвхтэй хөдөлгөөн хийх зэрэг анхан шатны арга хэмжээ авна. Монголчуудын хувьд сэтгэцийн эмчид үзүүлэх боломж, хүсэл нь бага байдаг. Сэтгэцийн эмгэг гэхээр эвгүй байдлаар “галзуу солиотой” гэж хүлээж авдаг. Сэтгэцийн эмчид үзүүлэхээсээ айх, санаа зовох, ичих хэрэггүй. Сэтгэцийн эмчид үзүүллээ гэхэд танаас асуумж авч, ярилцах замаар тулгамдаад байгаа асуудлыг ил болгоод, түүний дагуу тусламж үзүүлдэг. Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарна гэдэг нь биеийн эрүүл мэндээ, өөрийн амьдралаа хайрлаж байгаа гэсэн үг. Яагаад гэвэл сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүний амьдралын хэв маяг өөрчлөгддөг, биеийн хувьд маш олон зовуурь илэрдэг. Жишээ нь, түгшилттэй байгаа хүн яваандаа нойргүйдэлтэй болдог. Нойргүйдэл гэдэг зүйл танин мэдэхүйн үйл ажиллагаа, анхаарал төвлөрөл, ажлын үр бүтээмжтэй байдал, гэрийн эерэг уур амьсгалд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг.
-Ер нь ямар насны хүмүүс сэтгэл зүйн асуудалтай байх нь элбэг байдаг юм бол. Үүнийг дагаад амиа хорлолт гэдэг зүйл яригддаг?
-ДЭМБ-ын судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал түлхүү хөндөгдөх хэмжээнд ирээд байгаа. Энэ судалгаагаар өсвөр үеийнхний нас баралтын тэргүүлэх шалтгааны дөрөвдүгээрт амиа хорлолт орсон байдаг. Тэгэхээр амиа егүүтгэх үйлдлийг хийх хүртэлх сэтгэл зүйн тулгамдсан асуудал энд яригдана. Нэг ёсондоо сэтгэл гутрал, сэтгэл түгшилт гэдэг зүйл анхандаа ажиглагдаад, стрессээсээ гарахын тулд дэлгэцийн тоглоом, мансууруулах бодис, архи дарс гэх мэт зүйлд донтож эхэлдэг. Сэтгэл зүйн асуудалдаа арга хэмжээ авч чадаагүйгээсээ болоод амиа хорлох бодол орж ирэх, тэр бодлоо үйлдэл болгоход хүрдэг. Мэдээж үүний цаана олон хүчин зүйл байгаа. Гэр бүлийн таагүй орчин, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, залуусын хувьд ажилгүйдэл, ядуурал нөлөөлж болно.
Монгол Улсын хувьд хүн амтайгаа харьцуулахад амиа хорлолт дэлхийн дунджаас хоёр дахин их хэмжээнд байгаа. Тэгэхээр хүмүүст сэтгэл зүйн боловсрол олгох хэрэгтэй байна гэсэн үг. Судалгаагаар Монгол Улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл зүйн асуудалтай гэхэд гарсан байдаг. Үүнд тусламж үзүүлэх сэтгэцийн эмч нарын тусламж хүрэлцээ ч бага гэж үзэж байна. Тэгэхээр нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйч гэх мэт бусад мэргэжилтнүүдийг ч мэргэшүүлэх шаардлагатай.
-Дэлхийн дунджаас амиа хорлолт хоёр дахин их гэлээ. Яагаад ийм өндөр байгаа юм бол?
-Өнөөдөр стресстээд маргааш нь амиа хорлоё гэдэг хүн байдаггүй. Тэр хүн өөрөө гарц гаргалгаагаа хайдаг. Ялангуяа өсвөр насныхны хувьд хаана хандахаа мэддэггүй. Шууд мэргэжлийн хүмүүст хандаж чадахгүйгээсээ болоод сэтгэл гутрал, түгшилт, нойргүйдэл гэдэг зүйл урт хугацаанд үргэлжилдэг. Судалгаагаар хүйсийн хувьд манай улсад эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт өндөр байдаг. Шалтгаан нь эрэгтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө гэр орондоо гаргах нь бага, найзуудтайгаа уулзах үедээ стрессээ гаргаж байна гэж боддог. Түүнчлэн зан байдлын хувьд илүү дотогшоо байх нь элбэг. Үүнээс болоод эрэгтэй хүмүүсийн сэтгэцийн тулгамдсан асуудлын даамжрах үйл явц илүү хурдан болж, тэр нь амиа хорлолтод хүргэх эрсдэлтэй.
-Сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд нийтлэг ажиглагддаг ямар зүйл байдаг вэ?
-Сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийг харахад харилцан адилгүй шалтгаантай ч сэтгэл зүйн асуудал үүсээд шууд сэтгэцийн эмчид ханддаггүй байдал ажиглагддаг. “Намайг юу гэж хэлэх бол” гээд гэр бүлийн хүмүүсээсээ хүртэл нуугаад ирдэг. Ер нь монголчууд дийлэнх нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа. Үүнд манай нийгмийн эдийн засгийн байдал, хүн хоорондын харилцаа, ар гэрийн болон хүрээлэн буй орчны таагүй уур амьсгал, санхүүгийн байдал, эрүүл мэндийн асуудал, ажлын байрны стресс гэх мэт зүйлийн нөлөөлөл их, бага хэмжээгээр нөлөөлдөг. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн боловсролтой байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнд хандахаас айж санаа зовохгүйгээр, тусламж үйлчилгээ авах нь чухал байна.
Г.БАЛГАРМАА





Сүлжээ дэлгүүр болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн хулгайлдаг этгээдийг баривчиллаа
Нийслэлийн сүлжээ дэлгүүрүүд болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн олон удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдий...
7 цагийн өмнө
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг бүрэлгэснээс хойш 27 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хэрэг “…2017 онд ил...
8 цагийн өмнө
Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг сэргээнэ
Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг энэ сард сэргээнэ гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн нь хоёр орны харилцааг ааж...
9 цагийн өмнө
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, цас орно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай аймгийн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, за...
10 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна
Монгол улс сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. 2025-2026 оны том...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд